Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2023/0485

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                     Л.Б нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Б

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд Д.У

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Ж холбогдох хэсэг буюу 18643318466082 дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Б байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 429 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2019/0564/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Б нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Ж холбогдох хэсэг буюу 18643318466082 дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Б байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах”-аар маргасан байна.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 429 дүгээр шийдвэрээр: 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Ж холбогдох хэсэг буюу 18643318466082 дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Б байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгч Л.Б нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Ж холбогдох хэсэг буюу 18643318466082 дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Б байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгахаар шаардлага гаргасан. Кадастрын зураг нь захирамжийн бүрдэл хэсэг хавсралт бөгөөд анх 300 м.кв эзэмшлийн газрыг 700 м.кв болгон өмчлүүлэхэд Л.Б байшинг давхцуулсан.

Мөн гуравдагч этгээд Д.У байшингийн дундуур татагдсан зөрчилтэй кадастрын зураг хийгдсэнээр Л.Б нь үл хөдлөх эд хөрөнгийнхөө доорх газрыг эзэмшиж, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй эрх нь зөрчигдсөн юм. Бодит байдал дээр Л.Б гуравдагч этгээд Д.У нарын хашаалан эзэмшиж байгаа газар нь 700 м.кв-аас илүү 1100 м.кв орчим байдаг нь нэхэмжлэгчийн гол маргаж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж харсан зүйл байгаа юм. Л.Б өмчлөлийн байшин нь 75 м.кв орчим талбайгаар Д.У  өмчлөлийн газартай давхцалтай байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн давхцалтай хэсгийг хассан байдлаар кадастрын зургийг зөвтгүүлснээр Л.Б нь өөрт байгаа ганц хөрөнгөө өмчлөх, эрх нээгдэх боломжтой гэж үзэж шүүхээр маргаж байна.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Д.У, нэхэмжлэгч Л.Б нарын эзэмшиж байгаа 700 м.кв-аас илүү байгаа 400 орчим м.кв талбайд нь Л.Б аж төрөх боломжтой байгаа нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээсэй гэж хүсч байна. 1100 м.кв орчим талбайг 2 иргэн эзэмшээд байгааг нэхэмжлэгчийн зүгээс хийлгэсэн кадастрын зураг дээр тодорхой харагддаг. Энэхүү хэргийг өмнө нь шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо 2 иргэний нийт эзэмшлийн бодит талбайг тогтоох, үл хөдлөх хөрөнгө нь Л.Б өмч мөн эсэх, Л.Б суурьшил зэргийг тодруулах шаардлагатай гэж дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Л.Б, Д.У нарын бодит эзэмшлийн нийт талбайн хэмжээг тогтоох давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан зөрчил арилаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс шинжээч томилж, 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн  2022/62 дугаар дүгнэлт гарсан боловч бүрэн бус шинжээчийн дүгнэлт гарсан тул нэмэлт шинжээч томилуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасныг шүүх нотлох баримт гаргуулах замаар шийдвэрлэсэн захирамж гаргасан. Нотлох баримт гаргуулах замаар шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийн маргаж байгаа гол үндэслэл болох нөхцөл байдлыг шинжээч томилоогүй төдийгүй, нотлох баримтаар бүрдүүлсэн баримтаар бодитоор эзэмшиж байгаа талбайн хэмжээг тодорхойлоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна.

3.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дугаар зүйлд “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 186 дугаар захирамжаар Л.Б эзэмшүүлсэн газар нь маргаан бүхий газарт биш өөр байршилд байна...” 12-т “...Л.Б газар эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна" гэж дүгнэсэн.

Шүүх нэхэмжлэгчээс өөр хүний газар эзэмшсэн байдлыг нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 186 дугаар захирамжаар газар эзэмшсэн байна гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн дээрх хэсэгт дурдсан Л.Б гэдэг хүн нэхэмжлэгчтэй ижил нэртэй өөр хүн юм. Л.Б нь Монгол Улсын иргэний хувьд газар эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй, үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлж чадахгүй, бусдын газартай давхацсан гэдэг байдлаар эрх ашиг нь хөндөгдсөн тул ийнхүү маргаж байгаа билээ.

3.3.Шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл болох Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан үндэслэлийг энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд баримтлахад тохиромжгүй гэж үзэж байна. Л.Б үл хөдлөх эд хөрөнгийн доорх газраа эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр зохих байгууллагад хандах эрх нь хүртэл 2005 оноос хойш хязгаарлагдчихсан тул зохих байгууллагад хандаж, өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжтой тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангав.

1.Анх Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 160б тоот хаягт байрлах 300 м.кв газрыг тус дүүргийн Засаг даргын 2003 оны А/52 дугаар захирамжаар Б.Ж эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2005 оны А/330 дугаар захирамжаар газрын хэмжээг 700 м.кв болгон нэмэгдүүлж өмчлүүлэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202003636 дугаарт бүртгэж, 000036671 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, улмаар уг газрын өмчлөх эрх 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Ж Ц.Н, 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Н Д.У тус тус шилжин бүртгэгджээ.

Гэвч дээрх иргэдийн өмчлөлд бүртгэгдсэн маргаан бүхий газарт нэхэмжлэгч 1998 оноос хойш буюу гуравдагч этгээдүүдээс ч өмнө суурьшин одоог хүртэл амьдарч байгаа төдийгүй уг газарт 75 орчим м.кв хэмжээтэй байшин барьсан болох нь фото зураг, газрын кадастрын мэдээллийн сангийн болон сансрын зургаар тус тус тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсээгүй боловч өмнө нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 271 дүгээр магадлалд “…нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ талаар маргадаггүй, гуравдагч этгээд Д.У газраа зарсан Ц.Н болон түүний өмгөөлөгчөөс “…нэхэмжлэгчийг өөрийнх нь зарсан газрын урд амьдардаг, зарсан газар нь 0.07 га биш, сансрын зургаар 1261 м.кв хэмжээтэй, Д.У газраа шилжүүлэхээс өмнө нэхэмжлэгч одоогийн амьдарч байгаа байшингаа барьчихсан байсан, газар шилжүүлэх явцад кадастрын зураг алдаатай хийгдэж, байршлын хувьд урд хэсэгт баригдсан нэхэмжлэгчийн байшингийн тал хэсэг кадастрын зурагт орсон байна…” гэсэн тайлбар гаргасантай холбогдуулан маргаан бүхий газрын эзэмшил, суурьшлын бодит нөхцөл байдлыг хариуцагчаас тухайн үед судлан тогтоосон эсэхийг тодруулах шаардлагатай…” гэж дүгнэжээ.

2.Анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Ц.Н нь дээрхээс гадна “…бодит байдал дээр гуравдагч этгээд Д.У, түүний эхнэр, аав, ээж, дүү, бэр дүү нар нь бүгд зэрэгцэж сууж байгаад 193 тоот нь миний амьдарч байсан газар, Л.Б шүү гэдэг талаар тухайн үед харилцан тохиролцсон. Тэгэхэд тэдгээр хүмүүс ч зөвшөөрч байсан юм, нэхэмжлэгч тэр үед байшингаа хэдий нь барьчихсан байсан. Тухайн үед зөвшилцөөд авсан хэрнээ сүүлдээ кадастрын зураг барин Л.Б газрыг авах гээд байна…” гэж,

-түүний өмгөөлөгч Б.Г “…миний үйлчлүүлэгч Ц.Н нь Л.У 700 м.кв газар, уг газар дээрх байшин, гарааш, амбаар зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн байдаг. Энэхүү хэлцлийг хийхэд нэхэмжлэгч Л.Б газар ороогүй, хамаарахгүй байна. Тухайн үед хамт байсан Д.У гэр бүлийнхэн үүнийг ойлгоод Худалдах, худалдан авах гэрээ хийсэн боловч захиргааны байгууллагаас кадастрын зураг үйлдэн баталгаажуулахдаа Л.Б бодитоор эзэмшин, амьдарч байгаа газрыг хамруулсан болохыг мэдсэн…” гэсэн тайлбар гаргажээ.

1 дүгээр хавтаст хэргийн 121-124 дэх талд авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2/2157 дугаар албан бичгээр ирүүлсэн газрын кадастрын сангийн 2006-2019 оны зурган мэдээллээс үзэхэд гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 18643318466082 дугаар бүхий 700 м.кв газрын байршилд нэхэмжлэгчийн эзэмшлийн байшин бүхэлдээ давхцалтай, түүнчлэн бодит байдалд гуравдагч этгээд өөрийн өмчлөлийн 700 м.кв-аас илүү газрыг хашаалан эзэмшсэн болох нь,

-мөн 2 дугаар хавтаст хэргийн 73-82 дахь талд авагдсан тус газрын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/1586 дугаар албан бичгээр ирүүлсэн газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 5 дугаар сарын зурган мэдээллийг кадастрын зургуудын солбилцолтой давхцуулснаас үзэхэд бодит байдалд Д.У нь ний тдээ 1285 м.кв газрыг хашаалан эзэмшиж байгаа болох нь,

-Д.У нэхэмжлэлтэй одоогийн нэхэмжлэгч Л.Б холбогдох газар албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад томилогдсон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/93 дугаар дүгнэлтээр Л.Б хашаалан эзэмшиж буй газар нь Д.У өмчлөх эрхтэй газартай байршлын хувьд 432.05 м.кв талбайгаар, 73.36 м.кв талбайтай байшин бүхэлдээ давхацсан болох нь тус тус тогтоожээ.

            Иймд Д.У газраа зарсан Ц.Н тайлбарыг нотлох эдгээр баримтууд болон бодит байдалд 1285 м.кв газар эзэмшиж, өмчилж байгаа энэ тохиолдолд цаг хугацааны хувьд гуравдагч этгээдээс өмнө тухайн газарт байшин барьж, одоог хүртэл амьдарч байгаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Шүүхийн шийдвэрт “…харин Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 186 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Б газар эзэмшүүлсэн нь маргаан бүхий газраас өөр байршилд байдаг…” гэж дүгнэсэн боловч уг захирамж дахь Л.Б нь нэхэмжлэгчтэй овгийн үсэг, нэр ижил өөр хүн болохыг, түүнчлэн нэхэмжлэгч Л.Б газар эзэмших захирамж огт гарч байгаагүй болохыг давж заалдах гомдолд тодорхой дурджээ.

Иймд 700 м.кв газар өмчлөх эрхтэй гуравдагч этгээдийн хувьд Л.Б нэхэмжлэлийг хангаснаар энэхүү хэмжээгээр газар өмчлөх эрх нь зөрчигдөөгүй байгаа нөхцөл байдлыг харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийг хангасан болно.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг баримтлан Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Ж холбогдох хэсэг буюу нэгж талбарын 18643318466082 дугаар кадастрын зурагт Л.Б н эзэмшлийн байшинтай давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж зөвтгөсөн шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А давж заалдах гомдлыг хангасугай

 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.БААТАРХҮҮ

 

                               ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

 

                             ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН