Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/207

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир, О.Сарантуул, М.Даваасүрэн, Ч.Отгонжаргал,

Шүүгдэгч Д.Б, Д.Г, Э.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Д.Г, Э.Энарт холбогдох 2015001860122 дугаартай, 163/2020/0173/Э индекстэй хэргийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт .... оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Х... овогт Д... Б..., РД:/***/,

Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “....” ТӨҮГ-т автоматикийн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ө...овогт Э... Э..., /РД:***/,

Монгол улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б... овог Д... Г... /РД:*** /,

Холбогдсон хэргийн талаар. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б, Д.Г, Э.Энар нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн 2-р багийн нутаг “Баянголын мухдаг” гэх газарт хуурайшилтын үед ил задгай гал түлж, дутуу унтраасны улмаас буюу галтай болгоомжгүй харьцаж ой, хээрийн түймэр гаргаж их хэмжээний хохирол болох шууд хохирол 183 421 668 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэгт зааснаар 550 710 326 төгрөгийн, гал унтраахад 2 915 160 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2020 оны 4 дүгээр сарын 18-нд найзын маань эхнэр нас барсан. Буяны ажил нь Сэлэнгэ сумын 2 дугаар тасаг гэх газарт болсон. Ажил явдал болсон 2 дугаар тасаг болон Хялганат тосгоны хооронд би буяны ажлаар олон удаа явсан. 4 дүгээр сарын 21-ний өдөр Батсайхан ах Хантай баг дөхүүлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь Батсайхан ахын ээжийн бие тааруу байсан болохоор мөнгөний хэрэг болж байгаа байх гэж бодоод, мөн зам дагуу болохоор дөхүүлж өгөхөөр болсон. 4 дүгээр сарын 21-ний орой 8-9 цагийн хооронд Хялганатаас хөдлөөд өглөө үүрээр хүргүүлэх газар нь очсон. Би ажил явдлаар нойргүй явсан, мөн шөнөжин машин барьж явсан болохоор ганцаараа машинаа бариад явж чадахгүй байх гэж бодоод жаахан унтаж байгаад буцъя гээд хэсэг унтсан. Босож цай уу гэхээр нь сэрсэн. Шөнө явсан болохоор буцах замаа мэдэхгүй байсан. Тэгээд 2 ах өндөрлөг газар гараад зам зааж өгье гэсэн. Уулан дээр гараад доошоо харахад бид нарын байсан газраас утаа гарч байсан. Уг нь Батсайхан ах галаа унтраагаад, дотор нь нойтон цаас үнстэй нь зуурч хийсэн. Яагаад цаас хийж байгаа юм бэ? гэсэн чинь миний отгоос гал гараагүй гэдгийг нотлох баримт гэсэн. Хавтаст хэрэгт намайг “бид 3 унтраасан” гэсэн мэдүүлэг өгсөн мэтээр бичсэн байсан. Би тэр галыг унтраагаагүй гэдгээ тодорхой хэлсэн. Гал унтраахад тийм зан үйл байдаг юм байна лээ гэж тайлбарлаж мөрдөгчид хэлсэн. Утаа хараад л шууд уулнаас уруудсан. Биднийг очиход бараан зүсмийн морьтой хүн цаашаа явж байсан. Тэрийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэлэхэд огт тоогоогүй. Түймэр гарсан газар нь олон хүний хөлийн газар байсан. Галыг өөрсдийн хэмжээнд унтраах гэж нүдсэн. Утаанд ухаан алдаж унахаа алдсан. Ганбат ах  намайг татаж авсан. Бид хэд галыг унтраах гэж оролдоод дахиад хэсэг л удсан бол амь насаараа хохирохоор байсан. Салхи ихтэй болохоор гал нилээн том ассан. Бид гурав дийлэхээргүй том болсон. Хэмжээг нь баримжаалж хэлэх боломжгүй байсан. Дараа нь Батсайхан, Ганбат ах нар гал унтраах явцад нутгийн хүмүүстэй очиж унтраасан байсан. Галын шинжээчийн дүгнэлт дээр тэр отгоос гал гарсан гэж яг тогтоогоогүй байсан ба юунаас ч болж гал гарсан байж болно гэсэн байсан. Миний хувьд галтай болгоомжгүй харьцсанаас их хэмжээний хохирол учруулсан гэсэн гэмт хэрэгт буруутгагдсан. Би галтай огт харьцаагүй. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ удаа дараа  илэрхийлж байсан гэв.

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч П.Итгэлбаярын “...Түймэр гарсан ойд хэсэг нөхдүүд явж байгаад гал алдсан талаар сонсож мэдсэн. Би тухайн багийн нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймэр тавьсан гэх этгээдийг олж тогтоолгон байгаль экологид учирсан хохирлоо нөхөн төлүүлж авна...” гэсэн мэдүүлэг/1-р ХХ-ийн 17-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Г.Мөнхболдын “...Булган аймаг дахь Цагдаагийн газрын санхүүгээс энэхүү хэрэгт Орхон аймагт байх орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон ажлын хөлс болох 200.000 төгрөгийг “Далайван аудит” ХХК-д төлсөн. Иймд дээрх мөнгийг байгууллагын өмнөөс нэхэмжлэн байгууллагын дансанд авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ-ийн 228-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Батбаярын “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сум Хантай 2-р баг Баянголд өвөлжиж байгаа Н.Батбаярынд  өөрийн хүү Мэндбаярын хамтаар мотоциклтэй очоод гэрийнх нь гадаа буугаад эргээд харахад “Мухдаг” гэдэг амнаас гал түймэр гарсан шинжтэй утаа гарч байсан. Ингээд энэ талаар Н.Батбаярт хэлээд гал түймэр гарч байсан зүг рүү бид 3 мотоциклтэй хөдөлсөн. Батбаяр надад хандан чи нойтон бургас аваад ир цохиур хийх иш хийе, би түрүүлээд очиж байя гээд түрүүлээд яваад өгсөн. Би нойтон бургас аваад утаа гарч байгаа газар очиход Н.Батбаяр тэнд байхгүй байсан ба хүмүүс отоглож хоносон шинжтэй тулгын гурван чулуу, түүний дотор халуун нурам зэрэг зүйлс байсан бөгөөд яг тэр хоол, цай хийж идсэн халуун нурмаас эх үүсвэр авч урт нь 20 метр, өргөн нь 10 метрийн хэмжээтэй хуучин борог өвсөнд гал авалцан асаж байсан. Би авч очсон нойтон бургасаар асаж байгаа галыг нүдээд хүүгээ нутгийн хүмүүст хэл өг гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 19-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Үүрийнтуяагийн “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед гэртээ байж байхад нутгийн залуу Л.Батбаяр манайхаар хүүтэйгээ ирээд юун утаа Мухдагийн амнаас гараад байна гэж хэлэхээр нь гэрээс гараад харахад Мухдагийн амнаас утаа гарч байсан. Манай нөхөр Н.Батбаяр, Л.Батбаяр, түүний хүү гурав мотоциклтэй утаа гарч байсан Мухдагийн амруу явсан. Удалгүй манай нөхөр Н.Батбаяр гэртээ ирээд Мухдагийн амнаас хар машинтай хүмүүс гал түймэр тавьчихаад зугтаачихлаа улсын дугаарыг нь мартчихаж магадгүй ***гэсэн дугаар надад хэлж бичүүлчихээд тусгай хамгаалалтынханд хэлье гээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 22-23-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Батбаярын “...2020 оны 4 сарын 22-ны өдөр 12 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2-р баг хүйтэн түрүү гэх газарт хаваржиж байгаа гэртээ байж байтал манайд Л.Батбаяр гэдэг залуу хүүгийнхээ хамтаар ирээд Мухдагийн амнаас утаа гараад байна гэж надад хэлэхээр нь Батбаярыг бургас тасдаад цохиур хийх иш бэлдээд ир би түрүүлээд очиж байя гэж хэлээд Мухдагийн амруу ортол хар өнгийн АРБ буюу төмөр гупертэй, либотиктой ***гэсэн улсын дугаартай машин Мухдагийн амнаас гараад зугтсан... Ингээд Сэлэнгэ сум руу холбогдож албан тушаалтнуудад мэдэгдэж нутгийн иргэдийн хамтаар асаж байгаа галыг унтраах арга хэмжээ авч эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 25-27-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Амартүвшингийн “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хутаг- Өндөр сумын ЗДТГ-н дарга Б.Батцэцэг над руу яриад Хантай багт ой хээрийн түймэр гарсан байна гэж хэлсэн. Үүний дагуу түймэрт ажиллах нэгдүгээр ээлжийн 16 хүнийг удирдан Орхон аймгаар дайрч Ингэтийн гүүрээр гараад ой хээрийн түймэр гарч байсан “Баянголын мухдаг” гэх газар очсон ба тухайн үед гал түймэр ид асаж байсан. Тэнд Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нар, Зэд хантай бүтээлийн нурууны тусгай хамгаалалтын газрын ажилтан, алба хаагч нар, Хялганат сумын алба хаагч нар гээд гал унтраах бүрэлдэхүүн ирсэн ажиллаж байсан. Тэгээд бид гал түймэр унтраах ажиллагаанд оролцсон ба тэнд нийт 77 ажилтан алба хаагч, 8 машин, 5 морь, 11 мотоциклтэй хүн ажилласан. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр түймрийг бүрэн унтрааж цурамд нь оруулсан... Ямар ч байсан 3 хүн машинтай явж байсан бөгөөд ил задгай гал түлж түүнийгээ харж хандаагүйгээсээ болж гал алдаж ой, хээрийн түймэр дэгдээсэн байсан. Намайг очиход Хантай багийн байгаль хамгаалагч Б.Батпүрэвийн ярьж байснаар түймэр гарсан газраас нэг жийп машин гараад явчихлаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг/1-р ХХ-ийн 38-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Гын “...тэгээд буцаж машин дээрээ очоод дүүг гэр лүү нь явуулах гээд дуудаад хамт цай чанаж уугаад асаасан галыг Батсайхан унтраагаад цаашаа уул руу гарсан. Уул руу өгсөөд хяраар явж байгаад эргэж хартал бид нарын цай чанаж гал түлсэн газраас гал гарч байсан. Тэгээд гал гарч байна гээд буцаж уруудаж гүйгээд очиход хүрээ нь нилээн томорсон гал асаж байхаар нь унтраах гэж нилээн нүдсэн боловч унтраагүй. Доороос мотоциклтэй хүн ирж байхыг хараад зугтъя гэж би хэлээд бид нар машинаа асааж унаад хэргийн газраас зугтсан. Тэгээд ууланд машинаа орхиод Сэлэнгэ сумын зүг алхаж явсан... Галыг Хутаг-Өндөр сумын 2-р баг “Баянголын Мухдаг” гэх газар Батсайхан цай чанах гэж гал асаасан. Батсайхан галыг 2.5 литр ордог саваар ус хийж хутгаж унтраасан. Энхбаатар бид 2 хажууд нь байсан. Миний бодож байгаагаар Батсайханы унтраасан галын нурмаас буюу тухайн үед салхитай байсан учир салхинд цог хийсэж эсвэл унтарсан галыг салхи асаасан байж магадгүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 47-48, 49-р хуудас /,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Эын “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны өглөөний 07 цагийн орчим уг газар очсон. Би шөнөжин машин барьж явсан болохоор нүдний хор гаргана гээд машиндаа унтсан. Цуг явсан 2 хүн маань гал түлж, цай чанана гээд буусан. Тэгээд намайг 11 цагийн орчим цай уугаарай гэж дуудахаар нь би цай уучихаад одоо яаж буцаж явах билээ гээд ярилцаж байгаад түлсэн галаа унтраачихаад нурамд нь тамхины цаас хийгээд усаар норгоод хөрстэй нь зуураад галыг унтраасан. Ганбат, Батсайхан ах бид нар уулын оройд гарч буцаж явах замын чиглэлээ харах гэж ууланд араад ойр орчмоо харж байтал доор бид нарын байрлаж байсан газрын хэсгээс утаа гарч байхаар нь гал гарч байна гээд уулнаас буугаад галыг унтраах гэж зөндөө оролдсон боловч унтрааж чадаагүй. Тэгтэл Сайханаа ах хаяад явъя гэж хэлээд машинаа хөдөлгөөд уруудаж явахад нэг мотоциклтэй хүн зам тосоод урдаас ирж байхаар нь хажуугаар нь гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 51-52-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Болорчулууны “...түймрийг анх нутгийн иргэд хараад мэдээлэл өгсөн байсан. Мэдээлэл өгөхдөө түймэр гарсан гэх газраас хар өнгийн машин зугтаагаад урд талын мод руу орсон гэж ярьж байсан. Тухайн үед сум дундын тасгийн дарга Ш.Батхөлөг, Э.Ганзориг нар нь тухайн машин хаагуур яваад энэ газарт ирсэн юм бэ танай тусгай хамгаалалтын постоор дамжсан бүртгэл байна уу гэж асуусан. Тухайн үед бүртгэлийн талаарх холбогдох ажилтнаасаа асуухад манай постоор гаралгүйгээр тойроод гарчихсан байсан. Түймрийг 2 шөнө 3 өдөр ажиллаж байж цурманд оруулсан. Тэгээд би нутгийн иргэдийн ярьсны дагуу түймэр тавьсан гэх хар өнгийн жийп маркийн  тээврийн хэрэгсэл урд талын мод руу орсон гэж хэлсний дагуу араас нь очиж үзэхэд ойролцоогоор 10 орчим км газар явахад модон дунд уулын аманд машинаа нуусан болов уу гэхээр байрлуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 191-192-р хуудас/

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Бат-Өлзийгийн “...2020 оны 4 дүгээр сарын 20-ны үед манай ээж Б.Цэцэгээ гэх хүний биеийн байдал нь муудаж, хэвтэрт ороод Хялганат тосгоны нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Манайхан бүгд л ах дүү нараараа эмнэлэгт сахиж байсан чинь орой 19-20 цагийн үед эмнэлгийн зүүн талд том хар өнгөтэй машинтай /Энхүүш буюу Энхбаатарын машин дугаарыг нь сайн санахгүй байна/ Энхбаатар нь өөрийнхөө машиныг жолоодоод жолоочийн хажуу талд Хүрлээ овогтой Болдбаатар суучихсан арын хоёр цонх нь хаалттай болохоор яг хэн сууж явсныг нь харж чадаагүй. Эдгээр хүмүүс хүрч ирээд манай дүү Д.Быг дуудаж уулзаад машиндаа суулгаад аваад явсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа манай дүү Батсайхан, Энхүүш, нохой хочтой Ганбаа гурав хирэгсүүр ухаж байгаад түймэр тавьсан байна гэж Хялганат даяар хүмүүс ярьж байсныг сонссон...” гэсэн мэдүүлэг /1 -р ХХ-ийн 193-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Болдбаярын “...2020 оны 4 дүгээр сарын сүүлээр Цэцэгээ гэх 76 настай эмэгтэй манай эмнэлэгт хэвтэж байсан. Дээрх хүнийг Батсайхан болон түүний гэрийнхэн сахидаг байсан юм. Яг он, сар өдрийг санахгүй байна гаднаас Эрхэсийн дүү Энхбаатар манай эмнэлэгт орж ирээд үүдэнд Батсайхантай уулзаж байсан. Мөн гаднаас Х.Болдбаатар орж ирсэн үүдэнд сууж байсан.Тэгээд удаагүй Болдбаатар, Энхбаатар хоёр гарч яваад удалгүй Батсайханы ах гаднаас орж ирээд зөрөөд Батсайхан гараад явсан...” гэсэн мэдүүлэг/1-р ХХ-ийн 195-196-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Оюунчимэгийн “...2020 оны 4 сарын сүүлээр манай ээжийн бие тааруу манай гэрийнхэн эмнэлэг дээр ээжийг сахиад байж байсан. Түүний дунд манай дүү Батсайхан байсан. Тэгтэл манай эгч Эрдэнэчимэгийн утас руу цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Болдоо залгаад Батсайхантай яриулаад өгөөч гэж хэлсэн юм. Тэгтэл манай эгч Эрдэнэчимэг утсаа Батсайханд өгөөд Болдоо тэр 2 утсаар ярьсан. Тэгээд утсаа салгасны дараа Батсайханаас би чамтай хэн утсаар ярьсан бэ гэж асуухад Батсайхан Болдоо байна ойрхон хөдөө явчихаад ирье гэж байна гэсэн. Тэгэхээр нь би ээжийн бие муу байхад чи ийш тийшээ явахгүй шүү гэж хэлсэн. Тэгж хэлээд удаагүй байхад Болдоо, Энхүүш, Ганбаа гурав хар өнгийн машинтай эмнэлгийн гадаа ирсэн. Тэгээд Батсайхан уулзчихаад ирье гэж хэлээд уулзаж байгаад цуг хаашаа ч юм яваад өгсөн. Тэгээд 2-3 хоногийн дараа Батсайхан гэртээ ирсэн. Ирэхээр нь би хаашаа яваад ирж байгаа юм чамд ийш тийшээ битгий яв гэж хэлээд байхад гэсэн чинь Болдоо, Энхүүш, Ганбаа гурав ойрхон шавар гэх газар оччихоод ирье гэчихээд цаашаа Хантай Баянгол явчихаад ирлээ гэж  хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 197-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Энхболдын “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн төвд байхад ойн түймэр гарлаа гэсэн дуудлагыг цагдаагийн жижүүрээс өгсний дагуу би Булган аймгийн Хялганат тосгонд шууд очоод сум дундын тасгийн дарга Ш.Батхөлөг, экологийн байцаагч Э.Ганзориг нарыг аваад Хялганат тосгоны ертөнцийн зүгээр баруун зүгт түймэр гарсан газар руу явж байхад өөдөөс нэг машин ирж байхаар нь зогсоож шалгасан. Тухайн машин нь суудлын жижиг тээврийн хэрэгсэл байсан. Өнгийг нь сайн санахгүй байна. Тухайн машинаас жолооч гэх залуу болон Батсайхан, Болдбаатар, Ганбат нар бууж ирсэн. Тэдгээр хүмүүс анх Сэлэнгэ сумын 2 дугаар тасагт буяны ажил явдалд оролцчихоод буцаж явна гэж хэлж байсан. Тухайн үед машин дотор өөр хүн байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг/1-р XX- ийн 198-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Отгонбаатарын “...Манай эхнэр 2020 оны 04 дүгээр сард өөд болсон юм. Тухайн үед би Эрдэнэт хот руу эхнэрийн ажил явдлын юмыг цуглуулах гээд явж байх үед Х.Болдбаатар ах надруу залгаад “Хаана явж байна чиний хэрэг гараад байна машин хэрэг болоод байна” гэхээр нь би Эрдэнэтэд явж байна цаг гарны дараа Булган аймгийн Сэлэнгэ сумд хүрчих байх гэж хэлээд яасан юу болсон юм бэ гэж асуухад Х.Болдбаатар ах сумандаа ирээд надтай холбогдоорой гэж хэлсэн юм. Удалгүй би бараагаа цуглуулчихаад Сэлэнгэ сумын 2-р багт байх хадмын гэрт байж байтал найз Энхбаатар өөрийнхөө дугаараас залгаад найз нь берваз сал дээр байна найзыгаа ирээд авчих боломж байна уу гэхээр нь би орой 20-21 цагийн үед яваад очъё гэж хэлээд Энхбаатар дээр очтол найз Энхбаатар үл таних 2 залуугийн хамт байж байсан. Тэгээд би машиндаа тэр хүмүүсийг суулгачихаад эргээд явж байтал замд Х.Болдбаатар ах машины өөдөөс ганцаараа ирж байхаар нь би Болдбаатар ахыг машинд суулгахад Энхбаатар Хялганат орно гэсэн. Тэгсэн машинд суусан хүмүүс цагдаагийн пост байгаа гээд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Удалгүй Шаварын даваа гэх газар ирэхэд Х.Болдбаатар ах үл таних 2 хүний хамт миний машинаас буусан. Тэгээд би найз Энхбаатарыг Хялганат тосгон оруулж өгчихөөд буцаад сум руугаа орох гээд Шаварын давааны орчим явж байтал машинаас буусан гэх Х.Болдбаатар ах болон үл таних 2 залуугийн хамт явган алхаад явж байхаар нь машиндаа суулгаад буцаад тэр 3 хүнийг Хялганат тосгонд оруулж өгчихөөд сум руугаа явсан юм...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ-ийн 244-р хуудас/,

- Шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №11 дугаартай “...Тухайн гал түймрийн улмаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг “Баянголын Мухдаг” гэх газарт нийт 254 га талбайг хамарсан ой, хээрийн түймэр гарсан байна. Тухайн гал түймэрт хамрагдсан талбайд одоогийн байдлаар ямар ямар ургамал ургадаг болохыг тогтоох боломжгүй бөгөөд үетэн-алаг өвст ургамлууд ургадаг болох нь тогтоогдсон. Мөн тухайн газар нохойн хошуу, хайлаас, улиангар, хус, шинэс зэрэг мод бут ургасан байна. Шинэсэн ой 46.8 га, хусан ой 125.2 га, бэлчээрийн 23.1 га, хад асга 58.9 га нийт 254 га талбайг хамарсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 2 дугаар хавсралт “Ойгоор бүрхэгдсэн 1 га талбайн экологи эдийн засгийн үнэлгээ”-г баталсан байдаг. Үүнд шинэсэн ойн 1 га талбайг 36408246 төгрөгөөр, хусан ойн 1 га талбайг 15655545 төгрөгөөр баталсан байдаг. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргоор бэлчээрийн суурь үнэлгээг 963 900 төгрөгөөр тус тус тогтоож өгсөн байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам”-д ойн түймэрт нэрвэгдсэн байдлыг харгалзан тухайн ой модны шаталтын зэрэглэлийг сул, дунд, хүчтэй, нэн хүчтэй гэж ангилдаг. Тухайн шатсан талбайн экологи эдийн засгийн үнэлгээг тооцохдоо модны төрөл тус бүрээр, насны ангийн итгэлцүүрээр, тухайн баялгийн нэгж талбайн үнэлгээг үндэслэн шаталтын зэрэглэлээс хамааран тодорхой хувиар бууруулан тооцдог. Мөн түймэрт нэрвэгдсэн бэлчээрийн талбайн хохирлыг хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог бүрийн гектарын суурь үнэлгээг хавар 0,01, намар 0,3 итгэлцүүрээр үржүүлж тооцдог байгаа. Нийт 3.686.246.236,8 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг дээрх тогтоол шийдвэрүүдийг үндэслэн 183.421.668 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг гаргаж байгаа тул дахин ургах чадварыг тооцдог тогтоол шийдвэр байхгүй... Уг шатсан талбайд мал бэлчдэг цагаан энгэр нь 23.1 га, хад асгатай 58.9 га талбай байна. Өвс ургамал ургаж байгаа мал аюулгүй бэлчих талбайг ялгаж гаргасан байгаа. Үүнийг хөдөө аж ахуйн газрын үнэлгээний X- 6 дугаартай тойргийн бэлчээрийн суурь үнэлгээгээр, хаврын улирлын итгэлцүүрээр боддог. Түймрийн экологи эдийн засгийн үнэлгээнд багтааж тооцох ёстой тул экологи эдийн засгийн үнэлгээнд багтаасан байгаа... Түймэр гарснаас хойш тухайн газрын өвс ургамал ургасан боловч алаг өвст ургамлын дов болон модны үндэсний тойрог орчимд шатсан хөрсний нуранг болон сул шатсан шороон бүрхүүл байсаар байна. /Энэ нь хохирол тооцох, дүгнэлт гаргахад нөлөөлөхгүй/. Тухайн түймрийг унтраахад цурав татсан газрыг тогтоох боломжгүй. Цурав тавьснаар тухайн түймрийн тэлэх талбайг хумьж өгдөг. Уг гарсан түймрийг угтуул цурав тавьсан талбай экологи эдийн засгийн үнэлгээнд ороогүй болно. Учир нь тухайн талбайг тогтоох боломжгүй өвс, ургамал нь ургаад, хагдраад бүтэн жилийн хугацааг тойрсон байна...” гэсэн дүгнэлт /3-р ХХ-ийн 20-24-р хуудас/,

- Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын хохирлын үнэлгээ тооцох тухай: 2021 оны 3 дугаар сарын 18-ны №09 дугаартай “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход шинэсэн ойн хохирол 85.195.295.6x3 дахин тооцоход 255.585.886.8 төгрөг, хусан ойн хохирол 98.003.711.7x3 дахин тооцоход 294.011.135.1 төгрөг, бэлчээр буюу ургамалд учирсан 226.660...9x5 дахин тооцоход 1.113.304.5 төгрөг, нийт 550.710.326 төгрөг 4 мөнгө болж байна...” гэсэн дүгнэлт /3-р ХХ-ийн 26-р хуудас/,

- Булган аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 071/11 дугаартай “...Уг гал түймэр нь гал түймэр тархсан талбайн зүүн урд хэсгээс буюу Мухдаг /N4903008.5”E10401721.3”/ гэдэг амнаас гарсан байх магадлалтай байна. Газрын гадарга дээр хуурай өвс, ургамал, модоор тархсан байна. Отоглож байсан газар гал түймрийн анхны голомт мөн. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11-13 цагийн хооронд үүсвэрлэн гарсан байх магадлалтай байна. Хүний болгоомжгүй үйлдэл ил задгай түлсэн гал, асаасан тамхины цог, нурмыг бүрэн унтраалгүй орхисон байх магадлалтай. Түймрийн аюултай үед ил задгай гал түлэхгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж аюулгүй болгох үүргээ биелүүлээгүй хүний буруутай үйлдэл. Тухайн үед байгалийн үзэгдэл аянга цахилгаан цахисан эсэх талаар хэргийн материалд авагдаагүй байна. Цаг агаарын хэм дулаан, байгалийн газрын гадарга дээрх өвс ургамал хуурай, хатсан нь нөлөөлсөн. Ил задгай галын эх үүсвэрийг бүрэн унтраалгүй орхисноос гал түймэр алдсан байх магадлалтай байна...” гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 68-69-р хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-8, 2-хх-н 221-225/, 

- Булган аймгийн Засаг даргын захирамж /1-р хх-ийн 16/,

- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын захирамж /1-р хх 112/,

- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн 2 дугаар баг “Баянголын мухдаг” гэх газарт 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийн  гэрэл зураг /3-р хх-ийн 35-36/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хх-ийн 37, 73/,

- “Далай ван аудит” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/02-224 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай дүгнэлт “......”/2-р хх-ийн 88-92/,

- “Далай ван аудит” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 02/02-216 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай дүгнэлт “......”/2-р хх-ийн 81-87/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 77/,

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 474947 дугаартай өрхийн талаар тодорхойлолт, Булган аймгийн Хялганат Тосгоны захирагчийн ажлын албаны 01/344 дугаартай Д.Бы ам бүлийн талаарх тодорхойлолт, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 171 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 424 дугаартай албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч Э.Э, Д.Г нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Д.Бы гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан байх тул хэрэгт нотолгооны ач холбогдолтой гэж үзэж шүүх нотлох баримтад тооцож шийдвэрлэлээ.

Улсын яллагч Э.Гантулга яллах дүгнэлтийн хавсралтад гэрч Т.Отгонбаатарын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах санал гаргасан ба шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Сайнзаяа саналыг дэмжиж оролцсон, гэрч Т.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 21-ий өдөр, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр  нийт 3 удаа мэдүүлэг өгсөн ба 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэгтээ “...тухайн өдөр найз Энхбаатар, Болдбаатар болон өөр 3 хүн, нийт тавуулаа байсан, найз Энхбаатарыгаа нуучих санаатай цагдаад тийм мэдүүлэг өгсөн” гэж мэдүүлсэн ба прокурор 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тухайн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгон Х.Болдбаатар, Эрдэнэбаатарын Энхбаатар, Эрдэнэбулганы Энхбаатар, Д.Б, Д.Г нарт холбогдуулан 4/231 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн ба 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4/04, 4/05 дугаартай прокурорын тогтоолоор Эрдэнэбаатарын Энхбаатар, Х.Болдбаатарт нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар тухайн үед гурвуулаа явж байсан нь нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар прокурорын саналыг хүлээн авч, гэрч Т.Отгонбаатарын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б, Д.Г нар нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн 2-р багийн нутаг “Баянголын мухдаг” гэх газарт хуурайшилтын үед ил задгай гал түлж, дутуу унтраасны улмаас буюу галтай болгоомжгүй харьцаж ой, хээрийн түймэр гаргаж байгаль экологид шууд хохирол 183 421 668 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1., 4.3 дахь хэсэгт зааснаар 550 710 326 төгрөгийн, гал унтраахад 2 915 160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П.Итгэлбаяр, Г.Мөнхболд, Д.Баасанчулуун, Б.Буянзаяа нарын нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Л.Батбаяр, П.Үүрийнтуяа, Н.Батбаяр, Ж.Амартүвшин, Д.Г, Э.Э, Д.Болорчулуун, Д.Бат-Өлзий, Б.Болдбаяр, Ж.Энхболд, Т.Отгонбаяр нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 071/11 тоот дүгнэлт, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт, Хутаг-Өндөр сумын Хантай 2-р багийн “Баянголын мухдаг” гэх газарт 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийн гэрэл зураг, Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ, эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б, Д.Г нар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн 2 дугаар баг “Баянголын мухдаг” гэдэг газарт очиж хиргэсүүр ухах, бугын эвэр түүхээр 2-3 хоногийн өмнө ярилцаж, 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Э.Эын машинаар уг газарт хүргүүлэхээр болж уг газраа очиж отоглон тулгын гурван чулуун дээр буюу ил гал дээр цай, хоол хийж идээд явахдаа уг ил задгай галын эх үүсвэрийг дутуу унтраасны улмаас буюу галтай болгоомжгүй харьцаж ой, хээрийн түймэр гаргаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд яллах талын нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдож, тогтоогдсон тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хохирол төлбөрийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч П.Ган-Очир нь тухайн үед гурван хүн байсан, бүгд галыг унтраасан гэж бодоод явцгаасан, эдгээр гурван хүн гурвуулаа хариуцлага хүлээх ёстой гэж, шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч М.Даваасүрэн, О.Сарантуул нар нь шүүгдэгч Э.Э дээрх гэмт хэрэгт оролцоогүй, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн байр сууринаас тус тус оролцжээ.  

Харин шүүгдэгч Д.Гыг галтай харьцаагүй, шүүгдэгч Э.Эын үйлдэлтэй ижил түвшинд оролцсон гэж өмгөөлөгч Ч.Отгонжаргал мэтгэлцсэн ба энэ нь шүүгдэгч Д.Гын мөнгө олох зорилгоор анх Баянголд нэг хиргисүүр байгаа, тэрийг ухаж үзээд тэгээд бугын эвэрт явъя гэсэн саналыг гаргаж, шүүгдэгч Д.Б нь саналыг дэмжиж, тухайн газарт хүргүүлэх унаа хайж, Э.Эыг гуйснаар тухайн газарт 3-4 хоногийн хоол хүнсээ бэлдээд очсон, /гэрч Д.Гын мэдүүлэг хх-ийн 49-50/, хийн газаар ажилладаг плитка авч яваагүй /шүүх хуралдааны тэмдэглэл/, хаврын улиралд, салхитай сэрүүн цаг агаарын нөхцөлд халуун хоол, цай хийж идэхгүйгээр тухайн газарт 3-4 хонох боломжгүй зэрэг нөхцөл байдлаар няцаагдаж байна. 

Шүүгдэгч Д.Б, Э.Ганбат нар нь хиргисүүр ухах, бугын эвэр түүхээр урьдаас үгсэн тохиролцож Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн 2-р баг “Баянголын мухдаг” гэх газарт очсон, бугын эвэр түүх, хиргисүүр ухах санаа зорилгоо гүйцэлдүүлэхээр тухайн газарт отоглож, хуурайшилт, салхины хурд ихтэй үед ил задгай гал түлж болохгүй гал алдана гэдгийг мэдэх боломжтой байтал галтай буруу харьцаж хоол, цай чанаж идчихээд бүрэн унтраалгүй орхиж явсны улмаас ой, хээрийн түймэр гарч 254 га шатаж, байгаль экологид 550 710 326 төгрөгийн хохирол, түймрийг унтраахад 2 915 160 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан. Шүүгдэгч Д.Г тухайн газарт очих саналыг гаргаагүй бол, Д.Б очиж гал түлж, цай чанаж, галтай болгоомжгүй харьцах үйлдэл гаргахгүй байсан гэж үзлээ. Иймд Д.Гыг дээрх гэмт хэрэгт оролцоогүй, гэм буруугүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. 

Харин шүүгдэгч Э.Эыг Д.Б, Д.Г нартай Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн 2-р баг “Баянголын мухдаг” гэх газарт хуурайшилтын үед ил задгай гал түлж, дутуу унтраасны улмаас буюу галтай болгоомжгүй харьцаж ой, хээрийн түймэр гаргаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн тухайд:

Шүүгдэгч Д.Б, Д.Г нар нь тухайн газарт хиргисүүр ухах, бугын эвэр түүхээр урдаас ярилцаж тохирч, төлөвлөсөн ба дээрх газарт хүргүүлэхээр машин хайж байгаад Э.Эыг 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр найзынхаа эхнэрийн ажил явдалд оролцоод Хялганат тосгоноос 2-р тасаг явах гэж байхад нь Д.Б нь Хантай Баянгол руу машинаараа дөхүүлээд өгөөч гэж гуйсан ба түүний хүсэлтээр хүргэж өгөхөөр явсан нь хуурайшилтын үед ил задгай гал түлж, дутуу унтраасны улмаас буюу галтай болгоомжгүй харьцаж, ой хээрийн түймэр гаргаж их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт хэрхэн яаж оролцсон болох нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл Д.Б, Д.Г нарын урьдаас төлөвлөсөн хиргисүүр ухах, бугын эвэр түүх ашиг сонирхолд нэгдээгүй, хамт явахаар төлөвлөөгүй, Хялганат тосгоноос 2-р тасаг орох ажилтай байсан болохоор Сайханаа /Батсайхан/ ахыг “Баянголын мухдаг” хүргээд өгөөч гэхээр нь машинаараа хүргэж өгчихөөд буцаад явах гэж байсан, уг газар нь өглөө ирээд машин дотроо унтаж байхад цай уу гэхээр нь сэрэхэд гал түлээд цай чаначихсан байсан гэх Э.Эын мэдүүлэг нь яллагдагч Д.Гын “... 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр намайг гэртээ ганцаараа байж байхад Батсайхан нь ирээд машин олчихлоо хамт явъя гэж хэлсэн. Тэгээд би Батсайханы хамтаар гэрээс гарахад Энхүүш буюу Энхбаатар гэх залуу байсан. Тэгээд тухайн залуугаар “Баянголын мухдаг” гэх газар руу орой хүргүүлэхээр гарч өглөө 06 цагийн орчимд очсон. Тухайн газарт галыг Батсайхан асааж цай чанаж уусан.” гэх мэдүүлэг, гэрчээр Д.Бы өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Тосгонд байж байтал танил дүү Энхбаатар нь аавындаа машинтайгаа ирчихсэн байсан. Тэгээд би Энхбаатарыг 2-р тасаг явах юм бол ахыгаа Баянгол хүргээд өгчихөөч гэж гуйтал, тэгье гээд орой 19-20 цагийн орчим Ганбатыг аваад Энхбаатар машинаа бариад би гэрээсээ өөрийн хөнжил пүүгээгээ авсан. Хөнжил пүүгэндээ хүрз жоотуу гэх зүйлсийг нуугаад авч явсан. ...Энхбаатар машиндаа нойр хүрээд байна жаахан унтъя гээд унтаад өгсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энхбаатарыг гуйж авч яваад хэрэгт оруулсандаа харамсаж байна” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдож байна.

Учир нь аливаа хүсэл зоригийг хийхээр хамтран төлөвлөхөд, хамтран оролцогч тус бүрдээ өөрийн гэсэн хувь оруулсан байх ёстой ба оролцогчид өөрийн санаагаа үйлдлээрээ илэрхийлсэн байх ёстой. Гэтэл Э.Э нь бусдын  гуйлтаар Д.Б, Д.Г нарыг хүрэх газар нь хүргэж өгсөн, Д.Б, Д.Г нар нь тухайн газарт отоглож, бугын эвэр түүх, хиргисүүр ухах зорилготой байсан тул тулгын гурван чулуу тавьж, гал түлээд цай чанасан, галыг 2.5 литрийн устай саваар зуураад унтраасан гэх галтай харьцсан үйлдэл хийж байхад ямар идэвхтэй үйлдэл илэрхийлсэн, энэ нь тэдний үйлдэлд хэрхэн нөлөөлсөн, буруутай үйл ажиллагаа байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Э.Эт холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 “Ой хээрийн түймэр тавих” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд зарим тохиолдолд санаатай хэлбэрээр илэрч болно. Шүүгдэгч Д.Б, Э.Ганбат нарын хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон тул шүүгдэгч Д.Г, Д.Б нарыг хуурайшилтын үед ил задгай гал түлж, галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр тавьж, 550 710 326 төгрөгийн, гал түймэр унтраахад 2 915 160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Б, Д.Г нарыг хуурайшилтын үед ил задгай гал түлж, галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, 550 710 326 төгрөгийн, гал түймэр унтраахад 2 915 160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

  Шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б, Д.Г нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Б, Д.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “тухайн шатсан талбайд өвс ургамал ургаж нөхөн сэргээгдсэн” гэж тайлбарлаж байгаа боловч гэм буруутай этгээдийг байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хүний зүй бус ажиллагааны улмаас сүйдсэн байгаль орчин зарим тохиолдолд тодорхой цаг хугацааны дараа жам ёсоороо эргэн сэргэх үйл явц байдаг. Гэвч үүнийг байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирол нөхөн төлөх хууль зүйн хариуцлагаас чөлөөлөх шалтгаан болгох нь буруу юм. Хэрвээ энэ үндэслэлээр гэм буруутай этгээдийг хохирол нөхөн төлөөхөөс чөлөөлбөл, энэ нь нэгдүгээрт, байгаль орчин өмнөх байсан шиг хэмжээнд эргээд нөхөн сэргээгдэх хүртэлх хугацаанд үргэлжилсэн экологийн тэнцлийн алдагдал, хохирлыг тооцон үзэхгүй учир дутагдалтай дүгнэлт болно. Хоёрдугаарт, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн журмын зорилго нь зөвхөн тухайн хэсгийг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг төлүүлэхээр хязгаарлагдахгүй, цаашид байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн зорилгыг давхар агуулдаг. Байгаль өөрийн жамаар нөхөн сэргээгдсэн гэх хуульд заагдаагүй шалтгаанаар хохирлыг төлүүлэхгүй байх нь эрх зүйн энэхүү зорилгыг үгүйсгэсэн болно.

Харин Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан. Энэ зохицуулалтыг “гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм хорын хувьд хэрэглэхгүй байх”-аар зааснаас үзвэл, шүүхээс гэм хорыг нөхөн төлүүлэх хэмжээг тогтоохдоо гэм буруугийн хэр хэмжээтэй харьцуулан  үзэхийг шаардсан гэж ойлгож болохоор байна. Түүнчлэн тухайн этгээд хэдийгээр гэм буруутай байлаа ч гэлээ, түүний эд хөрөнгийн байдлыг харгалзаж байхыг хуулиар шаардсан байна. Нэгтгэн дүгнэвэл, санамсар болгоомжгүй байдлаас учруулсан хохирлыг бүгдийг нөхөн төлүүлэх тохиолдолд тухайн гэм буруутай хүн эдийн засгийн хувьд сүйрэлд орохоор байвал шүүх нөхцөл байдалд тохируулан багасгаж болох эрх зүйн боломжийг хууль тогтоогч бий болгосон байна. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд, дээрх эрх зүйн боломжийг хаасан, үгүйсгэсэн, өөрөөр зохицуулсан тусгай зохицуулалт байхгүй учраас, иргэний эрх зүйн энэхүү ерөнхий хэм хэмжээ нь байгаль орчинд учруулсан гэм хорын хувьд нэгэн адил үйлчилнэ.

Шүүгдэгч Д.Б, Д.Г нарын гэм буруугийн тухайд дүгнэвэл:  санамсар болгоомжгүй зан үйлээр гал алдаж түймэр тавьсан, тэр даруйдаа түймрийг унтраах гэж өөрсдийн чадах чинээгээр оролдлого хийсэн ч салхи ихтэй, хуурайшилт өндөртэй байснаас түймэр хурдан тархаж, улмаар их хэмжээний хохирол учирсан байна.

Шүүгдэгч нарын эд хөрөнгийн тухайд: Шүүгдэгч Д.Бы хувьд, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, нэн ядуу өрхийн бүртгэлтэй, өмчлөлд газар болон газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй, гэрлэж байгаагүй, /1-р хх-ийн 83, 100, 104/, шүүгдэгч Д.Гын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөө раманд туслах ажил гарвал тухай бүрд хийж, амьдралаа залгуулдаг, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь өвчний учир хэвтэрт, охин нь өвчний учир группэд байдаг, өмчлөлд газар болон газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй нөхцөл байдлаар тэдний хувийн байдал тогтоогдож байна. /1-р хх-ийн 100, 102/

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Б, Д.Г нарын гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан 183 421 668 төгрөгийн шууд хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 дахин нэмэгдүүлэхгүйгээр 183 421 668 шууд хохирол, гал түймэр унтраахад 2 915 160 төгрөг нийт 186 336 828 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоож Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль, орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б, Д.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 9.2-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ороогүй байх тул шүүгдэгч нарын тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь хуулийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул прокурорын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/21 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолуудыг хүчингүй болгож, Э.Эын эзэмшлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 7-р баг СӨХ-ийн 1-р байр 59 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-210100358  дугаартай 18м.кв талбай бүхий 1 өрөө байр, “Mitsubishi challenger” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигчид буцаан олгохыг дурдав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 200 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулахаар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Г, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Б нь 190 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Гад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, Э.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Өндөрийнхөн овогт Эрдэнэбулганы Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Хөхөө овогт Даваанямын Батсайхан, Боржигон овогт Дагвадоржийн Ганбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр тавьж, байгаль экологид 550 710 326 /таван зуун тавин сая долоон зуун арван мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийн, гал түймрийг унтраахад 2 915 160 /хоёр сая есөн зуун арван таван мянга нэг зуун жар/ төгрөгийн нийт 553 625 486 /таван зуун тавин гурван сая зургаан зуун хорин таван мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Г нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Г нарт тус тус гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Б, Д.Г нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Г нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

7. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Г нараас тус бүр гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 91 710 834 /ерэн нэгэн сая долоон зуун арван мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД: 9085084/, төрийн сан дахь 100900013040 тоот дансанд, гал түймэр унтраахад гарсан зардалд 1 457 580 /нэг сая дөрвөн зуун тавин долоон мянган таван зуун наян/ төгрөгийг гаргуулан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын /РД:9011153/ төрийн сан дахь 100041355001 дугаарын дансанд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан Булган аймаг дахь Цагдаагийн газрын /РД 9012656/ төрийн сан дахь дансанд тус тус оруулсугай.

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 4/21, 4/22 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн Орхон аймаг Баян-Өндөр сум 7-р баг СӨХ-ийн 1-р байр 59 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-210100358 дугаартай 18м.кв талбай бүхий 1 өрөө байр, “Mitsubishi challenger” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигч Э.Эт буцаан олгохоор шийдвэрлэв.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Г, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Б 190 /нэг зуун ерэн/ хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирсэн СD 2/хоёр/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж даалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж даалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЭНЭРЭЛ