Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2018/ДШМ/48

 

   2018            07              24                                                 2018/ДШМ/48

 

Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,

            Шүүгдэгч: Ч.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ч.Бд холбогдох, эрүүгийн 1819000050007 дугаартай, 2 хавтас, 359 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Ч.Бын давж заалдсан гомдлыг  үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Мөнх нар од ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 6-3 насны 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ....... сум, 5 дугаар баг, .......... тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ноён хангай овогт Ч-ийн Б /РД: АЭ87040916/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ч.Б нь Дорноговь аймгийн Даланжаргалан сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто зам дээр 49-42 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалтуудыг тус тус зөрчин уг замаар зорчин явсан 19-05 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Э.Дашмаагийн эрүүл мэндэд хүнд, М.Жийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ноён хангай овогт Чгийн Быг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 10 /арав/ сар хорих ял оногдуулж,

Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 10 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохыг мэдэгдэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын цагдан хоригдсон 38 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,

шүүгдэгч Ч.Бын хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баас нийт 7553532 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Дашмаад 6869730 төгрөгийг, хохирогч М.Жид 468500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Угтахбаярт 215302 төгрөгийг тус тус олгож иргэний нэхэмжлэгч М.Угтахбаярын 240002 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хохирогч М.Жийн 30000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Дашмаа, М.Угтахбаяр, М.Ж нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж,

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий СD-г хэрэгт хадгалж,

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б миний бие 2018.06.04-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Шүүхээс тогтоосон хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн билээ. 1 ой 8 сартай охин болон 3 настай хүү эхнэрийн хамт амьдардаг. Энэ бүгдийг харгалзан үзэж биеэр эдлэх 10 сарын ялыг тэнсэж харгалзах ялаар шийтгэж өгнө үү. Шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг аль болох богино хугацаанд барагдуулах болно. 2 нялх хүүхэдтэй, эхнэр оюутан. Ар гэрийн байдал үнэхээр хүнд байгаа.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Санамсар болгоомжгүйгээс болж  хүний биед хүнд гэмтэл учруулж хохирол учруулсан. Хохирол төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Давж заалдсан гол үндэслэл маань Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалтыг хэрэгжүүлж өгөөч гэсэн үндэслэлтэй холбоотой. Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэргийн материалыг үзээд үнэхээрийн Бын хувьд гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй гэх боловч арай өөр үнэлэлт дүгнэлттэй оролцож байгаа юм. Өөрөөр хэлбэл Быг хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээр буруутгасан байдаг. Зам тээврийн осол болох болсон шалтгаан нь норд бенз маркийн 49-42 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 болон 12 дугаар бүлгийн 12.9-д заасан заалтуудыг зөрчсөн. Тоёота прусс-20 маркийн автомашиныг жолоодож явсан Жамъяанжав замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна гэсэн байна. Миний зүгээс шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай гарсан гэж үзэж байна. Нэг хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан юм билээ. Энэ бүгд маань хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Бын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Энэ гэмт хэрэг болгоомжгүй байдлаас болж уг хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нотлогдон тогтоогдож байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хэрэгжих бүрэн боломжтой ийм байдлаар өөрчлөлт оруулах бүрэн үндэслэлтэй юм уу гэсэн саналыг оруулж байна. Хамгийн гол нь хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь учир дутагдалтай юм билээ гэдгийг хэлэх нь зүйтэй. Давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Бын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас эргэлзэж байна. Нөгөө талаас шударга ёсны зарчимаар, нэгэнт хэрэг бүхэлд нь хянагдах учраас энэ бүгдийг анхаарч үзээсэй гэж хүсч байна гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтэндээ: Бын хувьд өмгөөлөгчийн ярьж байгаагаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь өөрөө гэм буруугийн болгоомжгүй байдалд хамаардаг хэрэг ч гэсэн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хохирол төлбөрөө барагдуулах бодит бололцоо байхгүй. Тиймээс хохирол төлбөрөө барагдуулаагүй учраас анхан шатны шүүхээс 10 сарын хорих ял оногдуулсан. 10 сарын хорих ял үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс ганц бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр асуудлыг нэг талд шийдвэрлэлээ гэж байна. Гэтэл шинжээч гэдэг хүн маань өөрөө Шинжилгээний тухай хуульд заасны дагуу  дүгнэлтээ гаргасан. Ийнхүү дүгнэлтийг гаргахдаа хэргийн материалыг бүхэлд нь авч үзээд энэ зам тээврийн ослын гол буруу нь Бын жолоодож явсан норд бенз маркийн 49-42 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гол зам болон туслах замын дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэсэн дүгнэлтийг гаргасан. 19-05 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Дашмаагийн тээврийн хэрэгсэл  замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлт нь хохирогч болон гэрч нарын мэдүүлэгт үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа гэв.                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Ч.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд нотолж, тогтоогоогүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг тогтоож, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд жолооч Э.Дашмаа, Б.Жамъянжав нарын гэм буруу байсан эсэх, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл шалтгаалсан эсэхийг тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чухал ач холбогдолтой төдийгүй эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэх учиртай. Тодруулбал:

1/ Э.Дашмаагийн “...шөнө 01 цагийн орчим Улаанбаатар хотоос 5-лаа гарсан, би явж байхдаа замдаа эгч нь нойр муутай хоносон, жолооны үнэмлэхтэй хүн байгаа юу гэж асуухад миний хажууд сууж явсан Жамъянжав надад байгаа гэж хариулсан, бид 2 жолоогоо солиод би унтаад явсан” гэж мэдүүлсэн,  Б.Жамъянжавын “...Дашмаа эгч өмнөх орой нойргүй хоносон, жолоочийн үнэмлэхтэй хүн байна уу гэж асуухад би надад байгаа гэж хэлсэн, би Чойр дээрээс Прус маркийн тээврийн хэрэгслийг бариад цааш явсан, тухай үед харанхуй байсан ба 25 дугаар зөрлөг рүү орж ирдэг мушгирсан замаар өгсөөд орж ирж байхад машин байгаа харагдсан, би тухайн үед доороос өгсөж орж байсан ба 80 орчим км цагийн хурдтай явж байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-6,7, 8-15/ зэрэг нотлох баримтаас үзэхэд автотээврийн хэрэгслийн жолооч Э.Дашмаа, Б.Жамъянжав нарын хэн аль нь Эрүүгийн хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн эсэхийг шалгаж, шийдвэрлээгүй, жолооч нарын гэм буруугийн талаар бүрэн гүйцэд шалгалгүй орхигдуулсан,

2/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу жолооч Ч.Б, Э.Дашмаа, Б.Жамъянжав  нар “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”-ийг биедээ авч явсан эсэх, жолооч Ч.Б тухай тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад энэхүү нөхцөл байдлыг прокурор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарах эсэх талаар дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн жолооч Б.Жамъянжав мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн эсэхийг тус тус шалгаж, шийдвэрлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй,

2/ Шинжээчийн 2018-01-04-ний өдрийн №02 дугаар дүгнэлтэд дээрх нөхцөл байдлын талаар тусгаагүй, хэрэгт хавсаргасан ослын талаарх хяналтын камерын бичлэг бүхий СD-ийг шинжилсэн талаар дүгнэлтэд тусгаагүй нь шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийх Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг биелүүлээгүй,   

 3/ Тоёото прус 19-05 УНМ тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ХААН банк/1хх-111/ болох нь тогтоогдсон байхад банк энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй/1хх-151/ гэсэн байх ба мөрдөгч, прокуророос банкны татгалзлыг хууль зөрчсөн, эсхүл аль нэг этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироох эсэхийг хянаагүй, тогтоол гаргаж шийдвэрлээгүй, Анхан шатны шүүх, шүүгдэгч Ч.Баас автомашины засварлахад шаардлагатай 5500000 төгрөг, ослын дүгнэлтийн төлбөр 88000 төгрөг, 228000 төгрөг/1хх-120, 121/, нийт 5 816 000 төгрөгийг гаргуулж Э.Дашмаад олгохоор шийдвэрлэсэн нь өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, мөн тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.Дашмаа даатгалаас төлбөр авсан эсэх, тухайн автомашиныг зарж борлуулсан эсэх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоогоогүй,

4/ Прокуророос хэргийн үйл баримт, оролцогч нарын мэдүүлэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүй яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн байх ба   дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, нэг мөр шийдвэрлэх нь шүүгдэгч Ч.Бын гэм буруугийн хэр хэмжээ, түүний тухайн хэрэгт оролцсон үйлдэл оролцоо, иргэний нэхэмжлэл, хариуцах хохирлын хэмжээг зөв тогтооход ач холбогдолтой.

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.5, 14.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.Бын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                  Н.БОЛОРМАА