Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 103/2017/00269

 

 

    2017          06             21                                     103/ШШ2017/00269

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1979 онд Увс аймагт төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Мобиком ХХК-д нягтлан бодогч ажилтай, Багануур дүүргийн 3 дугаар  хороо, 43 дугаар байрны 21 тоотод  оршин суух, Шангас овогт Янжмаагийн Жавзандуламын   нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1969 онд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч, нярав мэргэжилтэй, Багануур дүүргийн 4 дүгээр  хороо, Тогос-Уулын 1 дүгээр гудамжны 04 тоотод  оршин суух, Боржигон овогт Намсрайн Алтангадаст  холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 450.000 төгрөг гаргуулах  тухай  нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар  сарын  29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Жавзандулам, хариуцагч Н.Алтангадас, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Отгончимэг нар оролцов. 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Жавзандулам шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Н.Алтангадас нь 2016 оны 06 сарын 01-нд нэхэмжлэгч  миний биетэй зээлийн үлдэгдлийн  тооцоо нийлсэн акт үйлдсэн. Актанд зээлийн үлдэгдэл 450.000 төгрөгийг 80.000 төгрөгөөр 5 сар, 50.000 төгрөгөөр 1 сар нийт 6 сарын хугацаанд барагдуулахаар  тохирсон.  Тохирсон хугацаанд  зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд сар бүр 10.000 төгрөгийн хохирол төлөхөөр тохирсон. Акт үйлдснээс хойш 12 сарын хугацаа  өнгөрсөн боловч 2016.08.09, 2016.11.09-нд 50.000 төгрөгөөр  2 удаа төлсөн, үлдэгдэл 350.000 төгрөгийг төлөөгүй. Удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул төлөөгүй 10 сарын  хохирол  100.000 төгрөг, үлдэгдэл 350.000 төгрөг нийт 450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг байсан, 2014 онд хүнээс авсан мөнгөө төлж чадахгүй болохоор нь би өмнөөс нь 500.000 төгрөгийг нь төлж өгсөн, энэ мөнгөнөөсөө 50.000 төгрөгийг нь өгөөд үлдэгдэл мөнгөө өгөхгүй байхаар нь  Цагдаагийн байгууллагад тухайн үед өгсөн боловч эрүүгийн хэрэг биш гээд татгалзсан. 2013.3 сард өгсөн гээд байгаа 500.000 төгрөг урд нь зээлсэн байсан мөнгөний үлдэгдэл, өөрийнхөө гарын үсгийг юун дээр зурж байгаагаа өөрөө мэдэж л байгаа, би ямар хүчээр албадаж зуруулсан биш, мөнгөнийхөө үлдэгдлийг тооцоод л харилцан баталгаажуулж гарын үсгээ зурсан гэв.

Хариуцагч Н.Алтангадас шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  Миний бие Я.Жавзандуламаас 2011 оны  08 сард 800.000 төгрөгийг зээлээр авсан  үүнээс хойш төлж явж байгаад 2012 оны 12 сард 300.000 төгрөгийг нь төлсөн. Мөн 2013.03.06-ны өдөр Голомт банкны  3459323284  дугаартай Жавзандуламын данс руу  500.000 төгрөгийг шилжүүлж өр хаагдсан. 2014 онд над руу утасдаад мөнгө нэхсэн. Ноднин 6 сард Цагдаагийн байгууллагаас намайг дуудсан. Энэ тооцоо нийлсэн акт дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн, гэхдээ намайг маш завгүй, ээжийн бие муу явж байхад надаар зуруулсан. 2011 оноос хойш би энэ хүнээс огт мөнгө төгрөг зээлдээгүй. Надаас мөнгө нэхээд утасдаад байхаар нь   2016.08.05, 2016.11.05-ны өдөр тус тус  50.000 төгрөг өгсөн. Иймд Жавзандуламд төлөх  төлбөргүй болно гэв.

           Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:

                                               ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Я.Жавзандулам нь хариуцагч Н.Алтангадасаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 450.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Алтангадас  нь “2013.03.06-ны өдөр 500.000 төгрөгийг  төлсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 500.000 төгрөг зээлдүүлсэн, зээлдэж авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, харин 2016 оны 06 сарын 01-ний өдрийн байдлаар  зээлийн үлдэгдэл 450.000 төгрөг байгаа талаар талуудын хооронд үйлдэгдсэн тооцоо нийлсэн актыг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.

Тооцоо нийлсэн актаар 2016.06.01-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 450.000 төгрөг байгаа болохыг, зээлийн үлдэгдлийг тооцоо нийлсэн өдрөөс хойш зээлдэгч сар бүр 80.000 төгрөгөөр 5 сар, 50.000 төгрөгөөр 1 сар нийт 6 сар төлж барагдуулахаар, зээлийн үлдэгдлийг харилцан тохиролцсоноор төлөлт хийгээгүй тохиолдолд төлөөгүй сар тутам зээлдүүлэгчид 10.000 төгрөгний хохирол төлөхөөр харилцан тохиролцож талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “ Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 43 дугаар зүйлийн 43.1.1-д “хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон”, 43.2.1-д” талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж  гарын үсгээ зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж тус тус хуульчилсан.

Талууд 2014 онд амаар байгуулсан зээлийн гэрээнийхээ үүргийн гүйцэтгэлийг харилцан тооцож үйлдсэн тооцоо нийлсэн актыг талууд хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн, гол нөхцлөө тохиролцсон хүчин төгөлдөр хэлцэл гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нь тухайн тооцоо нийлсэн актыг “юун дээр гарын үсэг зурж байгаагаа ойлгоогүй, ээжийн бие муу байхад зур гээд зуруулсан, төлөх төлбөр байхгүй, авсан зээлээ 2013.3 сард төлж дуусгасан” гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбараа нотолж чадаагүй, 2013 оны 3 сард зээлээ төлж дуусгасан гэж  2013.03.06-нд зээлдүүлэгчийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч тухайн өдрөөс хойш дахин мөнгө зээлдэж авсан, үлдэгдэл 450.000 төгрөгөө төлөөгүй байгаагаа хүлээн зөвшөөрч 2016.06.01 ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсгээ зурсан, акт үйлдсэнээс хойш зээлийн төлбөрөөс 2016.11.01 нд 50.000 төгрөг, 2016.08.01 ний өдөр 50.000 төгрөг төлсөн зэрэг нь түүний тайлбарыг үгүйсгэж байна.

Нэхэмжлэгч Жавзандулам нь тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш хариуцагчийн өөрийнх нь  болон гэр бүлийнх нь хүний гар утас, Facebook  хаягаар захидал илгээж зээлийн төлбөрөө төлөхийг удаа шаардаж байсныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүйг дурдах нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогчийн үүргийг “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж тодорхойлсноор хариуцагч Н.Алтангадас нь өөрийн татгалзлалаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байсан ба уг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж зээлийн төлбөрт 350.000 төгрөг, үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүссэн хохиролд 100.000 төгрөг нийт 450.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн  222 дугаар зүйлийн 222.7, 281 дүгээр зүйлийн 281.1 -д зааснаар хариуцагч  Боржигон овогт Намсрайн Алтангадасаас 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шангас овогт Янжмаагийн Жавзандуламд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  Я.Жавзандуламаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  14.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Жавзандуламд олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ЦЭЦЭГДУЛАМ