Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 569

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ц.Наранчимэг, шүүгч Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар-36, өөрийн байранд байрлах, Ариггал ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Засгийн газрын 4 дүгээр байранд байрлах, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох,

Таван толгой ХК-ийн 1905 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч, Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дэх Ариг гал ХК-ийн дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээхийг даалгах, хохиролд Таван толгой ХК-иас 2013, 2014 онуудад нэгж хувьцаанд тараасан ноогдол ашиг, нэмж олгосон 1905 /190 500/ ширхэг хувьцаанд ноогдох 60 579 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэрэн-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ням-Очир, иргэдийн төлөөлөгч Д.Түмэннасан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ариггал ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэн-Очироос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 183 тоот, 2008 оны 263 тоот хууль бус тогтоолоор Ариггал ХК-д хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх, хувьцааг шударгаар эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн, үүний улмаас гэм хор учруулсан гэж үзэн нэхэмжлэл гаргасан юм. Иймд 1905 ширхэг хувьцаа буюу Таван толгой ХК-ийн нэгж хувьцааг 100 ширхэг болгон задалснаар 190500 ширхэг хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны арилжаанаас худалдан авч, Ариггал ХК-ийн үнэт цаасны арилжааны дансанд байршуулахаар өмчлөх эрхийг сэргээлгэх, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолоор 2013 оны ногдол ашгийг 59 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Мөн 2013 оны ногдол ашигийг 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоолоор 200 төгрөгөөр нэмэгдүүлж хуваарилсан. 2014 оны ногдол ашгийг 59 төгрөгөөр тооцохоор 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот тогтоолоор шийдвэрлэсэн. Нэмэгдүүлэн олгохоор шийдвэрлэсэн ноогдол ашгийг, 2014 оны ноогдол ашгийг Ариггал ХК нь тус тус авах боломжгүй болсон ба мөн 2015 оны Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 8727 тоот шийдвэрт энэхүү нэхэмжлэлийн шаардлага болох нэмэгдүүлсэн ногдол ашиг, 2014 оны ноогдол ашиг нь нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй, энэ хохирлыг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт дурдагдаагүй тул нийт 60 579 000 төгрөгийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргуулахаар, мөн 190500 ширхэг хувьцаагаа өмчлөх, эзэмших эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дэлгэрүүлж тайлбарлавал, нэхэмжлэлийн 1-р шаардлага буюу 1069 ширхэг хувьцаа /одоо 106900 ширхэг хувьцааг/ худалдагч авч, дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Үүнийг хэргийн 96-97-р талд байгаа тус компанийн эрхийг зөрчсөн Санхүүгийн зохицуулах хорооны 183 тоот тогтоол, уг тогтоолыг хүчингүй болгож, тухайн үеийн Ээрмэл ХХК-ийн нэрээр эрхийг нь сэргээсэн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн 10 тоот тогтоол, үүнтэй холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд гарсан бөгөөд энэ нь хэргийн 8-21-р талуудад авагдсан. Нэхэмжлэлийн энэ шаардлагын 2 дахь хэсгийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нь өмнөх шүүхээр шийдвэрлүүлсэн шаардлагатай ижил боловч хувьцааны тоо өөр юм. 836 ширхэг буюу хуваасан тоогоор 83600 ширхэг хувьцаа бөгөөд үүний талаар нэхэмжлэгчийн хувьцааг зөвшөөрөлгүйгээр арилжсан тухай Санхүүгийн зохицуулах хорооны 263-р тогтоол хэргийн 89-94-р талд, уг шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь хэргийн 78-88-р талд, иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд хэргийн 8-21-р талд авагдсан. Шүүхээс хувьцааны өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагыг урьдчилан шийдвэрлүүлэх журамтай гэж дүгнэсэн. Тиймээс бид урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд энэ нь хэргийн 5-р талд, тус хорооноос төлбөр мөнгө болон бусад нөхцөл байдлыг дурдаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж хариу өгсөн нь хэргийн 104-р талд авагдсан бөгөөд хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам хангагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн 2-р шаардлагын хувьд буюу мөнгөн дүнгийн талаар тайлбарлахад 2013 оны ноогдол ашгийг 766 төгрөгөөр хуваарилсан бөгөөд үүнийг өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрүүлсэн. Тийм учраас 2013 онд 59 төгрөг болон 200 төгрөгөөр ноогдол ашгаа нэмж хуваарилсан, 2014 оныхыг 59 төгрөгөөр олгох болсон тул нийт 60 579 000 төгрөгийн ноогдол ашгаа авч чадахгүй хохирч байна. Энэ талаар ноогдол ашгийг хэзээ шийдвэрлэсэн болон хэзээ дансанд хуваарилж олгосон талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн Мэдээлэл хүргүүлэх тухай, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн албан бичиг зэрэг 2 баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагууд нь өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн шаардлагуудтай хамааралгүй, давхцаагүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй шууд хамаарлатай бүх үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байгаа. Нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос шүүхэд болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ням-Очироос гаргасан тайлбартаа: Тус хорооны 2007 оны 183, 2008 оны 263 тоот тогтоолоор өмчлөх эрх зөрчигдсөн гэж хороонд хандсан байдаг. Уг асуудлыг хороо хүлээн авч гомдлыг нь шийдвэрлэсэн. Таван Толгой ХК нь захиалагчийн зөвшөөрөлгүйгээр хувьцаа шилжүүлсэн гээд 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн 23 иргэний хувьцаанд холбогдох хэлцлийг хүчингүй болгож, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг сэргээж өгсөн байдаг. Тухайн 23 иргэний 2 хүн нь болох н.Цогнэмэх, н.Мөнх-Очир гэх иргэд нь 836 ширхэг хувьцааг эзэмшигч нар юм. Эдгээр хувьцаа нь тухай үеийн Ажнай инвест зэрэг компаниудаар дамжиж Ариггал ХК-ийн дансанд шилжилж орсон байдаг. 1069 болон 836 ширхэг хувьцааг ямар шат дамжлагаар дансанд орсон тухай хариуцагч талаас хариу тайлбартаа дурдаж, хэрэгт хавсаргасан байгаа. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасан төр өөрийн хөрөнгөөр учруулсан хохирлыг арилгуулах ёстой гэж үзсэн байдаг. Гэхдээ үүнийг ярихаас илүүтэй тухайн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3.-т заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороонд энэхүү асуудлаар хандаж шийдвэрлүүлэх боломж өмнө нь байсан боловч ашиглаагүй нь хариуцагч Санхүүгийн зохицуулах хороог хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байгаа юм. Нэхэмжлэгч байгууллага яагаад энэ боломжийг ашиглаж чадаагүй юм бэ. Санхүүгийн зохицуулах хороо нь төсвийн байгууллага бөгөөд хувийн биржийн арилжаагаар арилжаалагдаж буй 1069 болон 836 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч, байршуулах хуулиар олгогдсон эрх хэмжээ байхгүй. 1069 ширхэг хувьцааны хувьд арилжсан нөхцөл байдал адил учраас энэ талаар тайлбарлах шаардлагагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ариггал ХК нь хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй Таван толгой ХК-ийн 1905 /190500/ ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч, Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК дахь Ариггал ХК-ийн дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээхийг даалгах, хохиролд Таван толгой ХК-иас 2013, 2014 оны 1905 /190500/ ширхэг хувьцааны ноогдол ашиг, нэмж хуваарилсан ноогдол ашиг болох 60 579 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Ариггал ХК нь Ээрмэл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04/14 тоот тогтоолоор тус компанийн Ээрмэл гэсэн оноосон нэрийг Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1., 17 дугаар зүйлийн 17.1., 62 дугаар зүйлийн 62.1.1.-д зааснаар Ариггал гэж өөрчлөн баталсан нь 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаартай Санхүүгийн зохицуулах хорооны Ээрмэл ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай тогтоол, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаа зэргээр нотлогдсон байна.

Иймд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6.-д заасны дагуу Ариггал ХК нь Ээрмэл ХК-ийн шаардах эрхийг шилжүүлэн авсан байх тул шүүхэд дээрх нэхэмжлэлийг гаргах эрхтэй.

Түүнчлэн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5.-д Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага...нь эдийн бус хөрөнгөд хамаарна гэж, 74 дүгээр зүйлийн 74.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй гэж зааснаар нэхэмжлэгчийн өөрийн эд хөрөнгөө өмчлөх эрхийг сэргээлгэх, хувьцааны ноогдол ашиг, нэмж олгосон ноогдол ашгийг авч чадаагүйгээс учирсан хохирлоо шаардах эрхэд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзнэ.

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо нь дээрх нэхэмжлэлийг үл зөвшөөрч төсвийн байгууллага учир хэн нэгэнд учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр худалдан авч нэхэмжлэгчийн дансанд байршуулах боломжгүй, хохирол төлөх төсөв батлах эрх хуулиар олгогдоогүй, нэхэмжлэгч нь өөрийнх данснаас хувьцаа нь бусдад худалдагдаж шилжүүлсэн тухайн үед нь Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлэх боломж байсан атал энэ боломжоо ашиглаагүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг татгалзаж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Санхүүгийн зохицуулах хороо нь нэхэмжлэгч Ариггал ХК-ийн өмчлөлдөө худалдан авсан Таван толгой ХК-ийн 1905 ширхэг хувьцааг өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр арилжаалсан гэж үзэн 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолоороо нэхэмжлэгчийн төвлөрсөн хадгаламж дахь 27-1195 тоот данснаас Таван толгой ХК-ийн 836 ширхэг хувьцааг буцаан татаж, үүнээс 736 ширхэг хувьцааг иргэн Ц.Цогнэмэхийн, 100 ширхэг хувьцаагч иргэн Н.Мөнх-Очирын өмчлөлд,

2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Арилжааны хэлцлийг хүчингүй болгох тухай 183 дугаар тогтоолоороо Ариггал ХК-ийн төвлөрсөн хадгаламж дахь 27-1195 тоот данснаас Таван толгой ХК-ийн 1069 ширхэг хувьцааг буцаан татаж, иргэн С.Бат-Өлзийгийн өмчлөлд тус тус шилжүүлжээ.

2. Дээрх Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Ариггал ХК /Ээрмэл ХК/ нэхэмжлэл гаргаснаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр 263 дугаар тогтоолын Ээрмэл ХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгон нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн байна.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар тогтоолд гомдол гаргаснаар Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлөөс 183 дугаар тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Энэ үйл баримт нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 140 дүгээр тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох тухай 10 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Арилжааны хэлцэл хүчингүй болгох тухай 263 дугаар тогтоол, 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Арилжааны хэлцэл хүчингүй болгох тухай 183 дугаар тогтоол зэргээр нотлогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

3. Ариггал ХХК-ийн өмчлөлийн, Таван толгой ХК-ийн 1069 ширхэг хувьцааг иргэн С.Бат-Өлзийд буцаан шилжүүлсний дараа 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 17 хэлцлээр, иргэн Ц.Цогнэмэх нь Таван толгой ХК-ийн 736 ширхэг хувьцааг буцаан байршуулсны дараа 2009 оны 2 дугаар сарын 05-наас 6 дугаар сарын 18-ны хооронд нийт 12 хэлцлээр, иргэн Н.Мөнх-Очир нь Таван толгой ХК-ийн 100 ширхэг хувьцааг буцаан байршуулсны дараа 2009 оны 4 дүгээр сарын 29-нөөс 2010 оны 5 дугаар сарын 31-ний хооронд нийт 10 хэлцлээр тус тус бусдад арилжаалсан нь,

2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 186 дугаар тогтоолоор дээрх нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 526 652 ширхэг хувьцааг нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 52 655 200 ширхэг энгийн хувьцаанд хувааж тус компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн нь тус тус Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/677 тоот албан бичиг болон түүний хавсралтаар болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8727 дугаартай шийдвэрээр нотлогдсон ба уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4. Таван толгой ХК нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 тоот тогтоолоор 2013 оны жилийн эцсийн ноогдол ашгийг нэгж хувьцаанд 766 төгрөгөөр тооцож хуваарилсан байх ба түүнээс хойш жилийн эцсийн ноогдол ашгийг нэгж хувьцаанд 59 төгрөгөөр, 200 төгрөгөөр тус тус 2 удаа нэмж хуваарилахаар шийдвэрлэсэн нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тоот, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоолуудаар, мөн 2014 оны жилийн эцсийн ноогдол ашгийг нэгж хувьцаанд 59 төгрөгөөр тооцож хуваарилахаар шийдвэрлэсэн нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот тогтоол, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/216 тоот албан бичиг, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн 20137 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/628 тоот Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг зэргээр нотлогджээ.

 

5. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны дээрх 2007 оны 183 дугаар, 2008 оны 263 дугаар тогтоолуудын улмаас нэхэмжлэгч Аргигал ХК-ийн эзэмшлийн 1905 ширхэг хувьцаа бусдад шилжин, нэхэмжлэгчийн хувьцаагаа өмчлөх, эзэмших эрх нь зөрчигдөж, эд хөрөнгөд нь хохирол учирсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2013 онд нэгж хувьцаанд 259 төгрөгөөр нэмж хуваарилсан 1905 ширхэг хувьцааны ноогдол ашиг болох 49 339 500 төгрөгийн, 2014 онд нэгж хувьцаанд 59 төгрөгөөр тооцож хуваарилсан ноогдол ашиг болох 11 239 500 төгрөгийн, нийт 60 579 000 төгрөгийн авах ёстой байсан ноогдол ашгийг буюу олох ёстой байсан орлогоо авч чадалгүй хохирсон нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаатай шалтгаант холбоотой, нэхэмжлэгчид гэм хор учруулсан үйл баримт хэрэгт авагдсан болон баримтууд болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8727 дугаартай шийдвэрээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

6.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорын арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, 497 дугаар зүйлийн 497.1.-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Ариггал ХК нь Таван толгой ХК-иас 2013 онд нэгж хувьцаанд нэмж олгосон, 2014 оны нэгж хувьцаанд хуваарилсан ноогдол ашгийг учирсан гэм хорын хохиролд тооцон Санхүүгийн зохицуулах хорооноос шаардах эрхтэй, хариуцагч нь уг хохирлыг хариуцах үндэслэлтэй.

7. Иргэний хуулийн 107 дугаар зүйлийн 107.2.-т зааснаар нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага сэргээх үүрэгтэй ба үүний дагуу нэхэмжлэгчээс 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/179 тоот Хувьцаа дансанд байршуулах тухай, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4/207 тоот Хариу авах тухай, 4/208 тоот Шаардлага хүргүүлэх тухай, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/112 тоот Хувьцаа дансанд буцаан байршууулах хүсэлт гаргах тухай албан бичгүүдээр Санхүүгийн зохицуулах хорооноос 1905 ширхэг хувьцааг Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК дахь Ариггал ХК-ийн дансанд байршуулахыг Санхүүгийн хорооноос шаардаж байсан, түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8727 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2016 оны 08 дугаар сарын 17-нд 1/71 тоот албан бичгээр хариуцагч байгууллагад 1905 ширхэг хувьцааны өмчлөх эрхийг сэргээлгэхээр гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооноос хянаад Ариггал ХК-иас ирүүлсэн 1/71, 1/72 тоот Таван толгой ХК-ийн 1069 ширхэг болон 836 ширхэг хувьцааг буцаан байршуулж, өмчлөх эрхийг сэргээж өгөх...тухай албан бичгүүдтэй танилцаад дараахь хариуг хүргүүлж байна...1069 ширхэг хувьцааг...836 ширхэг хувьцааг буцаан танай компанийн дансанд шилжүүлэх үүргийг тус хороо хүлээгээгүй, хохирлын асуудал уг шийдвэрт тусгагдаагүй байна. Иймд ...хувьцааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь Ариггал ХК-ийн дансанд буцаан байршуулах болон өмчлөх эрхийг сэргээх боломжгүй байна... гэсэн хариуг өгч шийдвэрлэжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан байх тул 33.2.-т заасны дагуу шүүхэд 1905 /190500/ ширхэг хувьцааныхаа өмчлөх эрхийг сэргээхийг даалгуулахаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2., 106.3.-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх 1905 ширхэг хувьцаа нь олон удаагийн хэлцлээр бусдад дамжин арилжаалагдсан байх боловч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10.-т заасны дагуу хуулиар тогтоосон бусад арга, журмаар нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээх, хамгаалуулах эрхтэй болно.

8.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2., 498 дугаар зүйлийн 498.3.-т заасан нэхэмжлэгчийн санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан үйлдэл нөлөөлсний улмаас гэм хорын хохирол учирсан, мөн хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс хохирол учирсан гэх, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэх, хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал болон хариуцагч талын татгалзал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т зааснаар хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос хохиролд 60 579 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч компанид олгон, хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй Таван толгой ХК-ийн 1905 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч, Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК дахь Ариг гал ХК-ийн дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээхийг даалгах буюу хуульд нийцсэн арга журмаар нэхэмжлэгчийн өмчлөлийн 1905 /190500/ ширхэг хувьцаа өмчлөх эрхийг сэргээхийг хариуцагчид даалган шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 480 250 төгрөгөөс 531 045 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 1 949 205 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос 531 045 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2., 106.3., 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.2., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хуульд нийцсэн арга, журмаар Ариггал ХК-ийн, Таван толгой ХК-ийн 190500 ширхэг хувьцааг өмчлөх эрхийг сэргээхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгаж, хариуцагч байгууллагаас хохиролд 60 579 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ариггал ХК-долгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.3., 60 дугаар зүйлийн 60.1.-дзааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 480 250 төгрөгөөс 531 045 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 1 949 205 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос 531 045 төгрөгийг гаргуулж тус тус Ариггал ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаарзохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйгдурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.