Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 3294

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/03294

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Дунд голын 29 дүгээр байр 5 тоотод оршин суух, 1966 онд төрсөн 52 настай, Иеншөбү овогт Даваасамбуугийн Цолмон.

            Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хороолол 50 дугаар байр 15 тоотод оршин суух, 1977 онд төрсөн 41 настай, Онгол овогт Дүгэрээгийн Отгон.

            Гэрээний үүргийн биелэлтэд 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Д.Ц нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Ц нь хариуцагч Д.Отой 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл алданги тооцож төлөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Д.О эхний саруудын хүүг төлөөд дахин мөнгө төлөлгүй алга болж Японд ажил хийж байгаад ирсэн. Түүнийг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоосон. Өөрөө 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэе гэж гэрээний маягтаа барьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд мөнгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч утсаа авахгүй байсаар алга болсон. Энэ хүнийг бүтэн 4 жил харсан. Эвлэрэхгүй. Хүүнд 5.000.000 орчим төгрөг төлсөн. Иймд хариуцагч Д.Ооос үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 1.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг нийт 16.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Д.Ц нь иргэн Д.Ооос гэрээний үүрэгт 16.237.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасанг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын бодит дүнг буруу тооцоолсон. Хариуцагч гэрээний үүргийн дагуу зээл, зээлийн хүүнд 2014 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл 5.000.000 төгрөг төлсөн. Бид төлсөн төлөлтөө хүснэгтээр шүүхэд тайлбар гаргасан. Үүнээс харахад үндсэн зээлийн үлдэгдэл 8.579.017 төгрөг, хуримтлагдсан хүү 2.144.754 төгрөг, алданги 4.289.508 төгрөг нийт 15.013.279 төгрөг болж байна. Нэхэмжлэлээс 8.000.000 төгрөгийг  төлөхийг зөвшөөрч байна. Иргэн Д.Ц, Д.О нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1-д заасан 10%-ийн хүү нь хариуцагчийн хувьд хэт өндөр, хохиролтойгоор тогтоосон. Хариуцагч нь сарын 10%-ийн хүүтэй 10.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай авсан бөгөөд гэрээний эхний 5 сард 5.000.000 төгрөг төлсөн боловч үүнээс 3.579.017 төгрөг нь хүүнд төлөгдсөн байна. Зээлдэгч тал 10.000.000 төгрөгийг сарын 10%-ийн /жилийн 120.0%/ хүүтэйгээр зээлүүлснээр 6 сарын дараа 16.000.000 төгрөг болгож өсгөж авах нь гэрээний тэгш байдал болон харилцан ашигтай байх стандарт шаардлагатай нийцэхгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” хэмээн заасныг үндэслэн хүүгийн хэмжээг сарын 5.0%-иар тогтоох хүсэлт гаргаж байна. Сарын 5.0% хүү нь хангалттай өндөр хүү бөгөөд өнөөдөр Монгол улсад сарын 5.0 буюу жилийн 60.0%-иар хүү тооцдог газар зөвхөн барьцаалан зээлдүүлэх газар ломбардад л байна. Хүүг сарын 5.0 хувиар тооцоход хариуцагчийн төлөх ёстой дүн 8.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Хэдийгээр анз тооцох тухай гэрээний 3 дахь хэсэгт тохиролцсон боловч нэхэмжлэгч нь шаардах эрхээ урт хугацаанд хэрэгжүүлээгүй нь анзыг хуульд заасан хамгийн их хэмжээгээр нэхэмжлэх зорилго агуулж байсан гэж үзэж байна. Хариуцагч Д.О зээл төлөхөөс зайлсхийх санаа зорилго агуулаагүй бөгөөд 2016-2018 оны эхэн хүртэл гадаадад ажиллаж, амьдарч байсан. Иймд 4.000.000 төгрөгийн анзаас чөлөөлж, зээлд 8.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Д.Од холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч Д.О нь нэхэмжлэгч Д.Цтой 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж гэрээгээр 10.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон байна.

 Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээжээ.

            Зохигч гэрээний 1, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн мөнгийг шилжүүлсэн, хариуцагч  хариу тайлбартаа 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж хүлээн авсан талаар тайлбарлан, гэрээний үнийн дүнд маргаагүй байна.

            Талууд зээлийн гэрээний хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 16-наас 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай байхаар тохиролцож, гэрээний хугацаанд буюу 3 сарын хүүнд хариуцагч нь нийт 4.767.000 төгрөг төлсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.

            Зээлдэгч Д.О  2014 оны 12 дугаар сарын 17-ноос хойш төлөлт хийгээгүй ба гэрээний 2, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1- заасан үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, тохирсон хугацаанд мөнгөө төлөөгүй буруутай байна.

            Хариуцагч нь гэрээний үүрэгт үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 1.233.000 төгрөг, алданги 5.616.500 төгрөг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 1.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг нийт 16.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зүйлд нийцсэн байна.

            Иймд хариуцагч Д.Ооос гэрээний үүргийн биелэлтэд 16.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Цд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан хэлбэрээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэв.

            Хариуцагч шүүх хуралдаанд хүү, алданги хэт өндөр гэж тайлбарлан хасуулах хүсэлт гаргасан боловч талууд гэрээгээр хүүний хэмжээг тохиролцсон, гэрээний дагуу хүүг төлөх үүрэгтэй, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон                         

                                                                                                     

    ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Ооос 16.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Цд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.900 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ооос 237.900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Цд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА