Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 563

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэрийн гудамж, 24/Б дүгээр байрны 606 тоотод оршин суух, УХ76112837 дугаарын регистртэй, Солон овогт Сангаагийн Баянхангайгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Худалдааны гудамж, Тээвэр хөгжлийн банкны өөрийн байранд байрлах, Тээвэр хөгжлийн банк ХХК-д холбогдох,

1 жилийн үндсэн цалинтай хэмжээний тэтгэмж болох 60 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сраын 22-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан, өмгөөлөгч Р.Болдбаатар,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Баянхангайгаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчП.Еркебуланаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Баянхангайн 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний 60 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь банк, санхүүгийн мэргэжилтэй бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд арилжааны банкны салбарт тасралтгүй ажилласан. 2013 онд Хадгаламж банкны дэд захирлаар ажиллаж байх үед Тээвэр хөгжлийн банкны тухайн үеийн хувьцаа эзэмшигч нарын зүгээс тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллах саналыг удаа дараа тавьсан байдаг. Уг хүсэлтийг дагуу 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллах болсон. С.Баянхангай Тээвэр хөгжлийн банкинд ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага болон сахилгын шийтгэл авч байгаагүй. Тээвэр хөгжлийн банкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэж ажиллаж байсан. С.Баянхангайд дараах нөхцлийг санал болгож ажилд авсан байдаг. Үүнд: орон сууцны зээлийн асуудлыг шийдвэрлэх, унах машины нөхцөл боломжоор хангах, өмнө ажиллаж байсан байгууллагад авч байсан цалингийн хэмжээнээс дордуулахгүйгээр цалин, хөлс олгох зэрэг боломжийг амлаж байсан. Хэрвээ ажил олгогчийн санаачлагаар С.Баянхангайг ямар нэгэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохолдолд 1 сарын өмнө мэдэгдэх, мөн үүний дараа 1 жилийн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох талаар талууд тохиролцсон. 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3 дахь хэсэгт ажилтан болон ажил олгогчийн санаачлагаар эсхүл хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, ТУЗ шинэчлэн байгуулагдсан гэх зэрэг ямар нэгэн шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор талууд хатуу тохиролцсон. Үүнийг бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгасан. Мөн уг гэрээнд төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байдаг. Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 25-ны 02 тоот тогтоолоор гүйцэтгэх захирал С.Баянхангайг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэдэг үндэслэлээр С.Баянхангайг ажлаас чөлөөлсөн. Уг харилцааг хөдөлмөрийн гэрээний 10.1.2 дахь хэсэгт гэрээний хугацаа дууссан бөгөөд цаашид сунгагдахгүй болон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох талаар заасан. Уг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд тэтгэмж олгох талаар гэрээний 10.3 дахь хэсэгт заасан бөгөөд үүнд тус гэрээг 10-р зүйлийн 10.1-10.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгож байгаа тохиолдолд гүйцэтгэх захиралд 1 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажил олгогчоос 1 сарын хугацаанд олгоно гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон уг тэтгэмжийг олгох талаар Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан н.Энхтайван гэдэг хүнд бичгээр хандаж өргөдөл гаргасан байдаг. Уг хүсэлтийг хүлээж авсан боловч хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас Тээвэр хөгжлийн банк ХХК-иас 2016.09.16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний гэрээний 10-р зүйлийн 10.1.2, 10.3 дахь хэсэгт заасны дагуу 1 жилийн үндсэн цалингийн хэмжээтэй тэнцэх тэтгэмж болох 60 000 000 төгрөгийг олгуулах нэхэмжлэл гаргасан. Энэ хүн Тээвэр хөгжлийн банкинд ажиллах хугацаанд анх 10 000 000 төгрөгийн цалин авч байсан бол сүүлд өөрчлөлт оруулж 5 000 000 төгрөгийн цалин авдаг болсон. Тиймээс сүүлд авч байсан цалин болох 5 000 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнийг 1 жилийн хугацаагаар тооцоход 60 000 000 төгрөг болох юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:С.Баянхангай нь Тээвэр хөгжлийн банк ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. Ажил үүргийн төлөвлөгөө, зорилгыг батлуулж, хөлслөгдөн ажиллаж байсан. Ямар байгууллагад ажиллаж байгаа гэдэг онцлогоос хамаарч Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулж, хөгжлүүлнэ гэсэн амлалтыг өгсөн байдаг. Гэхдээ Монголбанкнаас тавьсан шаардлагыг хангаж ажиллаж чадаагүй байдаг. Өнөөдөр нэхэмжлэгч С.Баянхангай уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй боловч ёс суртахууны хувьд гаргах эрхгүй байсан. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд тухайн үед С.Баянхангайг урьж ажиллуулсан хөрөнгө оруулагч нар амлалт өгч, хэрвээ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болвол 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 60 000 000 төгрөгийг олгох талаар тохиролцоо хийсэн нь үнэн. Нэхэмжлэгч тал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа С.Баянхангай нь Тээвэр хөгжлийн банктай удаа дараа уулзаж, тохиролцох талаар уулзаж байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч үнэн байдалтай нийцэхгүй байна. Учир нь банкны зүгээс уулзах талаар удаа дараа хүсэлт тавьж байсан боловч нэхэмжлэгч өөрөө ирдэггүй байсан. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тохиролцсон байдаг тул 60 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал энэ талаар тайлбар өгсөн. Гэхдээ татварын тухай хууль болон нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу цалин хөлснөөс суутгах шимтгэлд тодорхой хэмжээний мөнгийг суутгадаг. Тийм учраас 60 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. С.Баянхангай нь энэ талаар ямар хүнтэй тохиролцсон, тэр хүнээсээ уг мөнгийг авах нь зүйтэй гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмлэгч С.Баянхангай нь хариуцагч Тээвэр хөгжлийн банк ХХК-д холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмжид 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн хариуцагч Тээвэр хөгжлийн банк үл зөвшөөрч, нэхэмжлэгч нь ажиллах хугацаандаа тус банкны үр ашгийг дээшлүүлэх, Монгол банкнаас тавьсан шаардлагыг биелүүлж чадаагүй, тус банкнаас авсан өөрийн зээл, хүүгийн төлбөрийн тооцоог дуусгах талаар үүрэг өгсөн боловч зээлийн үлдэгдэл 109 431 158 төгрөгийг төлөөгүй, 60 000 000 төгрөгийг нэхэх эрх ёс зүйн хувьд байхгүй гэж тайлбарлан маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч С.Баянхангай нь 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 25-нд уг ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хариуцагч байгууллагын ТУЗ-ийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24-4 тоот Гүйцэтгэх захирлыг томилох тухай, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот Гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх тухай тогтоолууд, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн С.Баянхангай болон Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ажил хүлээлцсэн акт зэргээр нотлогдож байна.

 

2.Нэхэмжлэгч С.Баянхангайг ажлаас чөлөөлсөн дээрх Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот тогтоолд гүйцэтгэх захирал С.Баянхангайн ажилд өгсөн үнэлгээ нь хангалтгүй, түүний ажиллах хугацаа дуусгавар болсон гэж үзэн Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2., Тээвэр хөгжлийн банкны дүрмийн 19.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэжээ.

 

Дээрхээс үзэхэд ажил олгогч нь ажилтан С.Баянхангайтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас чөлөөлөх нэг үндэслэлээ нэхэмжлэгч нь ажил үүргээ хангалтгүй биелүүлснээс түүний гүйцэтгэсэн ажилд нь хангалтгүй үнэлгээ өгсөн гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан үндэслэлийг тодорхойлсон гэж үзэхээр ба нэхэмжлэгч С.Баянхангай нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар, түүний ажлыг хэрхэн яаж дүгнэсэн, ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тухайн байгууллагын аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэрээр тогтоогдоогүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй байна.

 

3.С.Баянхангай болон Тээвэр хөгжлийн банкны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1-д Талууд энэ гэрээг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам болон энэ гэрээнд заасан үндэслэлээр дуусгавар болж, цуцлагдах хүртэл хугацаагүйгээр байгуулав, 3.2-т Талуудын аль нэг нь гэрээг Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам болон энэ гэрээнд заасан үндэслэлээр хэдийд ч дуусгавар болгож, цуцалж болно гэж хөдөлмөрийн гэрээний хугацааг заасан байх боловч, С.Баянхангайг гүйцэтгэх захирлын ажилд томилсон тухай ТУЗ-ийн тогтоолд 3 жил ажиллуулахаар заасан, хөдөлмөрийн гэрээний 2.5-д ...Ажил үүргийг гүйцэтгэж эхлэх хугацаа: 2013 оны 09 дүгээр сарын 16...,Хөдөлмөрлөх нөхцөл: 3 жил... гэж бичигдсэн, зохигчид хөдөлмөрийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан талаар тайлбарлаж байгаа зэргээс Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т зааснаар гэрээний талууд хөдөлмөрийн гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 16-наас эхлэн 3 жилийн хугацаатай байгуулсан гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 16-нд дууссанаас хойш С.Баянхангайг ажлаас чөлөөлсөн ТУЗ-ийн 02 тоот тогтоол 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу 9 хоногийн дараа гарч, уг тогтоолд ...түүний ажиллах хугацаа дуусгавар болсон... гэж ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болгон заажээ.

Дээрх үйл баримтын талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажил олгогчоос ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдээгүй талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1., 37.1.3.-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон талаар зохигчид мэтгэлцэж маргаагүй байна.

 

4. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.1-д хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийг талууд тодорхойлсон байх ба 10.1.1-д Талууд тохиролцсон, 10.1.2-т Гэрээний хугацаа дууссан бөгөөд цаашид сунгагдахгүй болсон, 10.1.5-д Энэ гэрээний 10.2-т заасны дагуу ажил олгогч гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, 10.2.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2., 40.1.4., 40.1.5., 40.1.7.-д заасан үндэслэлүүд гэж тус тус заажээ.

Мөн ажилтанд ажлаас халагдсаны тэтгэмж олгох талаар гэрээний 10.3-т заахдаа Тус гэрээг 10.1.1-10.1.6-д заасан үндэслэлээр дуусгавар болгож буй тохиолдолд...1 жилийн үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг ажил олгогчоос 1 сарын хугацаанд олгоно гэж заасан байна.

Үүнээс үзэхэд ажил олгогчийн С.Баянхангайг ажлаас чөлөөлсөн шийдвэрт заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн үндэслүүдийн аль аль нь дээрх хөдөлмөрийн гэрээний 10.3-т заасан тэтгэмж олгох үндэслэл, нөхцөлд хамаарч байх бөгөөд ажил олгогчоос нэхэмжлэгчид уг тэтгэмжийг олгоогүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.2...-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 1 сар ба түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд талуудын хоорондохь хөдөлмөрийн гэрээний 10.3-т заасан тэтгэмж олгох тухай заалт нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

 

6.Хөдөлмөрийн гэрээний 2.6-д ...сарын үндсэн цалин: 10 000 000 төгрөг... гэсэн байх ба нэхэмжлэгчийн цалин нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолоор 50 хувиар буурч 5 000 000 төгрөг болсон талаар талууд тайлбарласан, хариуцагч байгууллагын цалингийн тодорхойлолт, 1067246 тоот С.Баянхангайн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг үндэслэн сарын үндсэн цалинг 5 000 000 төгрөгөөр тодорхойлон 12 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д заасны дагуу нэхэмжлэгч нь ажил олгогчоос шаардах эрхтэй.

 

7.Нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг мэдсэнээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 22-нд шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн хариуцагч Тээвэр хөгжлийн банк ХХК-иас 60 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 457 950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д заасныг баримтлан хариуцагч Тээвэр хөгжлийн банк ХХК-иас 60 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баянхангайд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 457 950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаарзохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйгдурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.