Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00274

 

       “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02342 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, С.Ц нарт холбогдох

Зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөг, автомашины засвар үйлчилгээнд авсан 550 000 төгрөг, жолоочийн урьдчилан авсан 300 000 төгрөг нийт 1 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Тендерт оролцох гэсэн юм 6 000 000 төгрөг түр өгөөч мөнгөө бүрэн төлж дуустал танай компанийн ажилд миний эзэмшлийн 66-87 УНЗ улсын дугаартай Хьюндай машинаа хэрэглүүлье” гэж 6 000 000 төгрөг зээлж авсан. Тухайн автомашиныг компанийн ажил үйлчилгээнд ашиглуулахаар тохиролцсон байсан. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Б-ийн жолооч гэх С.Ц нь танайхаас авсан мөнгийг төлөх гэсэн юм ”Сайн” ломбардад шууд аваачиж тавиад мөнгийг чинь өгнө гэж итгүүлэн автомашиныг авч явсан. 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлээд үлдэгдэл мөнгийг өгөөгүй сураггүй болсон.

Мөн жолооч С.Ц гэрээ байгуулсан өдөр 300 000 төгрөг урьдчилж авсан бөгөөд уг мөнгөө эргүүлж өгөөгүй. Уг автомашинд эвдрэл гараад байна сэлбэг авна гэж 560 000 төгрөгийг авсан бөгөөд машин нь огт эвдрээгүй сэлбэг материал ч аваагүй худал хэлж авсан байна. Энэ талаар цагдаад гомдол гаргасан боловч хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Б.Б-тэй машины түрээсийн талаар ярихгүй, төлбөр тооцоог С.Ц-ын дансаар хийж байсан. Хамгийн сүүлд буюу 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр С.Ц-ын ажлын хөлсний үлдэгдэл гэж 200 000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлж, ямар нэгэн өр авлага төлбөр тооцоо үлдээгүй. Манай компани хууль ёсны дагуу татвар төлж, тайлан мэдээ гаргадаг. Иймээс хариуцагч Б.Б, С.Ц нараас нийт 1 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсан нь үнэн, гэхдээ шүүхэд гаргаж өгсөн гэрээг би байгуулагүй, миний гарын үсэг биш. Тухайн үед машины гэрчилгээ бид хоёрт байгаагүйн улмаас гэрчилгээ авчирсны дараа гэрээгээ хуулбарлаад гэрчилгээний ар талд хавсаргаарай гэж орхисон. Иймээс бид хоёр гэрээгээ аваагүй. Гарын үсэг биш гэдгийг шүүхийн шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлтээр нотлогдож байна. Нэхэмжлэгч өөрөө прокурор дээр очоод мэдүүлэг өгөхдөө Б.Б гэрээ хийгээгүй гэж хэлсэн байсан. Анх уулзахдаа манай машинд 560 000 төгрөгийн сэлбэг авах шаардлагатай гэж хэлэхэд манайд бас адилхан машин байгаа тэрний сэлбэгийг хольж солиод хийчих, барагцаалаад 560 000 төгрөгийн үнэтэй болох байх гэхээр нь тэгье гэж тохиролцсон. Түрээсийн гэрээн дээр энэ бүхнийг бичсэн байгаа. Шүүх дээр ирээд эвлэрч эвлэрлийн гэрээг байгуулаад, захирамж гарсны дараа цагдаад гомдол гаргаад надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хуурамч гэрээнээс болж бид хоёрыг жил 2 сар хохироосон. Миний хувьд 6 000 000 төгрөгийг аваад, 5 000 000 төгрөгийг буцааж өгсөн, үлдэгдэл 1 000 000 төгрөгөөс 19 хоногийн түрээс буюу 700 000 төгрөг мөн С.Ц-д өгөх ёстой 300 000 төгрөгийг суутгасан учраас тооцоогүй гэжээ.

Хариуцагч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Э” ХХК-д түрээсээр явж байсан мөнгө гэж 350 000 төгрөгийг аваагүй байсан. Түүний үлдэгдэл мөнгө гэж 350 000 төгрөгийг авсан. Машин эвдрээд ажилд нь саад болсон нэг ч өдөр байхгүй. Машины руль эвдэрсэн зүйлгүй, харин эвдрэл гарсан тохиолдолд н.Г хариуцахаар 560 000 төгрөг өгье, түрээсэлж байгаа учраас чамайг нэг өдрийн 50 000 төгрөгөөр цалинжуулая гэж Б.Б-д 6 000 000 төгрөг зээлдүүлсэн юм. Уг зээлээс  5 000 000 төгрөгийг н.Ганбатөд өгөөд үлдсэн 1 000 000 төгрөгөөс  300 000 төгрөгийг надад, захиралд 560 000 төгрөгийг өгсөн гэжээ. 

Шүүх:Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Б.Б-ээс 1 560 000 төгрөгийг, хариуцагч С.Ц-аас 300 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.Б-ээс 39 909 төгрөг, хариуцагч С.Ц-аас 9 649 төгрөг тус тус гаргуулж “Э” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “Э” ХХК-ийн захирал Ш.Г шүүхэд хураамч гэрээ гаргаж өгснийг Шүүхийн шинжилгээний албан давтан шинжилгээгээр тогтоосон. Ш.Г Баянгол дүүргийн Прокурор, цагдаагийн байгууллагад тайлбар өгөхдөө гэрээ байгуулаагүй хэмээн гарын үсэг зурсан байдаг. Баянгол дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалд гэрээ хийгдсэн эсэхийг тогтоогоогүй болно. Иймд шүүийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Ж.Б-ээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1 000 000 төгрөг, автомашины  засвар үйлчилгээний зардалд авсан 550 000 төгрөг нийт 1 550 000 төгрөг, хариуцагч С.Ц-аас 300 000 төгрөгийг тус тус  гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөгийг хариуцагч Б.Б-д зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Зохигчид 5 000 000 төгрөг зээлж, зээлийн төлбөрт 4 000 000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй, харин талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн төлбөрийн үлдэгдэл 1 000 000 төгрөгт сэлбэгийн үнэ 550 000 төгрөг, ажлын хөлс 300 000 төгрөгийг тооцох эсэхэд маргасан байна.

Хэргийн 6 дугаар талд авагдсан 2016 оны 5 дугар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд зурсан гарын үсэг, хариуцагч Б.Б-ийн гарын үсэгтэй тохирохгүй байгаа талаарх шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн тайлбарыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн ХААН банкны 5003433774 дугаартай дансанд 5 000 000 төгрөг шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох тул хариуцагч Б.Б зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. Харин хариуцагч Б.Б зээлийн төлбөрт 1 000 000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заасан зээлсэн мөнгөө буцаан өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Мөн нэхэмжлэгчээс 560 000 төгрөгийг автомашины засварын зардалд шилжүүлсэн боловч машин эвдэрч, засвар хийсэн болохыг хариуцагч нотлоогүй буюу машин эвдрээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар үгүйсгээгүй байна. 

Мөн хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс урьдчилж авсан 300 000 төгрөгийг хариуцагч С.Ц төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б, С.Ц нараас шаардах эрхтэй.

Шүүх талуудын хоорондын зээлийн маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хуулийн үндэслэлтэй дүгнэсэн тул хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх  хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА