Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 441

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.М даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Ш.Аийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч И.Аод холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Гомдол гаргагч: Боржигин овогт Ш-ын А,

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч И.А,

Гомдлын шаардлага: “Автозамын хяналтын улсын байцаагч И.Аын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ш.Аээс шүүхэд гаргасан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч И.А нь намайг Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг зөрчиж, хаалт, харуулын байр байрлуулсан байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 2-т Орон сууцны дэвсгэр газар, орчны зам, талбайг зориулалтын бусаар ашигласан, эсхүл зам, талбайн хөдөлгөөнийг хаасан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж, 500,000 төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлгүй.

Учир нь уг хаалт, харуулын байрыг байрлуулах ажлыг гүйцэтгэх төлбөр тооцоог гүйцэтгэх, айлуудаас хурааж өгөх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд хаалт, харуулын байрыг дангаараа байгуулж, хууль тогтоомж зөрчсөн мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн уг хаалт, харуулын байр нь зам, талбайн хөдөлгөөнийг хаагаагүй ба улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 2-т заасан зам, талбайн хөдөлгөөнийг хаасан зөрчлийг үйлдээгүй болно.

Дээрх байдлаар хууль бусаар шийтгэл ногдуулж, надаар 500,000 төгрөгийн торгууль төлүүлэхээр шийдвэрлэсэн нь намайг хуульд заагаагүй үндэслэлээр шийтгэж, миний эрх ашиг сонирхлыг зөрчсөн.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч И.Аын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

... Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч автомашины автомат хаалгыг суурилуулсан гэж торгууль тавьсан. Манай сууц өмчлөгчдийн холбоо тус хаалгыг суурилуулахаасаа өмнө холбогдох байгууллагуудаар явж зөвшөөрөл авдаг эсэхийг судлахад “...зөвхөн төлбөртэй зогсоолд л зөвшөөрөл өгдөг. Аливаа нэг нэвтрэх замыг хаахгүй бол хаалга хийх нь танай асуудал” гэсэн тайлбарыг Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн н.Төрбатаас сонсож байсан. Автомат хаалга суурилуулах ажил нь сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалттай ажил биш оршин суугчид өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө сууц өмчлөгчдийн холбооноос 1 ч төгрөг гаргалгүйгээр зохион байгуулсан. Яагаад сууц өмчлөгчдийн холбоонд торгууль тавьсан гэхээр би сууц өмчлөгчдийн холбооны удирдах албан тушаалыг хашиж байгаа учраас оршин суугчид “...та бүх айлуудаар явдаг юм чинь мөнгийг нь цуглуулчих” гэсний үндсэн дээр миний бие Ш.А 48 тоот оршин суугчийнхаа хувиар айлуудаар чөлөөтэй явдаг гэдэг утгаар мөнгийг цуглуулснаар сууц өмчлөгчдийн холбооны дарга гэж торгууль тавьсан байсан” гэв.

Хариуцагч И.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Лааганы гудамж, 30-А барилгын Эв Нэгдэл-1 СӨХ-ны захирал Ш.Аийн гаргасан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч И.Аын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэх захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтэц хяналтын хэлтсийн авто замын хяналтын улсын байцаагч И.А би, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 07-0190307080/0421 тоот цахим бүртгэлээр ирүүлсэн Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Лааганы гудамж, 30А барилгын гаднах нийтийн эзэмшлийн зам талбайд хаалт байрлуулж, чипний мөнгө 80,000 төгрөг төл гэж байна, зөвшөөрөлтэй эсэхийг шалгуулж, арга хэмжээ авч өгнө үү гэх гомдол, мэдээлэлтэй танилцаад 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хууль эрх зүйн хэлтэс болон Нийслэлийн прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд даргын баталсан 02-03/150 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 30-А барилгын гадна талбайн ашиглалтын байдлыг шалгаж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1902000207 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар холбогдогч “Эв Нэгдэл-1” СӨХ-ны захирал Ш.Аптанчимэгийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 302 тоот өрөөнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх, үүргийг танилцуулж, мэдүүлэг авсан, Гомдол мэдээлэл гаргагч иргэн Л.Б-ийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 302 тоот өрөөнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж, хохирогчийн мэдүүлэг авч, холбогдох бичиг баримтыг гаргуулан авсан.

Нийслэлийн прокурын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Магнайжав 1902000207 дугаартай зөрчлийн хэргийг хянаад 2019 оны 04 дүгээр сарын 17-ны №40 дугаартай прокурорын албан даалгавар өгсний дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дотоод хяналтын мэргэжилтэн Ө.Т-аас 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 302 тоот өрөөнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, гэрчийн мэдүүлэг авч, зөрчлийн хэрэгт хавсаргасан байна.

Нийслэлийн газрын албанаас “Эв Нэгдэл-1” СӨХ-нд газар чөлөөлөх тухай 03- 06/08, 02-06/681 албан тоотыг удаа дараа хүргүүлсэн байна. Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д /Сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахыг хориглоно / гэж заасныг зөрчин 30А барилгын гаднах авто замыг хаасан нь оролцогч нарын мэдүүлэг, холбогдох бичиг баримт, фото зургаар нотлогдсон.

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар хуулийн этгээдийн эрхгүй олон нийтийн байгууллага учир “Эв Нэгдэл-1” СӨХ-ны захирал Ш.Аийг Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 12.4.2-т заасан шийтгэл ногдуулж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Г.М-т хянлуулж, 0067250 дугаартай шийтгэлийн хуудас болон зөрчлийн үр дагаврыг арилгах хугацаатай албан даалгаврын хамт 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар шуудангаар гардуулсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч И.Аын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаартай шийтгэлийн хуудсыг 1(нэг) сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. Үүнд:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч И.Аын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаартай шийтгэлийн хуудсаар Ш.Аийг Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 2-т заасан “Орон сууцны ..., зам талбайн хөдөлгөөнийг хаасан” зөрчил үйлдсэн гэж үзэж 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ .

Эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Лааганы гудамж, 30-А байрны оршин суугчдын байгуулсан “Эв нэгдэл-1” СӨХ-д тухайн байрны гадна автозогсоолын талбайн газрыг ашиглах аливаа шийдвэр байхгүй, мөн гадаах нийтийн эзэмшлийн зам талбайд хаалт, харуулын байр байрлуулсан нөхцөл байдал тогтоогджээ. 

Иргэн Ш.А нь “Эв нэгдэл-1” СӨХ -ийн захирлаар ажилладаг байх ба тус байрны оршин суугчдын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хурал дээр оршин суугчдаас гаргасан “автомат хаалт байрлуулах” хүсэлтийн дагуу санал хураалт явуулж, нийт оршин суугчид болон түрээслэгч нар дэмжиж, улмаар Ш.А нь СӨХ-ны даргын хувьд мөнгө цуглуулж, хаалт байрлуулах ажлыг гүйцэтгэсэн” талаар түүний өгсөн мэдүүлэгт тэмдэглэгдсэн байна .

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-т зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгүй байх ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.10-т заасан “тухайн орон сууцны байшингийн орчны газрыг зориулалтаар нь ашиглаж байгаа байдалд хяналт тавих” асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заажээ. 

Дээрхээс үзвэл Ш.Аийн “миний бие уг хаалт, харуулын байрыг байрлуулах ажлын мөнгийг цуглуулах, төлбөр тооцоо болон ажлыг гүйцэтгэсэнээс бус дангаараа хаалт, харуулын байр байрлуулах ажлыг гүйцэтгээгүй байхад торгууль ногдуулсан нь үндэслэлгүй”  гэсэн гомдол үндэслэлтэй байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвхөн зөрчил үйлдсэн хүнд шийтгэл ногдуулах эрх зүйн зохицуулалттай ба Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д “тухайн хүн, ... зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”-ийг эрх бүхий албан тушаалтан шалган тогтоох үүрэгтэй байхад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч И.А нь сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй гэж дүгнэсэн атлаа зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулсан зөрчлийг Ш.А дангаараа үйлдсэн гэж үзсэн нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах тухай Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж заасны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч И.Аын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаартай шийтгэлийн хуудсыг 1/нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч И.Аын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаартай шийтгэлийн хуудсыг 1/нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч И.А нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол И.Аын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Ц.М