Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0449

 

 

 

 

 

 

 

 

        Л.М нэхэмжлэлтэй

           захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Л.М

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Л.М

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд Л.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/269 дугаар захирамжийн Л.Т холбогдох хэсэг, 8516009431 нэгж талбарын дугаар бүхий 000618249 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 8 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн Л.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн Х.Назгүль

Хэргийн индекс: 124/2023/0004/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.М Увс аймгийн Засаг даргад  холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/269 дугаар захирамжийн Л.Тулгад холбогдох хэсэг, 8516009431 нэгж талбарын дугаар бүхий 000618249 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 8 дугаар шийдвэрээр: 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.М Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Увс аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/270 дугаар захирамжийн Л.Тулгад холбогдох хэсэг, 8516009431 нэгж талбарын дугаар бүхий 000618249 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Л.М  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Миний бие Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/496 дугаар захирамжийн дагуу Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 241.2 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн. Улмаар тухайн газартаа кадастр хийлгэж хууль ёсны дагуу эзэмшсэн ба уг газарт үйлчилгээний зориулалттай 3 давхар оффисын барилга барьсан. Ингэхдээ анх эзэмшүүлсэн газар нь бохирын шугамтай газар байсан учир барилгаа уг шугамаас урагшлуулж барихыг эрх бүхий этгээдүүд зөвлөж урагшилсан хэмжээгээр надад нэмж эзэмшүүлэхээр болсон. Гэтэл шүүх нэмж эзэмшүүлсэн талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байна гэж дүгнэсэн байна.

Миний хувьд тухайн нэмэгдсэн газрыг оролцуулан 2012 онд барилга бариад одоо болтол уг газрыг шударгаар эзэмшиж байна. Надад газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж болон 0389970 дугаартай 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байна.

Гэтэл тухайн газарт гуравдагч этгээд Л.Т  2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр давхцуулж газар эзэмшүүлсэн нь миний газар эзэмших эрхийг зөрчиж байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх дуусгавар болоогүй, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээдэд шилжүүлээгүй, 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх хүчингүй болоогүй байхад ийнхүү гуравдагч этгээдэд давхцуулж газар эзэмшүүлсэн байгаа нь үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан байх ба хэрэгт авагдсан нотлох баримтаар давхцал бий болсон гэдэг нь тогтоогдсон. Мөн гуравдагч этгээдэд миний эзэмшил газартай давхцуулж газар эзэмшүүлэхдээ надад мэдэгдэж, танилцуулах ажиллагаа хийгээгүй ба энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Иймд хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 8 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            1.Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/496 дугаар захирамжаар Улаангом сумын 3 дугаар багийн нутаг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн доод талд 241.2 м.кв газрыг нэхэмжлэгч Л.М үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулсан, мөн нэхэмжлэгчийн уг газарт барьсан “Сентрал оффис” нэртэй 3 давхар барилга кадастрын зурагт заасан хэмжээнээс урагш бага зэрэг шилжиж баригдсан болох нь шүүхийн үзлэг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албаны мэргэжилтний зураглалаар тус тус тогтоогджээ.

            Нэхэмжлэгчийн барилгын суурийн хэмжээ эзэмшүүлсэн газрын хэмжээтэй ижил, өөрөөр хэлбэл 241.2 м.кв газартаа бүхэлд нь барилга барьсан төдийгүй үүдэн хэсэгт 125 м.кв газар хашаалсан болох нь ч дээрх хэмжилт хийсэн зураглалд тодорхой тусгагдсан байх тул гуравдагч этгээд Л.Т 150 м.кв газрыг эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчилдөөгүй талаар шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэсэн байна.

            2.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг …гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч дээр дурдсанчлан Засаг даргын захирамжаар 241.2 м.кв газар эзэмших эрхтэй, тэрхүү газартаа бүхэлд нь барилга барьснаас гадна нэмж 125 м.кв газрыг хашаалан эзэмшиж байгаа болох нь фото зургаар давхар нотлогдож буй энэ тохиолдолд гуравдагч этгээдэд газар давхцуулж эзэмшүүлсэн гэж үзэхгүй.

            Учир нь аймгийн Засаг даргын 2016 оны А/270 дугаар захирамжаар Л.Тулгад амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн 150 м.кв газрын байршил нэгж талбарын 8516000179 дугаар бүхий нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/843 дугаар хариу лавлагаа, мөн оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зурган мэдээллээр тогтоогдох бөгөөд дээрх нэгж талбар Газрын кадастрын мэдээллийн санд 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр анх бүртгэгдэж, өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй байна.

            3.Түүнчлэн эзэмшүүлсэн 241.2 м.кв газраас хэтрүүлэн барилга барьсантай холбогдуулан газрын хэмжээнд өөрчлөлт оруулалгүйгээр байршлыг өөрчлөн мэдээллийн санд оруулсан талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албаны 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 177 дугаар албан бичигт тодорхой дурджээ.

            Иймд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эзэмшил газар хоорондоо давхцалгүй, нэхэмжлэгч нь захирамж, гэрээ, гэрчилгээнд заасан газраа бүрэн эзэмшиж, ашиглаж байгаа энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

            4.Давж заалдах гомдолд “…анх эзэмшүүлсэн газар нь бохирын шугамтай байсан учраас барилгаа уг шугамаас урагшлуулж барихыг эрх бүхий этгээдүүд зөвлөж, урагшилсан хэмжээгээр надад нэмж эзэмшүүлэхээр болсон…” гэх боловч нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 241.2 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлсэн захирамж хариуцагчаас огт гаргаагүй байна.

Мөн нэхэмжлэгчийн анх хийлгэсэн кадастрын зураг гуравдагч этгээдийн эзэмшил газартай зохих хэмжээгээр давхацсан талаарх шүүхийн дүгнэлт нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

            Учир нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг, бодит нөхцөл байдалд эзэмшиж буй болон захирамжаар эзэмшүүлсэн газрын хэмжээг тус тус харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нь 241.2 м.кв газар эзэмших эрхтэй, уг газартаа бүхэлд нь барилга барьсан, мөн мэдээллийн санд буй кадастрын зургаар газрын байршил нь одоогийн барилга барьсан газарт хамаарч байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээдэд нэхэмжлэгчийн эзэмшил газрыг давхцуулан олгосон гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.

            Харин шийдвэрт бичсэнчлэн “маргах эрхгүй” гэж дүгнэх тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бус “нэхэмжлэл гаргах эрхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үр дагаварт хүргэх болохыг цаашид анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.М давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БААТАРХҮҮ

 

    ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН

 

    ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН