Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1320

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/01320

 

 

 

 “Ариг гал” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00569 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ариг гал” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох,

 

“Таван толгой” ХК-ийн 1905 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч, Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дэх “Ариг гал” ХК-ийн дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээхийг даалгах, хохиролд 60 579 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Цэрэн-Очир

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Сод-Эрдэнэ, З.Сүхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 183 тоот, 2008 оны 263 тоот хууль бус тогтоолоор “Ариг гал” ХК-д хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх, хувьцааг шударгаар эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн, үүний улмаас гэм хор учруулсан гэж үзэн нэхэмжлэл гаргасан юм.

Иймд 1905 ширхэг хувьцаа буюу “Таван толгой” ХК-ийн нэгж хувьцааг 100 ширхэг болгон задалснаар 190 500 ширхэг хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны арилжаанаас худалдан авч, “Ариг гал” ХК-ийн үнэт цаасны арилжааны дансанд байршуулахаар өмчлөх эрхийг сэргээлгэх, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолоор 2013 оны ногдол ашгийг 59 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Мөн 2013 оны ногдол ашгийг 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоолоор 200 төгрөгөөр нэмэгдүүлж хуваарилсан. 2014 оны ногдол ашгийг 59 төгрөгөөр тооцохоор 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот тогтоолоор шийдвэрлэсэн. Нэмэгдүүлэн олгохоор шийдвэрлэсэн ногдол ашгийг, 2014 оны ногдол ашгийг “Ариг гал” ХК нь тус тус авах боломжгүй болсон ба мөн 2015 оны Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 8727 тоот шийдвэрт энэхүү нэхэмжлэлийн шаардлага болох нэмэгдүүлсэн ногдол ашиг, 2014 оны ногдол ашиг нь нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй, энэ хохирлыг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт дурдагдаагүй тул нийт 60 579 000 төгрөгийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргуулахаар, мөн 190 500 ширхэг хувьцаагаа өмчлөх, эзэмших эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дэлгэрүүлж тайлбарлавал, нэхэмжлэлийн 1-р шаардлага буюу 1069 ширхэг хувьцаа /одоо 106 900 ширхэг хувьцааг/ худалдагч авч, дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан.

Тус компанийн эрхийг зөрчсөн Санхүүгийн зохицуулах хорооны 183 тоот тогтоол, уг тогтоолыг хүчингүй болгож, тухайн үеийн “Ээрмэл” ХХК-ийн нэрээр эрхийг нь сэргээсэн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн 10 тоот тогтоол, үүнтэй холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд гарсан.

Нэхэмжлэлийн энэ шаардлагын 2 дахь хэсгийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нь өмнө шүүхээр шийдвэрлүүлсэн шаардлагатай ижил боловч хувьцааны тоо өөр юм. 836 ширхэг буюу хуваасан тоогоор 83600 ширхэг хувьцаа бөгөөд үүний талаар нэхэмжлэгчийн хувьцааг зөвшөөрөлгүйгээр арилжсан тухай Санхүүгийн зохицуулах хорооны 263 дугаар тогтоол, уг шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд авагдсан. Шүүхээс хувьцааны өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагыг урьдчилан шийдвэрлүүлэх журамтай гэж дүгнэсэн.

Тиймээс бид урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд тус хорооноос төлбөр мөнгө болон бусад нөхцөл байдлыг дурдаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж хариу өгсөн бөгөөд хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам хангагдсан гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн 2-р шаардлагын хувьд буюу мөнгөн дүнгийн талаар тайлбарлахад 2013 оны ногдол ашгийг 766 төгрөгөөр хуваарилсан бөгөөд үүнийг өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрүүлсэн. Тийм учраас 2013 онд 59 төгрөг болон 200 төгрөгөөр ногдол ашгаа нэмж хуваарилсан, 2014 оныхыг 59 төгрөгөөр олгох болсон тул нийт 60 579 000 төгрөгийн ногдол ашгаа авч чадахгүй хохирч байна. Энэ талаар ногдол ашгийг хэзээ шийдвэрлэсэн болон хэзээ дансанд хуваарилж олгосон талаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Мэдээлэл хүргүүлэх тухай, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн албан бичиг зэрэг 2 баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагууд нь өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн шаардлагуудтай хамааралгүй, давхцаагүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй шууд хамаарлатай бүх үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байгаа. Нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хорооны 2007 оны 183, 2008 оны 263 тоот тогтоолоор өмчлөх эрх зөрчигдсөн гэж хороонд хандсан байдаг. Уг асуудлыг хороо хүлээн авч гомдлыг нь шийдвэрлэсэн. “Таван Толгой” ХК нь захиалагчийн зөвшөөрөлгүйгээр хувьцаа шилжүүлсэн гээд 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн 23 иргэний хувьцаанд холбогдох хэлцлийг хүчингүй болгож, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг сэргээж өгсөн байдаг. Тухайн 23 иргэний 2 хүн нь болох н.Цогнэмэх, н.Мөнх-Очир гэх иргэд нь 836 ширхэг хувьцааг эзэмшигч нар юм. Эдгээр хувьцаа нь тухай үеийн Ажнай инвест зэрэг компаниудаар дамжиж “Ариг гал” ХК-ийн дансанд шилжилж орсон байдаг.

1069 болон 836 ширхэг хувьцааг ямар шат дамжлагаар дансанд орсон тухай хариуцагч талаас хариу тайлбартаа дурдаж, хэрэгт хавсаргасан байгаа. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төр өөрийн хөрөнгөөр учруулсан хохирлыг арилгуулах ёстой гэж үзсэн байдаг.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороонд энэхүү асуудлаар хандаж шийдвэрлүүлэх боломж өмнө нь байсан боловч ашиглаагүй нь хариуцагч Санхүүгийн зохицуулах хороог хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байгаа юм.

Санхүүгийн зохицуулах хороо нь төсвийн байгууллага бөгөөд хувийн биржийн арилжаагаар арилжаалагдаж буй 1069 болон 836 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч, байршуулах хуулиар олгогдсон эрх хэмжээ байхгүй. 1069 ширхэг хувьцааны хувьд арилжсан нөхцөл байдал адил учраас энэ талаар тайлбарлах шаардлагагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2., 106.3., 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.2., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хуульд нийцсэн арга, журмаар “Ариг гал” ХК-ийн, “Таван толгой” ХК-ийн 190500 ширхэг хувьцааг өмчлөх эрхийг сэргээхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгаж, хариуцагч байгууллагаас хохиролд 60 579 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ариг гал” ХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.3., 60 дугаар зүйлийн 60.1.-дзааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 480 250 төгрөгөөс 531 045 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 1 949 205 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос 531 045 төгрөгийг гаргуулж тус тус “Ариг гал” ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...Санхүүгийн зохицуулах хорооны дээрх 2007 оны 183 дугаар, 2008 оны 263 дугаар тогтоолуудын улмаас нэхэмжлэгч "Ариг гал" ХК-ийн эзэмшлийн 1905 ширхэг хувьцаа бусдад шилжин, нэхэмжлэгчийн хувьцаагаа өмчлөх, эзэмших эрх нь зөрчигдөж, эд хөрөнгөд нь хохирол учирсан байна", "...Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 498 дугаар зүйлийн 498.3-т заасан нэхэмжлэгчийн санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан үйлдэл нөлөөлсний улмаас гэм хорын хохирол учирсан, мөн хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс хохирол учирсан гэх гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэх, хариуцлагаас чөлөөлөх, нөхцөл байдал болон хариуцагч талын татгалзал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалд зөв үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

Учир нь Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 96 дугаар шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн 2010 оны 10 дугаар тогтоолын аль алинд нь хохирлыг нөхөн төлөхийг тус Хороонд даалгаагүй нь хариуцагчийг шууд буруутгах үндэслэл болохгүй юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэгт "Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ." гэж заасны дагуу тухайн үед Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт хохирлын талаар дурдаагүйг Иргэний хэргийн шүүх анхаарч үзэх ёстой байсан бөгөөд хэрэв хохирол барагдуулах байсан бол нэхэмжлэгч иргэний хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хохирлоо барагдуулах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл дээрх Хяналтын зөвлөлийн болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хохирол барагдуулах ёстой байсан бол нэхэмжлэгч тал Иргэний хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хохирлоо барагдуулах ёстой байсан.

Нөгөө талаар Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 96 дугаар шийдвэр, Хяналтын зөвлөлийн 2010 оны 10 дугаар тогтоол гарч хүчин төгөлдөр болсноос хойш даруй 6 жилийн дараа Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгчийн үйлдэлд тус Хорооны ямар үйлдэл нь шалтгаант холбоотой гэдгийг анхан шатны шүүх шалгаж тогтоогоогүй мөртлөө хариуцагчийг буруутгаж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч тал Иргэний хэргийн шүүхэд хэзээ хандаж болох байсныг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч энэ хугацааны хохирол барагдуулах нэхэмжлэл гаргахад тус Хороо /хариуцагч/-ны ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 498 дугаар зүйлийн 498.3-т заасны дагуу шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж шийдвэр гаргах байсан. Учир нь нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр, Хяналтын зөвлөлийн тогтоол гарсан даруйд Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хохирлоо барагдуулах боломжтой байсан. Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг шалгаж тогтоохгүйгээр хариуцагчийг буруутгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор судалж үндэслэл бүхий шийдвэр гаргаж үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 00569 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч "Ариг гал" ХК нь хариуцагч Санхүүгийн зохцуулах хороонд холбогдуулан “Таван толгой” ХК-ийн 1905 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч, Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дэх “Ариг гал” ХК-ийн дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээхийг даалгах, хохиролд “Таван толгой” ХК-иас 2013, 2014 онуудад нэгж хувьцаанд хуваарилсан ногдол ашигт нэмж олгосон 1905 /190 500/ ширхэг хувьцаанд ноогдох 60 579 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8727 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2016/00724 тоот тогтоолоор “Ариг гал” ХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж, Санхүүгийн зохицуулах хороо 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолоор 72 хэлцэл хүчингүй болгосон бөгөөд үүнд нэхэмжлэгчийн 836 ширхэг хувьцаа худалдан авсан хэлцэл багтсан, иргэн С.Бат-Өлзийгийн зөвшөөрөлгүй арилжсан 1069 ширхэг хувьцааг худалдаж авсан нэхэмжлэгчийн хэлцлийг хүчингүй болгосон Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 183 дугаар тогтоолыг мөн хорооны хяналтын зөвлөл 2010 оны 10 дугаар тогтоолоор хүчингүй болгосны улмаас нэхэмжлэгчийн 1095 ширхэг хувьцааг өмчлөх эрх зөрчигдсөн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Санхүүгийн зохицуулах хороо... нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн” гэж тодорхойлсон ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлээр Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийг тодорхойлсон байх бөгөөд өөрийн хөрөнгөөр хувьцаа худалдан авах, түүнийг бусдын дансанд шилжүүлэх эрх хэмжээг хуулиар Санхүүгийн зохицуулах хороонд олгоогүй.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул “Тавантолгой” ХК-ийн 1095 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч, Үнэт цаасны төлбөр, тооцоо хадгаламжийн төв дэх нэхэмжлэгчийн дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 183 дугаар тогтоол, 2008 оны 263 дугаар тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн өмчлөх, эзэмших эрх нь зөрчигдөж нэгж хувьцаанд хуваарилагдсан хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй нь хариуцагч байгууллагын үйл ажиллагаатай шалтгаант холбоотой болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна.

 

“Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 тоот тогтоолоор 2013 оны жилийн эцсийн ногдол ашгийг нэгж хувьцаанд 766 төгрөгөөр тооцож хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд Баянзүрх. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8727 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00724 дүгээртэй тогтоолоор хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос 2006 оноос 2013 оныг дуустал хувьцааны ногдол ашигт 857 830 771 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ариг гал” ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

“Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолоор 2013 оны жилийн эцсийн ногдол ашгийг нэгж хувьцаанд 59 төгрөгөөр нэмж тооцохоор, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоолоор 2013 оны жилийн эцсийн ногдол ашгийг нэгж хувьцаанд 200 төгрөгөөр нэмж хуваарилахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Ариг гал” ХК нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд шийдвэрлэгдсэн хэргийн хувьд хувьцааны ногдол ашгийн хувийг хэдэн төгрөгөөр тооцож, хохирлоо тодорхойлон нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид нээлттэй байсан бөгөөд 1095 ширхэг хувьцааны 2013 оны нэгж хувьцаанд хуваарилсан ногдол ашгийг авч чадаагүйтэй холбоотой хохирлыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, уг шийдвэр гарахаас өмнө ногдол ашгийг нэмж тооцон тогтоосон “Тавантолгой” ХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 23, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр гарсан байсан тул нэхэмжлэгч уг хохирлын хэмжээг шаардаагүй байгаа нь дахин уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхийг олгохгүй. Өөрөөр хэлбэл 2013 оны хувьцааны ногдол ашгийн хэмжээ ямар байгаа талаар нэхэмжлэгч өөрөө тодруулж, уг 2013 оны хувьцааны ногдол ашиг авч чадаагүй учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

 

Харин 2014 оны ногдол ашиг авч чадаагүйтэй холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй тул уг нэхэмжлэлийг хангах үндэслэл байна. 

 

 “Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот тогтоолоор 2014 оны жилийн эцсийн ногдол ашгийг нэгж хувьцаанд 59 төгрөгөөр тооцож хуваарилахад 11 239 500 төгрөг байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00569 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 11 239 500 төгрөг гаргуулж “Ариг гал” ХК-д олгож, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох “Тавантолгой” ХК-ийн 1095 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дэх “Ариг гал” ХК-ийн дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээлгэхийг даалгах, хохиролд 49 339 500 төгрөг гаргуулах тухай “Ариг гал” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “531 045” гэснийг “194 782” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА