Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00633

 

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Ц-, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03294 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр магадлалтай,

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Д.О-д холбогдох,

16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.О-ы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэенрэгзэн,  нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.О-той 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл алданги тооцохоор зээлдүүлсэн. Д.О- эхний саруудын хүүг төлөөд дахин мөнгө төлөлгүй алга болж Японд ажил хийж байгаад ирсэн. Түүнийг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоосон. Өөрөө 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэе гэж гэрээний маягтаа барьж ирсэн. Энэ хүнийг бүтэн 4 жил харсан. Хүүд 5.000.000 орчим төгрөг төлсөн. Иймд Д.О-оос зээл 10.000.000 төгрөг, хүү 1.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг нийт 16.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Д.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч бодит дүнг буруу тооцоолсон. Хариуцагч зээл, хүүд 2014 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл 5.000.000 төгрөг төлсөн. Зээл 8.579.017 төгрөг, хүү 2.144.754 төгрөг, алданги 4.289.508 төгрөг нийт 15.013.279 төгрөг болж байна. Нэхэмжлэлээс 8.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Зээлийн гэрээний 1-д заасан 10%-ийн хүү нь хэт өндөр, хохиролтойгоор тогтоогдсон. Гэрээний тэгш байдал болон харилцан ашигтай байх шаардлагад нийцээгүй. Хүүгийн хэмжээг сарын 5,0%-иар тогтоох хүсэлт гаргаж байна. Энэ нь хангалттай өндөр хүү бөгөөд өнөөдөр Монгол улсад сарын 5.0 буюу жилийн 60.0%-иар хүү тооцдог газар зөвхөн барьцаалан зээлдүүлэх газар байна. Хүүг сарын 5.0 хувиар тооцоход хариуцагчийн төлөх ёстой дүн 8.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд 4.000.000 төгрөгийн анзаас чөлөөлж, зээл 8.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03294 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.О-оос 16.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.900 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.О-оос 237.900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/003294 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэснийг 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 гэж, 16.000.000 гэснийг 12.000.000 гэж, 2 дах заалтын 237.900 гэснийг 206.950 гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож  шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч талархаж байгаа боловч үндсэн үүргээс тооцсон анз нь илт их хэмээн үзэж буй тул иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-Д "Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно." хэмээн заасны дагуу 50%-иар бууруулан 2,000,000 төгрөгөөр шийдвэрлэж, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 31 тоот магадлалаас анзад холбогдох 4,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Д.О-оос 16.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа зээл 10.000.000 төгрөг, хүү 1.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг гэж тодорхойлжээ.  Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө “...хүү, анз хэт их” гэсэн тайлбар гаргаж, маргасан байна. 

Зохигчийн хооронд 2014 оны 9 дүгээр сарын 16-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 10.000.000 төгрөгийг 6 сарын хугацаагаар сарын 10 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутам  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирчээ /хэргийн 5 дугаар тал/.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Талууд  хүү, анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагад нийцжээ.  

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч зээлийн төлбөрт 5.000.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь зөв боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ.

Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болохоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т заасан.

Давж заалдах шатны шүүх “...зээлийн хүүг сарын 10 хувиар тогтоосон нь зээлдэгчид илт хохиролтой тогтоогдсон” гэж үзэж, хүүг сарын 5 хувиар тооцож, нэхэмжлэлээс 12.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй боловч нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрхэн шийдвэрлэснээ магадлалд заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.-т нийцээгүй байна.

Гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сард дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд алдангийн хэмжээг  илт их гэж үзэх үндэслэлгүй  байна.

Дээрх үндэслэлээр  магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн “...анзаас 2.000.000 төгрөгийг хасах” талаарх гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2 дах заалтын” гэсний өмнө “...нэхэмжлэлээс 4.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг нэмж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ы гомдлыг хангахгүй орхисугай.  

Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ