Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00187

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Жамсранжавын гудамж 3/1 байрлах, “Экспресс трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө хотхон үйлдвэр гудамж, 29а байрны 2 тоотод оршин суух, Жамц овогт Батаагийн Бэгзсүрэн /РД:ЙЮ82083016/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтай 3 гудамж, 259 тоотод оршин суух, Боржигон овогт Сорогжавын Цэрэнбат /РД:ОС73112319/ нарт холбогдох, 

зээлийн өрийн үлдэгдэл 1 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ганбат, хариуцагч Б.Бэгзсүрэн, С.Цэрэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч  “Экспресс трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б.Бэгзсүрэн, С.Цэрэнбат нараас зээлийн өрийн үлдэгдэл 1 850 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

          Нэхэмжлэгч  “Экспресс трейд” ХХК-ийн захирал Ш.Ганбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна” гэв.

 

          Хариуцагч Б.Бэгзсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг талаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож эвлэрэхээр болж  байна гэв.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Нэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК нь 1 850 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 925 000 төгрөг болгож, 925 000 төгрөгөөс татгалзав. Хариуцагч Б.Бэгзсүрэн, С.Цэрэнбат нар нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 925 000 төгрөгийг зөвшөөрч уг мөнгийг Б.Бэгзсүрэн төлөхөөр /5034107187 дансанд хийхээр/ болов. Хоёр тал өөрсдийн хүсэл сонирхол, сайн дураар эвлэрэв” гэжээ. 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК нь зээлийн өрийн үлдэгдэл 1 850 000 төгрөгийг хариуцагч Б.Бэгзсүрэн, С.Цэрэнбат нараас гаргуулахыг хүсчээ. 

Хэргийн баримтаас үзэхэд Б.Бэгзсүрэн нь 6 000 000 төгрөгийг хүүгүй зээлж авсанаа зөвшөөрсөн байх бөгөөд зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг автомашин ашигласны төлбөр 700 000 төгрөг, жолоочийн цалин 300 000 төгрөгөнд суутгасан талаарх  тайлбараа бичгээр ирүүлсэн байна.

Харин хариуцагч Н.Цэрэнбат нь автомашины засварын зардалд 550 000 төгрөг, цалинд 300 000 төгрөгийг урьдчилан авсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК нь 1 850 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 925 000 төгрөгийг  татгалзаж, үлдэх 925 000 төгрөгийг хариуцагч Б.Бэгзсүрэн төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон 

                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаарнэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 1 850 000 төгрөгийн 925 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 925 000 төгрөгийг хариуцагч Б.Бэгзсүрэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Бэгзсүрэнгээс 26 750 төгрөгийг гаргуулж “Экспресс трейд” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ЭНХЦЭЦЭГ