Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1668

 

С.Шижиртуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/01504 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Шижиртуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/6 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу явагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр, өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Шижиртуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Би өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Өнөр хорооллын 20-116 тоотод байрлах 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг үеэл ах Д.Зоригтбаатарт 2013.12.05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа авах эрхийг олгож, нэг жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгсөн. Энэхүү итгэмжлэлийн дагуу Д.Зоригтбаатар нь А.Батзориг хамтаар миний дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалж Ж.Энэрэлээс зээл аваад зохих хугацаанд нь төлөөгүй байна. Ингээд зээлдэгч Ж.Энэрэл нь шүүхэд хандаж, зээлийн төлбөрөө нэхэмжлэхэд Д.Зоригтбаатар, А.Батзориг нар нь нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч улмаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамж гаргасан байна. Шүүгчийн захирамжид миний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай туссан бөгөөд Д.Зоригтбаатар нь энэ тухай надад огт хэлээгүй. Улмаар төлбөр төлөгч Д.Зоригтбаатар, А.Батзориг нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа авагдаж эхэлсэн. Гэтэл өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж, миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1 хороолол 20 дугаар байрны 116 тоотод байрлах 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 59.0 сая төгрөгөөр худалдсан. Миний бие олон нялх хүүхэдтэй өөр орох оронгүй байтал өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр миний хөрөнгийг үнэгүйдүүлж, улмаар дуудлага худалдаагаар худалдсанд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/6 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу явагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадоржийн шүүхэд гаргасан тайлбарт: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 сарын 18-ны өдрийн 3737 дугаар шийдвэрээр А.Батзориг, Д.Зоригтбаатар нараас 121 802 729 төгрөгийг гаргуулж Ж.Энэрэлд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2585 дугаар гүйцэтгэх хуудсанд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар А.Батзориг, Д.Зоригтбаатар нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004389 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 116 тоот 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар заажээ. Дээрх барьцаа хөрөнгийг эд хөрөнгө битүүмжлэх 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 09/24 тоот тогтоолоор битүүмжлэн хадгалалт хамгаалалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар С.Шижиртуяад хариуцуулан өгөхөд төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрийг төлөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/01 тоот эд хөрөнгө хураасан тогтоолоор хурааж шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай дахин мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлөөгүй болно. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/14 тоот, 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/29 тоот хугацаатай мэдэгдлийг дахин хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч нар болон барьцаа хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авахад С.Шижиртуяа болон төлбөр төлөгч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан үнийн санал өгөхөөс татгалзсан. Иймд шинжээч томилох тухай 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 124 тоот тогтоолоор Сангийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 286 тоот тушаалаар олгосон 07120004 тоот хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн эрхтэй хөрөнгийн үнэлгээний "Мөнх оргил трейд" ХХК нь зах зээлийн бодит үнэлгээг 118 000 000 төгрөгөөр тогтоосон. Дээрх зах зээлийн үнийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарын итгэмжпэгдсэн төлөөлөгчид 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3/42438, 3/42236, 3/42237 тоот мэдэгдэлээр мэдэгдсэн болно.

Анхны албадан дуудлага худалдааны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/44001, 1/44006, 1/4405 тоот мэдэгдэлүүдийг төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт өгч, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт болох Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдааны үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 118 000 000 төгрөгийн 70 хувиар 82 600 000 төгрөгөөр оруулсан боловч үнийн санал ирээгүй. Гуравдагч этгээд болох С.Шижиртуяа нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2254 тоот шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17233 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 118 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 59 000 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон оруулсан боловч дахин үнийн санал ирээгүй болно. Барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Шижиртуяа нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 54 тоот захирамжаар дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга Р.Энхтайваны улсын байцаагчийн актаар 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/181 тоот тогтоолыг хүчингүй болгон барьцаа хөрөнгийг дахин 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 118 000 000 төгрөгийн 50 хувь буюу 59 000 000 төгрөгөөр оруулахад 61 000 000 төгрөгөөр худалдан борлогдоод байна.

С.Шижиртуяа нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3741 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 3 дахь удаагаа түдгэлзүүлээд байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж удаашруулж байгаа нь төлбөр авагч Ж.Энэрэлийн шүүхээр хамгаалуулсан эрх ашиг бодит амьдрал дээр биелэгдэхгүй давхар хохирсоор байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хууль болон Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч болон С.Шижиртуяа нарт тухай бүр мэдэгдэж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа нэхэмжлэл гарган 3 шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байснаас харахад С.Шижиртуяа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг анхнаасаа мэдэж байсан төдийгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо тухай бүр шүүхэд хандан шийдвэрлүүлж байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/6 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу явадсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн С.Шижиртуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч С.Шижиртуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Т.Баасанбатад өгсөн итгэмжлэлээсээ татгалзсан байсан ба Т.Баасанбат нь дээрх тогтоол болон албан тоотыг хүлээн авсан тухайгаа нэхэмжлэгч С.Шижиртуяад мэдэгдээгүй. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43.3-т заасныг зөрчиж байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид зохих ёсоор мэдэгдээгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж, албадан дуудлага худалдааг зохион байгуулсан гэж үзэхээр байна.

Миний хувьд 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 30 минутад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох болсон тул тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй, хурлыг тодорхой хугацаагаар хойшлуулж, оролцох боломжоор хангаж өгөх тухай хүсэлтийг бичгээр шүүхэд хүргүүлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдсон хуралд өөрийн биеэр очсон боловч үйлчлүүлэгчийн зүгээс шүүх хуралдааны оролцогчийн байр сууриар биш хуралд ажиглагчаар оролцож өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу тус хуралд ажиглагчаар оролцсон болно.

Ийм байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд оролцоогүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч талыг мэтгэлцэх зарчмаар хангахгүйгээр, нэхэмжлэгч талыг шинээр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах боломжоор хангахгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсан ажиллагаа бөгөөд энэ хуульд заасан журмын дагуу явагдах ёстой байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47.1-д “Албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж заасан бөгөөд албадан дуудлага худалдаа эрхлэх хөтлөгчийг томилсон тушаал, албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь хуульд заасан хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн гэх баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүхээс хуулиар тогтоосон ажиллагааны журам зөрчөөгүй, өмчлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлт өгсөн нь учир дутагдалтай байна. Албадан дуудлага худалдаа эрхлэх хөтлөгчийг томилсон тушаал, албадан дуудлага худалдаа эрхлэх хөтлөгч нь хуульд заасан хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн эсэх талаар шаардлагатай нотлох баримтыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулахаар хуралд оролцохдоо шүүхэд хүсэлт тавихаар төлөвлөж байсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж, хүсэлт гаргах боломжоор хангаагүйд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч С.Шижиртуяа нь олон бага насны хүүхэдтэй, өөр орох орон гэргүй ганц байгаа үл хөдлөх хөрөнгийг нь үнэгүйдүүлж, хуульд заасан журмын дагуу нийтэд мэдээлсэн эсэх нь тодорхойгүй байхад дуудлага худалдаагаар хямд үнээр худалдсанд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/01504 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, үйл баримт бүрэн тогтоогдоогүй  байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Шижиртуяа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/6 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу явагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3737 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1 хороолол 20 дугаар байрны 116 тоот 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад санал өгөхөөс татгалзаж, тохиролцоогүй тул шинжээчээр "Мөнх оргил трейд" ХХК-ийг томилж, шинжээч барьцаа хөрөнгийг 118 000 000 төгрөгөөр үнэлжээ.

 

Дээрх үнэлгээнд нэхэмжлэгч гомдол гаргаж, улмаар 3 шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул "Мөнх оргил трейд" ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/6 дугаар тогтоол гарч, шинжээчийн тогтоосон үнэ болох 118 000 000 төгрөгийн 50 хувь буюу 59 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар 3/5918 тоот албан бичгээр С.Шижиртуяад мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг ажиллагаанд гомдол гаргасан байна.   

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь барьцааны эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлж, анхны албадан дуудлага худалдаа болон хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоож, энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4-т заасны дагуу өмчлөгчид мэдэгдсэн, албадан дуудлага худалдааг хуулийн дагуу зохион байгуулсан гэж маргаж байна.

 

Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хянаж, хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж заасан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй байхад үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Дээрх байдлыг тодруулсны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг дүгнэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин “хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүх зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Тодруулбал, шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт нийцсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/01504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

          

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БАТЗОРИГ                                                 

 

                 ШҮҮГЧИД                      Ч.ЦЭНД

                                                 

                                                  Б.НАРМАНДАХ