Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00575

 

Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1136 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр магадлалтай,                                                                                                           

Б ын нэхэмжлэлтэй,

“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн Дархан салбар, Б  нарт холбогдох

Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б  нарын хооронд байгуулагдсан 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/167 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, Б ын гэр бүлийн хэрэгцээний 1105 м.кв талбайтай өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Б  нь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай 2012 оны 06 сарын 15-ны өдрийн 12/292 дугаартай зээлийн гэрээ болон 12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан 40 сая төгрөгийн зээл авсан. Ингэхдээ Б ын гэр бүлийн хэрэгцээний 1105 м.кв талбайтай өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаанд тавьсан. Би 2017 оны 10 сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өөрийн өмчлөлийн газрын кадастрын зургийг авч үзээд энэ талаар мэдлээ. Иймд миний өмчлөх эрхэд халдсан Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б  нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 сарын 15-ны өдрийн 12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Б ын гэр бүлийн хэрэгцээний 1105 м.кв талбайтай өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017.11.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2012.06.15-ны өдрийн гэр бүлийн хэрэгцээний 1105 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. 40 сая төгрөгийн зээл авсан байдаг. 1150 м.кв талбайтай барьцаанд тавигдсан байдаг. Энэ талаар шүүхийг оролцуулан үзлэг хийх хүсэлт тавьсан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүх хангаж, шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Б ын өмчлөлийн сууц, газар орсон учраас хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б гийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Би анх ХХБ-аас 2011 онд 40 сая зээл авсан бөгөөд тэгэхэд эдийн засагч хүүхэд ирээд авсан мөнгөөрөө юу хийх вэ гэхэд нь тэр үед барьж байсан хувийн сууцыг үзүүлэн үүнд хөрөнгө оруулна гэж хэлсэн бөгөөд түүний зургийг нь авч байгаад явсан болно. Тэгээд сүүлд нь ШШГЕГ-т очоод үнэлгээ хийлгэх болоход уг байшинг барьцаанд авсан болохыг мэдэж удаа дараа шүүхэд хандаж учрыг гаргаж тайлбарласан боловч тэд өөрсдийнхөөрөө зүтгэсээр өнөөг хүргэсэн болно. Уг байшин барьцаанд байх ямар ч нөхцөлгүй бөгөөд миний 2825,52 м.кв газрын гадна талд хол зайд байгаа бөгөөд өөр хүний нэр дээр гэрчилгээтэй байгаа бөгөөд банкны ажилтны ажлаа мэдэхгүйгээс болж уг байдал үүсч бид нарыг хохироож байгаа болно. Миний 68 м.кв талбайтай дэлгүүр 162 м.кв гараашууд 78 м.кв хувийн сууц бүгд дундаа нэг газрын гэрчилгээтэй бөгөөд ХХБ нь уг зээлийн гэрээг, барьцааны гэрээг буруу хийж энэ хугацаанд барьцаанд байх хооронд газрын хөдөлгөөн хийж уг байшинг авахын тулд газрыг нь миний нэр дээр шилжүүлсэн бөгөөд тэгж шилжүүлсний улмаас миний дэлгүүр гараашууд газаргүй болсон бөгөөд би гараашуудаа зарж өрөө төлөх гэтэл газаргүй болсон гараашуудыг зарах аргагүй болсон бөгөөд уг банк өөрсдийн буруу ажиллагааны улмаас бид нарыг хохироож одоо бүр газар байшин ч байхгүй болгож байгаа тул уг асуудлыг үнэн мөнөөр нь олж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн Дархан салбарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Хариуцагч Б  нь тус банктай 2011 оны 11 сарын 16-ны өдрийн 11/167 тоот Зээлийн гэрээ, 11/167 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулж 40,000,000.00 төгрөгийн, 2012 оны 06 сарын 15-ны өдрийн 12/292 тоот Зээлийн гэрээ, 12/292/1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулж 40,000,000.00 төгрөгийн нийт 80,000,000.00 төгрөгийн зээлийг авсан байдаг. Б  нь 12/196 тоот, 11/167 тоот Зээлийн гэрээ, 12/292 тоот Зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн Ү-2003009244 улсын бүртгэлийн дугаартай, 000104468 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 78.0 м.кв талбай бүхий хувийн сууц, Ү-2003011023 улсын бүртгэлийн дугаартай, 000104469 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 68.0 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2003013866 улсын бүртгэлийн дугаартай, 000104470 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 162.0 м.кв талбай бүхий 9 машины гарааш Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай, 000085880 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 2825.52 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хамт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Барьцаалах үед дээрх хөрөнгүүд нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн 2010 оны 03 сарын 29-ний өдрийн 369, 370, 371, 372 тоот албан тоотуудаар үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байсан нь баталгаажиж байна. 2016 оны 12 сарын 13-ны өдрийн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 02/2539-н тоот албан тоотоор Худалдаа хөгжлийн банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байх нь нотлогдож байна. Мөн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 20-н тоот албан тоотоор Б гийн өмчлөлийн 080122075 тоот нэгж талбарын дугаартай, Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 2825.52 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын талбай нь 2,825 м.кв, нэгж талбарын дугаар 4504502142 болж өөрчлөгдсөн байна. Нэхэмжлэгч Б ын хэргийн материалд өгсөн нэхэмжлэгчийн өмчлөлийн Г-2003001191 улсын бүртгэлийн дугаартай, 000166002 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг Мангирт 1-р хэсэг, 4А тоот хаягт орших 1105.0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний кадастрын зураг, хариуцагч Б гийн тус банкны зээлийн барьцаанд байгаа Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай, 000085880 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 2825.52 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын кадастрын зургуудаас үзэхэд тус газрууд нь нэгж талбарын дугаар өөр, давхцан оршдоггүй нь зургаас нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Б ын өмчлөлийн газрыг барьцаалсан байх үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэгч Б ын гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хамгийн сүүлд шүүхээс шинжээч томилж дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд Б ын гаргаж байгаа нэхэмжлэл нь буруу юм гэж дүгнэсэн байгаа. Хариуцагчийн газар, байрыг барьцаалаагүй гэдэг нь тодорхой байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байгаа. Газар, үл хөдлөх хөрөнгө нь манай банканд барьцаалагдаагүй. Шүүхийн шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Тухайн үед зээлдэгч нар шүүхээр эвлэрсэн байдаг. Б  өөрөө энэ байдлыг мэдэж байгаа учраас өнөөдөр ийм нэхэмжлэл гаргаад яваад байгаа. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын зүйл нь манай компанид барьцаалагдаагүй. Энэ бидэнд хамааралгүй. 72 м.кв талбайтай хувийн сууцыг бид барьцаалаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж хэлмээр байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1136 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар нэхэмжлэгч Б ын гэр бүлийн хэрэгцээний 1105 м.кв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/-ыг барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх, Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар, Б  нарт холбогдох Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б  нарын хооронд байгуулагдсан 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11/67 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Капитал банк Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.01-ний өдрийн 1136 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.10-ны өдрийн 129 дугаар магадлалыг хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хууль хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Б  нь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай 2012.06.15-ны өдөр 12/292 дугаартай Зээлийн гэрээ болон 12/292/1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан 40 сая төгрөгийн зээл авсан авахдаа Б ын гэр бүлийн хэрэгцээний 1105 м.кв талбайтай өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууц тус тус барьцаанд тавигдсан байна. Хариуцагч Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар тайлбарлахдаа “...Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын ажилтан ирж барьцаа хөрөнгийн зургийг авахдаа буруу байшингийн /Б ын/ зургийг авснаас Б ын хувийн сууц, газар барьцаалагдсан байна” гэж тайлбарладаг. Худалдаа хөгжлийн банк барьцаа хөрөнгийнхөө байршлыг дахин нягталж барьцаа хөрөнгөө зөвтгөх боломжтой бөгөөд энэ талаар удаа дараа санал тавихад татгалзсан хариу өгдөг. Арга буюу шүүхэд хандаж үнэн зөв бодитой шийдвэр гаргуулах гэсэн боловч анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь бүрэн судалж үнэлээгүй, хэргийг бодитой, үндэслэл бүхий шийдвэрлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд гомдолтой байна. Дархан-Уул аймаг Дархан сум 15-р баг Мангирт 1-р хэсгийн 2-4 тоотод байрлах газар, хувийн сууцыг кадастрын зураг дээр тус тус тодорхойлж, бодит байдалтай харьцуулан зохигчдыг байлцуулан шүүхээр үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хангаагүйгээр зогсохгүй Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батчулууны гаргасан шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан үнэлээгүй, хийсвэр дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн энэхүү хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөж чадсангүй. Иймд Б  миний өмчлөх эрхэд халдсан Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б  нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, гэр бүлийн хэрэгцээний 1105 м.кв талбайтай өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Б  хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар, Б  нарт холбогдуулан тус банкны Дархан салбар болон Б  нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, Б ын гэр бүлийн хэрэгцээний 1105 м.кв талбайтай өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11/67 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

“...тус банкны Дархан салбар болон Б  нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн, 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн, 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний барьцааны зүйл биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хариуцагч маргажээ.

Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар зээлдэгч Б , Б.Тогтохсүрэн нартай 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11/67 тоот, 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12/292 тоот зээлийн гэрээ байгуулан, 12/292/1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр 4 нэрийн үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн эрх, түүний бүрдэл хэсэг, дагалдах зүйл, үл хөдлөх хөрөнгийг засан сайжруулсан хөрөнгө, нэмэлт хөрөнгө оруулалтыг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны зүйл болгосон ба зээлдүүлэгч нэхэмжлэл гаргаснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүх шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1369 тоот захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, зээлдэгч нар 75,820,000.00 /далан таван сая найман зуун хорин мянга/ төгрөг Худалдаа хөгжлийн банканд төлөхөөр болжээ.

Зээлдэгч нар төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тул Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 242-4476 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхлүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №369, 370, 371, 372 тоот албан бичиг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/2539 тоот албан бичгээс үзэхэд Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар зээлдэгч Б , Б.Тогтохсүрэн нарын хооронд 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ, 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12/292/1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулагдах үед тухайн үл хөдлөх хөрөнгөд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байжээ.

2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12/292/1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний зүйл болох 68 м.кв дэлгүүрийн байр, 2825.52 м.кв эдэлбэр газар, 78 м.кв хувийн сууц, 9 машины гарааш болон 54 м.кв талбай бүхий 3 машины гараашийн хууль ёсны өмчлөгч нь Тайжууд овгийн Балдангийн Золзаяа болох нь Дархан Уул аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанаас 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгосон гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын зураг зэргээр нотлогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар зээлдэгч Б , Б.Тогтохсүрэн нарын хооронд 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 11/67 тоот болон 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12/292/1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний зүйл нь нэхэмжлэгч Б ын гэр бүлийн хэрэгцээний 1105 м.кв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар давхар барьцаалагдаагүй, мөн 154 дүгээр зүйлийн 154.5-д зааснаар барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээд барьцаалаагүй, 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдол үүсээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэгч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд ижил агуулгатай гомдол гаргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс гомдлын үндэслэлд хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1136 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Б ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                         Д.ЦОЛМОН