Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 218

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Найман овогт Тарыбекийн Хуатбекийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, Бахат овогт Аязбайн Елчин,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Шеруши овогт Орсоогийн Бердимурат нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Хуатбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Дугуйны үнэ 1260000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Т.Хуатбек шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Омар ХХК-ны захирал бөгөөд автомашины дугуйны худалдаа эрхэлдэг юм. Зарим иргэд, үйлчлүүлэгч нартай Бараа бүтээгдэхүүн зээлээр авах тухай товч гэрээ-г төлбөрийн тодорхой хугацаа зааж эргүүлэн төлөх нөхцөлтэй байгуулдаг.

2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1824 БӨТ улсын дугаартай автомашины жолооч Орсоогийн Бердимуратад Тоёота Ландкруйзер маркийн автомашины 2 ширхэг дугуйг нийт 900000 төгрөгөөр 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлбөрийг барагдуулах нөхцөлтэй, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Аязбайн Елчин гэх хүнд 2 ширхэг дугуйг нийт 360000 төгрөгөөр тус тус зээлээр худалдахаар болж баримт үйлдсэн бөгөөд тэдэнд дугуйнуудыг хүлээлгэж өгч, баримтуудын нэг нэг хувийг гардуулж өгсөн.

Харин Елчин гэх хүн байгууллагын албан хэрэгцээний автомашинд авч байгаа тул зарлагын баримт дээр бичиж өгөхийг хүссэн юм.

О.Бердимурат болон А.Елчин нар нь төлбөрийг барагдуулах хугацаа болоход төлбөрийг төлөөгүй бөгөөд утсаа авахгүй байсан тул холбогдох боломжгүй болж, удаа дараа шаардахад элдэв янзын шалтаг тоочсоор өдийг хүрсэн юм. Миний бие хохирч үлдэхгүйн тулд дугуйны үнийг нэхэмжлэх нь зүй ёсны хэрэг юм.

Дээрх товч гэрээнд төлбөрийг барагдуулах хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох талаарх заалт байгаа.

Гэвч миний бие хугацаа хэтэрсний алдангийг нэхэмжлэхгүй, зөвхөн дугуйны үндсэн үнийг эргүүлж авах хүсэлтэй байна.

Иймд: Хариуцагч О.Бердимуратаас Тоёота Ландкруйзер маркийн автомашины 2 ширхэг дугуйны үнэ болох 900000 төгрөг, хариуцагч А.Елчингээс 2 ширхэг дугуйны үнэ болох 360000 төгрөг, нийт дугуйны үнэ болох 1260000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Хуатбек шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: О.Бердимурат, А.Елчин нараас дугуйны үнийг гаргуулах хүсэлттэй байна. Энэ дугуйг аваад 2 жил болж байна. Хариуцагч О.Бердимурат бол энэ дугуйг авснаа хүлээн зөвшөөрсөн.

Иймд 360000 төгрөгийг А.Елчинээс, 900000 төгрөгийг О.Бердимуратаас гаргуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч А.Елчин шүүхэд ирүүлсэн тайлбартаа; Миний бие Т.Хуатбекийн 360000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Би дээрх 2 ширхэг дугуйг авахдаа Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хөх хөтөл багийн Хүн эмнэлгийн салбарт түргэний УАЗ-469 маркийн машин жолооддог байсан бөгөөд уг 2 ширхэг дугуйг түргэн тусламжийн дээрх машинд зориулж, Омар ХХК-иас падаан буюу баримт бичүүлж авсан юм.

Уг 2 ширхэг шинэ дугуйг эмнэлгийн УАЗ-469 маркийн машинд хийж, Омар ХХК-нд дугуйны үнэ болох 360000 төгрөгийг хийх зээлийн баримтыг Улаанхус сумын Хүн эмнэлгийн ня-бо Сарай гэдэг хүнд хүлээлгэж өгч тооцоо хийхийг хүссэн юм.

Харин би өөрөө дээрх 2 ширхэг дугуйг хувьдаа ашиглаагүй бөгөөд дугуйны үнийг ня-бо Сарай шилжүүлэн төлөх ёстой тул би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч О.Бердимурат шүүхэд ирүүлсэн тайлбарт: Миний бие Т.Хуатбекийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 450000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг дугуйг авсан. Одоогоор төлж өгөөгүй. Т.Хуатбект 900000 төгрөгийг төлж өгнө гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Хуатбек нь хариуцагч О.Бердимуратаас зээлээр авсан дугуйны үнэ 900000 төгрөг, хариуцагч А.Елчингээс зээлээр авсан дугуйны үнэ 360000 төгрөгийг тус тус гаргуулж өгөхийг хүссэн байна.

Хариуцагч О.Бердимурат нь нэхэмжлэгч Т.Хуатбекийн нэхэмжилсэн 900000 төгрөгийг төлж өгөх талаар маргаагүй байх ба 450000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг дугуй авсныг хүлээн зөвшөөрч 900000 төгрөгийг төлж өгөх талаар тайлбараа шүүхэд бичгээр гаргасан байна.

Хариуцагч А.Елчин нь Т.Хуатбекээс 2 ширхэг дугуй авсныг хүлээн зөвшөөрсөн ба уг дугуйнуудыг албаны хэрэгцээнд буюу Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн Хүн эмнэлгийн салбарт түргэн тусламжийн УАЗ-469 маркийн машинд зориулан авсан тул Хүн эмнэлгийн ня-бо Сарай төлөх тул 2 ширхэг дугуйны үнэ 360000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримтаас үзэхэд худалдан авагчийн нэрийг Елшин гэж бичсэн байх бөгөөд хүлээн авагч Елшин гэж бичигдэж гарын үсэг зурагджээ. Нэхэмжлэгч нь энэхүү нотлох баримтыг няцаасан болон уг 2 ширхэг дугуйг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн Хүн эмнэлгийн салбарт түргэн тусламжийн УАЗ-469 маркийн машинд зориулан авсан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлж ирүүлсэн байх тул хариуцагчийн тайлбарт дурдсанаар шүүх хариуцагчийг солих боломжгүй болно.

Хариуцагч А.Елчин, О.Бердимурат нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчээс тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч О.Бердимуратаас 900000 төгрөг, хариуцагч А.Елчингээс 360000 төгрөгийг тус тус гаргуулан Т.Хуатбект олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Оросоогийн Бердимураатаас 900000 төгрөг, Аязбайн Елчингээс 360000 төгрөг тус тус гаргуулан Тарыбекийн Хуатбект олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34790 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Бердимуратаас 26150 төгрөг, хариуцагч А.Елчингээс 11450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Хуатбект олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК