Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0508

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            П.Н нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх болон түүний өмгөөлөгч М.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч П.Н

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаартай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, П.Н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төр хурахын аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд даалгах, П.Н ашиглах эрхий бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төр хурахын аманд байрлах 3 га газарт 95,030,359 төгрөгийн газрын төлбөр үүсгэсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба, нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хүчингүй болгуулах 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 509 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.Н

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2023/0030/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.Н нь нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба болон Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаартай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, П.Н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төр хурахын аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албан даалгах, П.Н  ашиглах эрхий бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төр хурахын аманд байрлах 3 га газарт 95,030,359 төгрөгийн газрын төлбөр үүсгэсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба, нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 509 дүгээр шийдвэрээр: 

“Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 23 дугаар зүйлийн 23.4.5, 35 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан П.Н нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаартай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, П.Н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төр хурахын аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албан даалгах,

П.Н  ашиглах эрхий бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төр хурахын аманд байрлах 3 га газарт 95,030,359 төгрөгийн газрын төлбөр үүсгэсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба, нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  болон өмгөөлөгч М.М нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн бөгөөд нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд.

3.1.1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 509 дугаартай шийдвэр (цаашид "анхан шатны шүүхийн шийдвэр" гэх/-ийн үндэслэх нь хэсгийн 9-т “...газрын төлбөр төлөх тайлант хугацааг 2020-2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөр үүсгэсэн..." гэж бичсэн боловч нэхэмжлэгчийн газрын төлбөр чухамдаа хэдэн оны хэдэн сараас эхэлж ямар хэмжээгээр бодогдсон, газрын төлбөр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй.

Тодруулбал, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нийт 95.030.359 төгрөгийн дүн бүхий 4 ширхэг газрын татварын нэхэмжлэх нь 2020, 2021 гэсэн тайлант хугацааг хамаарч байгаа гэж тайлбарлах боловч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 15/168 тоот албан бичгийн 2-т дурдсанаар газрын төлбөрийн систем ажиллаж эхэлсэн 2020 онд үүсгэхдээ өмнөх жилүүдийн газрын төлбөрийг мөн нэмж үүсгэсэн байдаг.

Нэхэмжлэгчийн хувьд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан тул үүнээс хойш 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021 он гэсэн 5 жилийг хамарсан газрын төлбөрийн нэхэмжлэх байхад шүүх зөвхөн 2020, 2021 онд хамаарч байна гэж хэргийн бодит үйл баримтыг буруу дүгнэжээ.

3.1.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 54 дүгээр шийдвэртэй хэргийн материалыг энэхүү хэргийг шийдвэрлэхдээ шинжлэн судалсан бөгөөд уг хэргийн материалд авагдсан байгаа 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №2016/060 тоот "Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ" (батлагдаагүй гуравласан гэрээ)-ний 2.4 дэх хэсэгт 1 жилд төлөх газрын төлбөрийн нийт хэмжээ 11.880.000 төгрөг (тус хэргийн материалын 9 дэх тал) байхад зөвхөн 2020, 2021 онд хэрхэн яаж 95.030.359 төгрөгийн газрын төлбөр бодогдсон нь тодорхойгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Хэрэв 2020, 2021 онд мөрдөгдөж байсан газрын төлбөр тооцох итгэлцүүрээр бодоход 2020 онд нэг жилийн төлбөр 10,740,000 төгрөг (9-р бүс), 2021 онд 9,210,000 төгрөг болж (11-р бүс) байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс эдгээр нэхэмжлэлүүд ямар хугацааг хамарч байгааг хариуцагчаас тодруулахад аль ч хариуцагч дэлгэрэнгүй задаргаа тооцоолол шүүхэд гаргаагүй, газар ашиглалтын аль ангилалд хамаарч байгаа, хэддүгээр бүст багтаж байгаа талаар тайлбар өгөөгүй юм.

Иймээс шүүх эдгээр 4 нэхэмжлэлийг зөвхөн 2020, 2021 оныг хамарч байгаа мэтээр буруу ойлгож хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3.1.3.Нэхэмжлэгч П.Н 3 га газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалаар хүчингүй болгосон байхад үүнээс хойших хугацаанд 3.423.344 төгрөгийн төлбөр бодсон нэхэмжлэх болон 5.135.015 төгрөгийн төлбөр бодсон нэхэмжлэхийг тус тус 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэсэн байдаг. Эндээс үзвэл хариуцагч нар газар ашиглах эрх нь хүчингүй болчхоод байхад газрын төлбөр бодож тооцож байсан болох нь харагдаж байна. Гэтэл шүүх энэ үйл баримтыг огт анхаарч хараагүй байна.

3.1.4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 9-д хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгчийн хувьд өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу газар ашиглах эрх нь сэргэх үед сунгуулах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж, яамнаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд шилжүүлж, уг захиргаанаас газрын төлбөрийн тооцоогүй гэсэн тодорхойлолт шаардлагатай болохыг нэхэмжлэгчид мэдэгдэж, нэхэмжлэгч уг тодорхойлолтыг авахаар Баянзүрх дүүргийн газрын албанд хандахад эдгээр маргаан бүхий 4 ширхэг нэхэмжлэх үүссэн бөгөөд газрын төлбөрөө төлж байж тодорхойлолт ав гэсэн хууль бус шаардлага тавьсан тул нэхэмжлэгч ийнхүү шүүхэд хандсан байдаг. Гэтэл шүүх эдгээр хоорондоо уялдаа холбоотой, хамаарал бүхий үйл баримтуудыг шүүхээс дүгнэх боломжгүй гэж байгаа нь шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох үүрэг, шүүх нотлох зарчмыг зөрчсөн гэж ойлгогдохоор байна. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч ийнхүү шүүхэд хандаагүй бол түүнд газрын төлбөрийн өр байсаар байх байсан тул нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй, бодитойгоор ашиглаагүй газрын төлбөрийн өрийг хариуцах ёсгүй учраас зөрчигдсөн эрх ашиг сонирхлоо хамгаалж хууль бус актыг хүчингүй болгох эрхтэй билээ.

3.2. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд.

3.2.1.Дээр дурдсанчлан 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны газрын төлбөрийн нэхэмжлэхтэй холбоотой маргаанд шүүх тухайн цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг хэрэглэх ёстой. Гэтэл шүүх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орсон Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуулийг 2016, 2017, 2018, 2019 оны газрын төлбөрийн харилцаанд хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргажээ.

Тодруулбал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.5-д 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орсон Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл болон 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус хэрэглэжээ. Гэтэл уг нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө хуулиудын эдгээр заалтуудын агуулга өөр байсан.

Тухайлбал Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.1-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 9.2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”.

Иймд шүүх 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл харилцаанд тухайн үед мөрдөгдөж байсан Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг хэрэглэх ёстой байтал хэрэглэх ёсгүй хууль болох хуулиудын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш үйлчилж эхэлсэн заалтуудыг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргажээ.

3.2.2.Хэрэглэх ёстой хууль болох Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн дээрх заалтуудаас харахад "А.Газар ашиглуулах гэрээний дагуу газар ашиглаж байгаа иргэнд газрын төлбөр ногдуулна. Б.Иргэнд ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг газар ашиглуулах гэрээнд тусгана. В.Газрын төлбөр төлөх хугацааг гэрээгээр тогтооно" гэсэн гурван үндсэн зохицуулалттай байна. Нэхэмжлэгчийн хувьд 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2016/060 тоот газар ашиглах гуравласан гэрээнд гарын үсэг зурсан боловч Баянзүрх дүүргийн Засаг дарга баталж өгөхгүй байснаас газраа ашиглаж чадахгүй, төлбөр төлөх боломжгүй байсан зэргээс шалтгаалж 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр газар ашиглах эрхийг цуцалсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн газар ашиглах газарт "Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ"-г байгуулаагүйн улмаас газар ашиглах болон газрын төлбөр төлөх нөхцөл бүрдээгүй байсныг тогтоогоод, энэ нь П.Н үл хамаарах, хүндэтгэн үзэх шалтгаантай буюу Баянзүрх дүүргийн Засаг дарга баталж өгөөгүйтэй холбоотой болохыг үндэслэх хэсэгтээ дурдсан байдаг.

Иймээс газар ашиглуулах гэрээ байгуулаагүй явдалд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд нэгэнт гэрээ байгуулагдаагүй төдийгүй ямар хувь хэмжээгээр, ямар хугацаанд газрын төлбөрийг төлөх нь тодорхойгүй газар дээр анхан шатны шүүх газрын төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд үйлчилж байсан Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 4-р зүйл, 9-р зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан газрын төлбөр төлөх нөхцөл шаардлага бүрдээгүй байхад хариуцагч нар газрын төлбөр төлүүлэх нэхэмжлэх үүсгэсэн байхад шүүх энэ хуулийг хэрэглэхгүй алдаа гаргаж шийдвэрлэсэн.

3.2.3.Шүүх газар ашиглах гэрээ байгуулаагүйгээс газрын төлбөр төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаан нэхэмжлэгчид байгаа, улмаар нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх үүрэг үүсэхгүй тухай маргаанд заавал хэрэглэх ёстой хууль болох Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтыг хэрэглээгүй алдаа гаргажээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн эдгээр заалтаас үзэхэд гэрээ байгуулсны үндсэн дээр газар ашиглахтай холбоотой эрх, үүрэг газар ашиглагчид үүсэх тул гэрээ байгуулагдаагүй нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх үүрэг үүсэх боломжгүй болох нь харагдана.

Энэ талаар мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4-т дурдсан байдаг. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2018 оны А/187 дугаар тушаалын хавсралт "Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар"-ын 1.4-т "Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрын төлбөрийг эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн ногдуулж, тухайн шатны Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд тусган хураана" гэж заасан.

Үүнээс үзвэл гэрээнд үндэслэж газрын төлбөр ногдуулах үндэслэлтэй болохыг холбогдох журамд ч зааж өгсөн байгаа нь харагдаж байна.

3.2.4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.6-д Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар батлагдсан "Газрын кадастрын нэгдсэн системийг ажиллуулах журам"-ын 9.12 дахь хэсгийг хэрэглэхдээ журамд зааснаас огт өөр заалт бичиж алдаа гаргажээ. Уг журмын 9.12-т "Газрын төлбөр бодогдсон нэгж талбарт төлбөрийн ногдуулалтыг хийж, газрын төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэн татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад Хур системээр дамжуулан цахимаар хүргүүлнэ." гэж заасан байгаа нь шүүхийн энэ хэсэгтэй таарахгүй байх тул шүүх журамд байхгүй заалт хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргажээ.

3.3.Өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар зөрчилтэй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухайд.

3.3.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 10, 10.1-т заасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр газрын төлбөр төлөөгүй гэх асуудалд нэхэмжлэгчээс үл хамаарах, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх асуудлыг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн.

Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэсэн гэж үздэг. Хэрэв энэ хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөх ёстой гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчээс үл хамаарах, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан асуудлыг шалгаж үүнд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байсан.

Гэхдээ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт үнэлэлт дүгнэлт өгсөн асуудлаар шүүх дахин өөр дүгнэлт хийх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасныг зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч газрын төлбөр төлөх үүрэггүй, түүнийг төлөөгүй гэж буруутгаж болохгүй гэж дүгнэсэн байхад энэ хэргийн анхан шатны шүүх газрын төлбөр төлөх ёстой гэсэн дүгнэлт хийж яг ижилхэн хэргийн үйл баримтыг шүүх өөрөөр дүгнэж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3.3.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8-д заасан дүгнэлт нь үндэслэх хэсгийн 6.3, 9-т заасантай зөрчилдөж, үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, газрын төлбөрийн нэхэмжлэхийг газрын алба үүсгэж байна гэж зөв дүгнэсэн атал газар ашиглах эрхийг анх газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн захиргааны байгууллагатай маргах эрх нь нээлттэй гэж дүгнэсэн нь маш ойлгомжгүй байна. Учир нь энэ маргаан нь газрын төлбөрийн нэхэмжлэхийг хүчингүй болгуулах маргаан болохоос анх газар ашиглах эрхийг системд үүсгэсэн талаарх маргаан огт биш. Газрын мэдээллийн нэгдсэн санд газар ашиглах эрхийг Байгал орчин, аялал жуулчлалын яам эсхүл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны аль нь үүсгэсэн болохыг шүүх өөрөө үзлэг хийж тогтоож чадаагүй байж нэхэмжлэгчийг маргах эрхтэй гэсэн нь бүр ойлгомжгүй. Нэгэнт газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэсэн, ногдуулах эрхтэй газрын албатай бид маргаж байхад энэ хэрэгт огт хамааралгүй байгууллага болох Байгал орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай газрын төлбөрийн асуудлаар маргаан үүсгэх огт шаардлагагүй бөгөөд үндэслэлгүй билээ.

3.3.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 11-д дүгнэлт хийхдээ "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 3.4-т заасныг газар ашиглагч зөрчсөн хэмээн нэхэмжлэгчийг буруутгасан дүгнэлт нь нь мөн л адил өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг үгүйсгэж зөрчилдөж байна. Энэ хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаан болох БЗД-ийн Засаг дарга гуравласан гэрээг баталж өгөөгүй үүнд нэхэмжлэгчийн буруу байхгүй үйл баримтыг анхаарч үзэхгүйгээр шууд л нэхэмжлэгч өөрөө гэрээгээ байгуулаагүй мэтээр үндэслэлгүйгээр хөнгөн хуумгай дүгнэлт хийсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 509 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, П.Н нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалаар “…үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй…” гэсэн үндэслэлээр П.Н сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар олгосон Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Төр хурахын аманд аялал жуулчлалын зориулалтаар олгосон 3.0 га газрын ашиглах эрхийг цуцалсныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 54 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон, энэхүү шийдвэрийг биелүүлж сайдын мөн оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/123 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээжээ.

            Гэвч энэ нь газрын төлбөр төлөх үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу төлбөр төлөх үүрэгтэй болохыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т тодорхой заасан.

            Хэдийгээр шийдвэрт газрын төлбөр төлөх зохицуулалтууд болон дээрх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэсэн боловч хариуцагчийн нэхэмжлэгчээс шаардаж буй газрын төлбөр нь зөрүүтэй байхад үүнийг тодруулах ажиллагааг бүрэн хийгээгүй байна.

            Тухайлбал нэхэмжлэлийн 1 шаардлага болох Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба, мөн дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 3 га газарт 95.030.359 төгрөгийн газрын төлбөр үүсгэсэн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хүчингүй болгуулахтай холбоотойгоор хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр огноолсон Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 129.708.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх 1-р хх-ийн 127-131 дүгээр талд авагджээ.

            Түүнчлэн тайлант хугацааг 2020, 2021 оноор тооцсон, адил дугаар бүхий тус бүр 4 нэхэмжлэх 1-р хх-ийн 64-65, 128-131 дэх талд авагдсанаас байгаагаас 2 нэхэмжлэхийн төлөх дүн адил, харин үлдсэн 2 буюу 1210405658406 тоот нэхэмжлэхээр 25.941.601 төгрөг нэхэмжилсэн байхад адил дугаар бүхий нөгөө нэхэмжлэхээр 5.135.015 төгрөг, 1210405658414 тоот нэхэмжлэхээр 17.294.399 төгрөг нэхэмжилсэн байхад мөн л адил дугаар бүхий нөгөө нэхэмжлэхээр 3.423.344 төгрөг тус тус нэхэмжилсэн, эдгээр нь нэхэмжлэл үүсгэсэн огнооны хувьд бүгд ижил буюу 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байна.

            2.Татварын ерөнхий газрын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 04/136 дугаар албан бичигт 2020-2021 оны газрын төлбөрт нийт 95.030.359 төгрөгийн ногдлыг Газрын албанаас үүсгэсэн тул тус албанд хандаж асуудлаа шийдвэрлүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, цаг хугацааны хувьд үүнээс өмнө буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 01/1028 дугаар албан бичигт “…татварын хэлтсийн үйл ажиллагааг хүчингүй болгож, газрын төлбөрийн мэдээллийн сангаас хасуулах эрхгүй тул газрын төлбөрийн асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү…” гэсэн хариу өгчээ.

             Шүүхээс 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1/1497 дугаар албан бичгээр нэхэмжлэгчээс шаардаж буй газрын төлбөр болох 95.030.359 төгрөгийг хэзээнээс эхэлж тооцож нэхэмжилсэн талаарх тайлбар ирүүлэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1-р албанаас шаардсаны дагуу тус албанаас “…газрын төлбөрийн нэхэмжлэлийн хувьд газрын мэдээллийн нэгдсэн сангийн систем ажиллаж эхэлсэн 2020 оноос төлбөрийн ногдуулалт үүсгэсэн гэсэн хариу өгсөн, гэвч

шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тус албаны цахим мэдээллийн санд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газарт төлбөрийн нэхэмжлэх үүсгэсэн огноог “2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр” гэж бүртгэсэн болох нь тогтоогдсон, 1-р хх-ийн 144 дүгээр талд авагдсан төлбөрийн ногдуулалтын цахим мэдээлэлд гэрээний дагуу ногдуулсан нийт дүн болох 129.708.000 төгрөгийг чухам ямар үндэслэлээр 95.030.359 төгрөг болгож бууруулсан нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тодруулахад “…хариуцагчаас энэ талаар тодорхой тайлбар хэлдэггүй. Шүүхийн өмнөх маргаантай байсан хугацааг тооцож хассан юм болов уу гэж бидний зүгээс ойлгож байгаа…” гэсэн тайлбар гаргасан болно.

            Иймд дээрх нөхцөл байдлыг, тухайлбал нэхэмжилж буй газрын төлбөр нь хэдий хугацааг хамаарч байгаа болохыг, нэхэмжилсэн дүнгээс хассан гэх төлбөр нь нэхэмжлэгчийн таамаглаж байгаачлан шүүхийн маргаантай байсан хугацааных мөн эсэх зэргийг бүрэн тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 509 дүгээр шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ

 

                              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

 

                            ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН