Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 135/2018/00988/И |
Дугаар | 001/ХТ2019/00598 |
Огноо | 2019-04-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2019/00598
“А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1092 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар магадлалтай,
“А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Ш ” ХК-д холбогдох
171,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч “А ” ХХК нь Ашиглалт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг оператор компани юм. Энэ компани нь өөрийн байгууллагын үндсэн хөрөнгө болох RC маркийн Hanjin гэдэг брэндийн өрмийн машиныг 190,000,000 төгрөгөөр хариуцагч “Ш ” ХК-д худалдан борлуулсан байдаг. Ингэхдээ талууд тусгайлсан гэрээ байгуулаагүй Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах харилцаа үүссэн. Үүний дагуу “Ш ” ХК өрмийн машины төлбөр 18,500,000 төгрөг 2015-2016 оны хооронд цувуулж төлсөн байдаг. Хариуцагч байгууллага өрмийн машиныг хүлээн авсан харин төлбөр мөнгийг барагдуулах асуудал дээр “санхүүгийн байдал хүндрэлтэй, үйл ажиллагаа доголдолтой байна ер нь болж өгвөл танайх өрмийн машинаа буцааж авах боломж байна уу” гэсэн. “А ” ХХК-иас буцаах боломжгүй гэсэн хариу өгсөн. Үлдэгдэл төлбөрөө цувуулаад өгч болно гэсэн боловч 2018 оны 01 сарын 10-аас хойш 2018 оны 8 сар хүртэл ямар нэгэн байдлаар төлөлт огт хийгдэхгүй байгаа учраас бид шүүхэд хандаж байна. Иймд “Ш ” ХК-иас өрмийн машины үлдэгдэл төлбөр 171,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлтэй холбоотой тайлбар гаргаагүйн шалтгаан нь энэ 2 байгууллага хоорондын тооцоо нийлсэн нягтлан бодогч амралттай байгаад тооцоо нийлсэн баримтуудыг гаргаж өгөөгүй байгаа учраас мэдээллийг аваагүй байна. Би өмнө төлбөр хийгдсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Сая гаргаж өгсөн нотлох баримтууд 2015 оноос хойш графикийн дагуу төлбөр хийгдсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Гэрээ байгуулсан гэдэгт маргаан байхгүй, гарын үсэг нь байгаа учраас тэр техник яг “Ш ” ХК-ийн өмчлөлд очоод, хүлээж авсан эсэхийг сайн мэдэхгүй мэдээлэл аваагүй учраас бодитой үнэн зөв тайлбар хэлэхэд боломжгүй, нэхэмжлэгч талыг эвлэрчих байх энэ асуудлыг эндээс тодруулъя гэж бодсон, нотлох баримтын хүрээнд өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг төлөгдсөн, үлдэгдэл хэдэн төгрөг байгааг нотлох баримтаас үндэслэн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж бодож байна. Худалдах, худалдан авах гэрээ нь бичгээр байгуулагдсан байсан. Энэ гэрээг хэрэгт гаргаж өгөх шаардлагатай, тэр гэрээг харж байж хэргийг шийдвэрлүүлбэл илүү бодитой болох байх. Мөн “Ш ” ХК-иас 2018 оны 01 сарын 10-ны өдрийн албан тоот нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар гаргаж байна, миний хувьд 190,000,000 төгрөг нэг сараас хойш төлбөр төлөгдсөн үү, үгүй юу гэдгийг би санхүүгийн хүнээсээ мэдээлэл авч энэ асуудлыг тодруулах шаардлагатай байна гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1092 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Ш ” ХК-аас 171,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,015,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш ” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1,015,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 125 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж буюу зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа хэрхэн үүссэн талаар эргэлзээтэй, тодорхой бус байхад, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэн, нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу “Ш ” ХК-аас 171,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус тус өрмийн машиныг зээлээр худалдсанаа хүлээн зөвшөөрдөг боловч төлбөрийг ямар хугацаанд буцаан төлөх, сар болгоны төлөлт нь ямар байх гэдэг дээр ямар ч тайлбар хэлдэггүй, тэр талаараа хэлж чаддаггүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэрэгт талуудын хооронд байгуулсан бичгийн худалдах-худалдан авах гэрээ байхгүй байгааг мэдээд, тэрхүү гэрээг гаргаж өгье, энэ гэрээ хариуцагчид байгаа тул нотлох баримтаар гаргаж өгснөөр хэргийн талаар шүүх бодитой дүгнэлт хийнэ, талуудын хооронд эрх зүйн харилцаа хэрхэн үүссэн, цаашлаад шаардах эрх үүссэн байсан эсэх талаар дүгнэлт хийх боломж бүрдэнэ гэж тайлбарласан. Гэвч шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцаа буюу шаардах эрх нь хэрхэн яаж үүссэн, эрх нь зөрчигдөж шаардах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн эсэхийг ч шалгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нөгөө талаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө тодорхойлох ёстой бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх ёстой гэсэн хуулийн шаардлагын үүднээс ч шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж шалгасны үндсэн дээр талуудын мэтгэлцэх нөхцөлийг хангах ёстой. Нэхэмжлэгч өөрөө зээлсэн, одоо үнийг нь төлүүлье гэж нэхэмжлэл гаргасан мөртлөө ямар нөхцөлөөр зээлээр худалдсанаа тайлбарлаж чадахгүй байна гэдэг нь өөрөө шүүх бичгийн гэрээг нотлох баримтаар хэрэгт авсны үндсэн дээр дүгнэлт хийх нь маргааны үйл баримтын талаар үнэн зөв дүгнэлт хийх үндэслэл болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “А ” ХХК нь хариуцагч “Ш ” ХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 171,500,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван “...үлдэгдэл хэдэн төгрөг байгааг нотлох баримтаас үндэслэн асуудлыг шийдвэрлэх боломжтой байх.., ... гэрээг бичгээр эсхүл амаар байгуулсан уу гэдгийг харах хэрэгтэй байна..., ...санхүүгийн хүнээс мэдээлэл авч энэ асуудлыг тодруулах шаардлагатай” гэсэн тайлбар гаргасан ч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
“Аурум Ауруг” ХХК нь Hanjin өрмийн машиныг 190,000,000.00 төгрөгөөр “Ш ” ХК-д худалдаж, хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст гаргаж байсан хүсэлт, хариуцагч “Ш ” ХК-ийн “А ” ХХК-д явуулсан өрмийн машины талаарх албан бичиг, “Ш ” ХК-аас өрмийн машины төлбөр шилжүүлж байсан тухай нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны гүйлгээний хуулга, кассын орлогын ордер гэсэн баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Хариуцагчийн өмчлөлд гэрээний зүйл болох өрмийн машиныг шилжүүлж, үнийн талаар тохирч, худалдан авагч нь төлбөрийг цувуулж төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэж үзнэ.
2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд өрмийн машины төлбөрт хариуцагч нь нийт 18,500,000.00 төгрөгийг шилжүүлсэн байх тул үлдэгдэл 171,500,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “А ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1092 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч “Ш ” ХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,015,450.00 /нэг сая арван таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН