| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00607/И |
| Дугаар | 130/ШШ2017/00214 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2017/00214
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын төвд оршин суух, утас:************, РД:БЮ**********, Ш овогт Х гийн Т н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, Х ТББ-ын туслах ажилтан, утас ********, РД:ЧЕ******* Ш овогт К Б д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Т , түүний өмгөөлөгч Х.З , хариуцагч К.Б , түүний өмгөөлөгч А.С , С.Н, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: К.Б аас өлөн гэдэсний үнэ болох 4152600 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.Т шүүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К.Б нь хонины өлөн гэдэс авч боловсруулан гадаадад гаргадаг компанитай байсан бөгөөд би хар зах дээрээс цуглуулсан өлөн гэдсийг түүнд нийлүүлэн үнийг авдаг харилцаа холбоотой байсан. Би 2015 оны 2,3,4 дүгээр сард нийтдээ 4307ш өлөн гэдэс нэг бүрийг 1800 төгрөгөөр үнэлэн тушааж бүгд 7752600 төгрөг авах ёстой байснаас 3600000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд үлдсэн 4152600 төгрөгийг өгөхгүй чирэгдүүлж байна. Энэ нь К.Б ы 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болон 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд өөрийнх нь ******** дугаартай утаснаас миний утсанд бичсэн мессежүүдээр бүрэн нотлогдоно. Би эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрч чадаагүй. Иймд К.Б аас 4152600 төгрөг гаргуулж өгч тусална уу гэжээ.
Нэхэмжлэгч Х.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би К.Б д холбогдуулж нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл тушааж байсан өлөн гэдэсний үнийг нэхэмжилж байна. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэг бүрийн үнийг 1800 төгрөгөөр тохиролцож 400 хонины өлөн гэдэс, 01 дүгээр сарын 16-ны өдөр 10 хонины өлөн гэдэс, 02 дугаар сарын 13-ны өдөр 6 ширхэг хонины өлөн гэдэс, 02 дугаар сарын 18-ны өдөр 278 ширхэг өлөн гэдэс, 3 дугаар сарын 09-ний өдөр 397 ширхэг өлөн гэдэс, 3 дугаар сарын 24-ний өдөр 1847 ширхэг өлөн гэдэс, 3 дугаар сарын 26-ны өдөр 330 ширхэг өлөн гэдэс, 3 дугаар сарын 27-ны өдөр 345 ширхэг өлөн гэдэс, 3 дугаар сарын 30-ны өдөр 293 ширхэг өлөн гэдэс, 4 дүгээр сарын 07-ны өдөр 80 ширхэг өлөн гэдэс, 3 дугаар сарын 22-ны өдөр 320 ширхэг өлөн гэдэс, 3 дугаар сарын 23-ны өдөр 285 ширхэг өлөн гэдэс, 3 дугаар сарын 24-ний өдөр 100 ширхэг өлөн гэдэс, нийт 4307 өлөн гэдэс тушаасан. Би үүнээс 3.600.000 төгрөгийг авсан бөгөөд үлдсэн 4.152.6000 төгрөгийг К.Б аас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч К.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.Т бид хоёрын хооронд өлөн гэдэстэй холбоотой өр авлагын тооцоо бүрэн дууссан билээ. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр надаас мөнгө нэхэж байгааг эрүүл ухаанаар ойлгож чадахгүй байна. Урьд өмнө бас ийм утга бүхий нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байсан ба би бүх зүйлээ тодорхой хэлж өгч байхад дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие үүний энэхүү байдалд бухимдан түүний нэхэмжлэлд хариу ч өгөхгүй хэмээн бодсон. Гэтэл өмгөөлөгчөөс зөвлөгөө авахдаа шүүхэд заавал тайлбар өгөх ёстойг ойлгуулсны дараа ийнхүү тайлбар гаргаж байна. Х.Т нь шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэн өгсөн байна. Түүний шүүхэд гаргаж өгч байгаа нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жишээ нь:Тэрхүү нотариатаар гэрчлүүлсэн гар утас болон фейсбүүк хуудаснаас хэвлэн авсан баримтууд нь надад огт хамааралгүй. Миний бие энэхүү гар утаснаас ийм утга бүхий мессежийг Х.Т д бичээгүй юм. Мөн фейсбүүкийн ийм бүртгэлд байхгүй. Миний нэрээр хэн нэгэн хуурамчаар ийм хаяг нээсэн байж болзошгүй. Эцэст нь хэлэхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэн надаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаа энэхүү нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч К.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2012 оноос 2015 он хүртэл И г ХХК-ний Баян-Өлгий аймаг дахь салбарын салбар хариуцсан захирлаар ажилласан. Тухайн үед бид нар зөвхөн Х.Т биш бусад ченжүүдтэй харилцаж ажиллаж байсан. Би Х.Т н хэлж байгаа тоонуудыг ойлгохгүй байна. Би төв компаниас тухайн үеийн санхүүгийн баримтуудыг шаардаад авахуулсан байгаа. Нэхэмжлэгч надаас 4307 ширхэг өлөн гэдэсний үнийг нэхэмжилж байгаа боловч энэ нь ямар учиртай өлөн гэдэс болохыг би мэдэхгүй байна. Тухайн үед компани Х.Т тай хувь хүний хувьд өлөн гэдэс авч хувь хүний хувьд тооцоо хийж байгаагүй. Ченж нарын гараас мастер болон туслах мастерүүдийн өлөн гэдгийг хүлээж авдаг байсан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ченжүүд цехийн мастерүүдэд тушааж өгнө. Мастерүүд тухайн үед ченж нарын хажууд өлөн гэдсийг шууд тоолоод, тулгаад хүлээж авдаг. Тэгээд надад хэлээд тэмдэглүүлээд явдаг байсан. Бид нар 04 дүгээр сард бүх ченж нартай тооцоогоо хийгээд И г ХХК-д ажлаа хүлээлгэж өгчихсөн. Зөвхөн Х.Т биш бусад өөр 4-5 ченж нар бас байсан бөгөөд эдгээр бүх хүмүүстэй бүх тооцоогоо дуусгасан байхад зөвхөн Х.Т үлдэж байгааг ойлгохгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч К.Б аас өлөн гэдэсний үнээс үлдсэн 4152600 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,
Хариуцагч К.Б нь И г ХХК-ний Баян-Өлгий аймаг дахь салбарыг хариуцсан захирлаар ажиллаж байсан мөн уг салбарын үйл ажиллагаа зогссон болох нь И г ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Д гийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн салбар үйлдвэрийн ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай 08 дугаартай тушаалаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Х.Т нь И г ХХК-ний Баян-Өлгий аймаг дахь салбарт хонины болон ямааны өлөн гэдсийг тушаадаг мөн өлөн гэдэсний үнийн тооцоог К.Б тай хийдэг болох нь шүүхэд гэрчээр асуугдсан С.Т , А.М нарын гэрчийн мэдүүлгээр мөн нэхэмжлэгч Х.Т нь И г ХХК-тай төлбөр тооцоо дууссан болох нь 2014 оны 12 дугаар сарын тооцоо дууссан Т гэж гарын үсэг зурж, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичсэн Баян-Өлгий аймаг И г ХХК гэсэн нотлох баримтаар нотлогдож байна.
- Хариуцагч К.Б нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн төлбөр тооцоогүй болох нь Баян-Өлгий аймаг И г ХХК, өлөн гэдэс бэлтгэн нийлүүлэгч Т , 2015 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэлх тайлангаар нотлогдож байна гэж уг тайланг нотлох баримтаар өгсөн боловч тайлан гаргасан К.Б гэж гарын үсэг зурагдсан ба мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг гэдэг дээр Т гийн гарын үсэггүй мөн Х.Т болон И г ХХК хооронд эрх зүйн ямар харилцаатай эсэх талаарх хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй тул хариуцагчийн гаргаж өгсөн энэхүү нотлох баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо ямар нэгэн төлбөрийн тооцоогүй гэж дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Т нь захаас өлөн гэдсийг өөрийнхөө мөнгөөр цуглуулж И г ХХК-ний Баян-Өлгий аймаг дахь салбарт тушааж К.Б тай тооцоо хийж мөнгө төгрөгийг авдаг, мөн 2015 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл хонины өлөн гэдсийг тушааж байсан болох нь шүүхэд гэрчээр асуугдсан С.Т , А.М нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Харин И г ХХК-ний Баян-Өлгий аймаг дахь салбарыг хариуцсан захирал К.Б болон И г ХХК-ны хооронд ямар нэгэн төлбөр тооцоогүй болох нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн И г ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Д гийн 6 дугаар албан бичгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Х.Т д И г ХХК-ний Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал К.Б нь мөнгө өгч захаас өлөн гэдэс цуглуулж авдаг байсан талаарх хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгч Х.Т нь И г ХХК-иас мөнгө төгрөг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч Х.Т гийн 2015 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл өөрийнхөө мөнгөөр цуглуулж тушаасан 4307 ширхэг өлөн гэдэсний үнээс хариуцагч К.Б нь нэхэмжлэгч Х.Т тай 1950000 төгрөгийн өглөгтэй буюу хувийн тооцоотой болох нь:
- хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Фейсбүүкээр бичсэн мессежэд нэхэмжлэгч Х.Т 1 дүгээр сард 10ш, 22-нд 2 сая авсан, 2 дугаар сард 293 өлөн гэдэс танаас ирсэн, 3 дугаар сард 3247ш, 3 дугаар сарын 26-ны өдөр 3600000 төгрөгийг авсан, 4 дүгээр сард 767 ш өлөн гэдэс ирсэн байна надаас авлага 1,950,000 байгаа юм гэх бичилтээр,
-шүүхэд гэрчээр асуугдсан Т ын мэдүүлэг болон хувийн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэн бичсэнээс үзэхэд өлөн гэдэсний тоо ширхэг нь фейсбүүк болон нэхэмжлэлийн шаардлагад дурдсан өлөн гэдэсний тоо ширхэгтэй тохирч байна.
-хариуцагчийн ******** дугаар нь Көксеген овогтой Б ы нэр дээр бүртгэлгүй дугаар болохыг Баян-Өлгий Мобиком корпораци ХХК-ийн салбарын захирлын тодорхойлолтоор нотлогдож байгаа боловч хариуцагч К.Б ******** дугаарын утастай болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэлийн нэг хувийг гардан авсан баримтад бичсэн утасны дугаартай тохирч байгаа ба уг дугаарыг К.Б д И г ХХК-иас олгосон болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байгаа бөгөөд хариуцагч ******** дугаарын утаснаас өөр хүн мессеж явуулсан байж болзошгүй гэх боловч үүнийгээ үгүйсгэх нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
- Хариуцагч К.Б ы ******** дугаараас нэхэмжлэгч Х.Т д явуулсан гэх мессежид хэзээ, хэчнээн ширхэг өлөн гэдэс хүлээн авсан, өлөн гэдэсний үнийг хэдэн төгрөгөөр тохиролцсон, нийт хэдэн төгрөг өгөх ёстой талаар тусгагдаагүй боловч өлөн гэдэсний тооцоо хийх тухай мөн одоохондоо мөнгөгүй, 12 сар хүртэл хүлээгээрэй, тэр үед өлөн гэдэсний мөнгө ч ирнэ гэх мессэжээр нэхэмжлэгч Х.Т д хариуцагч К.Б нь өлөн гэдэсний үнэний өглөгтэй болох нь бүрэн нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч К.Б аас өлөн гэдэсний үнээс үлдсэн үнэ 4.152.600 төгрөг нэхэмжилсэн боловч 4.152.600 төгрөг авах талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй ба хариуцагч К.Б нь нэхэмжлэгч Х.Т д 1950000 төгрөгийн өглөгтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдож байгаа тул хариуцагч К.Б аас өлөн гэдэсний үнэ 1950000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Т д олгож, түүний илүү нэхэмжилсэн 2,202,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ болох 1950000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 46150 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Ш овогт К Б аас өлөн гэдэсний үнэ 1950000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш овогт Х гийн Т д олгож, түүний илүү нэхэмжилсэн 2,202,600 /хоёр сая хоёр зуун хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81392 /наян нэгэн мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Б аас 46150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ