Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 00046

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               Ж.Ц-ад холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

      Прокурор                                                  Ц.Идэрмөнх

       Шүүгдэгч                                                  Ж.Ц

       Нарийн бичгийн дарга                          Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 149 дугаар шийтгэх тогтоолтой Ж-ийн Ц-ад холбогдох, 1825001160117 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Овоотын 4-4 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ФБ: 75080619 регистрийн дугаартай, Т овгийн Ж-ийн Ц,

 

Шүүгдэгч Ж.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүлэг хүнсний захын гадна явж байсан М.Б-ын булган малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 180.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүээр сарын 03-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Т овгийн Ж-ийн Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-ад оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Ж.Цогдбадрахаас 180.000 төгрөг гаргуулан хохирогч /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Тосгон ХХ тоотод оршин суух  М.Б олгож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ц-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:

 

Ж овогтой Ц миний бие эрүүгийн хэргийн анхан шатны шийтгэх тогтоолыг гардан авлаа. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэнд миний бие гомдолтой байна. Хохирогч Б 2018.01.26 өдөр Хүлэг хүнсний зах дээр таарч миний малгайг зараад өг гээд надад өгсөн. Би малгайг явуулын хүнд 10.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь хамт архи уусан. Батбаяр, Баярхүү бид гурваас гадна хоёр хүн байсан тэгээд Батбаяр яваад өгсөн. Иймд миний бие хэргээ үнэн зөвөөр шалгуулмаар байна. Мөн энэ хэрэгт гүтгүүлж байгаадаа маш их хохирч байна. Мөн хэргээ үнэн зөвөөр шийдэж өгөөч. Хохирогч болон гэрчийг дахин шалгуулмаар байна. Миний бие өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцоно гэжээ.  

 

Шүүгдэгч Ж.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б-тай хүнсний зах дотор таарахад малгайгаа зараад өг гээд надад өгсөн. Би малгайг нь зараад мөнгөөр нь архи авч хамт уусан. Гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан.., Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж-ийн Ц-ыг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” хүнсний захын гадна явж байсан М.Б-ын булган малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 180.000 төгрөгний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд  анхан шатны шүүх хүлээн авч Ж.Цыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 6 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн  нотлох баримт болох :

 

-Хохирогч М.Б-ын ...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Хүлэг” хүнсний захын орчимд явж байхад миний өмсөж явсан булган малгайг үл таних хүн шүүрээд зугтаасан..., Тухайн үед захаар сургалсан чинь Жожоо гэж хүн шүүрсэн гэж хүмүүс хэлсэн. .., Би тэр хүнийг танихгүй... гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Л.Дашдуламын ...01 дүгээр сарын сүүлээр хүү Б-ын группын тэтгэвэрийг ХААН банкнаас аваад мөнгөөр нь түүнд захаас 180.000 төгрөгөөр эрэгтэй хүний булган малгай авч өгсөн..., Би Батбаярыг зах руу ороод исгэгч аваад гараад ир,...ээж нь дэлгүүр ороод бараа сонирхоод гараад ирье..., пирамидын таксины зогсоол дээр уулзъя гээд салсан...,

 

Гэртээ иртэл хүү маань зах дээр малгайгаа дээрэмдүүлчихлээ би араас нь хөөгөөд зах руу орсон чинь миний малгайг шүүрсэн хүн алга болсон байсан гэж хэлсэн..., тэгээд  зах дээр очоод захын камер шүүлгэх гэсэн чинь захын гадна талбай дээр болсон зүйл камерт харагдахгүй гэсэн. ..., Хүүгээ дагуулаад явж байхад нас тогтсон эрэгтэй хүн намайг хараад ...танай хүүгийн малгайг Жожоо гэж залуу шүүрээд аваад зугтаасан даа.. гэж  хэлэхээр нь  түүнийг мэдсэн гэсэн мэдүүлэг...,

 

-Гэрч Н.Насанжаргалын... танд намайг зааж өгсөн гэрч бол цагаан сарын өмнө эмэгтэй булган малгайг 165.000 төгрөгөөр, эрэгтэй хүний булган малгайг 180.000 төгрөгөөр тус тус худалдаж авсан... гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Б.Баярхүүгийн ...Миний танил Жоожоо буюу Ц гэж ах өнөөдөр надтай таараад чамайг цагдаагийн газраас дуудаж магадгүй шүү, ах нь нэг хэрэгт холбогдоод байгаа юм...,  Чамтай хамт байсан гээд хэлчихсэн, чи байцаагч дээр очоод намхан нуруутай бор цариатай ах Жоожоо ахад өөрөө малгайгаа 10.000 төгрөгөөр зараад ир гэж өгсөн., Жоожоо ахад малгайгаа өгөхөд нь би хажууд нь харж байсан, Жоожоо ах нөгөө хүний малгайг “Хүлэг” зах руу авч ороод 10.000 төгрөгөөр зарж гарч ирээд бид нар мөнгөөр нь дэлгүүрээс архи авч хувааж уугаад заруулсан ах явсан гээд хэлчихээрэй..., гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх  шүүгдэгч хуульд заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Цын гаргасан би  түүний малгайг дээрэмдэж гэмт хэрэг үйлдээгүй.., намайг гүтгэж байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Ж.Цын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           З.ХОСБАЯР

                                                                                      

               ШҮҮГЧИД                                                             Ц.ТУЯА

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА