Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 077

 

Т.Хуатбекийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 218 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Т.Хуатбекийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух О.Бердимурат, Улаанхус сумын 7 дугаар багт оршин суух А.Елчин нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дугуйны үнэ 1260000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Омар ХХК-ийн захирал бөгөөд автомашины дугуйны худалдаа эрхэлдэг юм. Зарим иргэд, үйлчлүүлэгч нартай Бараа бүтээгдэхүүн зээлээр авах тухай товч гэрээг төлбөрийн тодорхой хугацаа зааж эргүүлэн төлөх нөхцөлтэй байгуулдаг. 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1824 БӨТ улсын дугаартай автомашины жолооч Орсоогийн Бердимуратад Тоёота Ландкруйзер маркийн автомашины 2 ширхэг дугуйг нийт 900000 төгрөгөөр 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлбөрийг барагдуулах нөхцөлтэй, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Аязбайн Елчин гэх хүнд 2 ширхэг дугуйг нийт 360000 төгрөгөөр тус тус зээлээр худалдахаар болж баримт үйлдсэн бөгөөд тэдэнд дугуйнуудыг хүлээлгэж өгч, баримтуудын нэг нэг хувийг гардуулж өгсөн. Харин Елчин гэх хүн байгууллагын албан хэрэгцээний автомашинд авч байгаа тул зарлагын баримт дээр бичиж өгөхийг хүссэн юм. О.Бердимурат болон А.Елчин нар нь төлбөрийг барагдуулах хугацаа болоход төлбөрийг төлөөгүй бөгөөд утсаа авахгүй байсан тул холбогдох боломжгүй болж, удаа дараа шаардахад элдэв янзын шалтаг тоочсоор өдийг хүрсэн юм. Миний бие хохирч үлдэхгүйн тулд дугуйны үнийг нэхэмжлэх нь зүй ёсны хэрэг юм. Дээрх товч гэрээнд төлбөрийг барагдуулах хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох талаарх заалт байгаа. Гэвч миний бие хугацаа хэтэрсний алдангийг нэхэмжлэхгүй, зөвхөн дугуйны үндсэн үнийг эргүүлж авах хүсэлтэй байна. Иймд хариуцагч О.Бердимуратаас Тоёота Ландкруйзер маркийн автомашины 2 ширхэг дугуйны үнэ болох 900000 төгрөг, хариуцагч А.Елчингээс 2 ширхэг дугуйны үнэ болох 360000 төгрөг, нийт дугуйны үнэ болох 1260000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч А.Елчиний тайлбарын агуулга: Миний бие Т.Хуатбекийн 360000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Би дээрх 2 ширхэг дугуйг авахдаа Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хөх хөтөл багийн Хүн эмнэлгийн салбарт түргэний УАЗ-469 маркийн машин жолооддог байсан бөгөөд уг 2 ширхэг дугуйг түргэн тусламжийн дээрх машинд зориулж, Омар ХХК-аас падаан буюу баримт бичүүлж авсан юм. Уг 2 ширхэг шинэ дугуйг эмнэлгийн УАЗ-469 маркийн машинд хийж, Омар ХХК-д дугуйны үнэ болох 360000 төгрөгийг хийх зээлийн баримтыг Улаанхус сумын Хүн эмнэлгийн нягтлан бодогч Сарай гэдэг хүнд хүлээлгэж өгч тооцоо хийхийг хүссэн юм. Харин би өөрөө дээрх 2 ширхэг дугуйг хувьдаа ашиглаагүй бөгөөд дугуйны үнийг нягтлан бодогч Сарай шилжүүлэн төлөх ёстой тул би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Хариуцагч О.Бердимуратын тайлбарын агуулга: Миний бие Т.Хуатбекийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 450000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг дугуйг авсан. Одоогоор төлж өгөөгүй. Т.Хуатбект 900000 төгрөгийг төлж өгнө. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 218 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Оросоогийн Бердимураатаас 900000 төгрөг, Аязбайн Елчингээс 360000 төгрөг тус тус гаргуулан Тарыбекийн Хуатбект олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Елчиний давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэргийн хариуцагч А.Елчин би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 218 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161,1-д заасныг тус тус үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний бие А.Елчин нь 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл Багийн Хүн эмнэлгийн салбарт түргэн тусламжийн УАЗ-469 маркийн машины жолоочоор ажиллаж байсан ба энэ хугацаанд буюу 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн Т.Хуатбекээс 2 ширхэг дугуйг зээлээр албаны хэрэгцээнд зээлээр падаан бичүүлж авсан юм. Би ажлаас гарахдаа түргэний машиныг хүлээлгэж өгсөн ба тэр 2 ширхэг дугуй одоо хүртэл уг машинд явж байна. Би тухайн үед Т.Хуатбекийн нэхэмжлэлтэй танилцсаны дараа уг 2 ширхэг дугуйг өөрийн амин хувьдаа авч ашиглаагүй, харин албаны хэрэгцээнд зориулж авсан гэдгээ шүүхэд мэдүүлж байсан. Гэтэл шүүх нь Т.Хуатбекийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэхэд Хүн эмнэлгийн салбар биш харин намайг төлж барагдуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх нь миний гаргасан тайлбарыг үл харгалзан зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр намайг хариуцагчид татан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчин, нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш этгээдийг татан оролцуулсан нь хуульд нийцээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, миний эрх ашиг сонирхлыг хохироож байна гэж үзлээ. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 218 дугаартай шийдвэрийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Хуатбек нь хариуцагч О.Бердимуратад холбогдуулан автомашины 2 ширхэг дугуйны үнэ 900,000.00 төгрөг, хариуцагч А.Елчинд холбогдуулан автомашины 2 ширхэг дугуйны үнэ 360,000.00 төгрөг, нийт 1,260,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч О.Бердимурат нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлсэн, харин хариуцагч А.Елчин нэхэмжлэлийг эс зөвшөөрч Би 2 ширхэг дугуй авахдаа Улаанхус сумын Хөх хөтөл багийн эмнэлгийн салбарын УАЗ-469 маркийн машины жолоочоор ажиллаж байсан бөгөөд түргэн тусламжийн дээрх машинд зориулж байгууллагад худалдаж авсан. Баримтыг эмнэлгийн нягтлан бодогчид хүлээлгэн өгсөн ба дээрх 2 ширхэг дугуйг хувьдаа ашиглаагүй, аваагүй тул байгууллага төлөх ёстой. гэж маргажээ.

 

Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан буюу талуудын гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбараас дүгнэвэл, худалдагч Т.Хуатбек болон худалдан авагч О.Бердимурат, А.Елчин нарын хооронд тус тус автомашины дугуй худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гагцхүү тус гэрээнд худалдсан барааны үнийг тэр даруйд нь биш, харин тодорхой хугацааны дараа нэг дор, эсхүл хэсэгчлэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. Тодруулбал, О.Бердимурат нь Т.Хуатбекээс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр худалдан авсан автомашины 2 дугуйны үнэ болох 900,000.00 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, харин А.Елчин нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр худалдан авсан автомашины 2 ширхэг дугуйны үнийг дараа төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний худалдан авагч худалдан авсан барааны үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх нөхцөлтэй учраас Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зохицуулалт нь маргааны үйл баримтад тохирч байгаа хэдий ч уг гэрээгээр талуудын хооронд хүү тохирч, тийнхүү тохирсон хүүг барааны үнэд шингээн, худалдсан барааны үнэ нь гэрээ байгуулагдсан үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдаг бөгөөд харин зээлээр худалдах-худалдан авах гэрээний энэ шинж нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас маргааны үйл баримтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэх нь оновчтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бичмэл баримтууд, зохигчийн тайлбар зэргээс дүгнэвэл, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, үнийг тодорхой хугацааны дараа нэг дор, эсхүл хэсэгчлэн төлөхөөр тохирсон ба барааны үнийг тодорхой хугацааны дараа нэг дор, эсхүл хэсэгчлэн төлснөөр худалдсан дугуйны үнэ нэмэгдээгүй байх тул маргааныг шийдвэрлэхэд зээлээр худалдах-худалдан авах гэрээний зохицуулалт хэрэглэгдэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба хариуцагч А.Елчин нь худалдан авсан автомашины 2 ширхэг дугуйны үнийг тухайн үед ажиллаж байсан гэх Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн хүн эмнэлэг төлнө гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр тус байгууллагад ажиллаж байсан эсэх, ажил олгогчийн даалгавраар албаны автомашинд 2 ширхэг дугуй худалдан авсан эсэх зэрэг нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч А.Елчингийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч О.Бердимурат, А.Елчин нар нь ашиг сонирхлын зөрчилгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан тус тусдаа оролцож буй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-т заасан хэд хэдэн хариуцагч мөн бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.-т зааснаар нэхэмжлэгч Т.Хуатбекийн хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас /нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн/ О.Бердимуратад холбогдох шаардлагыг хэргээс шүүгчийн захирамжаар тусгаарлан, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байжээ. Гэвч, нэхэмжлэгчийн хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.-т зааснаар шийдвэрлэсэн нь зохигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 218 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч А.Елчингийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагч А.Елчингийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,450.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2,-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК