Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00043

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 11-292  тоотод оршин суух, Монгол овгийн Баасандашын Хонгорзул /РД:УХ89042029/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 17 гудамж 628 тоотод оршин суух, Зээ овгийн Лувсансүрэнгийн Пүрэвдагва /РД:УП89012674/-д холбогдох,

үндэслэлгүйгээр олж авсан 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанжаргал,  хариуцагчЛ.Пүрэвдагва, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баянжаргал нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай охин Солонгос улс руу явах болоод виз гаргана гэсэн сонины зарын дагуу энэ залуутай уулзсан байдаг. Өөрийн бүх бичиг баримтаа энэ хүнд өгч, 2 500 000 төгрөгийг өөрийнх нь өгсөн данс руу шилжүүлсэн байна. Тэр яриад байгаа Ганболор гэдэг хүнийг бид танихгүй, уулзаж байгаагүй тул энэ хүнээс л мөнгөө нэхнэ. Тэгээд ч энэ Пүрэвдагва нь 2016 оны 4 сар хүртэл биднийг хүлээж бай, мөнгийг чинь найдвартай өгнө гэж явсан. Зээлийн гэрээний тухайд энэ хүн л өөрөө мөнгө авсанаа баталгаажуулж байна гээд хийсэн байдаг. Манай охин өөр шугамаар виз нь гараад явсан, энэ хүн ямар ч бичиг баримт хөөцөлдөж өгөөгүй тул бид улаан паспортоо буцаан авсан гэв.

Хариуцагч Л.Пүрэвдагва шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анхнаасаа Ганболорт их итгэдэг байсан, 10-д жилийн өмнөөс мэддэг манай багшийн эхнэр юм. Намайг сонинд зар тавьчих гэсний дагуу би Солонгос улсын виз гаргана гэсэн зар тавьсан. Энэ дагуу Хонгорзул ирж уулзаад виз гаргуулах талаар ярихад би Ганболорын талаар хэлж байсан. Мөн Ганболорын хэлсэнээр би дансны дугаараа өгч мөнгө миний дансанд орж ирсэн. Энэ мөнгийг би хэрэглээгүй, Ганболор нь үүнээс гадна хэд хэдэн хүнээс мөнгө авч намайг өрөнд оруулсан. Энэ талаар би Цагдаагийн газарт өргөдөл гаргасан, би өөрөө хохирогчоор тогтоогдсон байгаа. Би энэ мөнгийг хэрэглээгүй учраас зөвшөөрөхгүй байгаа гэв. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Хонгорзул нь зээлийн гэрээний үүрэг 2 500 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, харин хариуцагч Л.Пүрэвдагвыг үндэслэлгүйгээр бусдаас мөнгө авсан гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлага 2 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Хонгорзул нь “Солонгос улс руу виз” гаргана гэсэн зарын дагуу хариуцагч Л.Пүрэвдагватай холбогдож, улмаар түүний Хаан банкны дансанд 2015.11.04-нд 2 000 000 төгрөг, 2015.11.13-нд 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрч Г.Ганболорын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдсон байна.  

 

Талуудын хооронд 2 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн мэтээр 2015.11.04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байх боловч мөнгө зээлдүүлээгүй, зээлийн харилцаа үүсээгүй болохыг зохигчид хүлээн зөвшөөрсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.1, 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Хонгорзул, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

 

Хариуцагч Л.Пүрэвдагва, гэрч Г.Ганболор нар нь удаа дараа Солонгос улсын виз гаргаж өгөх зорилгоор бусдаас мөнгө авч байсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Хонгорзулаас дээрх зорилгоор 2 500 000 төгрөгийг хариуцагчаар дамжуулан Г.Ганболор нь авсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Гэвч нэхэмжлэгч Б.Хонгорзул нь анх хариуцагч Л.Пүрэвдагвын зарын дагуу холбогдож, түүний дансанд мөнгө шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч тал бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан байна гэж үзэх үндэстэй, нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Л.Пүрэвдагва нь хамтран ажиллаж байсан Г.Ганболорын талаар өөрийг нь залилсан гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байх тул өөрт учирсан хохирлоо шийдвэрлүүлэх боломжтой байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаарЛ.Пүрэвдагваас 2 500 000 төгрөг гаргуулж Б.Хонгорзулд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаархариуцагчаас 54 950 төгрөгийг гаргуулж Б.Хонгорзулд  олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ