Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00634

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/02029 дүгээр шийдвэр,                       

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2464 дүгээр магадлалтай,

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

тогтоол хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхмэндийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Э.Цээпилмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зая, Д.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 500 дугаартай шүүгчийн захирамжаар Их цавчир ХХК-с 387.594.447 төгрөг гаргуулж банкинд олгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4234 дугаар шүүгчийн захирамж, 429 дугаар гүйцэтгэх хуудас гарч 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 100.000.000 төгрөг төлж үлдэгдэл 288.642.408 төгрөгийг төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч барьцааны үл хөрөнгө эд хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжлэн, үнэлгээ тогтоох зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шинжээч томилсон. 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр анхны албадан, 2017оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан ч үнийн санал ирээгүй. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр санал болгох ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгийг Уинд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар буюу Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор дээрх хөрөнгийг төлбөрт тооцон санал болгосон ажиллагаа болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4/34 дүгээр гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн авлаа. Энэхүү тогтоолд төлбөр төлөгч Их цавчир ХХК-ийн худалдан борлуулагдаагүй хөрөнгийг төлбөрт тооцон санал болгосон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалтад нийцээгүй гэх үндэслэл дурджээ. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарим хэсгийг, ялангуяа шинэ хуулийн дагуу дахин явуулахад төлбөр авагчид ашиггүй цорын ганц шатыг дахин явуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэв шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинэ хуулиар уг ажиллагааг явуулах ёстой гэж үзэж байгаа бол уг ажиллагааг эхнээс нь явуулж үнэлгээний шатанд, дуудлага худалдааны шатанд тус тус хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг төлбөр авагчид олгох гэж үзэж байна. Мөн тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгоод зогсохгүй, 1 дахь заалтаар санал болгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу зохион байгуулах үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхээс хэтэрсэн, хөтөлсөн шинжтэй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай тогтоолыг, мөн шийдвэр гүйцэтгэлийн 6281221 дугаартай ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа: төлбөр төлөгч Их цавчир ХХК-аас тус албанд хандаж гаргасан гомдлоор 16281221 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хянахад  санал болгох ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалтыг зөрчсөнийг тогтоож, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.3.2, 271.3.3-т заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 тоот тогтоолоор уг ажиллагааг хүчингүйд тооцсон нь хуульд нийцсэн. Иймд  У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Их цавчир ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг бүрэн барагдуулаагүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Д.Долгормаагийн  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014256 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Олимпийн гудамж, 23 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 214 м.кв талбайтай орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 153/11/30 тогтоолоор битүүмжилж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 153/11/30 дугаар тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөнд талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилоход 535.000.000 төгрөгөөр үнэлсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн зах зээлийн үнэлгээ болох 535.000.000 төгрөгийн 70 хувь 374.500.000 төгрөгөөр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ болох 535.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 267.500.000 төгрөгөөр 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад мөн үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрт тооцож төлбөр авагчид шилжүүлсэн. Гэвч энэ нь хууль зөрчсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/02029 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаар тогтоол, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2464 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/02029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхмэнд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ/2018/02029 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2464 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч доорх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт “Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ”, 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж зохицуулсан байх бөгөөд ажиллагааны аль хэсэг нь хуулийн энэ зохицуулалтад тогтоосон журмыг зөрчсөн, хуульд урьдчилсан нөхцөл журам тогтоогоогүй байхад тогтоолд үнэлгээтэй холбоотой асуудлыг хэрхэн хамааруулж дурдсан, уг үнэлгээг яаж хэрэглэх ёстой байсан зэрэг нь ойлгомжгүй, үндэслэлгүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018.06.07-ны өдрийн 14 дугаар тогтоолыг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана” гэж заасан байх нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрт хуульд заасан хугацаанд гаргасан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээний бүтцийн агуулгатай бөгөөд мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3 дахь хэсэг нь Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид ямар ч шийдвэрийг өөрчлөх, шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд хөндлөнгөөс, хэзээ ч хамаагүй оролцох “хязгааргүй” эрхийг олгохгүй юм. Гэтэл шүүх хуулийн холбогдох заалтуудын хэм хэмжээний уялдааг анхааралгүйгээр зөвхөн тухайн заалтыг дангаар нь үндэслэж “Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээнд хамаарч байна”гэж дүгнэсэн хуулийн уг зохицуулалтыг буруу хэрэглэх, тайлбарлах нөхцөл болсон байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ/2018/02029 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2464 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч У нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 14 дүгээр тогтоол, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ. хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн 500 дугаар шүүгчийн захирамжаар  “Их цавчир” ХХК нь Уны нэхэмжилсэн 387.594.447 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ний дотор төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох тус дүүргийн 8 дугаар хорооны 23 дугаар байрны 1 тоотын 214 м.кв талбай бүхий орон сууц, мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 8 дугаар байр, 21 тоотын 30 м.кв талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, шийдвэрлэсэн...” талаар дурдсаныг хариуцагч үгүйсгээгүй байна.  

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, төлбөр төлөгч 100.000.000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй байна  

Шийдвэр гүйцэтгэгч 288.642.408 төгрөгийн төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 214 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилж, хураан авсан боловч  төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй, мөн үнийн санал ирүүлээгүй тул шинжээч томилсон, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 535.000.000 төгрөгөөр үнэлсэн, 2017 оны 5 дугаар сарын 25-ний өдөр анхны, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 2 дах албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй болох нь тогтоогдсон, талууд дээрх  ажиллагааны талаар гомдол гаргаагүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр дээрх хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгосон, төлбөр төлөгч энэхүү ажиллагаанд гомдол гаргасан, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор санал болгосон дээрх ажиллагаа болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн 4/34 дүгээр гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгохдоо “...төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд санал болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5. дах заалтыг зөрчсөн” гэж үзжээ /хэргийн 5 дугаар тал/.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.-т ”энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно...”, 73.5.-т “барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар барьцаанд байгаа, албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр тооцож төлбөр авагчид санал болгохоор заасан байхад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрийн хэмжээгээр тооцож шилжүүлсэн нь хуульд нийцээгүй байна.  

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй  талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангах талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/02029 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2464 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхмэндийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ