| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0117/З |
| Дугаар | 221/МА2023/0492 |
| Огноо | 2023-08-02 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2023/0492
Ц.Г нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н*******, Г.Б*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Г нар
Хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 468 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, Г.Б, Б.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0117/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нараас Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 1 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.
2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н*******, Г.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
2.1.“...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3 дахь заалтад "...Нийгмийн даатгалын санг хохироосон, цаашид илүү хохирол учрахаас хамгаалах зорилго бүхий буюу агуулгаараа нийтийн ашиг сонирхлыг хангах үүднээс гарсан болох нь тогтоогдож байна" гэж, 4.8 дахь заалтад "гэвч энэ тохиолдолд шүүхээс Нийгмийн даатгалын санд учрах эрх зүйн үр дагаврыг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж шийдвэрлэх нь энэ хуулийн тайлбарт заасантай "анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй" нийцэхээргүй байна" гэжээ.
Үүнээс харвал гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэрийг хууль, тогтоомжийн дагуу гарсан, нийтийн эрх ашигт нийцсэн, үндэслэл бүхий, шударга ёсны зарчимд нийцсэн, хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх хангалттай үндэслэл болж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.7 дахь заалтын шүүхийн шийдвэр заавал биелэх шинжтэй байх тухайд нэхэмжлэл гаргасан иргэдийн тэтгэвэр тогтоолгохдоо бүрдүүлэн өгсөн шүүхийн шийдвэр нь Онцгой ажиллагааны журмаар зөвхөн ажилласан байдлыг тогтоолгосон, эдгээр шүүхийн шийдвэрт Нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэр тогтоож олгохыг даалгаагүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэл болохгүй.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.9 дэх заалтад "Тиймээс дээрх хариуцагч төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т "Шуурхай, тасралтгүй байх", 4.2.5-т "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; зааснаар цаашид санд учирч болох байснаас илүү хохирол нэхэмжлэгч нарт учруулж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр маргаан бүхий актыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ" гэсэн нь 4.3-т заасан үндэслэлтэй агуулгын хувьд зөрчилдөж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "эргэлзээтэй нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй" тэтгэвэр авагч иргэн тус бүрийн шүүхээр ажилласан байдал тогтоолгосон хугацаанд өөр ажил, хөдөлмөр эрхэлж байсан, цэргийн алба хаасан, ерөнхий боловсролын сургууль, техник мэргэжлийн сургууль (хуучин нэрээр)-д суралцсан, ажлаас чөлөөлөгдсөнийг батлах архивын лавлагаа, бусад баримтуудыг, шүүхийн шийдвэр гаргуулах үндэслэл болсон баримт, холбогдох бусад материалтай тулган шалгахад илтэд зөрүүтэй нөхцөл байдал баримтаар нотлогдсон нь үнэн.
Үүнийг гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоолд эргэлзээтэй нөхцөл байдал гэж бичсэн нь шалгалтын үр дүнг өөрчлөх үндэслэл болохгүй юм. Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0468 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангав.
1.Нийслэлийн Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор нэр бүхий 125 иргэний тэтгэврийг хяналт шалгалтын хугацаанд түр түдгэлзүүлэн зогсоож, тэтгэврийн хувийн хэргийг шалгуулахаар тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн, эрх бүхий байгууллагын шийдвэрээр гэм буруугүй болох нь тогтоогдсон, эсхүл тэтгэврийг тогтоосон баримт бичиг үнэн зөвийг нотлох баримтын бүрдэл хангагдсан тохиолдолд олгогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн, цаашид тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг тэтгэврийн байцаагчид зөвшөөрсөн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэхүү тогтоолыг илт хууль бус гэж үзэхгүй.
Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл /орон тооны бус/ ажиллана”, 3-т “…Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална”, Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянаж шийдвэрлэх Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийн 17-гийн д/ “Зөвлөл нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн олгох, түдгэлзүүлэх, зогсоох, ажил олгогч, даатгуулагчийн буруутай үйл ажиллагаанаас болон хуурамч бичиг баримт бүрдүүлснээс шалтгаалан буруу тогтоогдсон тэтгэвэр, тэтгэмжийг өөрчлөн тогтоож олгох, суутгал хийх эрхтэй” гэж тус тус заасан байх тул “…шүүхийн шийдвэрээр ажилласан байдал тогтоолгосон хугацаа, ажилласан байгууллага, ажил мэргэжил нь архивын лавлагаа, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу хамрагдахад бүрдүүлж хавсаргасан баримт материалаас зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан хариуцагчаас дээрх шийдвэр гаргасныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж илт хууль бус гэж дүгнэх боломжгүй.
Уг хуулийн 47 дугаар зүйлд илт хууль бус актын тохиолдлыг тодорхойлсноос үзэхэд 47.1.6-ын зохицуулалтыг ч мөн адил хэнд ч илт хууль бус болох нь тодорхой байхыг ойлгоно.
2.“…Нэр бүхий иргэдийн ажилласан жилийг шүүхийн шийдвэрээр тогтоосон, иймд шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин үнэлэхгүй…” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ гаргах боловч эдгээр иргэд нь бүгд Ц.Э гэгч иргэнд итгэмжлэл өгч өөрсдийгөө төлөөлүүлсэн, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 26/986 дугаар албан бичгээр тус дүүргийн нэр бүхий 4 иргэн бусадтай нийлж хуурамч нотлох баримт бүрдүүлэх замаар шүүхээр ажилласан жил тогтоолгон, улмаар хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр тэтгэвэр тогтоолгон авч тэтгэврийн даатгалын санг хохироосон байж болзошгүй гэх мэдээлэлд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон, мөн Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн хуурамч бичиг баримт, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох байдлаар хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах нь гэмт хэрэгт тооцогдох тул тэтгэврийн хувийн хэрэг материалыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлж, уг хяналт шалгалтын хугацаанд тэтгэвэр олголтыг түр түдгэлзүүлснийг хариуцагч хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр гэж үзнэ.
Гэтэл шүүхийн шийдвэрт “…иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилласан байдлыг тогтоосон байхад эргэлзээтэй байдал үүссэн гэх шалтгаанаар шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хязгаарлаж, улмаар хэнбугай ч биелүүлнэ гэсэн зарчим зөрчигдөх нөхцөл байдал бий болжээ…” гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан зохицуулалттай нийцсэнгүй.
Түүнчлэн “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл энэхүү шаардлагын хүрээнд маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтооно, эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоос бус хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах зорилгоор түдгэлзүүлж шийдвэрлэх боломжгүй.
Тогтоолоор тэтгэвэр олголтыг зогсоосон нь хэрэгт авагдсан шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан гэж үзэхгүй, учир нь шүүхийн шийдвэрээр нэр бүхий иргэдийн ажилласан жилийг л тогтоосноос бус тэдгээрт тэтгэвэр олгохыг хариуцагчид даалгаагүй болно.
Иймд тэтгэврийг түр түдгэлзүүлэн зогсоосон шийдвэр нь Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан журамд тус тус нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 468 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн “1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан Ц.Г нарын нэр бүхий иргэдийн гаргасан “Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, Г.Б нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН