Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/02913

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: “Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Д.И-д холбогдох, 4,448,513 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Д.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “Х” ХХК нь орон сууц ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 39 дүгээр байрны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Дээрх 39 дүгээр байрны 44 тоотын эзэмшигч иргэн И нь орон сууц ашиглалтын төлбөр /халаалт, халуун ус, цэвэр ус, бохир ус, суурь хураамжууд/-ийг 2013 оны 09 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд төлж барагдуулаагүй байгаа болно. Төлбөр 3,057,410 төгрөг, алданги 1,391,103 төгрөг, нийт 4,448,513 төгрөг төлөөгүй байна. Манай байгууллага тухайн айлд төлбөрийн мэдэгдлийг сар бүр мессеж болон бичгээр хүргүүлж байсан болно. Дээрх хугацаанд тухайн айлын халаалт, халуун ус, цэвэр усаар тасралтгүй хангаж хариуцагч байгууллага /УБДС ТӨХК, УСУГ/-уудад сар бүр төлбөрөө төлж үлдэгдэлгүй байгаа болно. Иймд манай компани нь цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул дээрх айлын төлбөрийг барагдуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нийтийн орон сууцны засвар үйлчилгээний чиглэл явуулдаг бөгөөд 39 байрыг хариуцан ажилладаг. 39 байрны 44 тоотын орон сууц ашиглалтын төлбөр халаалт, халуун хүйтэн цэвэр ус, бохир усны төлбөрийг 2013 оны 09 сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл төлөөгүй байна. Төлөх ёстой нийт үнийн дүн бол 3,057,410 төгрөг болсон. Хуульд заасан гэрээний дагуу алданги нь 1,391,103 төгрөг болсон. Нийт 4,448,513 төгрөг байгаа. Манай байгууллага төлбөрийн мэдэгдлийг бичгээр болон цахим захидлаар өгч байсан. Манайх ус дулаанаар тасралтгүй хангаж байсан. Мөн дээрх мөнгөн төлбөрийг УБДС, Ус сувгийн удирдах газарт хариуцагчийн өмнөөс төлж барагдуулан үлдэгдэлгүй явсаар ирсэн. Манай байгууллага үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул хариуцагчаас 4,438,513 төгрөг гаргуулан өгнө үү. 39 байрны 44 тоотыг 2012 оны 11 дүгээр сард өмчлөн авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа хугацаа маань 2013 оны 09 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сар болгоноор гаргасан дэлгэрэнгүй задаргааг хүснэгтэлж байгаад халуун хүйтэн усны задаргаануудыг оруулсан баримтыг шүүхэд өгсөн гэжээ.

 

Хариуцагч Д.И шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2008 онд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Шүнди ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж орон сууцны 80 хувь болох 53,760 доллар, гражийн 100 хувь төлбөр болох 9000 долларыг Шүнди ХХК-д шилжүүлснээр 2008 оны 6 сарын 20-нд №28 тоот гэрээ байгуулсан. 2008 оны 12 сарын 19-нд улсын комисс тус байрыг хүлээн авч бид ч тус тусын захиалсан байрандаа орцгоосон. 2009 оны 5 сард гэрээгээ дүгнэх болоогүй юмуу гэж компаниас асуухад, байрны захиалга дуусаагүй байгаа тул түр хүлээж бай гэсэн. Гэтэл Авилгатай тэмцэх газраас 2009 оны 4 сарын 14-нд компаний тамга тэмдэг гэрчилгээнүүд, бидэнтэй хийсэн гэрээнүүдийг хурааж авсан гэдгийг бид 2011 онд мэдсэн. Авлигатай тэмцэх газар шалгаад 2009 оны 7 сарын 9-нд хурааж авсан зүйлээ буцааж өгсөн боловч авилгын хэрэг үүсгэсэн байдаг. 2009 оны 10 сарын 8-нд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс компаний тамга тэмдэг гэрчилгээнүүдийг нь хурааж аваад өнөөг хүртэл буцааж олгоогүй болно. Компаний тамга тэмдэг хураан авсан 2009 оны 10 сарын 8-нд Баянгол дүүргийн шүүхийн 5445 тоот захирамжаар бидний орон сууцыг битүүмжлэн хураасан бөгөөд 2011 оны 6 сарын” 30-ны өдрийн 1230 дугаар шүүхийн шийдвэрээр уг захирамжийг баталгаажуулж, бусдад өгөх төлбөрт хурааж битүүмжилснээс бидний хооронд маргаан үүсч өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй байна. Шүнди ХХК нь гэрээгээ дүгнээгүйн улмаас долларын зөрөөний алдагдал хүлээж бид байраа битүүмжлүүлснээс гаргах гэж өмгөөлөгч хөлсөлж маш их хохирол амссан. Иргэн миний хувьд долларын зөрөөний алдагдал 2,800,000 төгрөг, өмгөөлөгч авсан 6,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж гэх мэт хохирлыг компаниас нэхэмжлэх ёстой боловч эзэнгүй тамгагүй байгаа болохоор гэрээний 3.2.2-т заасны дагуу ус дулаан, цахилгааны зардлыг компани төлөх үүрэгтэй. Би байрны гэрчилгээгээ авсан боловч би шүүхээр явж байж олж авсан. Х ХХК надтай гэрээ ч хийгээгүй хэлцэл ч хийгээгүй. Харин иргэн миний бие ганцаараа 3 удаа байрныхантайгаа 2 удаа очиж уулзаж байсан. 2013 онд манай байгууллага танай байрны мөнгийг авах болсон гэхэд нь би төлөхгүй гэдгээ бичгээр мэдэгдэж байсан. Дараа нь гэрээ байгуулбал танайд байрны мөнгөө хуулийн дагуу төлье гэхэд Б.Т захирал гэрээ байгуулахаас татгалзсан. Ямар ч төлбөр мөнгөний асуудал зөвхөн хуулийн хүрээнд л шийдэгддэг. Миний бие компанитай тооцоотой байгаа тул Х ХХК-д мөнгө өгөхгүй гэдгээ урьдчилан мэдэгдсэн, харин дараа нь гэрээ хийгээд төлье гэтэл Б.Т захирал өөрөө татгалзсан. Бидэнтэй гэрээ байгуулсан Шүнди компанийн захирал Ван Сэн Тун ч байрны урсгал зардлыг компани төлнө гэдгээ амласан. Иргэн, хуулийн этгээдийн хоорондын гэрээний дундуур орж дур зоргоор мөнгө нэхэмжилж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

            Хариуцагч Д.И шүүхэд гаргасан тайлбартаа: Би дулаан ус төлөхгүй байгаадаа бахархаад байгаа зүйл байхгүй. Хуулийн засагтай улс орон гэж боддог. Би гагцхүү хуулийн дагуу төлнө. Би захиралтай нь уулзаад Шүнди ХХК-ийн надад учруулсан хор хохирлыг барагдуултал би мөнгө төлөхгүй гэж хэлсэн. Үүнээс хойш надад ямар ч төлбөрийн нэхэмжлэл ирж байгаагүй. Бусад үед нь ямар ч хүн ирж байгаагүй. Шүнди ХХК-ийг төлөөлөөд н.Мандахбаяр ирж иргэдтэй гэрээ хийсэн. Үүнээс хойш Б.Туул энэ байрнаас мөнгө нэхсэн. Төлөхгүй байгаа хүмүүс бол Шүнди ХХК-иас авлагатай. Б.Туул бол Шүнди ХХК-тай гэрээ байгуулсан бол Шүнди ХХК-иас мөнгө нэхэх ёстой. Гурвалсан гэрээгээ үзүүл гэхээр үзүүлдэггүй. Би хор хохирлоо Шүнди ХХК-иас нэхэх боломж надад байна. Би гэдэг иргэн аж ахуй нэгжийн өмнө буруутай үүргээ биелүүлээгүй биш. Компани 8,000,000 гаруй төгрөгийн хохирол учруулсан байхад би тэр компанитайгаа л учраа олно. Адилхан инженер хүний хувьд би Б.Т дээр 3 удаа очсон. Гэрээ байгуулах юм бол төлнө гэж хэлсэн. Б.Т бол татгалзсан.  Над руу цахим захидал бичсэн гэж яриад байна. Би Мобиком дээр очсон. Утасны баримтыг бол хувь хүнд өгдөггүй гэж байна. Миний утсанд захидал илгээсэн гээд шүүхэд өгсөн байгаа гэж хэлж үзсэн. Нэхэмжлэгч байгууллага манай гэрт ерөөсөө орж ирж байгаагүй. Надаар гарын үсэг зуруулаад бичгээр өгсөн, утсаар нэхэмжилсэн зүйл байхгүй. нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Д.И-д холбогдуулан хэрэглэсэн ус, дулааны төлбөрт 3,057,410 төгрөг, алданги 1,391,103 төгрөг нийт 4,448,513 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 39 дүгээр байрны 44 тоотыг ус, дулаанаар хангадаг болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч ус, дулаанаар хангагдаж байсан тухайд маргаагүй боловч 2013 оны 09 сараас 2017 оны 03 сарыг дуусталх хугацааны хэрэглэсэн цэвэр, бохир ус, дулааны төлбөр 3,057,410 төгрөгийг өөртэй нь гэрээ байгуулаагүй тул төлөхгүй гэж маргажээ.

 

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заажээ.

 

Талуудын хооронд эрчим хүчээр хангах талаар гэрээ байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу хариуцагч нь хэрэглэсэн ус, дулааны мөнгийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Хариуцагч 2013 оны 09 сараас 2017 оны 03 сарыг дуусталх хугацаанд 1-2 удаа тоолуурын заалт авснаас өөрөөр тоолуурын заалт авч, өгч байгаагүй, усны тоолуурын заалт бүхий төхөөрөмжийг 2016 онд засвар хийхдээ салгасан, ямар хэрэглээ хийсэн нь тодорхойгүй гэж тайлбарласан хэдий ч дулааны төлбөрийг хариуцагчийн орон сууцны м.кв-аар, усны үнийг суурь үнээр, түүнчлэн 2015 оны 08, 10 сарын төлбөрийг тоолуурын заалтаар тооцож шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Харин талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги гаргуулахаар шаардах эрхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч 2017 оны 04 сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж заасны дагуу 2013 оны 09 сараас 2014 оны 2014 оны 03 сарын ус, дулааны төлбөр 255,675 төгрөгийг шаардах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Иймд хариуцагч Д.И-гоос хэрэглэсэн ус, дулааны төлбөр 2,801,735 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,646,778 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүнд ногдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Д.И-гоос 2,801,735 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,646,778 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Игоос 59,778 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР