Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2023/0488

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М-О х н н

 “У т з”-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч М-О х н н У т з

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар

Гуравдагч этгээд “Э” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189, 1191 дүгээр шийдвэрүүд дэх төмөр замын зурвас газартай давхацсан хэсгийг илт хууль бусад тооцуулах, Ашигт малтмалын Кадастрын зураглалын төмөр замтай давхцуулан олгосон хууль бус “Э” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-020420 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн 358,7 га, ашигт малтмалын ашиглалтын MV-020424 дугаар тусгай зөвшөөрлийн 101,99 га газрын давхцал бүхий хэсгийг хасч кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 360 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Т.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0251/З

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч М-О х н н У т з Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189, 1191 дүгээр шийдвэрүүд дэх төмөр замын зурвас газартай давхацсан хэсгийг илт хууль бусад тооцуулах, Ашигт малтмалын Кадастрын зураглалын төмөр замтай давхцуулан олгосон хууль бус “Э” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-020420 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн 358,7 га, ашигт малтмалын ашиглалтын MV-020424 дугаар тусгай зөвшөөрлийн 101,99 га газрын давхцал бүхий хэсгийг хасч кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 360 дугаар шийдвэрээр

 

    1. “Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.11, 27 дугаар зүйлийн 27.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М-О х н н У т з нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 1189 дүгээр шийдвэрийн М-О х н н У т з зурвас газартай давхацсан 101,99 гектар талбайд холбогдох хэсгийг болон мөн тус хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай” 1191 дүгээр шийдвэрийн М-О х н У т з зурвас газартай давхацсан 358,7 гектар талбайд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож,

 

    1. “Э” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-020420 дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас 358,7 гектар, MV-020424 дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас 101,99 гектар төмөр замын зурвас газартай давхацсан хэсгийг тус тус хасч кадастрын мэдээллийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

 

  1. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

    1. “...хуулийг буцаан хэрэглэх нь ял шийтгэлтэй холбоотой зөвхөн эрүүгийн эрх зүйд хэрэглэдэг ойлголт болохоос процессын хэм хэмжээний тухайд буцаан хэрэглэхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

 

    1. Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 64 дүгээр хуралдааны тэмдэглэлд Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний цогцолборыг нүүрсээр хангах талаар “Ш ш” ХХК-тай хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд тус компанитай 2015 оны IV улиралд багтаан зохих журмын дагуу хамтарсан аж ахуйн нэгж байгуулах арга хэмжээ авахыг “Э м” ХХК-д, хамтарсан аж ахуйн нэгж байгуулсны үндсэн дээр “Ш ш” ХХК-д холбогдох хууль тогтоомжийн дагуу тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газарт тус тус даалгасан. Өөрөөр хэлбэл Ашигт матмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189, 1191 дүгээр шийдвэрүүд нь Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 64 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн олгогдсон.

 

    1. “Э” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-020420, MV-020424 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газарт хамааруулсан.

         Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

  1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

    1. “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус байх тохиолдлуудыг зохицуулсан байдаг. Энэ хуульд заасан захиргааны акт илт хууль бус байх үндэслэлд анхан шатны шүүхийн үндэслэлд дурдсан шиг газар давхацсан гэсэн зохицуулалт байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

    1. Нэхэмжлэгчээс гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь маргаан бүхий акттай маргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд дээрх хуульд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

    1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “...кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ” гээд 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” гэж заасан бөгөөд маргаан бүхий актыг гаргасан этгээд нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга юм.

         Гэтэл шүүх Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн атлаа дээрх байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

         Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0360 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189, 1191 дүгээр шийдвэрүүдээр “Ш ш” ХХК-д Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дахь Хүрэн дух нэртэй газарт 21.893,14 гектар, Шивээ-2 нэртэй газарт 612,70 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна.

 

  1. Дээрх тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 216 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 285, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 438 дугаар шийдвэрүүдээр “Э” ХХК-д шилжүүлжээ.

 

  1. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбай нь нэхэмжлэгчийн эзэмшил төмөр замын зурвас газартай тодорхой хэсгээрээ давхцалтай талаарх үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчихөд хүргэсэн байна.

 

    1. Маргаж буй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 1189, 1191 дүгээр тушаалыг гаргах үед Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж байсан бөгөөд уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх 9 үндэслэлийг тусгажээ.

 

    1. Одоо Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны актыг илт хууль бус болох 7 нөхцөлийг тусгаж өгсөн бөгөөд уг хуулийн зохицуулалт болон өмнө үйлчилж байсан дээрх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт нь адил хэн ч харсан илэрхий алдаатай, тухайн актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг.

 

    1. Хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшил төмөр замын зурвас газартай тодорхой хэсгээр давхцуулан гуравдагч этгээдэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг эс зөвшөөрч маргаж буй үндэслэлүүд нь уг шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэгдэхээс бус актыг илт хууль бус болохыг тогтоох шийдлийн үндэслэлд хамаарахгүй.

 

    1. Дээрхээс дүгнэн үзвэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189, 1191 дүгээр шийдвэрүүд дэх төмөр замын зурвас газартай давхацсан хэсгийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  1. Нэхэмжлэлийн үлдэх “Ашигт малтмалын Кадастрын зураглалын төмөр замтай давхцуулан олгосон хууль бус “Э” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-020420 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн 358,7 га, ашигт малтмалын ашиглалтын MV-020424 дугаар тусгай зөвшөөрлийн 101,99 га газрын давхцал бүхий хэсгийг хасч, кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай шаардлагын хувьд:

 

    1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүх хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх учиртай.

 

    1. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны байгууллагын захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус тохиолдолд шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр, 106 дугаар зүйлийн 106.3.2-т захиргааны акт, захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэхээр тус тус хуульчилсан байна.

 

    1. Өөрөөр хэлбэл, маргаж буй акт нь хууль бус тохиолдолд холбогдох захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгаж шийдвэрлэх боломжтой, харин актыг илт хууль бусад тооцуулах тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргах боломжгүй юм.

 

    1. Түүнчлэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар давхцалтай, уг давхцалыг арилгахаар хариуцагч сонсох ажиллагаа явуулж байгаа гэдэгтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар маргаагүй, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"төмөр замын объект" гэж төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад тоног төхөөрөмж, эд хөрөнгийг”, 3.1.11-д “"төмөр замын зурвас газар" гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг”, 27 дугаар зүйлийн 27.6-д “Төмөр замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэж тус тус заасан тул гуравдагч этгээдээс төмөр замын зурвас газарт ашиглалт явуулах боломжгүй, иймд дээрх хуулийн зохицуулалтад нийцүүлэн хариуцагчаас хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд давхцалыг арилгах арга хэмжээг авахад энэхүү шүүхийн магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.  

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 360 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан Монгол Зөвлөлийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189, 1191 дүгээр шийдвэрүүд дэх төмөр замын зурвас газартай давхацсан хэсгийг илт хууль бусад тооцуулах, Ашигт малтмалын Кадастрын зураглалын төмөр замтай давхцуулан олгосон хууль бус “Э” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-020420 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн 358,7 га, ашигт малтмалын ашиглалтын MV-020424 дугаар тусгай зөвшөөрлийн 101,99 га газрын давхцал бүхий хэсгийг хасч кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН