Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2016/0358

 

 

 

 

 

Грек Улсын иргэн Мария Суилигийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Грек Улсын иргэн Мария Суилигийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Мандала-Олимпус” ХХК-ийн улсын бүртгэл илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, “Мандала-Олимпус” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулан, Грек Улсын иргэн Гаврил Кафкиосыг уг компанийн 90 хувийн хувьцаа эзэмшигч, А.Ариунболдыг 10 хувьцаа эзэмшигч болохыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн албанд даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Мандала-Олимпус” ХХК-ийг 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан материалыг гүйцэд бүрдүүлсэн нь тус хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх хуулийн үндэслэлтэй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18-д заасан татгалзах үндэслэлгүй гэж үзсэн байна.

Тухайн үед бүрдүүлэн өгсөн архивын материалыг үзэхэд өргөдлийн УБ-03 маягт толгой аж ахуйн нэгжийн нэр гэдэг хэсэгт “Эмэйзинстеппс” ХХК гэж нэр бичсэн, үүсгэн байгуулах шийдвэрт “Мандала-Олимпус” нэртэй охин компани байгуулахаар, толгой “Эмэйзинстеппс” ХХК нь охин компанийн дүрмийн санд 5 сая төгрөг шилжүүлэх тухай захирал А.Ариунболдоос тушаал гарсан, “Эмэйзинстеппс” ХХК-аас гарсан Гаврил Кафкиосын гарын үсэгтэй хурлын шийдвэрт “Мандала-Олимпус” нэртэй охин компани байгуулах, дүрмийн санг 5 сая төгрөгөөр тогтоох, охин компанийн гүйцэтгэх захирлаар А.Ариунболдыг томилсон байна.

Мөн толгой компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Мандала-Олимпус” ХХК-ийн албан ёсны хаягийн нотлох баримтад “Эмэизинстеппс” ХХК-ийн газар ашиглах болон 00131761 дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн зэрэг нь ”Эмэйзинстеппс” ХХК нь “Мандала-Олимпус” нэртэй охин компани бүртгүүлэхээр материал бүрдүүлж өгсөн нь дээр дурдсан холбогдох материалуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Грек улсын иргэн Гаврил Кафкиос болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Мария Суили “Мандала-Олимпус” ХХК-ийг байгуулах үйл явц, нөхцөл байдлыг маш сайн мэдэх бөгөөд үүсгэн байгуулагчид бид “Мандала-Олимпус” ХХК-ийг “Эмэйзинстеппс” ХХК-ийн охин компани байгуулахыг хүсэж, хүлээн зөвшөөрч байгуулсан.

“Мандала-Олимпус” ХХК нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-д зааснаар бидний компани Монгол Улсын нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах охин компани /Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдоно/. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,12.3-т зааснаар “...компани нэг үүсгэн байгуулагчтай...” байж болох бөгөөд эрх бүхий байгууллагын гаргаж өгсөн лавлагаа болон Улсын бүртгэлийн гэрчилгээнд тухайн “нэг үүсгэн байгуулагч”-ийг Грек улсын иргэн Гаврил Кафкиос болон А.Ариунболд нарын байгуулсан “Эмэйзинстеппс” ХХК гэж ойлгож, түүнд эзэмших хувь, хэмжээгээрээ “Мандала-Олимпус” ХХК-нд эзэмшиж, Монгол Улсад хэвийн үйл ажиллагаа явуулж хуулийн этгээд, эрхийн доголдолгүй аж ахуй нэгж байгууллага гэж ойлгож, би өдийг хүртэл удирдан ажиллаж ирсэн. Мөн охин компани байгуулах, дүрмийн санг 5.000.000 төгрөг тогтоож, “Эмэйзинстеппс” Компанийн дүрмийн сангаас бүрдүүлэх тухай үүсгэн байгуулагчдын хүсэл зоригоо илэрхийлсэн шийдвэрээр нотлогдоно.

Тэгвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Компанийн тухай хуулийн хуульд охин компанийн эрх зүйн байдлыг заахдаа 6 дугаар зүйлийн 6.3-т “...Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ ...” гэж заажээ.

Үүсгэн байгуулагч, тэдгээрийн хувь, хэмжээ, зорилго, чиглэл тодорхой, эрх бүхий байгууллагад бүртгэлтэй, хэвийн үйл ажиллагаатай компанийн зарим нэг баримт бичгийн үг, үсгийн алдаатай холбоотой асуудлыг үүсгэн байгуулагчид өөрсдөө засах, залруулах боломжтой, Иргэний хуульд заасан эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой асуудал байсаар байтал миний эзэмшлийн хувь, хэмжээнд халдаж нэхэмжлэгч тал заавал Захиргааны журмаар шийдвэрлүүлэх гээд байгаа санаа, зорилго нь туйлын ойлгомжгүй бас сэжигтэй байна.

Бидний /нэхэмжлэгч тал/ дунд, эд хөрөнгө, санхүү зэрэг асуудлаар үл ойлголцол, маргаан байдаг бөгөөд энэ нь үүсгэн байгуулагчдын хоорондын хүсэл зориг, харилцан ойлголцол зэргээр шийдэгдэнэ. Талууд санхүүгийн болон бусад нотлох баримтаа гаргаж, тооцоо нийлэх, үүссэн нөхцөл байдлыг эерэгээр зохицуулах бүрэн боломжтой. Эс бөгөөс маргааныг иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлэх эрх зүйн зохицуулалттай. Гэтэл компанийг байгуулах үйл явц, нөхцөл байдлыг сайн мэдэж, хүсэж хамтарч байгуулчихаад А.Ариунболд гэдэг хүн хууль бус зүйл хийсэн юм шиг, түүнийг эрх бүхий байгууллага алдаа гаргаад бүртгээд авчихсан мэтээр илэрхийлж иргэн, байгууллагын нэр хүндэд халдаж ялихгүй шалтаг гаргаж, эрх, ашиг сонирхолд халдаж, миний өмчийг соёлтойгоор дээрэмдэх гэж байгаа нь хууль бус.

... Нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Мария Суилигээс Б.Эрдэнэбат гэдэг хүнд итгэмжлэл олгосон байна. Гэтэл Мария Суили “Мандала-Олимпус” ХХК болон түүний толгой компани болох “Эмэйзинстеппс” ХХК-ийн охин компанийн хувь эзэмшигч биш. Он, сар, өдөр болон хугацаа заасан итгэмжлэл нь Мария Суилигаас Б.Эрдэнэбаярт олгосон итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 1996-2003 оны хооронд хүчин төгөлдөр байсан бөгөөд түүнээс хойш гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах болвол гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан агентлагт бүртгүүлэн гэрчилгээ авна, гадаадын хөрөнгө оруулалттай аж, ахуйн нэгжийг улсын бүртгэлийн төв байгууллагад бүртгүүлнэ гэж заасан. Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах талаар хүсэлт өгч байсан талаарх баримт бичиг байхгүй. Харин хэргийн материалд тухайн үеийн хуулиараа “Эмэйзинстеппс” ХХК-ийн охин компани 51 хувиас дээш гэж заасан. Харин одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа 50 хувиас дээш гэж заасан байна. Толгой компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулах жуулчны бааз биш, бие даасан гадаадын компани байсан гэдгийг нотолж чадахгүй. Зөвхөн саналын шинжтэй гэрээ байдаг.

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.8, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1.5, 11.1.6, 11.1.10, 19 дүгээр зүйлийн 19.1.1, Компанийн тухай хууль /2011 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 13 дугаар зүйлийн 13.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Мандала-Олимпус” ХХК-ийн улсын бүртгэл илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, “Мандала-Олимпус” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн Грек Улсын иргэн Гаврил Кафкиосыг уг компанийн 90 хувийн хувьцаа эзэмшигч, А.Ариунболдыг 10 хувийн хувьцаа эзэмшигч болохыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн албанд даалгах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хариуцагч талаас “Мандала-Олимпус” ХХК-ийн хуулийн дагуу бүрдүүлсэн компанийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичгийг гаргуулан авч, “Мандала-Олимпус” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар Грекийн иргэн Гаврил Кафкиосыг нэмж бүртгэж, Улсын бүртгэлийн гэрчилгээнд үүсгэн байгуулагчдын тоог 2 гишүүнээр бүртгэх бүртгэлийг үйлдэхийг дурдаж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэлд “Мандала-Олимпус” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар Грек Улсын иргэн Гаврил Кафкиосыг нэмж бүртгэх гэсэн шаардлага байхгүй бөгөөд энэхүү компанийн Улсын бүртгэлд хэн нэгэн этгээдийн нэмж бүртгэх боломжгүй. Учир нь талуудын компани байгуулах хүсэл зориг нь Грек-Монголын хамтарсан гадаадын хөрөнгө оруулалттай “Эмэйзингстепсс” ХХК-ийн охин компани байгуулах. Талуудын хүсэл зоригийн  илэрхийлэл болсон охин компани нь “Мандала-Олимпус” ХХК бөгөөд хуулийн этгээдийн бүртгэлд “Мандала-Олимпус” ХХК нь “Эмэйзингстеппс” ХХК-ийн охин компани, үүсгэн байгуулагч 1 этгээд гээд бүртгэгдсэн нь анхнаасаа хамтын гэрээний дагуу зөв бүртгэгдсэн.

Хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулах хэмжээг үндэслэл болгосон нь хууль зөрчсөн үйлдэл. Тэрхүү гэрээ нь талуудын охин компани байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн, талуудын компанид оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг заасан болохоос хувь эзэмшил, эзэмших хувьцааны хуваарилалтын гэрээ биш.

Мөн захиргааны шүүх хуулийн этгээдийн бүртгэл хууль ёсны эрхийн талаар шийдвэр гаргах болохоос тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын эзэмших хувь болон хувьцааг хуваарилдаг субьект биш, үүнийг үүсгэн байгуулагчид өөрсдөө шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч тал гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байгуулах байсан гэтэл хариуцагч А.Ариунболд хууль бусаар, өөртэй ашигтай байдлаар охин компани байгуулсан гэж маргадаг. Хэрэв тийм хүсэл зориг байсан юм бол өөр агуулга бүхий хэлцэл болох батлах баримт болох гадаадын хөрөнгө оруулалттай компани болохоор өгсөн хүсэлт, дүрмийн сангийн хэмжээ мөн бидний маргаад байгаа 104 дугаартай итгэмжлэл тэр үед гарч ирэх байсан. Тухайн охин компани байгуулъя, хөрөнгө оруулалтын хувь хэмжээгээ тохирчихоод 10 жил А.Ариунболд гэдэг хүнээр арчлуулж, тордуулчихаад /татвар, санхүүгийн тайлан гаргах болон бусад зардал/ одоо хэрэг дууссан гэдэг байдлаар, үүсгэн байгуулагчдын толгой компани дахь хөрөнгийн маргааныг охин компанидаа хутгаж, захиргааны шүүхийн журмаар хүч түрж, хувь хуулийн этгээд дэх үүсгэн байгуулагчдын эзэмших хувь, хувьцаанд халдаж болохгүй.

Нэхэмжлэгч Гаврил Кафкиосоос Мария Суилид олгосон гэх 104 итгэмжлэл нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн шаардлага хангахгүй, хугацаа дууссан бичиг бөгөөд хуулийн этгээдийг үүсгэн байгуулах үед байгаагүй, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүрдүүлсэн баримтын хавсралтад байгаагүй байж маргаан гарах үед гэнэт гарч ирж байгаа нь маш их сэжигтэй үйлдэл байсаар байтал  шүүх тухайн итгэмжлэлийг хууль ёсны мэт үзэж, мөн Грек Улсын хуульчийн тайлбар гэх зүйлийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь хууль бус. Гадаадын хуульчийн хууль тайлбарласан хууль, хуульч мөн эсэх талаар шүүх хуульд заасан өөрт оногдсон үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэх эрхгүй этгээдийн хууль бус баримтыг үндэслэн шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна.

Шүүх шийдвэр гаргахдаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан өөрөөр хэлбэл бидний маргаад байгаа асуудал 2006 онд болсон үйл явдал бөгөөд тухайн үеийн компанийн, Улсын бүртгэлийн, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэлийн эрх зүйн байдал өөр байх үед үүссэн /энэхүү эрх зүйн байдлыг зохицуулж байсан хуулийн өөрчлөгдөж, хүчингүй болсон, шинэчлэн найруулсан гэх мэт/.

Иймд, Иргэний хуулийн 64 дүгээр зүйл 64.2, 5, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 27, 37 дугаар зүйлийн 37.1.2, 70 дугаар зүйлийн 70.3, 80 дугаар зүйлийн 80.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 168 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Грек Улсын иргэн Гаврил Кафкиосоос “Мандала-Олимпус” ХХК-ийн улсын бүртгэл илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, “Мандала-Олимпус” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулан, Грек Улсын иргэн Гаврил Кафкиосыг уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн албанд даалгах” тухай нэхэмжлэл[1]-ийг анх гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад зарим шаардлагаа 10 хувийг А.Ариунболдын өмчлөлд, 90 хувийг нэхэмжлэгч компанийн өмчлөлд бүртгэхийг даалгах” гэж өөрчилснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэжээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж шүүх юуны өмнө Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.3-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, ялангуяа 32.5.2-д заасан захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгаа, түүний үндэслэлийг тодруулах, тухайлбал, хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасан аль шийдвэрийг шүүхээс гаргуулж, зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн сэргээлгэхийг хүсч байгааг тодруулах шаардлагатай байжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараас үзвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3 буюу захиргааны актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх шаардлага гаргасан атлаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хавсарган өгсөн үүсгэн байгуулах шийдвэр, компанийн дүрэмд заасан үүсгэн байгуулагчийг өөрөөр бичсэн, эрх бүхий этгээдийн гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч талаас үүсгэн байгуулах шийдвэр, дүрмийг эрх бүхий этгээд баталгаажуулаагүй, үйлдсэн албан тушаалтан тодорхой бус, гарын үсэг зурж баталгаажуулаагүй” буюу улсын бүртгэл хууль бус болох талаар дурджээ.

Түүнчлэн “даалгах” шаардлага гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4 буюу хариуцагч байгууллагын эс үйлдэхүйтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Шүүх нэхэмжлэгчээс улсын бүртгэл илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл гаргасан тохиолдолд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн аль тохиолдолд хамаарч байгааг тодруулах, харин хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага гаргасан бол хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хууль зөрчсөн эсэхэд, даалгах шаардлага гаргасан бол эс үйлдэхүй байгаа эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэдэг.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүйгээр захиргааны актын хууль бус эсэхэд дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Үүнээс гадна хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчид хэрэг хуваарилсан Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол авагдаагүй нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болно.

Дээр дурдсан алдааг залруулахгүйгээр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                      ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

                      ШҮҮГЧ                                                О.НОМУУЛИН

                      ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

 


[1] 1 хавтаст хэргийн 1 дэх тал, 2 хавтаст хэргийн 151 дэх тал