| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0173/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/187 |
| Огноо | 2021-08-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан хийж Булган аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дд холбогдох эрүүгийн 2115000000189 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр зээ хүүхдийн хамт .... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, .... овогт .... /регистрийн дугаар ***/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Булган аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.Д2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн оройн 22 цагийн орчим Булган аймгийн Булган сумын *-р багийн нутаг “Хужир толгой” гэх газарт буюу Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлийн төв асфальтан замд **-** БУЛ улсын дугаартай “Киа бонго фронтер” загварын тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож яваад тээврийн тээврийн хэрэгсэлд гэмтэл гарч эвдрэх үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүйн улмаас Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж байсан **-** БУЛ улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдон улмаар зорчигч Б.Оюун-номингийн биед хүндэвтэр хохирол, Б.Эрдэнэбулганы биед хөнгөн хохирол, Б.Алтансоёмбын биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ды шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч, иргэний нэхэмжлэгчид машины засварын мөнгө, журмын хашааны мөнгө, үнэлгээ хийлгэсэн мөнгө гэж төлсөн. Хохирогчийг шүүх хуралдаанд ирсэн бол залуу хүнд хэдэн үг хэлмээр байсан боловч өнөөдөр шүүх хуралд ирээгүй байна. Тухайн өдөр тээврийн хэрэгслийг эхнэр нь биш архи уусан нөхөр нь барьж явсан гэж би бодож байгаа. Эрүүл хүн байсан бол миний машины ард зогсож байсан Батсайханыг харах боломжтой байсан. Их хурдтай, мөн согтуу байсан учир анзаараагүй гэж бодож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн ач холбогдлыг ойлгож, хүсэлт гаргасан гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 2115000000189 дугаартай хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р хуудас/
2. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-р хуудас/
3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн -9-11/
4. Шүүгдэгч Г.Ды согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-р хуудас/
5. Иргэний нэхэмжлэгч Д.Цгийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-р хуудас/
6. Шүүгдэгч Г.Ды 1193002 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 141-р хуудас/
7. Насанд хүрээгүй хохирогч Б.Оюун-номингийн ...Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр буцахаар болоод хамаатны ах эгч хоёр болох Эрдэнэбулган, Цолмон нарын машинтай Булган сум руу гэр лүүгээ орой аав, дүү нарын хамт явахаар болсон. Бид хэд орой 22 цаг өнгөрч байхад Ханжаргалант багийн төвөөс хөдөлсөн. Тээврийн хэрэгслийг Цолмон эгч барьж явсан. ...Тэгээд би гар утсаа оролдоод явж байхад машин гэнэт замын хажуу руу онхолдсон. Би хаана явж байгааг анзаарч хараагүй, осол юунаас болсныг мэдэж амжаагүй, нэг мэдсэн гар маань их өвдөж байсан удаагүй эмч нар ирээд бид хэдийг бүгдийг маань аваад эмнэлэгт аваачсан. ...Миний баруун гарын шуу хугарсан. Өөр гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 17-18-р хуудас/
8. Иргэний нэхэмжлэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бийн....Тээврийн хэрэгслийг Цолмон бариад Эрдэнэбулган хажууд нь суугаад би хойд суудлын голд миний баруун талд хүү Алтансоёмбо, зүүн талд охин Оюунномин нар суугаад хөдөлсөн. Тэгээд Хужир олгойн цаана Нисэхийн гүүр өнгөрөөд явж байхад зам дээр ямар нэгэн гэрэл дохиогүй тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Мөн гэрэл дохиогүй зогсож байсан машины хойд зам дээр нэг хүн гараа сарвалзуулаад тэгсэн чинь гэнэт гэрэлд машин хүн хоёр орж ирсэн болохоор Цолмон сандраад рүлээ зүүн гар тал руу дараад нөгөө гэрэлгүй машиныг өнгөрч яваад эргэж өөрийнхөө урсгал руу ороод баруун гар тал руу дарахад машин тэнцвэрээ алдаад замаас гарч онхолдсон. Надад хэрэгт холбогдуулж нэхэмжлэх зүйл, гомдол санал алга. Ослын улмаас ямартай ч бага бэртэж гэмтсэн... гэх мэдүүлэг /хх-н 23-24-р хуудас/
9. Иргэний нэхэмжлэгч Д.Цгийн ... Тухайн үед Нисэхийн гүүр дөхөж ирэнгүүт зам жоохон цохиотой учраас машины хурдыг хасаад гүүр өнгөрөөд эргэлттэй өөд хэсэгт явж байхад гэнэт зам дээр хүн гараараа даллаад гараад ирсэн. Тэгсэн манай нөхөр хүүе хүн байна гэж хэлээд би гэнэт хүн гарч ирсэн учраас хүнийг дайрахгүй гээд жолооны хүрдээ зүүн гар тийш нь дарсан. Зам дээр байсан хүнийг өнгөрөнгүүт зам дээр ослын гэрэл болон өөр бусад гэрэлгүй ачааны машин байсан. Тэгээд би тэр машиныг өнгөрөнгүүт эсрэг урсгалаас эргээд баруун гар тал руугаа дарсан чинь машины маань тэнцвэр алдаад замын хажуу руу онхолдсон. Онхолдсоны дараа машин маань дээшээ харчихсан байсан... **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. ... Би яллагдагч Г.Даас тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл болох 5 390 000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-н 33-34-р хуудас/
10. Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбулганы ... Би эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж үйлчилгээ авсан. Уг үйлчилгээний төлбөрийг баримтаа гаргаж нэхэмжилнэ. Мөн Батхишигийн охин Оюун-номингийн эмнэлгийн үйлчилгээ авсан төлбөрийг нэхэмжилнэ. ...Яллагдагч Г.Д нь манай эхнэр бид хоёрын эзэмшлийн Приус маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ болох 5 390 000 төгрөгийг төлж бид хоёрт амьдрал болоод санхүү тааруу байгаа үнэн учраа хэлсэн учир би ямар нэгэн байдлаар мөнгө нэхэмжилж авахгүй ...гэх мэдүүлэг /хх-н 27-28-р, 30-р хуудас/,
11. Гэрч Б.Батсайханы ... Удаагүй намайг гэртээ ороод байж байхад Дэлгэрсайхан явган манай гэрийн гадаа ирсэн. Юу болов гээд асуухад машин маань эргээд асахгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд дэлгүүр /Хөх дөл/ рүү харахад Алтанзаяагийн машин дэлгүүрийн гадаа харагдахаар нь Дэлгэрсайхан бид хоёр алхаад Алтанзаяагийн машин дээр очсон... Эвдэрсэн машин дээр очиход машин Булган сумын чиглэлд харчихсан, машинаа замаас чөлөөлөөгүй зорчих хэсэг дээр байрлуулсан машин нь асахгүй байдалтай байж байсан. Мөн машин нь аваарын гэрлээ асаагаагүй, аваарын тэмдэггүй байсан тул Алтанзаяа, Дэлгэрсайхан хоёр машиныг нь үзээд би аваарын тэмдэг байхгүй учраас эвдэрсэн машинаас 15-20 метрийн зайтай замын хөвөөн дээр зогсоод хойноос ирж байгаа машинууд руу машин байгааг анхааруулж гараараа дохиод зогсож байсан.Удаагүй саарал өнгийн “приус-20” загварын тээврийн хэрэгсэл Хөвсгөл чиглэлээс ирж миний хажуугаар гараад Дэлгэрсайханы машины хажуугаар өнгөрөөд чанга чахрах чимээ гараад замын хажуу руу онхолдох шиг болсон гэх мэдүүлэг /хх-н 42-43-р хуудас/
12. Гэрч Б.Алтанзаяагийн ...2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш болж байхад би найз Түвшингийн хамт Булган аймгийн Орхон суманд очиж хуурай ах Бат-Өлзийгийн машин асахгүй байна гэхээр нь очиж машиныг нь задалж үзчихээд буцах замдаа найз Түвшинг гэрийнх нь ойролцоо буулгачхаад 20 цагийн алдад гэртээ ирээд өөрийн эзэмшлийн Хино маркийн тээврийн хэрэгслээ хашааныхаа гадна талд байрлуулчхаад гэртээ ороод байж байтал үл таних 50-55 орчим насны эрэгтэй хүн хашааны хаалга болон гэрийн хаалга тогшилгүй шууд орж ирээд машин маань асахаа больчихлоо үзээд өгөөч гэхээр нь би за тэгье гээд гарахад хөрш айлын Батсайхан ахтай таараад Батсайхан ахын приус 20 маркийн тээврийн хэрэгслээр машин эвдэрсэн гэх хүний тээврийн хэрэгсэл дээр очоод машиныг нь үзэхэд ямар ч тоггүй, ослын тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй, зам чөлөөлөөгүй, зорчих хэсэг дээр цагаан өнгийн пронтер маркийн адуу ачсан тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би гал хамгаалагчийг нь солиод асааж өгчхөөд харьсан. Хариад удалгүй гэрийнхээ ойролцоох “Хөх дөл” нэртэй дэлгүүр рүү 22 цаг гээд хаахаас өмнө оръё гээд дэлгүүр ороод ундаа аваад гарахад нөгөө эрэгтэй хүн машин маань дахиад асахаа больчихлоо гээд Батсайхан ахтай хамт дэлгүүрийн үүдэнд таарсан юм. Тэгэхээр нь би өөрийнхөө машиндаа суулгаад асахгүй байгаа машин дээр нь очоод үзэх гээд тээврийн хэрэгслийн кабиныг нь сөхөөд зогсож байтал нэг машин гүйцэд түрүүлэх үйлдэл хийгээд эвдэрсэн машины урдуур чахрах чимээ гаргаад замын баруун гар талын хөвөөний цаад талын зүлгэн дээр дээшээ хараад уначихсан. Энэ үйл явдал ерөөсөө нүд эрэмхийн зуур болж өнгөрсөн. Унасан тээврийн хэрэгслийг би тухайн машин засах гээд үзэж байсан учраас сайн хараагүй, унасны дараа харахад мөнгөлөг саарал өнгийн “приус 20” маркийн тээврийн хэрэгслийн дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай унасан байсан. Тэгээд би нэн даруй өөрийн 99298570 дугаараас түргэн дуудсан. Цагдаагийн алба хаагчид удалгүй ирсний дараа түргэний машин ирээд алсаас харахад хүмүүсийг нь суулгаад л авч явж харагдсан. Ийм л асуудал болсон юм.... гэх мэдүүлэг /хх-н 48-49-р хуудас/
13. Шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №186 дугаартай: Магадлуулагчийн биед тархи доргилт, цээжинд нэг тооны цус хуралт, баруун мөрөнд нэг тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо 2 удаагийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-н 78-80-р хуудас/,
14. Шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №183 дугаартай: Магадлуулагчийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-н 103-104-р хуудас/
15. Шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №182 дугаартай: Магадлуулагч Б.Оюун-номингийн биед баруун богтос ясны дунд 3/1 хэсгийн хугарал, зүүн гуянд нэг тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаг хугацааны хувьд дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-н 109-111-р хуудас/
16. Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч Э.Будсүрэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “...Зам тээврийн осол хэрэг нь жолооч Г.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4 Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ: Б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд: гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гарсан байх үндэслэлтэй байна....гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 125-126-р хуудас/
17. “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ны 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 21/107 дугаартай шинжээчийн: 72-99 БУЛ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг 2021 оны 7 дугаар сарын байдлаар 5 390 000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 63-73-р хуудас/
18. Шүүгдэгч Г.Даас иргэний нэхэмжлэгч Д.Цгийн ********* тоот дансанд хохирлын мөнгө 5 390 000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 150-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Д2021 оны 7 дугаар сарын 18-ны оройн 22 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 6-р багийн нутаг “Хужир толгой” гэх газарт буюу Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлийн төв асфальтан замд “Киа бонго фронтер” маркийн **-*** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож яваад тээврийн хэрэгсэлд гэмтэл гарч эвдрэх үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4 Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд. гэсэн заалтыг зөрчиж ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүйн улмаас Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж байсан **-** БУЛ улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдож, зорчигч Б.Оюун-номингийн биед хүндэвтэр хохирол, зорчигч Б.Эрдэнэбулган, Б.Алтансоёмбо нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
“Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдэгдсэн гэх дээрх үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл:
Булган аймгийн Булган сумын 6-р багийн нутаг “Хужир толгой” гэх газарт буюу Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлийн төв асфальтан замд 2021 оны 7 дугаар сарын 18-ны оройн 22 цагийн үед зам тээврийн осол болсон байна.
Уг зам тээврийн ослын улмаас хохирогч нар эрүүл мэндийн хохирол хүлээсэн, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Цгийн жолоодож явсан “Приус-20” загварын **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 390 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 182, 183, 186 дугаартай дүгнэлтүүд, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 21/107 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Д нь 2021 оны 7 дугаар сарын 18-ны оройн 22 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 6-р багийн нутаг “Хужир толгой” гэх газарт буюу Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлийн төв асфальтан замд “Киа бонго фронтер” маркийн **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож яваад тээврийн хэрэгсэлд гэмтэл гарч эвдрэх үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4 дэх заалтыг зөрчин ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүйн улмаас Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж байсан **-** БУЛ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдож, зорчигч Б.Оюун-номингийн биед баруун богтос ясны дунд 3/1 хэсгийн хугарал, зүүн гуянд нэг тооны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, Б.Эрдэнэбулганы биед тархи доргилт, цээжинд нэг тооны цус хуралт, баруун мөрөнд нэг тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол, Б.Алтансоёмбын биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Б.Оюун-номингийн биед баруун богтос ясны дунд 3/1 хэсгийн хугарал, зүүн гуянд нэг тооны цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана...” Б.Эрдэнэбулганы биед тархи доргилт, цээжинд нэг тооны цус хуралт, баруун мөрөнд нэг тооны зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...”, Б.Алтансоёмбын биед тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэж тус тус дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарын биед хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу Г.Дхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улсын яллагч шүүх хуралдаанд, яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч Г.Д нь 2021 оны 7 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6-р багийн нутаг “Хужир толгой” гэх газарт буюу Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлийн асфальтан зам дээр “Киа бонго фронтер” маркийн **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож яваад тээврийн хэрэгсэлд гэмтэл гарах үед Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүйн улмаас Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж байсан **-** БУЛ улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдон улмаар зорчигч насанд хүрээгүй хохирогч Б.Оюун-номингийн биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбулганы биед хөнгөн хохирол, насанд хүрээгүй Б.Алтансоёмбын биед хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Иргэний нэхэмжлэгч Д.Цгийн согтуурлын зэргийг хэргийн газар дээр байхад нь согтуурал шалгагч багажаар шалгаж, гэрэл зургаар баталгаажуулсан байгаа.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрт 5 498 000 төгрөгийг төлж барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэлтэй байна гэж үзэж, оногдуулах ялын саналыг танилцуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Иймд Г.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэсэн санал, дүгнэлт гаргажээ.
Хохирол төлбөрийн тухайд, хэрэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ. Мөн “Приус-20” маркийн **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Д.Ц, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбулган нар нь тээврийн хэрэгслийн засварын төлбөрт шинжээчийн дүгнэлтийн дагуу 5 390 000 төгрөгийг авсан тул өөр нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Г.Дхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэн хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ды хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан хувийн байдлын талаарх баримтуудыг шинжлэн судалж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б... овогт Г....гийн Д..ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ