Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1800

 

     Я.Жавзандуламын нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2017/00269 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Я.Жавзандуламын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Алтангадаст холбогдох         

Зээлийн гэрээний үүрэгт 450 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Н.Алтангадас

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Жавзандулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Алтангадастай 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр зээлийн үлдэгдлийн тооцоо нийлсэн акт үйлдсэн. Актанд зээлийн үлдэгдэл болох 450 000 төгрөгийг 80 000 төгрөгөөр 5 cap, 50 000 төгрөгөөр 1 cap нийт 6 сарын хугацаанд барагдуулахаар тохирсон. Уг хугацаанд зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд cap бүр 10 000 төгрөгийн хохирол төлөхөөр тохирсон. Акт үйлдснээс хойш 12 сарын хугацаа өнгөрсөн боловч 2016 оны 8 дугаар сарын 09, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 50 000 төгрөгөөр 2 удаа төлсөн, үлдэгдэл 350 000 төгрөгийг төлөөгүй байгаа тул 10 сарын хохирол 100 000 төгрөг, үлдэгдэл 350 000 төгрөг нийт 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг байсан, 2014 онд хүнээс авсан мөнгөө төлж чадахгүй болохоор нь би 500 000 төгрөг төлж өгсөн, энэ мөнгөнөөсөө 50 000 төгрөг өгөөд үлдэгдлээ өгөхгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад өгсөн боловч татгалзсан. 2013 оны 3 дугаар сард өгсөн 500 000 төгрөг урд нь зээлсэн мөнгөний үлдэгдэл юм. Бид мөнгөнийхөө үлдэгдлийг тооцоод харилцан баталгаажуулж гарын үсгээ зурсан гэжээ.

Хариуцагч Н.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Я.Жавзандуламаас 2011 оны 8 дугаар сард 800 000 төгрөг зээлээр авч үүнээс хойш төлж байгаад 2012 оны 12 дугаар сард 300 000 төгрөг төлсөн. Мөн 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Голомт банкны 3459323284 дугаартай Я.Жавзандуламын данс руу 500 000 төгрөг шилжүүлж өр хаагдсан. 2014 онд над руу утасдаад мөнгө нэхсэн. Өнгөрсөн оны 6 дугаар сард Цагдаагийн байгууллагаас намайг дуудсан. Энэ тооцоо нийлсэн акт дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн, гэхдээ намайг маш завгүй ээжийн бие муу байхад надаар зуруулсан. 2011 оноос хойш би энэ хүнээс мөнгө зээлээгүй. Надаас мөнгө нэхээд утасдаад байхаар нь 2016 оны 8 дугаар сарын 05, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус 50 000 төгрөг өгсөн. Иймд Я.Жавзандуламд төлөх төлбөргүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Намсрайн Алтангадасаас 450 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шангас овогт Янжмаагийн Жавзандуламд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Жавзандуламаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Жавзандуламд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би Я.Жавзандуламаас 2011 оны 8 дугаар сард 800 000 төгрөг зээлж, өөрийн биеэр 300 000 төгрөгийг хүүтэй нь өгсөн. Үүнээс хойш үлдэгдэл 500 000 төгрөгийг Голомт банкинд Я.Жавзандуламын дансанд хийж өр дуусгасан. Гэтэл 2015 оноос үлдэгдэл мөнгөө төл гэж дарамталдаг болсон. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 15-нд Багануур дүүргийн цагдаагаас дуудахад ээжийн бие муу байсан учраас очиж чадаагүй. Гэтэл Улаанбаатарт 1 дүгээр эмнэлэгт байхад цагдаагаас бичиг явуулсан гарын үсэг зураад явуул гээд Я.Жавзандулам “та бушуухан энд гарын үсгээ зурчих” гээд дарамтлаад мөн цагдаа утасдаад байхаар нь гарын үсэг зурсан. Тэрнээс биш тооцоо нийлсэн актан дээр гарын үсэг зураагүй, цагдаад өгөх бичиг баримтан дээр гарын үсэг зурсан гэж бодож байна. Би 2014 онд мөнгө зээлээгүй, энэ талаар худлаа хэлсэн. Нотлох баримтгүй байхад нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Я.Жавзандулам нь хариуцагч Н.Алтангадаст холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 450 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигч талууд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдэж 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөө зээлийн үлдэгдэл 450 000 төгрөгийг сар бүр 80 000 төгрөгөөр 5 сар, 50 000 төгрөгөөр 1 сар нийт 6 сар төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд уг хугацаандаа төлөлт хийгээгүй тохиолдолд төлөөгүй сар тутам 10 000 төгрөг төлөхөөр тохиролцож, гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Я.Жавзандулам дээрх бичгийн баримтыг үйлдсэнээс хойш хариуцагчийн гар утас болон Фэйсбүүк /Facebook/ хаягаар захидал илгээж төлбөрөө төлөхийг шаардаж байсан талаар хариуцагч маргаагүй бөгөөд энэ талаарх тайлбар болон хариуцагч Н.Алтангадас  2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 50 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 50 000 төгрөг тус тус төлсөн зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл 350 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй буруутай тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасны дагуу хохирол шаардах эрхтэй.

Хэрэгт нэхэмжлэгчид 100 000 төгрөгийн хохирол учирсныг нотолсон баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хохиролд 100 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрх тооцоо нийлсэн баримтыг хариуцагч ойлгоогүй, ээжийн бие муу байхад гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2017/00269 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “450 000” гэснийг “350 000” гэж, 2 дахь заалтад “хариуцагчаас 14 150” гэснийг “11 150” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 150 төгрөгийг шүүгчин захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ  

                                                 ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД                       

                                                                                                              Д.БАЙГАЛМАА