Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1667

 

 “Хаусинг холд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01701 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хаусинг холд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ичинхорлоод холбогдох

 

Орон сууц ашиглалтын төлбөрт 4 448 513 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Туул, хариуцагч Д.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Хаусинг Холд" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани Орон сууц ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 39 дүгээр байрны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. 39 дүгээр байрны 44 тоотод оршин суугч Д.Ичинхорлоо орон сууц ашиглалтын халаалт, халуун ус, цэвэр, бохир ус, суурь хураамжуудыг 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 3 дугаар сарыг дуустал төлж барагдуулаагүй ба үндсэн төлбөр 3 057 410 төгрөг, алданги 1 391 103 төгрөг, нийт 4 448 513 төгрөгийн өртэй бөгөөд тухайн айлд төлбөрийн мэдэгдлийг cap бүр мессэж болон бичгээр хүргүүлэн, халаалт, халуун ус, цэвэр, бохир усаар тасралтгүй хангасан.

Бид харилцагч байгууллага болох "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "Ус сувгийн удирдах газар"-тай гэрээ байгуулсан учраас гэрээний үүргийн дагуу байгууллага оршин суугчийн өмнөөс төлбөрийг төлсөн баримтаа шүүхэд өгсөн. Иймээс Д.Ичинхорлоогоос орон сууц ашиглалтын төлбөр 3 057 410 төгрөг, алданги 1 391 103 төгрөг, нийт 4 448 513 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн оршин суугч төлбөр төлөхгүй, гэрээ байгуулахгүй шалтгаанаа тус байр маргаантай гэдэг асуудлыг ярьж, татгалзсан хариуг амаар өгдөг нь хэрэглэсэн үйлчилгээний төлбөрөө төлөхөд хамааралгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Ичинхорлоогийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 39-44 тоотод оршин суудаг. Би 2008 онд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Шүнди" ХХК-тай “Орон сууц захиалан бариулах" гэрээг байгуулж, орон сууцны 80 хувь 53 760 ам.доллар, авто зогсоолын 100 хувийн төлбөр 9 000 ам.долларыг "Шүнди" ХХК-ийн 453129963 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын комисс байрыг хүлээн авч байрандаа орсон. 2009 оны 5 дугаар сард компанид хандан "гэрээгээ дүгнэх болоогүй юм уу" гэж асуухад байрны захиалга дуусаагүй түр хүлээж бай гэсэн. Гэтэл Авилгалтай тэмцэх газар 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, бидэнтэй хийсэн гэрээнүүдийг хурааж аваад 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буцааж өгсөн боловч Авилгын хэрэг үүсгэсэн. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдөр компанийн тамга тэмдэг, гэрчилгээнүүдийг хураан, өнөөг хүртэл буцааж олгоогүй ба Баянгол дүүргийн шүүхийн 5445 дугаартай захирамжаар орон сууцыг битүүмжлэн, 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1230 дугаартай шүүхийн шийдвэрээр уг захирамжийг баталгаажуулж, бусдад өгөх төлбөрт хурааснаас маргаан үүсэн бүрэн шийдэгдээгүй байна.

"Шүнди" ХХК гэрээгээ дүгнээгүйн улмаас ам.долларын зөрүүний алдагдал 2 800 000 төгрөг, өмгөөлөгч авсан 6 000 000 төгрөг, тэмдэгтийн хураамж зэргийг компаниас нэхэмжлэх ёстой боловч эзэнгүй байгаа болохоор гэрээний 3.2.2 дахь хэсэгт зааснаар ус, дулаан, цахилгааны зардлыг компани төлөх үүрэгтэй. Би өөрөө шүүхээр явж, байрныхаа гэрчилгээг олж авсан. "Хаусинг Холд" ХХК надтай гэрээ хэлцэл хийгээгүй. 2013 онд манай байгууллага танай байрны мөнгийг авах болсон гэхэд би төлөхгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн. Дараа нь гэрээ байгуулвал байрны мөнгөө хуулийн дагуу төлье гэхэд н.Туул захирал гэрээ байгуулахаас татгалзсан.

Иргэний хуулийн 39.1-д "иргэний эрх, үүргийг өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ" мөн хуулийн 40.1 "хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно", 40.2 "нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно" гэсэн хуулийн заалт бий. Бидэнтэй гэрээ байгуулсан "Шүнди" ХХК-ийн захирал Ван Сэн Тун байрны урсгал зардлыг компани төлнө гэдгээ амласан болохоор иргэн, хуулийн этгээдийн хооронд дур зоргоор оролцож мөнгө нэхэмжилж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Цахилгаан, дулаан эрчим хүч, нүүрсний төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан орон сууц ашиглалтын төлбөр 3 057 410 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Хаусинг Холд" ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 63 869 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Д.Ичинхорлоогийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх хэргийн бодит үнэн зөв нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулж, шүүх хуралдаанд хариуцагч намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг илтэд хохироосон шийдвэрийг гаргасан. Тухайлбал, шүүхээс надад 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 30 минутанд шүүх хуралдаан товлосон талаар мэдэгдээгүй атал шүүхийн шийдвэрйн үндэслэх хэсэгт хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй мэтээр бичиж хариуцагч миний эрх ашиг сонирхолыг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол ИХШХШТХ-ийн 168.1-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар хуульчилсан байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 6.1-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж хуульчилсан боловч анхан шатны шүүх талуудыг мэтгэлцэх боломж олгохгүйгээр хариуцагч намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй мэтээр бичиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч "Хаусинг холд" ХХК, хариуцагч Д.Ичинхорлоогоос орон сууц ашиглалтын төлбөр 4 448 513 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “ямар нэгэн гэрээ байгуулаагүй, үүрэг үүсээгүй” гэж маргажээ.

 

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, мөн хэргийн материалтай бүрэн танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Хэргийн 17 дугаар талд хариуцагч хариу тайлбар гаргасны дараа хэргийн материалтай танилцсан талаарх баримт авагдсан боловч уг нотлох баримтад хэзээ танилцсан тухай тусгагдаагүй, огноогүй, үүнээс хойш шүүх хуралдаан болох хүртэл гаргасан баримтуудтай хариуцагч танилцаагүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлзэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх бөгөөд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс  зөвтгөн засах, хэргийн үйл баримтад эрх зүйн болон хууль хэрэглээний дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01701 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 863 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

              

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БАТЗОРИГ                                                  

 

                 ШҮҮГЧИД                      Ч.ЦЭНД

                                                 

                                                  Б.НАРМАНДАХ