Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1666

 

   Б.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01454 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Солонгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Нэхэмжлэгч Б.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4665 тоот шийдвэрээр Б.Солонгоос 70 622 360 төгрөг гаргуулж, Т.Баярцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1360 дугаартай албан мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Уг мэдэгдлээр Б.Солонгын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байр, 46 тоот орон сууцыг 300 000 000 төгрөгөөр үнэлж харилцан тохирсон байхад хууль зөрчиж, 210 000 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэл өгсөн нь үндэслэлгүй байх тул 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга П.Хадбаатарт гомдол гаргасан. Гэвч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 3/51 дугаар бүхий гомдлын хариуг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шуудангаас хүлээн авч танилцаж, хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1360 дугаартай албан мэдэгдэлд заасан Б.Солонгын өмчлөлийн орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунзаяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4665 тоот шийдвэрээр Б.Солонгоос 70 622 360 төгрөгийг гаргуулж, Г.Баярцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Б.Солонгын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 46 тоотод байрлах 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 147/0121 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 147/3483 дугаартай тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч Б.Солонго, төлбөр авагч Г.Баярцэцэг нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож 300 000 000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу үнэлгээг мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талууд харилцан тохиролцсон үнэ болох 300 000 000 төгрөгийн 70 хувь буюу 210 000 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Үл хөдлөх хөрөнгийн анхны дуудлага худалдааны талаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1360 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Түүнчлэн төлбөр төлөгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа нь дуусгавар болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Б.Солонгын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Солонгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хуралдааны явцад буюу нотлох баримт шинжлэн судлах явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээ тогтоосон мэдэгдэл хүргүүлсэн шуудангийн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй /огноо байхгүй/ байхад шууд хариуцагчийн авч явсан материалаас нотлох баримтыг нөхөж гаргуулсан. Мөн албадан дуудлага худалдааны сонингийн баримт нь шүүхэд ирэхдээ огноогүй, сонингийн нэргүй баримт ирүүлсэн байхад мөн л шүүгч шууд хариуцагчаас гаргуулж авсан нь шүүх хурлдааны дэгийг ноцтой зөрчиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3, 34.4-ийг удирдлага болгон нэхэмжлэлийг хангах байтал шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах явцад хариуцагчаас шинээр нотлох баримт гаргуулан авч хэргийг шийдвэрлэсэн байх тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхэн шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01454 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Солонго нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4665 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1277 магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 989 дүгээр тогтоолоор Б.Солонгоос 70 622 360 төгрөгийг гаргуулж Г.Баярцэцэгт олгохоор шийдвэрлэсэн байна. /хх.21-22, 24-29/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 46 тоот 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 147/0121 тоот актаар битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 147/3483 тоот актаар хураажээ. /хх.31, 33/

 

Хэргийн 34 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл төлбөр төлөгч Б.Солонгоос дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авахад тэрээр албадан дуудлага худалдааны доод үнийг 300 000 000 төгрөгөөр үнэлэх санал өгснийг төлбөр авагч Г.Баярцэцэг хүлээн зөвшөөрсөн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албана Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1360 тоот мэдэгдлийг төлбөр төлөгчид мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлжээ. /хх. 44/

 

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг талуудын харилцан тохиролцсон үнэлгээ буюу 300 000 000 төгрөгийн 70 хувь болох 210 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэгч Б.Солонгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайн “шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээ тогтоосон мэдэгдэл хүргүүлсэн шуудангийн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй /огноо байхгүй/ байхад хариуцагчийн авч явсан материалаас нотлох баримтыг нөхөж гаргуулсан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний 70 хувиар бууруулж үнэлгээ тогтоосон тухай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1360 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлснийг төлбөр төлөгч 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад энэ талаараа тусгасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэж заасан бөгөөд энэ талаарх сонингийн баримтыг шүүх хуралдаанд хариуцагчаас гаргуулж авч шийдвэрлэсэн нь процессын хууль зөрчөөгүй бөгөөд хэрэгт дээрх баримтыг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр хавсаргасан байна. Иймд анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн гэж үзэхгүй.

 

Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журмаар үнэлгээ тогтоосныг хариуцагч байгууллага өөрөө үнэлгээ тогтоосон гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

       

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БАТЗОРИГ                                                 

 

                 ШҮҮГЧИД                      Ч.ЦЭНД

                                                 

                                                  Б.НАРМАНДАХ