Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 810

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 602 тоотод оршин суух, ЧТ79032901 дугаарын регистртэй, Боржигон овогт Хашбатын Золгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43, өөрийн байранд байрлах, Капитал банк ХХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлсөн болон сахилгын шийтгэл ноогдуулсан, өөр ажилд шилжүүлсэн тушаалуудыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын олговор, томилолтын зардал, гар утасны зардал, түрээсийн төлбөрт нийт 40 998 650 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Капитал банк ХХК-ийн, 33 037 657 төгрөгийг нэхэмжлэгч Х.Золгэрэлээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 08-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хашбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтүвшин, А.Идэрчулуун, шүүх хуралдаанынарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Золгэрэлээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хашбатаас гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Золгэрэл нь 2014 оны 08 дугаар сараас эхлэн Капитал банкны Солонгос дахь төлөөлөгч, ахлах ажилтнаар ажилласан юм. Хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Ажлаас халагдах хүртлээ 2016 оны 05 дугаар сарын 19-нийг хүртэл хөдөлмөрийн гэрээний дагуу өөрт оногдсон үүрэгт ажлаа идэвхи санаачлагатай гүйцэтгэж байсан. Солонгос улсын Кукмин банк дээр Капитал банкны доллар, воны данс нээсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Солонгос орны хооронд хурдан шуурхай, хямд шимтгэлтэй мөнгөн гуйвуулга илгээгддэг болсон. Үүний үр дүнд хийгдсэн гүйлгээ өссөн байгаа нь хэрэгт байгаа баримтаар нотлогдоно. Солонгос улсын Серан, Эбег, Гранд эмнэлгүүдтэй Капитал банкны картаар төлбөр тооцоог гүйцэтгэвэл 10 хувийн хөнгөлөлт эдлэх гэрээг амжилттай байгуулсан. Мөн 80 ширхэг хадгаламжийн данс нээж 103 303 442 төгрөг, 6 519 ам.долларыг татан төвлөрүүлж чадсан. 2015 оны 06 дугаар сараас эхлэн ням гараг бүр өөрийн амралтын өдрөөрөө 400 км алслагдсан хотууд руу очиж банкны үйлчилгээг иргэдэд танилцуулах, сурталчилах, мэдээлэл өгөх ажлуудыг хийж байсан. Мөн Солонгос улсад зохион байгуулагдсан Монголчуудад зориулсан бүх арга хэмжээнд банкаа сурталчилж, мэдээлэл хүргэж, идэвхитэй оролцдог байсан. Тус улсад гэрээгээр ажиллахаар шинээр ирж байгаа иргэдэд цаг тухайд нь мэдээлэл хүргэх үүднээс Нийгмийн даатгалын газартай нягт хамтарч ажиллаж байсан. Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Ингээд идэвхи зүтгэлтэй ажиллаж байсан ажилтны 2015 оны 11, 12 дугаар сарын томилолтын зардлыг хассан бөгөөд үүнийг эдийн засгийн хямралыг даван туулахын тулд хүн бүрийн оролцоо хэрэгтэй гэсэн тайлбарыг ирүүлж өгөөгүй байдаг. Банкны ажилтны хувьд үүнийг хүлээн зөвшөөрч, 2 сарыг хүнд байдалтай өнгөөрсөн. Мөн 2016 оны 01 дүгээр сард томилолтын мөнгө олгогдоогүй учраас Хөрөнгийн удирдлагын газрын захирал Билгүүнд энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. 2015 онд ээлжийн амралтаа аваагүй байсан учир 02 дугаар сард ээлжийн амралтаа аваад тус хугацаанд асуудлыг шийдүүлэх талаар тохиролцоонд хүрсэн боловч байгууллага уг асуудлыг шийдвэрлэлгүйгээр Х.Золгэрэлийг тулган шаардах, үг хэлээрээ болон и-мейлээр гэрээгээ хий, үгүй бол өргөдлөө өг гэж дарамталж эхэлсэн. Х.Золгэрэл нь ажлаа хэвийн гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа уламжилж байсан боловч хүсэлтийг үл тоосон. 2016 оны 04 дүгээр сард биеийн эрүүл мэндийн байдал муудан архаг цус багадалтанд орж эмнэлэгт хэвтсэн. Х.Золгэрэлд 2016 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд 1 хоногийн зайтайгаар, сахилгын арга хэмжээ авсан тушаал, нөгөөх нь монголд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал и-мэйлээр явуулсан байдаг. Нэхэмжлэгч нь уг тушаалуудыг хуулийн үндэслэлгүй гарсан гэж үзэж зөвшөөрөхгүй байна. Х.Золгэрэийн банкинд гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэж өгөхгүй байсан тул 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өгсөн боловч энэ хүсэлтийг мөн хүлээн авахгүйгээр 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ноцтой зөрчил гаргаснаар халах тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ажлаас үндэслэлгүй халсан. Өнгөрсөн хугацаанд авч чадаагүй цалин хөлс, гадаадад томилогдон ажиллаж байсан томилолтын зардлаа нөхөж авах хүсэлттэй. Ажил олгогч нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш цалин, орон байрны түрээс, томилолтын зардал, гар утасны мөнгөний алийг нь ч олгоогүй. Тиймээс ажлаас үндэслэлгүй халагдсан хохирсон тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон 2015 оны 11 дүгээр сараас олгогдоогүй томилолтын зардал, гар утасны зардлын мөнгийг нөхөнгаргуулахыг шаардаж байна. Томилолтын зардал болон байрны түрээс, бусад зардлыг нэхэмжлэлд нэг бүрчлэн бичсэн. Ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх цалин, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарыг дуусталх хугацааны томилолтын зардлыг сарын 1 700 000 воноор тооцож, /ханш 1,98 төгрөгөөр/ 40 998 650 төгрөг болж байгаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сарын цалинг нийгмийн даатгалын лавлагаанд байгаа 920 000 төгрөгөөр тооцон нэхэмжилнэ. Харин нэхэмжлэгч нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын тушаалаар нэр өөрчлөгдсөн Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны Солонгос дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтний ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байгаа. Х.Золгэрэл нь цаашдаа тус банкинд ажиллах хүсэлгүй байгаа юм. Мөн ажил олгогч банкны сахилгын шийтгэл ноогдуулсан, өөр ажилд шилжүүлэн томилсон, сүүлд нь үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, түүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан тушаалууд учир хүчингүй болгох шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Золгэрэл нь манай Солонгос дахь төлөөлөгчийн газар 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Түүний үндсэн зорилго нь Солонгос улс дахь албан ёсны эрхтэй төлөөлөгчийн газар нээх байсан. Төлөвлөгөөний хүрээнд 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны ажилтны тайланг авч, үндсэн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн. Уг биелэлт нь хангалтгүй байсан тул 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Удирдлагын хорооны 35 тоот хурлаар хэлэлцсэн. Дээрх хурлаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Солонгос дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэх гэсэн 2 үндсэн асуудлыг хэлэлцсэн. Хурлаас Солонгос дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны зардлыг тодорхой хугацаанд 50 буюу түүнээс дээш хувиар бууруулах, Солонгос улс дахь төлөөлөгчийн газрын албан ёсны эрхийг нь авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд Х.Золгэрэлд 2015 оныг дуустал хугацаат үүрэг, даалгавар өгөх шийдвэр гарсан. Удирдлагын хорооны дарга Ундармаа нь 2015 оны 10 дугаар сарын 11-нд өөрийн гарын үсэгтэй үүрэг, даалгаврыг Х.Золгэрэлд өгсөн. Мөн шууд удирдлагуудад нь Х.Золгэрэлийн тайланг сар болгон авч дүгнэж байх үүрэг даалгаврыг өгсөн. Энэ талаар Х.Золгэрэлээс ирүүлсэн албан и-мэйлдшүүхээс үзлэг хийлгэсэн. 2015 он дуусахад тухайн ажилтнаас тодорхой үр дүн гараагүй. Үүнтэй холбоотойгоор тухайн газар дээрх нөхцөл байдлыг ойлгохгүй байж магадгүй, ажилтанд өндөр төлөвлөгөө өгсөн байж болзошгүй гэж үзээд Х.Золгэрэлийг өөрөөр нь төлөвлөгөө бичүүлэх удирдлагын санал гарсны дагуу 2015 оны 12 дугаар сарын 03-нд Х.Золгэрэлийн өөрийн боловсруулж ирүүлсэн төлөвлөгөөтэй танилцан, харилцан гарын үсэг зурж, гүйцэтгэх захирал тамга дарж баталгаажуулсан. Ингээд Х.Золгэрэлийн асуудлыг 2016 оны 04 дүгээр сарын 21-нд 10 тоот Удирдлагын хорооны хурлаар энэ төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэхэд Солонгос дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа нь төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй байдаг. Тус хурлаас Х.Золгэрэлийн үйл ажиллагаа нь 2 улирлын турш дараалан хангалтгүй, зорилгодоо огт хүрсэнгүй гэж дүгнээд Хөдөлмөрийн дотоод журмын 6.5.1, 6.5.2 мөн хөдөлмөрийн гэрээний 4.2.9 дэх заалтуудыг үндэслэн өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн ба Х.Золгэрэлд сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргасан өдөрт нь ажилтанд и-мэйлээр явуулсан, уг и-мэйлд шүүхээс үзлэг хийсэн. Мөн дээрх Удирдлагын хорооны хурлын шийдвэрийн дагуу Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтныг шаардлагатай үед шилжүүлэн томилох эрхтэй байдаг. Үүний дагуу Х.Золгэрэлийг өөр ажилд шилжүүлэн томилсон тушаалыг 04 дүгээр сарын 28-нд гаргаж, ажилтанд албан и-мэйлээр хүргүүлсэн. Тушаалд ажилтныг 05 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон шилжүүлэхээр заасан ба 05 дугаар сарын 19-нд Х.Золгэрэлийн ажлыг хүлээж авах ажилтан Солонгос дахь төлөөлөгчийн газарт хүрэлцэн очиж, Удирдлагын хорооны хурлын нарийн бичиг Энхтүвшинд Х.Золгэрэл нь ажлаа хүлээгэн өгсөн тухай актаа ирүүлсэн. Ажлаа хүлээгэн өгснөөс хойш бюу 2016 оны 05 дугаар сарын 25, 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд тус тус Улаанбаатар хотод томилогдсон ажилдаа яаралтай орох тухай Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн болоод Удирдлагын хорооны нарийн бичгээс албан и-мэйлийг хүргүүлсэн байдаг. Тус албан и-мэйлд мөн шүүхээс үзлэг хийсэн. 2015 оны 11, 12 дугаар сарын, 2016 оны 01, 02 дугаар саруудад томилолтын зардлыг хассан байдаг. Гэхдээ цалинг хассан асуудал байхгүй. 2015 оны 11, 12 дугаар сарын томилолтын зардлыг олгох боломжгүй гэдгийг Х.Золгэрэл нь ойлгож, хүлээн зөвшөөрч албан и-мэйл ирүүлсэн. 2016 оны 01, 02 дугаар сарын томилолтын хувьд шууд удирдлага болох Билгүүний зүгээс тодорхой тайлбаруудыг өгч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилж байгаатай холбогдуулан энэ зардлыг нэмж өгөх боломжгүй, өмнөх 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын шийдвэр хэвээр үргэлжилж байгаа гэдгийг мэдэгдэж и-мэйлүүд явуулсан. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирлын 519 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Х.Золгэрэлийг ажлаас чөлөөлсөн. Х.Золгэрэл нь ажлаа хүлээлгэн өгснөөс хойш ажлаас түүнийг чөлөөлөх хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй, ажлыг тасалсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.3.-т зааснаар болон банкны дотоод журам, дүрэм, мөн сахилгын шийтгэл ногдуулах журмын 6.10.4, хөдөлмөрийн дотоод журмын 9.1.3, хөдөлмөрийн гэрээний 6.4.5 дахь заалтуудыг үндэслэн ажлаас нь халсан. Энэ тушаал хууль зөрчөөгүй. 2016 оны 04 дүгээр сарын 25-наас 09 дүгэээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан. Капитал банкны зүгээс дүрэм, журам болон ямар нэгэн хууль зөрчсөн шийдвэр гаргаагүй. Тийм учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох үндэслэл байхгүй. Томилолтын зардал буюу утасны мөнгө, ээлжийн амралтын мөнгө буюу нийт 40 998 000 төгрөгийн шаардлагыг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Капитал банк ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмждэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбартаа: Х.Золгэрэл нь анх ажилд орохдоо 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 000 000 воныг БНСУ дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр ажиллаж байх үед амьдарч буй байрны түрээсийн барьцаа хөрөнгө шаардлагатай байна гэсэн үндэслэлээр Капитал банкнаас гаргуулж авсан. Ингэхдээ би ямар нэгэн байдлаар ажлаас гарч түрээсийн байрнаас гарсан тохиолдолд энэхүү мөнгийг буцааж төлнө гэсэн баталгааг 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргаж өгсөн байдаг. Тус баталгаа нь албан и-мэйлээр ирсэн учраас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж, үзлэг хийсэн бөгөөд үүнийг хавсаргаж өгсөн. Гэвч Х.Золгэрэл нь тухайн мөнгийг аваад ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш тооцоо хийгээгүй. Тиймээс банк нь тухайн түрээсийн барьцаанд өгсөн мөнгийг буцааж авах эрхтэй бөгөөд 15 148 540 воныг төгрөгөөр тооцоход 31 963 413 төгрөг юм. Бид сөрөг нэхэмжлэлийн шардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд хэрэг хянагдаж байх үед манайд гаргаж өгсөн санхүүгийн баримтыг шүүж үзэхэд 488 290 воны үлдэгдэлтэй байсан. Үүнийг нэмж нэхэмжлэн нийтдээ 33 037 657 төгрөгийг нэхэмжилж байна. Х.Золгэрэл нь ажил хүлээлцсэн актаар зөвхөн эд хогшлыг л хүлээлгэн өгсөн, харин санхүүгийн эцсийн тооцоог хийж зуруулаагүй. Энэ санхүүгийн үлдэгдэл нь авлага болж байгаа юм. Энэ 488 290 вон байсан ба төгрөгт шилжүүлэхээр 1 074 238 төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлага нь 31 963 419 төгрөг дээр 1 074 238 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Нэгэнт санхүүгийн тооцоог хийж, ажил хүлээлцэж дуусаагүй учраас тойрох хуудас зуруулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх боломжгүй байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хашбатаас шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: 15 000 000 воны тухайд тайлбар хэлэхэд, хариуцагч байгууллагатай төлбөр тооцоог дуусгаж, асуудлыг шийдсэний дараа энэ мөнгийг буцааж өгнө. Авсан гэдэг дээр маргаагүй. Харин сүүлд нэмэгдсэн 488 290 воны хувьд санхүүгийн тооцоо байгаа талаар дэлгэрэнгүй тооцоо, задаргаа байхгүй байна. Үүнд өр авлагын асуудал үүсээгүй, өөрт байсан бүх санхүүгийн баримтуудыг банкинд өгсөн. Тухайн үеүүдэд нь санхүүгийн тайлан, тооцоог өгч байсан нь хэрэгт байгаа баримтуудаар тодорхой харагдана. Тиймээс эдгээр мөнгийг төлөх үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Золгэрэл нь хариуцагч Капитал банк ХХК-д холбогдуулан тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн сахилгын шийтгэл ноогдуулах тухай 345 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн өөр ажилд шилжүүлэн томилсон тухай 353 тоот, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тухай 519 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны Солонгос дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сар дуустал хугацаанд олгогдох ёстой томилолтын зардал 14 038 704 вон, гар утасны зардалд 2016 оны 02 дугаар сараас 08 дугаар сарын 08-ныг хүртэл хугацаанд 1 200 000 вон, байрны түрээсийн төлбөрт 2016 оны 05 дугаар сараас 08 дугаар сарын 08-ныг хүртэл хугацаанд 2 920 000 вон, 2016 оны 05 дугаар сарын ажилчдын байрны цахилгааны төлбөрт 36 730 вон, усны төлбөрт 23 000 вон, бүгд 18 218 434 вон буюу 36 072 499 төгрөг, ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын олговорт 720 220 төгрөг болон бусад зардалд 4 205 930 төгрөг, нийт 40 998 650 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Капитал банк ХХК-иас үл зөвшөөрөн, БНСУ дахь тус банкны төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Х.Золгэрэлийн ажлын тайланг тайланг хэлэлцэхэд үр дүн гаргаагүй, хангалтгүй байсан тул хөдөлмөрийн дотоод журмын 5.1, 6.5.2, 4.11.6, хөдөлмөрийн гэрээний 4.2.9-д заасныг зөрчсөн гэж үзэн 2016 оны 04 дүгээр сарын 27-нд гүйцэтгэх захирлын 345 тоот тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулсан, мөн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот тушаалаар Х.Золгэрэлийг Улаанбаатар Хөрөнгө удирдлагын газрын Гадаад харилцааны албаны гадаад харилцааны мэргэжилтнээр шилжүүлэн томилсон, 2016 оны 05 дугаар сарын 19-нд БНСУ дахь төлөөлөгчийн газрын мэрэгжилтний ажлаа хүлээлцсэн ба 7 хоногт багтан шинэ томилдогдсон ажилдаа орохыг мэдэгдсэн боловч ирээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, байрны барьцааны мөнгө 15 000 000 воныг буцааж төлөөгүй, 148 540 воныг хувьдаа авч ашигласан гэж үзэн хөдөлмөрийн гэрээний 6.4.5, 6.8.4, хөдөлмөрийн дотоод журмын 6.5.1, 6.5.2, 9.1.3, 10.1-д заасныг баримтлан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасныг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 519 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, уг тушаалуудыг тухай бүрт нь и-мэйлээр явуулж хүлээлгэн өгч байсан гэж тайлбарлан, улмаар байрны түрээсийн барьцаанд өгсөн 15 000 000 воныг буцааж төлөөгүй, 636 740 воны тооцоог дуусгаагүй, хувьдаа ашигласан гэж үзэн нийт 33 037 657 төгрөгийг нэхэмжлэгч Х.Золгэрэлээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нь урьд эрхэлж байсан Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны Солонгос дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаас татгалзсан ба хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг үл зөвшөөрөн түрээсийн гэрээ урт хугацаагаар байгуулахад шаардлагатай барьцаа мөнгө болох 15 000 000 воныг хөдөлмөрийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосонтой холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсний дараа энэ мөнгийг буцаан олгох, эсхүл хөлс, томилолтын мөнгөтэй харилцан тооцох боломжтой, албан хэрэгцээнд зориулан олгосон 148 450 воны болон авлага гэж тооцсон 488 290 воны зарцуулалтын тайлан, өөрт байсан бүх санхүүгийн баримтуудыг Капитал банкинд өгсөн, хариуцагч энэ мөнгөний задаргааг гаргаж ирээгүй, нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй тул үндэслэлгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлээс ажилгүй байлгасан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 04 дүгээр сарын 25-наас 09 дүгээр сарын 05-ныг хүртэл хугацаагаар тооцон 4 107 906 төгрөг, ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтын олговорт 534 832 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт ажилласан хугацааны шимтгэлийг нөхөн бичүүлж баталгаажуулах тухай шаардлагыг,хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 15 000 000 воныг гаргуулах гэсэн шаардлагыг тус тус хангаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Х.Золгэрэл нь 2014 оны 07 дугаар сарын 31-нээс эхлэн Капитал банк ХХК-ийн Хөрөнгө удирдлагын газрын харъяа БНСУ дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтнээр томилогдон, 2015 оны 01 дүгээр сарын 16-наас Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны Солонгос дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтнээр, 2016 оны 01 дүгээр сарын 15-наас Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны Солонгос дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Х.Золгэрэл болон Капитал банк ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын, хуримтлалын мөнгөн сангийн гэрээнүүд, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, Капитал банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 35 тоот, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24 тоот тушаалууд, түүний хавсралтууд зэргээр нотлогдсон байна.

2.Нэхэмжлэгч Х.Золгэрэлийг тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т заасныг үндэслэн түүнд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот тушаалаараа Х.Золгэрэлийг өөр ажилд буюу Улаанбаатар хот дахь тус банкны Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны, гадаад харилцааны мэргэжилтнээр шилжүүлэн томилж, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот тушаалаараа Х.Золгэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны, гадаад харилцааны мэргэжилтний ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Х.Золгэрэл нь ажил олгогчийн дээрх тушаалуудыг и-мэйлээр хүлээн авч танилцсан тухай болон 2016 оны 05 дугаар сарын 19-нд ажил хүлээлцсэн акт үйлдэж, Гадаад харилцааны албаны Солонгос дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтний ажлыг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй байна.

3. Ажил олгогч Капитал банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын дээрх 519 тоот тушаалд Х.Золгэрэлийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа, гүйцэтгэх захирлын 353 тоот тушаалаар Улаанбаатар хотод шилжин ажиллах ёстой атал Солонгос улсад ажлаа хүлээлгэн өгснөөс хойш ажлын 7 хоногт багтаж үүрэгт ажлаа хүлээн авч ажилдаа эргэн оролгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр одоог хүртэл ажил тасалсан, оффис, байрны түрээсийн зардлын зөрүү мөнгө 148 540 воныг хувьдаа ашигласан, түрээсийн барьцаа болох 15 000 000 воныг банкинд буцаан шилжүүлээгүй зэрэг зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8.1, 6 дугаар зүйлийн 6.5.1, 6.5.2, 9 дүгээр зүйлийн 9.3, 10 дугаар зүйлийн 10.1, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.5-д заасныг тус тус үндэслэсэн байна.

Капитал банк ХХК болон Х.Золгэрэл нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т Ажилтан үүрэгт ажлаа чанарын өндөр түвшинд, ажлын шаардлагыг бүрэн хангаж, цаг хугацаанд нь мэдлэг чадвараа дайчлан, идэвх зүтгэлтэй, санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах, 4.2.9-д Захиргаанаас өгсөн үүргийг цаг хугацаанд нь биелүүлж дүнг холбогдох албан тушаалтанд танилцуулах гэж ажилтны үүргийг, 6.4.5-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, эсхүл газар, салбар, тооцооны төвийн захирал, Захиргаа хүний нөөцийн мэргэжилтэд мэдэгдэхгүйгээр ээлжийн амралт, томилолтоос 2 ба түүнээс дээш өдөр хоцорсон бол ноцтой зөрчилд тооцохоор тус тус заажээ.

4. Хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 35 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 тоот Капитал банкны Удирдлагын хорооны хурлын удирдамж чиглэл, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр баталгаажуулсан 2015 оны 10 дугаар сарын 08-наас 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртлэх хугацааны зохигчдын хооронд явуулсан цахим захидлууд зэргээс үзэхэд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажилтан Х.Золгэрэлийн уг ажилд томилогдсон хугацаанаас хойш гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэн, 2015 оны 10 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар дуустал буюу 4 дүгээр улирал дуустал хугацаанд 9 чиглэлээр үүрэг даавгавар өгсөн байх ба үүний дагуу Х.Золгэрэлээс 2015 оны 10 дугаар сард гүйцэтгэсэн ажлын тайлангаа ирүүлсэн байна.

Түүнчлэн 2015 оны 11 дүгээр сарын 26-наас 2016 оны 06 дугаар сарын 24-нийг хүртэл хугацаанд БНСУ дахь төлөөлөгчийн газрын ажлын төлөвлөгөөг Х.Золгэрэл боловсруулан хянуулж, тус банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор батлуулсан байх ба 2016 оны 04 дүгээр сарын 26-нд 2016 оны 1 дүгээр улирлын тайлангаа ирүүлснийг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Удирдлагын хорооны хурлаар хэлэлцэн ажилтан Х.Золгэрэлийн ажлын гүйцэтгэл, үр дүн хангалтгүй гэж үзэн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гүйцэтгэх захирлын 345 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т заасныг үндэслэн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулжээ.

Дээрхээс үзэхэд ажилтан Х.Золгэрэлийн ажлыг ажил олгогчоос хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй буюу 2015 оны 12 дугаар сар дуустал хугацаанд байгууллагаас өгсөн 9 чиглэлийн үүрэг даалгавараас ямар ажил үүргийг биелүүлсэн, ямар ажил үүргийг биелүүлээгүй болох, 2015 оны 11 дүгээр сарын 26-наас 2016 оны 06 дугаар сарын 24-нийг хүртэл хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнөөс ямар ажил үүргийг биелүүлээгүй зэрэг нь үйл баримт нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл Капитал банкны газар, нэгжийн ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журам-ын 2.2, 2.3-д заасны дагуу ажилтан Х.Золгэрэлийн ажлын гүйцэтгэлийг үнэлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Х.Золгэрэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т заасныг үндэслэн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан нь үндэслэлгүй болсон байх бөгөөд Х.Золгэрэл нь хөдөлмөрийн гэрээний 4.2.2, 4.2.9-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

5. Ажилтан Х.Золгэрэлд сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 1 хоногийн дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-нд гүйцэтгэх захирлын 353 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1., 33 дугаар зүйлийн 33.1., 34 дүгээр зүйлийн 34.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг Улаанбаатар хот дахь тус банкны Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны, гадаад харилцааны мэргэжилтнээр шилжүүлэн томилсон нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

6. Ажил олгогчоос Х.Золгэрэлийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, оффис, байрны түрээсийн зардлын зөрүү мөнгө 148 450 воныг хувьдаа ашигласан, түрээсийн барьцаа болох 15 000 000 воныг банкинд буцаан шилжүүлээгүй зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж 2016 оны 07 дугаар сарын 08-нд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Ажилтан Х.Золгэрэл нь оффис, байрны түрээсийн зардлын зөрүү мөнгө 148 450 воныг хувьдаа ашигласан болохыг нотолсон баримтгүй байгаагийн дээр Капитал банкны Хяналт шалгалтын газрын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/64 тоот санамж бичигт Х.Золгэрэлийг 142 хоног буюу 1136 цаг ажилдаа ирээгүй тасалсан гэж дүгнэсэн боловч Х.Золгэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан ажлын байранд хяналтын камер болон цаг бүртгэлийн систем суулгах үүргийг заагаагүй байна.

Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 28-нд гүйцэтгэх захирлын 353 тоот тушаалаар Х.Золгэрэлийг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн ба 2016 оны 05 дугаар сарын 19-нд Х.Золгэрэлээс ажлыг хүлээн авснаас хойш түүнийг ажлаас чөлөөлөх хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл ажилтан Х.Золгэрэлд 2016 оны 04 дүгээр сарын 27-нд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан гомдол гаргах хугацааны дотор өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, шилжүүлсэн ажилд ажиллаагүй, ажиллах бодит боломжгүй байхад Улаанбаатар хот дахь тус банкны Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны, гадаад харилцааны мэргэжилтний ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон байх ба Х.Золгэрэлийг хөдөлмөрийн гэрээний 6.4.5-д заасан сахилгын шийтгэлтэй байхдаа ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Х.Золгэрэл нь урьд эрхэлж байсан Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны Солонгос дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтын олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгахаар шаардах эрхтэй.

7.Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сар дуустал хугацаанд олгогдох ёстой томилолтын зардал 14 038 704 вон, гар утасны зардалд 2016 оны 02 дугаар сараас 08 дугаар сарын 08-ныг хүртэл хугацаанд 1 200 000 вон, байрны түрээсийн төлбөрт 2016 оны 05 дугаар сараас 08 дугаар сарын 08-ныг хүртэл хугацаанд 2 920 000 вон, 2016 оны 05 дугаар сарын ажилчдын байрны цахилгааны төлбөрт 36 730 вон, усны төлбөрт 23 000 вон, бүгд 18 218 434 воныг Монгол банкнаас зарласан 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн вонтой харьцах төгрөгийн ханш болох 1, 98 төгрөгөөр тооцон 36 072 499 төгрөг нэхэмжилсэн боловч ажил олгогчоос нэг сард томилолтын зардал тооцож олгохоор шийдвэрлэсэн шийдвэргүй, гар утасны зардалд 1 200 000 вон, хэрэглэсэн цахилгаан, усны төлбөрт 59 730 воныг тус тус төлсөн талаарх баримтгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан Гадаад гуйвуулгын гүйлгээний баримт, Гадаад валютын гүйлгээний тооцоо гэх Капитал банкнаас Х.Золгэрэлд мөнгө шилжүүлсэн баримтууд, 2014 оны 09 дүгээр сарын 04-нөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл хугацааны Х.Золгэрэлийн гаргасан Мөнгөн урьдчилгааны тайлан зэрэг нь дээрх нэхэмжлэлийг нотлох үндэслэл болохгүй, нэхэмжлэгчээс гаргасан и-мэйл, цахим захидлууд, ажлын байрны тодорхойлолт гэх баримт нь хуулийн шаардлага хангаагүй байна.

Түүнчлэн хэрэгт гадаад хэл дээр үйлдэгдсэн Х.Золгэрэл болон У Бү Жа нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 21-нд байгуулсан, Сөүл хотын Жүнгү дүүрэг, Жанчүн хороо 1, 50-11, 2 давхар, 201 тоот хувийн сууцыг 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл сард 730 000 воныг түрээсийн төлбөрт төлөхөөр, 15 000 000 воны барьцааны төлбөртэй үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ, түүний орчуулга авагдсан ба уг гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 01-нд дуусч, түүнийг сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сараас 08 дугаар сарын 08-ныг хүртэл хугацаанд төлсөн гэх байрны түрээсийн төлбөрт 2 920 000 воныг нэхэмжлэх эрхгүй байна.

8. Хариуцагч Капитал банк ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хувьд, нэхэмжлэгчид байрны түрээсийн барьцаанд өгсөн 15 000 000 воныг буцааж төлөөгүй, 148 540 воны тооцоог дуусгаагүй, хувьдаа ашигласан 15 148 540 вон буюу Монгол банкнаас зарласан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн вонтой харьцах төгрөгийн ханш болох 2,11 төгрөгөөр тооцон 31 963 419 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 22-ныг хүртэл хугацааны байдлаар 488 290 вон буюу 1 074 238 төгрөгийн өглөгтэй тооцогдсон гэж нийт 33 037 657 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч Х.Золгэрэл нь 1 387 657 төгрөгийн тооцоог дуусгаагүй, хувьдаа ашигласан гэх үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

9.Харин хэрэгт авагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Х.Золгэрэлийн ...Х.Золгэрэл миний бие БНСУ-д оршин суух байрны барьцаа төлбөр болох 15 000 000 воныг хүлээж авсан бөгөөд миний нэр дээр авлага болгон бүртгэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Байрнаас гарах болон бусад өөрчлөлтүүд ороход уг мөнгийг Капитал банкинд буцаан тушаах нь үнэн болно гэсэн тодорхойлолт, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Капитал банкны мемориалын 201611295325052623-0, 201611295325052635-0 тоот баримтууд, зохигчдын тайлбар зэргээр хариуцагчаас нэхэмжлэгч Х.Золгэрэлд 15 000 000 воныг шилжүүлсэн болох нь нотлогдсон байна.

Талууд дээрх түрээсийн орон сууцны барьцааны төлбөрийн талаар тохиролцохдоо нэхэмжлэгч Х.Золгэрэл нь түрээсийн орон сууцнаас гарах эсхүл бусад өөрчлөлтүүд орох тохиолдолд уг мөнгийг буцаан Капитал банкинд тушаахаар үүрэг хүлээсэн, мөн хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тухайлан нарийвчлан тодорхойлж заагаагүй байх бөгөөд талуудын дээрх тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5.-д заасан гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Иймд 15 000 000 вон буюу 31 963 419 төгрөгийг буцааж төлөхийг нэхэмжлэгчээс хариуцагч шаардах эрхтэй байна.

9. Хариуцагч байгууллагын цалингийн тодорхойлолтыг болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын лавлагаа зэргийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлд заасны дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 920 000 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2016 оны 04 дугаар сарын 25-наас 2016 оны 09 дүгээр сарын 05-ныг хүртэл 96 хоногийн цалинтай тэнцэх олговорт 4 107 906 төгрөг, ээлжийн амралтын олговорт 534 832 төгрөгийг хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй.

10.Капитал банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 345, 353, 519 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй бөгөөд цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учраас тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй, нэхэмжлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул энэ шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдоогүй, 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т зааснаар сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэлгүй, үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн нь мөн хуулийн 32., 33., 34 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчсөн гэж үзэж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг цалингийн тодорхойлолт болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын лавлагаа зэргийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу сарын дундаж цалин хөлсийг 920 000 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2016 оны 04 дүгээр сарын 25-наас 09 дүгээр сарын 05-ныг хүртэл 96 хоногийн цалинтай тэнцэх олговорт 4 107 906 төгрөгийг болон ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын олговорт 534 832 төгрөг, бүгд 4 642 738 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчээс 31 650 000 төгрөгийггаргуулж хариуцагч байгууллагад тус тус олгон, нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсаныг батлан, нэхэмжлэлээс 36 355 912 төгрөг гаргуулахыг хүссэн хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн 1 387 857 төгрөгийг гаргуулах гэсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Золгэрэлд олгогдсон дээрх цалинтай тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийнажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 950 төгрөгөөс 339 729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 23 220 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчидолгох, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 099 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 316 200 төгрөгийг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 89 234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 79 дүгээр зүйлийн 79.1., Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д заасныг баримтлан хариуцагч Капитал банкХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 25-наас 2016 оны 09 дүгээр сарын 05-ныг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, ээлжийн амралтын олговорт 4 642 738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Золгэрэлд олгож, нэхэмжлэгч Х.Золгэрэлээс 31 650 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Капитал банк ХХК-д олгож,

үндсэн нэхэмжлэлээс 36 355 912 төгрөг гаргуулах, Капитал банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот тушаалуудыг хүчингүй болгох гэсэн шаардлагуудыг,

хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 1 387 857 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-д зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нэхэмжлэгч Х.Золгэрэлийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Капитал банкХХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Золгэрэл нь урьд эрхэлж байсан буюу Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны Солонгос дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийнажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 950 төгрөгөөс 339 729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 23 220 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 099 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 316 200 төгрөгийг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 89 234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаарзохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйгдурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.