Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0515

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Э” ХХК

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7429 дүгээр “Улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзоригийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7/4973 дугаар актыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 508 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2022/0642/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7429 дүгээр “Улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Г 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 7/4973 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 508 дугаар шийдвэрээр

 

    1. “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай” 7429 дугаартай дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7/4973 дугаар захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

 

  1. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

    1. “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.3-д “энэ хуулийн 19.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 19.4.11-д “өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг хариуцах” гэж тус тус зааснаар улсын бүртгэгч нь “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоол Компанийн тухай хуульд нийцсэн эсэхийг хянаж, зөрчсөн бол бүртгэхээс татгалзах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д зааснаар бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар авах эрхтэй байхад шүүх баримт бичгийн бүхий л агуулгыг хянан үзэхгүй гэх дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцэхгүй байна.

 

    1. Маргаан бүхий акт нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн бүртгэл бус хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7429 дүгээр дүгнэлт бөгөөд уг дүгнэлт үйлдэх үед болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 7/4973 дугаар албан бичиг үйлдэх үед Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2022/03121 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүссэн байх бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шүүгч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тус шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2023/00189 дүгээр шийдвэрийг үндэслэн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 7429 дүгээр дүгнэлт, 7/4973 дугаар албан бичгийг хууль бус гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

 

         Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

  1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7429 дүгээр дүгнэлтээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд хувийн хэргийн 9019007004 дугаарт бүртгэлтэй “Э” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Ж.Б өөрчилж, С.М томилсон бүртгэл хийлгэхдээ оролцогчийг тодорхойлж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгоогүй, улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэлтэй Ж.Б гаргаагүй Ж.М гэж гаргасан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2021/12165 дугаар захирамжаар энэ хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл “Э” ХХК-ийн хууль бус гэх тогтоолын дагуу ямар нэгэн ажиллагаа гүйцэтгэхгүй байх болон тэмдгийг ашигласан үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж захирамжилсан” гэх үндэслэлээр “Э” ХХК-д холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаагаар тус компанийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байна.

 

    1. Анхан шатны шүүх дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “...бичиг баримтын бүрдүүлбэр хангасан байхад бүртгэл хийхээс татгалзах эрхгүй, “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1 дугаартай, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1 дүгээр тогтоолыг улсын бүртгэлд бүртгүүлэх үед маргаан байгаагүй, ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2021/12165 дугаар захирамжийг хүчингүй болгосныг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн байхад үндэслэл болгож шийдвэрлэсэн нь буруу, Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээдээс гаргасан гэх үзэхээр байна” хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 20 дугаар зүйлийн 20.1.14, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.3, 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

    1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлын 2.2-т “улсын байцаагчийн 2021 оны 7429 дүгээр дүгнэлт болон 2022 оны 7/4973 дугаар актыг гаргах үед Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2022/03121 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүссэн байсан, гэтэл шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2023/00189 дүгээр шийдвэрийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж дурдсан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий акт нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн бүртгэл бус 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7429 дүгээр дүгнэлт гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм.

 

    1. Учир нь маргаж буй 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7429 дүгээр дүгнэлт нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн бүртгэл хууль нийцсэн эсэхийг хянан шалгасан бөгөөд тухайн үед буюу 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэл хийхэд шүүхийн маргаан үүсээгүй, маргаан бүхий дүгнэлт гарснаас хойш 2022 оны 7/4973 дугаар албан бичиг үйлдэх хүртэлх хугацаанд бий болсон Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2022/03121 дүгээр захирамжийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл байхгүй.

 

  1. Анхан шатны шүүх маргаан бүхий улсын байцаагчийн 2021 оны 7429 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож зөв шийдвэрлэсэн боловч, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дээд шатны улсын байцаагчид гомдол гаргаж хариу өгсөн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 7/4973 дугаар албан бичгийг захиргааны акт гэж үзэн хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасантай нийцэхгүй байна.

 

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх захиргааны хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байхаар хуульчилжээ.

 

2.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохоор хуульчилсан бөгөөд маргаж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 7/4973 дугаар албан бичиг нь эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бус хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, уг албан бичгийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.

 

2.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7/4973 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн нь буруу тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг засаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 508 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Г  2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7/4973 дугаартай актыг” гэснийг хасч, 2 дахь заалтын дугаарыг 3 болгож, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Э” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Г 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 7/4973 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмсэн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН