Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/01823

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/01823

                Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 17 дугаар байр, 32 тоот Жамсран овогт Нямдоржийн Отгонбаяр /РД-ХН77050570/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 22 дугаар байр, 34 тоотод оршин суух, Тайчууд овогт Цагаанбилэгийн Цэдэн /РД-ЧМ47032111/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 72-128 тоотод оршин суух, Боржигон овогт Ёндондашийн Энхжаргал /РД-ХЕ73072311/ нарт холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Отгонбаяр, хариуцагч Ё.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цэдэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Цэдэн, Ё.Энхжаргал нар надтай харилцан тохиролцож 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан.

Зээлийн гэрээний 12-т зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон.

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Цэдэн бид тооцоо нийлж зээлийг мөн оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр болсон ба үүнээс хэтэрвэл 5 хувийн хүү бодож төлөхөөр болсон юм.

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хүү 2,500,000 төгрөг болсон.

Иймд Ц.Цэдэн, Ё.Энхжаргал нараас нийт 27,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо Ё.Энхжаргалтай 20,000,000 төгрөг дээр эвлэрч байна гэв.

Хариуцагч Ё.Энхжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ц.Цэдэнгийн хүсэлтээр өөрийн найз болох Н.Отгонбаяртай уулзаж гадаадын хөрөнгө оруулалтын төлбөрт төлөгдөх 20,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй гэрээг Ц.Цэдэнтэй хамтарч хийсэн.

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш дээрх 20,000,000 төгрөгийг Ц.Цэдэн төлөөгүй тул Н.Отгонбаяр шүүхэд нэхэмжлэл гаргахдээ миний нэрийг оруулсан байна.

            Ц.Цэдэн нь одоо цагдан хоригдож байгаа бөгөөд бид ярилцаад би найзын хувьд зээлийг төлөхөөр болсон. Дараа нь би Ц.Цэдэнгээс гаргуулахаар тохирсон. Ингээд нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

            Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н.Отгонбаяр миний бие Ц.Цэдэн, Ё.Энхжаргал нараас нийт 27,500,000 төгрөг нэхэмжилснээс 7,500,000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч Ё.Энхжаргал нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 833,334 төгрөгөөр төлж барагдуулахаар хариуцагч Ё.Энхжаргалтай эвлэрч, хариуцагч Ц.Цэдэнгээс татгалзаж байна гэжээ.  

 

            Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Отгонбаяр нь хариуцагч Ц.Цэдэн, Ё.Энхжаргал нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,500,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

            Шүүх хуралдааны өмнө талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Цэдэнгээс, мөн нэхэмжлэлийн шаардлага болох 27,500,000 /хорин долоон сая таван зуун мянган/ төгрөгийн 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгөөс тус тус татгалзаж, үлдэх 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хариуцагч Ё.Энхжаргал нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар  сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 833,334 төгрөгөөр нэхэмжлэгч Н.Отгонбаярт төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.  

            Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж хэргийг, мөн Ц.Цэдэнд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 295,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Энхжаргалаас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Отгонбаярт буцаан олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Ц.Цэдэн, Ё.Энхжаргал нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,500,000 /хорин долоон сая таван зуун мянган/ төгрөгийн 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хариуцагч Ё.Энхжаргал нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар  сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 833,334 төгрөгөөр нэхэмжлэгч Н.Отгонбаярт төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг, мөн хариуцагч Ц.Цэдэнд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 295,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Энхжаргалаас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Отгонбаярт буцаан олгосугай.  

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

                       

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.ЦЭНД