Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 770

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Г, Д.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч, хохирогч Ж.Г-ийн өмгөөлөгч С.Базарсад

нарийн бичгийн дарга Д.Дэлгэрмаа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 432 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энхбатын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 31 дүгээр прокурорын эсэргүүцлээр Д.С, Ж.Г нарт холбогдох эрүүгийн 1808015720425 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Ж.Г, 1979 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны 40 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:....../,

Х овогт Д.С, 1984 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар баг, Хөхөө 7 дугаар гудамжны 12 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ..... тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,

Шүүгдэгч Ж.Г нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-56А тоотод хамтран амьдрагч Д.С “бэлэг эрхтэнг хазаж, гэмтээлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 1-56А тоотод хамтран амьдрагч Ж.Г-ийг бусадтай хардаж, улмаар бэлэг эрхтэнг хазаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Г, Д.С нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.С-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Энхбат 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 31 дүгээр прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хавтаст хэрэгт буй шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаас Д.С нь хардалтаас үүдэн хамтран амьдрагч Ж.Г-ийн бэлэг эрхтэнг хазсаны улмаас Ж.Г-ийн бэлэг эрхтэнээс цус гарч, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрхүү довтолгоон төгссөний хойно Ж.Г нь “...өөрийн бэлэг эрхтнээс цус гарсныг харчихаад, чи яагаад миний бэлэг эрхтэнг хазаж байгаа юм бэ...” гэж асууж байгаад хамтран амьдрагч Д.С-ийн зүүн хөмсөг, нүүр орчимд зангидсан гараар цохисон болох нь тогтоогдож байна. Тодруулбал Ж.Г нь өөрийн эсрэг чиглэсэн Д.С-ийн биед халдсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд шүүхээс Ж.Г-ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамааруулж ойлгон, улмаар уг зүйлд заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд Ж.Г, Д.С нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Ж.Г-ийн өмгөөлөгч С.Базарсад тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад зөв үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Д.С нь хүний бие махбодийн хамгийн эмзэг хэсэгт халдсан учир Ж.Г нь өөрт учирсан аюулыг зайлуулахын тулд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 1-56А тоотод хамтран амьдрагч Ж.Г-ийг бусадтай хардаж, улмаар бэлэг эрхтэнг хазаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.С-ийн мэдүүлэг /хх-27-31/, хохирогч Ж.Г-ийн мэдүүлэг /хх-35-39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3873 дугаар дүгнэлт /хх-44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3872 дугаар дүгнэлт /хх-45/, шүүгдэгч Д.С-ийн мэдүүлэг /хх-61-64/, шүүгдэгч Ж.Г-ийн мэдүүлэг /хх-65-68/, шүүгдэгч, хохирогч Д.С-ний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-74/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-72/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-76/, шүүгдэгч, хохирогч Ж.Г-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-75/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-73/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69/, ажлын газрын тодорхойлолт /хх-71/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогч, гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авч, энэхүү мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ж.С нь хууль зүйн хувьд эр, эмийн хардалтын сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хамтран амьдрагч Ж.Г-ийн бэлэг эрхтнийг хазсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Ж.Г-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3872 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Харин Ж.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан аюулыг зайлуулахаар шүүгдэгч Д.С-ийн эсрэг үйлдэл хийж, түүнд хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь Д.С-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-27-31/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-61-64/, Ж.Г-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-35-39/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-65-68/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хамтран амьдрагч Д.С-ийн хууль бус халдлага эхэлсэн буюу түүний бэлэг эрхтэнг хазсан үед аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Ж.Г нь анхан шатны шүүх хуралдааны үед бэлэг эрхтэнээ хазуулах үед цочсондоо цохьсон гэж мэдүүлсэн бөгөөд гэнэтийн хүчтэй өвдөлтийн улмаас цочрон хяналтгүй үйлдэл хийсэн байх ч боломжтой. Энэ үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь  үндэслэлгүй, шүүх Ж.Г-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосоныг зөв гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймээс “ Ж.Г-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосоныг эсэргүүцсэн” прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 432 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 432 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Энхбатын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 5-ны 31 дүгээр эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧИД                                                    М.АЛДАР

         О.ЧУЛУУНЦЭЦЭГ