Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1569

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Жавзандуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/01460 дугаар шийдвэртэй, Б.Жавзандуламын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бямбаад холбогдох,

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Итгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн тойргийн нотариатч, Д.Бямбаагийн 2016 оны 02 сарын 25-ны өдөр гэрчилсэн 390 тоот үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тэрээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Т.Урантогоо бидний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээнд оролцогч талуудыг хамт байлцуулах үүргээ биелүүлээгүй гэрээг гэрчилсэн нь нотариатын тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.

Эвлэрлийн гэрээг хийхэд Т.Урантогоо бид хоёр цуг байж гарын үсэг зураагүй, бид хоёрын хүсэл зоригийн үндсэн дээр тэрхүү гэрээ хийгдээгүй бөгөөд хоёр талыг байлцуулан гэрээнд гарын үсэг зуруулаад нэг хувийг өгөх ёстой. Гэтэл Т.Урантогоо байлцаагүй, хэзээ гарын үсэг зурсныг мэдээгүй, нэг хувийг нь надад өгөөгүй. Иймд Д.Бямбаа нотариатч нь Нотариатын тухай хуулийн 3.1.2-д заасан хараат бус бие даасан байх, мөн хуулийн 3.1.3-д талуудын тэгш эрхийг хангах гэсэн зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй, бусдын нөлөөнд автаж нотариатын үйлдэл хийсэн тул 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрчилсэн 390 тоот үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр талууд биеэр ирж хуульд харшлаагүй хэлбэрээр гэрээг байгуулж батлуулсан. Ямар нэг байдлаар хүчээр гарын үсэг зуруулаагүй. Нотариатын тухай хуулийн 46.2, 31.1-т заасан харшлах үйлдэл байхгүй байсан тул нотариатчийн үйлдлийг гүйцэтгэж 2 удаа буюу 1 өдөр 2 эвлэрлийн гэрээг хийсэн. Зээлийн гэрээг эхэлж батлуулсан, дараа нь эвлэрлийн гэрээ батлуулсан гэж байгаа нь худал. Бичиг үсэг мэддэг насанд хүрсэн хүн хэдхэн мөр гэрээг уншаад нотариатын өрөөнд гарын үсгээ зурсан.

Анх орж ирэхэд нь бичиг баримтыг шалгаад үйлчилгээ үзүүлсэн. Гэрээ хийхэд хоёр тал хамт байсан. Гараар бичсэн гэрээг гэрч н.Хишигсүрэн бичсэн. Нотариатын бүртгэлийн дэвтэрт Б.Жавзандулам гарын үсэг зурахдаа өмнө нь гэрээ хийсэн “Монсант Алдар” ХЗХ, Отгонжаргал нарын 390 дугаарт бүртгэсэн зээлийн гэрээний харалдаа гарын үсэг зурсан. Буруу газар зурчихлаа гэж хэлээд 391 дугаарт бүртгэлтэй хэсэгт дахин гарын үсэг зуруулсан. Нэг удаа ирэхдээ эвлэрлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээ байгуулж байгаагүй. Эвлэрлийн гэрээг эхлээд гараар бичиж гарын үсэг зурсан байсныг нотариатчийн туслахаар шивүүлж талууд гарын үсэг зурсан, үүнийг баталсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр хариуцагч Д.Бямбаад холбогдох 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Т.Урантогоо, Б.Жавзандулам нарын байгуулсан эвлэрлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Жавзандуламийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Жавзандуламаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүй, талуудын хооронд үүссэн үйл явдлыг нэг мөр ойлголгүй, бодит байдалд дүн шинжилгээг зөв хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Миний бие шүүх хуралдаанд гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрчил гарвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт зааснаар нүүрэлдүүлэн байцаах гэсний дагуу хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү гарсан.

Гэрч Б.Нэргүй тухайн гэрээг хоёр талын хүсэл зоригийн дагуу хийгдээгүй Т.Урантогоо гэрээнд гарын үсэг зурчих гэж хүчилж байсныг гэрчилдэг бөгөөд Т.Урантогоотой мөнгө өгөөгүй байж яагаад гарын үсэг зурдаг юм гэж Д.Хишигсүрэнгийн хажууд маргасан байдаг. Гэтэл гэрч Д.Хишигсүрэн тийм зүйл болоогүй гэж мэдүүлсэн. Энэ тухай гэрчүүдийн мэдүүлэг зөрдөг. Гэрч Д.Хишигсүрэн нотариатч Д.Бямбаа дээр анх гэрээ байгуулахад ирсэн дахин ирээгүй гэж мэдүүлдэг ч гэрч Б.Хорлоо орой 20 цагийн орчим Б.Жавзандуламтай ирэхдээ гэрч Д.Хишигсүрэнг ганцаараа зогсож байгаад Д.Бямбаа нотариатчийг утсаар залгаад дуудан ирүүлж Д.Хишигсүрэн, Д.Бямбаа, Б.Жавзандулам гурван хүн орж гэрээ байгуулсан гэдгийг нотолдог.

Мөн хариуцагч тал тайлбартаа бичиг үсэг мэддэг насанд хүрсэн хүн хэдхэн мөр гэрээг уншаад нотариатын өрөөнд гэрэлд гарын үсгээ зурсан гэсэн байдаг. Шөнө гэрэлтэй үед зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байтал шүүгч энэ тухай шийдвэр гаргахдаа авч үзээгүй байна. Гэрчүүдийн мэдүүлэг дээрх байдлаар зөрүүтэй байхад хэт нэг талыг барьж хүсэлтийг минь хүлээн аваагүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч Б.Хорлоо, Б.Нэргүй нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Гэтэл нотариатч Д.Бямбаа, нотариатч Д.Хишигсүрэн нар дотны найзууд гэдгийг гэрчилдэг хүмүүс байгаа.

Шүүхийн шийдвэрт “нотариатч Д.Бямбаа нь нэхэмжлэгч Б.Жавзандулам, Т.Урантогоо нарын байгуулсан 17 500 000 төгрөгийг Б.Жавзандулам нь Т.Урантогоод эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөхөөр зөвшөөрсөн агуулга бүхий эвлэрлийн гэрээг нотариатын бүртгэлийн 391 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Харин нотариатын бүртгэлийн 390 дугаарт 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Монсант Алдар” ХЗХ, Б.Отгонжаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бүртгэгдсэн байна” гэж дүгнэсэн.

Маргаан бүхий үйлдэл нь 390 тоот үйлдэл бөгөөд хариуцагч тал шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох бүртгэлийн дэвтэр, гэрээндээ бүртгэлийн дугаарыг өөрчилж 390 дугаарыг 391 болгосон ба өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрдөг. Хэрэв 391 тоот үйлдэл байсан бол шүүхийн шийдвэрийн үндэс болсон гэрээ 390 тоот байгаа нь тус шүүхийн шийдвэр буруу нотлох баримтад үндэслэн гаргасан болж таарна учир нь хариуцагч талын ирүүлсэн нотлох баримтад 390 дугаарт өөр гэрээ бүртгэлтэй байгаа юм.

Хариуцагч 391 дугаарыг 390 гэж дугаарлаад тэр дор нь зассан гэдэг боловч бүртгэлийн дэвтэр болон өмнө нь хийсэн гараар бичиж батлуулсан гэрээний хувиуд, сүүлд компьютерт бичсэн гэрээний бүх хувиудад эхлээд 390 гэж байсныг сүүлд 391 болгон өөрчилсөн нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 01848 шийдвэрт байгаа 390 тоот гэрээ хангалттай нотлоно. 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрээний дугаарт засвар хийгдээгүй, 390 тоот үйлдлийн хуулбарлан авч тамга тэмдгийг нь даруулан хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Энэ нь Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг зөрчиж засвар хийсэн, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг зөрчиж бүртгэлийн дэвтэр, гэрээ хоёр өөр дугаартай байна. Мөн бүртгэлийн дэвтрээс харахад тасалбарын дугаарт өмнөх гэрээнд 705 гэсэн дугаар олгоод дараа нь хийсэн гэрээнд 703 дугаар олгосон.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлож чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдоогүй гээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох дүгнэлт хийсэн. Энэхүү гэрээ нь бусдын дарамт шахалтанд хийгдсэн, хоёр тал байлцаагүй гэдгийг гэрчүүдийн мэдүүлэгээр нотлогддог бөгөөд бүртгэлийн дэвтэр, гэрээний бүх хувьд байгаа дугаарт засвар хийсэн үйлдлүүдээр давхар нотлогдож байгаа.

Бүртгэлийн дэвтэрт байгаа гарын үсгийг нэхэмжлэгч би зураагүй миний гарын үсэг биш гээд хүлээн зөвшөөрдөггүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлд зааснаар Б.Жавзандуламын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлт ойлгомжгүй байна гээд татгалзсан нь хэтэрхий нэг талд үйлчилсэн гэж үзэж байна.

Жнэхүү гэрээ нь өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан. Хуурч мэхлэгдэн, хүчинд автагдан хийсэн гэрээ гэдгийг нэхэмжлэгч талын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хариуцагч тал үйлдлээ нуун далдлахын тулд бичиг баримтад хийсэн засвар өөрчлөлтөөр нотлогдож байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг  хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Б.Жавзандулам нь хариуцагч Д.Бямбаад холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Т.Урангоо, Б.Жавзандулам нарын байгуулсан эвлэрлийн гэрээг гэрчилсэн нотариатын бүртгэлийн 390 дугаарт бүртгэгдсэн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотариатын бүртгэлийн дэвтэрт Б.Жавзандулам гарын үсэг зураагүй тул түүний гарын үсэг мөн эсэхэд шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх “ямар нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой нь ойлгомжгүй, үндэслэл тодорхойгүй” гэх дүгнэлт хийж хангахаас татгалзсан нь учир дутагдалтай болжээ.

Зохигчдын хооронд нотариатын бүртгэл хийсэн үйлдлийн талаар маргаантай байгаа тохиолдолд уг бүртгэлийн дэвтэрт зурсан гарын үсгийг шинжлүүлэх нь уг хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ба хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзэх боломжгүй юм.

Хэргийн оролцогчоос гаргасан дээрх хүсэлтийн дагуу эрх бүхий байгууллагыг шинжээчээр томилж, гарын үсгийн шинжилгээ хийлгэх ажиллагааг анхан шатны шүүх хийж гүйцэтгэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.

Иймд давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/01460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмчлэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА