Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0517

 

 

 

 

 

 

 

 

“БЖП г м” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхсувд

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “БЖП г м” ХХК

Хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ч.Байгалмаа, А.Бурмаа

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн НА-36210000003 дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан 840.061 195,06 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 437 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, Г.М,

Хариуцагч улсын байцаагч Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2023/0043/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “БЖП г м” ХХК-иас Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ч.Б, А.Б нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан 840.061.195,06 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 437 дугаар шийдвэрээр
    1. “Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.2.5, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 11 дүгээр зүйлийн 1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2, 4, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 17 дугаар зүйлийн 17.2.9, 21 дүгээр зүйлийн 21.4, Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсгийг тус тус баримтлан “БЖП г м” ХХК-аас Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн НА-36210000003 дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан 840.061.195,06 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, актаар тогтоосон 881.658 420,78 төгрөгийн төлбөрийг 25.287.255,39 төгрөгийн /торгууль/ төлбөрийн хэмжээгээр бууруулж,
    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн НА-36210000003 дугаар актаар тогтоосон 881.658.420,78 төгрөгийн төлбөрийн зарим хэсэг болох 41.057 225,00 төгрөгийн төлбөртэй нэхэмжлэгч маргахгүй гэдгээ илэрхийлж хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

  1. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

    1. “...нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1-д заасан борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчлийг шүүх шийдвэрлэхдээ зөвхөн татварын албаны гаргасан тайлбар мэдээллийг үндэслэн манай компани шалгалтад хамрагдах хугацаанд хэдэн төгрөгийн орлого олсон, хэдийг нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан, хэдэн төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар дутуу төлсөн талаар бодит байдлыг тогтоолгүй, нотлох баримт цуглуулахгүйгээр шийдвэр гаргасан.

 

    1. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 2-т заасан зөрчлийг шүүх шийдвэрлэхдээ үйл ажиллагааны үндсэн баримт болох гэрээ, гэрээний заалтыг үнэлж дүгнээгүй, Захиргааны байгууллагаас гэрээг илт хууль бусаар тайлбарласан, гэрээний эрх чөлөөт байдалд халдсан үйлдлийг зөвтгөсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй.

 

    1. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 4-д заасан зөрчлийг шийдвэрлэхдээ манай компанийн болон гүйцэтгэгч компанийн хийсэн ажил үйлчилгээний шинж, төрөл, ямар татвар ногдох орлого болох талаар ташаа дүгнэлт хийсэн бөгөөд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа нь яагаад “эрхийн шимтгэл” болох талаар хууль зүйн дүгнэлт, тайлбар хийгээгүй.

 

    1. Тэмдэглэх хэсгийн 5-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын торгууль, алданги тооцох хугацааг шүүх шийдвэрлэхдээ шударга ёсны зарчмыг гажуудуулж, хууль, журамд заасан тодорхой заалтуудыг хэрэглэхгүй, эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргасан.

         Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

  1. Хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын улсын байцаагч Г.Б, Ч.Б нар “БЖП г м” ХХК-ийн 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн НА-36210000003 дугаар нөхөн ногдуулалтын актаар 6.352.1286349,48 төгрөгийн зөрчилд 593.108.616,52 төгрөгийн нөхөн татвар, 193.134.987,58 төгрөгийн торгууль, 120.702.072,07 төгрөгийн алданги, нийт 906.945.676,17 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

 

  1. “БЖП г м” ХХК нь дээрх нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрөөс 22.776.300,00 төгрөгийн зөрчилд ногдох 2.277.620,00 төгрөгийн нөхөн татвар, 683.286,0 төгрөгийн торгууль, 455.524,00 төгрөгийн алданги, нийт 3.416.430,00 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч үлдэх 6.329.352 149,48 төгрөгийн зөрчилд ногдох 590.830.996,52 төгрөгийн нөхөн татвар, 192.451.701,58 дугаар торгууль, 120.246.548,07 төгрөгийн алданги, нийт 903.529.246,17 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ.

 

  1. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор дээрх актаар 2017 онд 71.590.393,10 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 19.803.704,24 төгрөгийн торгууль, 10.694.000,29 төгрөгийн алданги, 2016-2017 онд 349.451.791,12 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 43 259 329,90 төгрөгийн торгууль, 23.293.436,16 төгрөгийг алданги, нийт 63.063.034,14 төгрөгийн торгууль, 33.987.436,45 төгрөгийн алданги, нийт 97.050.470,59 төгрөгийн төлбөрөөс 25.287.255,39 төгрөгийн төлбөрийг бууруулж, 6.352.128.349,48 төгрөгийн зөрчилд ногдох 593.108.616,52 төгрөгийн нөхөн татвар, 167.47.732,19 төгрөгийн торгууль, 120.702.072,07 төгрөгийн алданги, нийт 881.658.420,78 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзах эрхтэй бөгөөд шүүх хэсэгчлэн татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулахаар зохицуулжээ.

 

    1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 321 дүгээр захирамжаар “БЖП г м” ХХК-ийн гаргасан “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан 840 061 195,06 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ч.Б, Г.Б нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй.

 

    1. “БЖП г м” ХХК нь татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 3 дахь хэсгийг хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй, шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1804 дүгээр тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 хэсэгтэй маргаж байгаа, ...3 дахь хэсгийг зөвшөөрч байгаа, ... 69 сая төгрөг буюу “БЖП и” ХХК руу шилжүүлсэн хүүгийн орлогод ногдох татвар дээр маргахгүй байгаа” гэж тайлбарласан зэргээс үзвэл маргаж буй 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 906 945 676,17 төгрөгийн төлбөр ногдуулсны 3 дахь хэсэгт хамаарах 69 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсэгтэй нэхэмжлэгч маргасан гэж үзэхээр байна.

 

    1. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй хэсгийг маргасан мэтээр үзэж, холбогдох хэсгийн үнийн дүнг бүрэн тодруулахгүйгээр 41 057 225,00 төгрөгийн төлбөртэй нэхэмжлэгч маргахгүй гэдгээ илэрхийлж зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан нь ойлгомжгүй төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулаагүй нэхэмжлэгчийн актын тодорхой хэсэгтэй маргахгүй гэснийг баталсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхээр байна.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д уг хуулиар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч шүүхэд хандаж байгаа нэхэмжлэгч нь мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр, биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

 

    1. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор маргаж буй актаар ногдуулсан 6.352.128.349,48 төгрөгийн зөрчилд 593.108.616,52 төгрөгийн нөхөн татвар, 193.134.987,58 төгрөгийн торгууль, 120.702.072,07 төгрөгийн алданги, нийт 906.945.676,17 төгрөгийн төлбөрөөс 25.287.255,39 төгрөгийн төлбөрийг бууруулж, 6 352.128.349,48 төгрөгийн зөрчилд ногдох 593.108.616,52 төгрөгийн нөхөн татвар, 167.847.732,19 төгрөгийн торгууль, 120.702.072,07 төгрөгийн алданги, нийт 881.658.420,78 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

    1. Анхан шатны шүүх нэгэнт урьдчилан шийдвэр журмаар маргаан таслах зөвлөлийн тогтоолоор багасгасан дүнд дахин дүгнэлт хийж 25.287.255,39 төгрөгийн төлбөрийг бууруулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

  1. Маргаж буй НА-36210000003 дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1-д нэхэмжлэгчийг 2016 онд 1.158.214.864,18 төгрөг, 2017 онд 437.139.520,00 төгрөг, нийт 1.595.354.384,18 төгрөгийн ажил, үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 159.535.438,42 төгрөгийн нөхөн татварын төлбөр ногдуулсан байна.

 

    1. Хариуцагч дээрх зөрчилд торгууль, алданги оногдуулаагүй үндэслэлээ нэхэмжлэгч нь “Дотоодын бараа, ажил үйлчилгээний суутгасан НӨАТ” төрлөөр 2017 оны жилийн эцсийн үлдэгдэл 198.291.264,47 төгрөгийн илүүтэй буюу буцаан авахаар байсан гэж тайлбарлах бөгөөд хавтаст хэрэгт Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр тогтоол гарахаас өмнө 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр борлуулалтын орлого 1.121.400.762,81 төгрөгийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан авагдсан ба маргаан бүхий актад “...буцаан авах татварын 198.291,264,50 төгрөгийн үлдэгдлийг 1.595.354.384,18 төгрөгийн зөрчилд ногдох 159.535.438,42 төгрөгийн нөхөн татварын дүнгээр бууруулж 38.755.826,08 төгрөг болгож баталгаажуулав” гэж тэмдэглэжээ.

 

    1. Нэхэмжлэгч маргаан бүхий актаар тогтоосон 159.535.438,42 төгрөгийн нөхөн татварыг бүрэн болон хэсэгчлэн нөхөн төлсөн эсэхийг бүрэн тодруулж, холбогдох баримтуудыг цуглуулаагүй, түүнчлэн буцаан авах татварын дүнг бууруулж уг нөхөн татварыг төлж барагдуулсан гэж үзвэл шүүхээс дахин нөхөн татвар гаргуулахаар актын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж болох эсэх талаар шүүх дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлээгүй байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан 3.1-д заасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН