Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2023/0498

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Ш.Т нэхэмжлэлтэй

                                     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжаргал, гуравдагч этгээд Ч.Батцэцэг

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Т

Хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс татгалзсан татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Ш.Т нэр дээрх өмчлөх эрхийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг олгохыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 444 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2023/0107/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.Т Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдууланУлсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс татгалзсан татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Ш.Т нэр дээрх өмчлөх эрхийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг олгохыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 444 дүгээр шийдвэрээр: 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс татгалзсан татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Ш.Тнэр дээрх өмчлөх эрхийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг олгохыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Иргэн Ш.Т нэхэмжлэлтэй Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох тус дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Глоб 29 дүгээр байрны 44 тоот орон сууцны эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0444 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 29 дүгээр байрны 44 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, иргэн Ш.Т нэр дээр өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгохыг тус дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хариуцагчийн зүгээс дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гарган хэргийг хянан хэлэлцүүлэх хүсэлтэй байна.

Учир нь анхан шатны шүүх тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй, буруу хэрэглэсэн гэж үзэж байна” гэжээ.

4.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Ч.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “...Ц нь надад мөнгө зээлэхдээ миний өмчлөлийн дээрх орон сууцыг худалдан авсан мэтээр хүчээр гэрээ хийлгэж надаар гарын үсэг зуруулж байрны эзэн болсон үүнээс болж бидний хооронд маргаан үүс ч би шүүхэд орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж тус хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг Б надад буцаан шилжүүлэх, Ц сөрөг нэхэмжлэл гарган надаас 35.100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж улмаар миний итгэмжлэгдсэн төлөөлөгч миний өмнөөс эвлэрч гэрээ хийн 2010 оны 6 дугаар 3-ны өдөр шүүгчийн захирамжаар Ц хүчээр хийсэн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож орон сууцыг надад буцаан шилжүүлэхээр, Ц 35.100.000 төгрөгийг төлөхөөр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Тус шийдвэрийн дагуу би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 5.000.000 төгрөг төлсөн, гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Ц миний байрыг авч өгөхийн тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа намайг оролцуулалгүйгээр хууль бусаар явагдаж дууссан байсан учир би 2011 оны 6 сарын 21-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаасны дагуу гурван шатны шүүх миний гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Үүний дагуу 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1019 дугаар шүүгчийн шийдвэрт дахин гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Гэтэл 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар намайг нэхэмжлэл гаргасны дараа Ц маргаантай байгааг мэдсээр байж Т болон шийдвэр гүйцэтгэгч О  нартай хуйвалдаж миний өмчлөлийн орон сууцыг 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдөр маш түргэн хугацаанд Т нэр дээр шилжүүлж амжсан байсан.

Энэ үед шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар явагдсан байсан ба хуулийн дагуу дуусгавар болоогүй, Ц олдохгүй одоо ч дуудлага худалдаа явагдаагүй үргэлжилсээр байхад мөн энэ талаар өмнө нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд байсаар байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй. 2011, 2013, 2014, 2019 онуудад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль бус ажиллагаа, бүртгэлийн талаарх Б болон Т нарын нэхэмжлэлтэй хэргүүдийн шүүхийн шийдвэр, магадлал тогтоолуудад тодорхой заагдсан байхад ч анхаарч үзээгүй, өөрөөр хэлбэл орон сууцны хууль ёсны өмчлөгчийн талаар аль ч шатны шүүхийн шийдвэр байхгүй ба харин Туяагийн гаргасан "тухайн орон сууцны өмчлөгч болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн шийдвэр болон магадлал, тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Т нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Давж заалдах гомдолд “…Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 29-р байрны 44 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон аль ч шатны шүүхийн шийдвэр байхгүй, харин ч нэхэмжлэгч Ш.Т  гаргасан уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн шийдвэр болон магадлал, тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгосон байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаарсангүй…” гэжээ.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 298 дугаар магадлалаар Ш.Т нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн 2019 оны 23 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгон, уг орон сууцны захиран зарцуулах эрх сэргээсэн албан бичгийг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ:

Ч.Б  давж заалдах гомдолд дурдсан Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 1019 дүгээр захирамжийг албадан биелүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар, мөн энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх Ч.Б  гомдлыг хангаж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2021 оны 1425 дугаар шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолыг, түүнчлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ш.Т орон сууцнаас албадан гаргаж, өмчлөх эрхийг Ч.Б шилжүүлэн бүртгэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ш.Т  гаргасан “орон сууцнаас албадан чөлөөлсөн дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Б шилжүүлэн бүртгэснийг тус тус хүчингүй болгуулж, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 2636 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн мөн оны 641 дүгээр магадлал, эдгээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2014 оны 514 дүгээр тогтоолыг тус тус дурдаад;

“…нэхэмжлэгч Ш.Т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч тал буюу төлбөр төлөгч биш байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 3/15938 дугаар албан бичгээр маргаж буй 44 тоот 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг мэдэгдсэн байна. …Хариуцагч байгууллагын энэхүү ажиллагаа нь Ш.Т өмчлөх эрх, уг эрхийн хүрээнд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг буюу захиран зарцуулах эрхийг зөрчсөөр байхад анхан шатны шүүх ….хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй…” гэж дүгнэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/18901 дүгээр албан бичгээр энэхүү магадлалыг хэрэгжүүлж 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн, эрхийн улсын бүртгэлийн Y-2204026766 дугаарт бүртгэлтэй орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээж хариу мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон …үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн заасны дагуу хэдийгээр “Ш.Т өмчлөгчөөр тогтоосугай” гэж  шийдвэрлээгүй ч, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр магадлалаар тогтоосон үйл баримтыг энд дахин үнэлэхгүй.

Өөрөөр хэлбэл дээрх магадлалд Ш.Т орон сууц өмчлөх эрх зөрчигдсөн талаар нэгэнт дүгнэсэн энэ тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрээр түүний орон сууц өмчлөх эрхийг бүртгэж гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгасан нь үндэслэлтэй болжээ.

 

2.Харин 2014 оны дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2636 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 641 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 514 дүгээр тогтоолоор Ш.Т “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохдоо өмчлөх эрх үүсээгүй гэсэн үндэслэлээр бус, гагцхүү энэхүү шаардлага нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, гуравдагч этгээд Ч.Б нарт холбогдох үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Ш.Т нь 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдөр С.Ц байгуулсан Худалдах, худалдан авах гэрээгээр маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн авсан тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн хариуцагчаа зөв тодорхойлоогүйгээс дээрх байдлаар дүгнэсэн гэж ойлгогдохоор байх бөгөөд энэ нь ч 514 дүгээр тогтоолд “…байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ…” гэснээр нотлогдоно. 

3.Түүнчлэн 2019 оны захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 311 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 416 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн хяналтын шатны шүүх хуралдааны 329 дүгээр тогтоолд нэхэмжлэгч Ш.Т маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн болон Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх асуудлаар харьяалах шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах замаар маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдсан, иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 298 дугаар магадлал гарснаар эдгээр шийдвэр, магадлал, тогтоолд заасан Ш.Т өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нөхцөл байдал арилсан талаар шүүхийн шийдвэрт зөв дүгнэжээ.

Иймд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч Ш.Т хангасан байхад түүний өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий орон сууцыг Ш.Т нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд Ч.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.БААТАРХҮҮ

 

                   ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                  ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН