Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 837

 

                                         

 

 

 

 

 

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 43-50 тоотод байрлах, 6963133 дугаарын регистртэй, “Галт сүмбэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 13-217 тоотод байрлах, 5732115 дугаарын регистртэй, “Энхжавхлант өргөө” ХХК-д холбогдох

4 ширхэг дүүжин өргүүр /люлк/ болон 36 504 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн, хохиролд 15 857 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Галт сүмбэр” ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2015 оны 12 дугаар сарын 11-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Оргил, гэрч Н.Сономцэрэн, Л.Магсаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.                                                                                    

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Галт сүмбэр” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагаас гаргасан тайлбартаа:  “Галтсүмбэр” ХХК нь “Энхжавхлант өргөө” ХХК-тай хэлэлцэн тохироод 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 16 давхар Б блокийн гадна фасадны ажлыг гүйцэтгэхээр болсон. Ажлаа эхлэхдээ өөрийн өмчлөлийн 3, түрээсийн 3, нийт 6 ширхэг люлкыг, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар ажлаа эхэлсэн. Хариуцагч тал гүйцэтгэсэн ажлын чанар муу, хүн хүч болон техникийн хангамж муутай байсан гэдгийг зөвшөөрөхгүй. Үнэхээр гүйцэтгэсэн ажлын чанар болон хүн хүчний бололцоо муу байсан бол ажил эхэлж байхад манайд энэ талаар ямар нэгэн албан бичиг явуулж шаардлага гарган, ажлын гүйцэтгэлтэй холбоотой санал, гомдол гаргаагүй. Гэрээний дагуу тохиролцсон хийх ёстой ажил хангалттай хэвийн явагдаж байсан. Үүнд: 3865 м.кв талбайд хөөс наах, 2365 м.кв талбайд дүб хадах ажил, 2365 м.кв талбайд хар замаск хийх, 24 ширхэг цонхонд амалгаа хийх ажил байсан, эдгээр ажил бүрэн хийгдсэн байгаа. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд “Галтсүмбэр” ХХК-иас нийт 44 524 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд үүнээс 20 500 000 төгрөгийн санхүүжилтийг “Энхжавхлант өргөө” ХХК-иас авсан. Үлдэгдэл 24 024 000 төгрөгийг санхүүжилтийг огт аваагүй бөгөөд “Галтсүмбэр” ХХК нь өөрсөөсөө санхүүжүүлж ажилтны цалин, хоол, унаа, люлкны түрээсийн зардлыг төлж байсан. 60 гаруй хувийн ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн.  2015 оны 09 дүгээр сарын 01-нд ажилчдын цалин олгогдохгүй удааширсан учраас “Галтсүмбэр” ХХК-ийн ажилчид энэ талаар гомдол гаргасан. 16 давхар барилгаас дүүжлэгдэж ажиллах нь эрсдэлтэй ажил юм. Тиймээс “Энхжавхлант өргөө” ХХК-ийн захирал н.Мөнгөнзаяатай уулзаж санхүүжилт олгох талаар шаардлага тавихад энэ талаар үл хайхарсан учир урьдчилан мэдэгдэж, удаа дараа сануулсаны үндсэн дээр санхүүжилтийг шийдэх хүртэл 2015 оны 09 дүгээр сарын 18-наас ажилчид ажлыг түр орхиж явсан. Санхүүжилт шийдэгдээгүй тул ажлыг зогсоохоос өөр аргагүй болсон.  2015 оны 10 дугаар сарын 02-нд люлкаа буулгаж авахаар очиход “бид нар ажлаа хийж гүйцэтгэчихээд 11 дүгээр сарын 30 гэхэд буцаагаад өгье, 4 ширхэг люлкыг зах зээлийн ханшаар 12 480 000 төгрөгөөр буюу 1 ширхэг люлкыг өдрийн 40 000 төгрөгөөр түрээслье” гэж хэлж амаар тохиролцсон. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр люлкны түрээс болон ажлын үлдэгдэл төлбөрөө авахаар очиход “Энхжавхлант өргөө” ХХК нь “барилгын ажил зогссон учир өгөх мөнгө байхгүй, мөн барилгын талбайгаас люлк гаргуулахгүй, учир нь та нар ажлаа хаяж явсан” гэсэн ор үндэслэлгүй зүйл ярьсан. Тэгээд төлбөр мөнгөө өгөхгүй, хэл ам хийгээд байсан учир гүйцэтгэсэн ажлын хөлс, люлкны түрээсийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Санхүүжилтийн хувьд тайлбар хэлэхэд, 2015 оны 06 дугаар сарын 26-нд 9 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч тус өдрөө 1 000 000 төгрөгийг өгсөн. 07 дугаар сарын 01-нд 6 900 000 төгрөгийг өгсөн. Энэ үед манайх ажлыг гүйцэтгэн 15 866 000 төгрөгийн зардал гаргасан байдаг. Тус зардалд 07 дугаар сарын ажилчдын цалин болох 9 892 000 төгрөг, 06 сард бараа материал авсан 274 000 төгрөгийн зардал, ажилчдын хоолны зардалд 2 100 000 төгрөг, 1 ширхэг люлкны түрээсийн төлбөрт 3 600 000 төгрөгийн зардал багтсан. Ингээд эхний сараас л “Галтсүмбэр” ХХК нь алдагдалтай байсан бөгөөд өөрөөсөө санхүүжүүлэн ажлыг хийж гүйцэтгэсэн. 08 дугаар сард “Энхжавхлант өргөө” ХХК нь 9 000 000 төгрөгийн санхүүжилт хийсэн энэ үед манайхаас 17 418 500 төгрөгийн зардал гарсан, 8 418 500 төгрөгийн зөрүү гарсан. Харин 09 дүгээр сард “Энхжавхлант өргөө” ХХК-иас 3 600 000 төгрөг өгсөн байхад “Галтсүмбэр” ХХК-иас 11 385 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд зөрүү нь 7 785 000 төгрөг болсон. Энэ мэтээр санхүүгийн удаашралтай, цувуулж өгч байсан, гэрээгээр тохиролцсон цаг хугацаанд санхүүжилтийг өгөөгүй байдал нь ажил зогсох гол шалтгаан болсон. “Хүннү гүрний шүтээн” ХХК буюу захиалагч нь  гүйцэтгэгч “Энхжавхлант өргөө” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 02 тоот  гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь “Энхжавхлант өргөө” ХХК болон “Галтсүмбэр” ХХК нарын хооронд амаар тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээнд ижилхэн дагаж мөрдөгдөх ёстой гэрээ гэж үзэж байгаа. Гэтэл энэ гэрээний дагуу ажиллаагүй. Бид хариуцагч талд байсан 4 ширхэг люлкны цахилгааны шитийг очиж авсан, одоо зөвхөн люлкны их бие рам, гар, тросс зэрэг нь үлдсэн түүнийг биет байдлаар нь авахаар нэхэмжилж байгаа. Цахилгааны шитийг нь авсан учраас нэхэмжлэлийн энэ хэсгээс нь татгалзаж байна. Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Иймд 36 504 000 төгрөг болон 4 ширхэг люлкны их бие рам, гар, тросс зэргийг хамтад нь хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Энхжавхлант өргөө” ХХК-иас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхзаяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүннү гүрний шүтээн” ХХК нь “Энхжавхлант өргөө” ХХК-тай Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах 149 айлын орон сууцны барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний ажлыг хийж гүйцэтгэхийн тулд А, Б 2 блокийн барилгын ажлын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхэд гэрээний хугацаа маш бага байсан учир туслан гүйцэтгэгч юм уу ажиллах хүч аваад ажлаа хийхийг хүсэж байсан. Гэтэл “Галтсүмбэр” ХХК-ийн захирал н.Энхтөр, түүний найз н.Батмөнх нар нь “манай байгууллага 25-30 ажилтантай, хангалттай ажиллах хүчтэй, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хувьд асуудалгүй” гэж хэлж хүсэлт тавьсан. Харин манай зүгээс энэ нь хятадын хөрөнгө оруулалттай компани, хийсэн гэрээ нь хатуу нөхцөлтэй, урьдчилгаанд үндсэн үнийн дүнгийн 10 хувь буюу 15 800 000 төгрөгийг өгнө, 2 блок барилгын гадна фасадны ажлыг дуусгахын тулд хувааж хэрэглэх ёстой болохоор санхүүжилт болон ажиллах хүчийг хангалттай өгч чадахгүй, тиймээс танайд эдгээр нөөц бололцоо байвал үүгээрээ ажлыг хийж дуусгах ёстой гэсэн шаардлагыг анхнаасаа тавьж байсан. Тэгэхэд “Галтсүмбэр” ХХК-ийн захирал Энхтөр, Батмөнх нар нь “ямар ч асуудалгүй, бид нарт ажил олдохгүй байгаа учраас энэ ажлыг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ” гээд амлалт өгөөд манай ажлыг авсан. Ингээд “Хүннү гүрний шүтээн” ХХК-иас урьдчилгаанд авсан 10 000 000 төгрөгийг хуваагаад гэрээ хийсэн өдөр 1 000 000 төгрөгийг өгсөн. Ажлын явцад “Галтсүмбэр” ХХК-иас гарсан зардлыг тооцоход энэ компанийн ажиллах хүчний хувьд дутмаг, гарсан зардлууд нь хамгаалалтын хэрэгсэлд зарцуулагдсан байсан. Үүнийг тухайн компани өөрсдийн нөөц бололцоогоор хийх бүрэн боломжтой байсан. 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа хаяад явсан. Бид “Галтсүмбэр” ХХК-ийн захирал Энхтөр рүү удаа дараа олон удаа залгасан. Ер нь өмнө нь ч ажиллах хүч дутмаг, ажил явахгүй байна, оройтож ажил эхэлж байна, ажилчид байнга солигдож байна гэсэн шаардлагыг удаа дараа тавьдаг байсан. Үндсэн ажил болох хөөс наах ажлыг маш чанаргүй хийж гүйцэтгэсэн. Үүнийг бригад ахалж байсан Л.Магсаржав өдөр тутамд нь ажлын зааварчилгаа өгч, шаардлага тавьдаг байсан. “Галтсүмбэр” ХХК-ийн цалинг харахад 30 хоногийг ажлын өдөр гэж тооцвол 6 хүн л тогтмол ажиллаж байсан бөгөөд 4 өдөр л 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан нь харагдаж байгаа. Бидэнд люлкыг өдрийн 40 000 төгрөгөөр  түрээслэхээр тохирсон зүйл байхгүй. Тиймээс түрээсийн төлбөр нэхэмжлэх үндэсгүй. Люлк нь манйа эзэмшилд байгаа яагаад люлкны асуудал гарсан бэ гэхээр “Галтсүмбэр” ХХК нь ажлаа хаяад явсан, захирал нь утсаа авахгүй, холбогдохгүй манай ажил зогссон. Захиалагчийн зүгээс ажлыг яаравчлах, хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Манайд хандан люлкаа авна гэхээр нь гэрээгээр ажлаа дуусгах нөхцөлтэй байсан, люлкаа аваад явна гэвэл үндсэн захиалагч компани ажлаа хийж дуусаагүй учраас гаргахгүй, тиймээс ажиллах хүмүүсээ олоод люлкаа ашиглаж, 2 талаасаа дэмжээд ажлаа хийж дуусгаач гэсэн хүсэлтийг удаа дараа хэлэхэд “ажиллах хүн байхгүй, нэгэнт чанаргүй ажил хийж байгаа юм чинь дахиад л чанар муутай хийнэ” гэсэн тайлбарыг тавьж байсан. Тухайн үед хийсэн ажлын зургийг авч баталгаажуулахад хөрөөний ир шиг чанаргүй хийсэн зүйл байсан бөгөөд наасан хөөс нь бүгд унасан. Захиалагч компанийн үндсэн гэрээ “Галтсүмбэр” ХХК хүлээн зөвшөөрч байгаа бол эхний ээлжинд 10 хувь, хөөсний ажил гүйцэтгэж дууссаны дараа 20 хувь болох 30 000 000 төгрөг төлөх төлөвлөгөөтэй байсан. Манайх ажлыг дуусгахгүй гээд санаатайгаар мөнгө өгөөгүй асуудал байхгүй. Ер нь анхнаасаа мөнгөгүй, люлк гаднаас авна гэж хэлсэн бол “Галтсүмбэр” ХХК-нд энэ ажлыг өгөхгүй байсан. Сүүлчийн шинжээчийн дүгнэлт дээр маргаан байхгүй. Одоо манай эзэмшилд 4 ширхэг люлкны их бие рам, гар зэрэг нь биетээр байгаа, түүнийг авахад татгалзах зүйлгүй. Харин троссыг нь өөрсдөө авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

 

Хариуцагч “Энхжавлхант өргөө” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхзаяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Галтсүмбэр” ХХК-ийн Б блокийн барилгын гадна фасадны ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, чанаргүй хийсэн үйл ажиллагаанаас болж манай компани нь “Хүннү гүрний шүтээн” ХХК-д алданги болох 14 445 000 төгрөгийг төлж хохирсон. Чанаргүй хийж гүйцэтгэсэн хар замаскийг нэмж засуулахаас өөр аргагүй байсан тул 113 ширхэг хар замаск авч, 890 м.кв талбай болон чанаргүй хийсэн талбайг засахад зарцуулсан. Энэ хар замаскны үнэ 1 412 000 төгрөг, нийтдээ 15 857 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагаас шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компанийг ажлын чанар муу, хүн хүч, техникийн хангамж муу, захиалагчийн хувьд шаардлагыг удаа дараа тавьж байсан гэдэг нь үндэслэлгүй. Өөрсдөө санхүүжилтийг хугацаанд нь олгоогүй, манай компанийг хохироосон. “Хүннү гүрний шүтээн” ХХК-иас “Энхжавхлант өргөө” ХХК-нд мэдэгдэл шаардлага хүргүүлж байсан материал байдаг. Үүний он сарыг нь харахаар “Галтсүмбэр ХХК” нь санхүүжилтээс болоод ажлаа зогсоогоод явсны дараа буюу 2015 оны 10 дугаар сарын огноотой байдаг юм. Сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа мөнгө нь ямар ч үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх гэсэн арга ядсан зүйл байна. Шинжээчийн дүгнэлтээр чанаргүй хийсэн замаск, дутуу хийсэн хөөсний ажлыг тооцож 34 417 310 төгрөгийн ажлыг “Галтсүмбэр” ХХК хийж гүйцэтгэсэн байна гэж тодорхой заасан бөгөөд үүнийг “Энхжавхлант өргөө” ХХК нь ч хүлээн зөвшөөрсөн, манайх ч зөвшөөрсөн. Түрээсийн 3 ширхэг болон өөрийн өмчлөлийн 3 ширхэг буюу нийт 6 ширхэг люлктай, 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил хийж байсан. Түрээслэгч Гүнсумъяа нь 2 ширхэг люлкаа өөр ирж авсан. Одоо түрээсийн 1 ширхэг люлк, манай өмчлөлийн 3 ширхэг люлк буюу нийт 4 люлк үлдсэн гэдэг нь нотлогдож байна. Гэрээний 3.1, 3.2, 3.5, 3.7, 3.,8, 3.9, 3.10, 6.2, 6.3-д захиалагчийн эдлэх эрх, хүлээх үүрэг гэж байгаа. “Хүннү гүрний шүтээн” ХХК болон “Энхжавхлант өргөө” ХХК нар нь өөрсдөө ажил гүйцэтгэх гэрээгээ ноцтой зөрчсөн атлаа үүнийг “Галтсүмбэр” ХХК-иас сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй  гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Галт сүмбэр” ХХК нь хариуцагч “Энхжавлхант өргөө” ХХК-д  холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 24 024 000 төгрөг, 4 ширхэг дүүжин өргүүр /люлк/-ийг ашигласны хөлс 12 480 000 төгрөг, бүгд 36 504 000 төгрөг гаруулах, хариуцагчийн хууль бус эзэмшлээс 4 ширхэг дүүжин өргүүр /люлк/-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гарган, хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад 4 ширхэг дүүжин өргүүрийн цахилгааны шитийг хүлээн авсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзсан байна.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нь эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ гүйцэтгэх ёстой ажлыг чанаргүй, доголдолтой, дутуу хийгээд, ажлыг хаяж явсан, ажлыг хүлээлгэж өгөөгүй, бидэнтэй 4 ширхэг люлкийг ашиглуулахаар түрээсийн гэрээ байгуулаагүй, барилгад зүүгээд орхисныг бид буулгасан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан мэтгэлцэж, улмаар “Галт сүмбэр” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс “Хүннү гүрний шүтээн” ХХК-д алдангид төлсөн 14 445 000 төгрөг, 890 м.кв талбайд 113 ширхэг хар замаска худалдан авч дахин засварлахад 1 412 000 төгрөг зарцуулсан, нийт 15 857 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч “Энхжавхлант өргөө” ХХК нь “Хүннү гүрний шүтээн” ХХК-тай Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах, тус компанийн 149 айлын орон сууцны барилгын гадна фасадны ажлыг гүйцэтгэхээр 2015 оны 06 дугаар сарын 29-нд  02 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба уг гэрээний гүйцэтгэх ажлаас “Хүннү гүрний шүтээн” ХХК-ийн 149 айлын орон сууцны барилгын Б блокийн гадна фасадны ажлыг нэхэмжлэгч “Галт сүмбэр” ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцжээ.

Талууд дээрх Б блокийн барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас 3568 м.кв талбайд хөөс наах, 2365 м.кв талбайд дүб хадах, 2365 м.кв талбайд хар замаска хийх, 24 ширхэг цонхны амалгааг хийхээр, хариуцагч талаас 4400 м.кв талбайд фасадны ажил хийхээр тохиролцсон гэж зөрүүтэй тайлбарлан, хэн аль нь дээрх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Гэвч талууд барилгын 1 м.кв талбайн ажлын хөлсийг 18 000 төгрөгөөр тохирсон болон нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн 09 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд уг барилга дээр ажилласан талаар, ажлын хөлсөнд хариуцагчаас 20 500 000 төгрөг төлсөн талаар, гэрээний хугацааг “Энхжавхлант өргөө” ХХК ба “Хүннү гүрний шүтээн” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн  02 тоот ажил гүйцэтгэх гэрээний хугацаагаар тооцохоор тохирсон талаар тус тус маргаагүй байна.

Үүнээс үзэхэд хариуцагч нь 149 айлын орон сууцны барилгын Б блокийн гадна фасадны ажил буюу хөөс наах, дуб хадах, хар замаска хийх, цонхны амалгаа хийх ажлуудыг гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1.-д заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцож, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээг  байгуулсан гэж үзнэ.

 

2. Дээрх гэрээний дагуу хариуцагч нь 4567 м.кв талбайд хөөс наах, дуб наах, замаска хийх ёстойгоос 2466 м.кв талбайд хөөс наах, 1699 м.кв талбайд дуб хийх, 1600 м.кв талбайд замаска хийх, 24 ширхэг цонхны амалгааг хийх зэрэг нийт 34 417 314 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн болох нь шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны 63 тоот дүгнэлтээр тогтоогдсон байх ба талууд уг дүгнэлтийн талаар маргаагүй байна. 

 

3. Гэрч Н.Сономцэрэн, Д.Магсаржав нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан “Визард экспресс консалтинг” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/001 тоот тодорхойлолт зэргээр  645, 1144, 1145 улсын бүртгэлийн дугаартай, “ZLP-630” маркийн  3 ширхэг дүүжин өргүүр /люлк/ нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь, түүнчлэн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн иргэн Г.Гүнсумъяа болон “Галт сүмбэр” ХХК-ийн хооронд байгуулсан “Барилгын тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ”, Г.Гүнсумъяагийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Галт сүмбэр” ХХК-д гаргасан хүсэлт зэргээр иргэн Г.Гүнсумъяагийн өмчлөлийн 1 ширхэг дүүжин өргүүр /люлк/-ийг нэхэмжлэгч тал эзэмшин ашиглаж байсан нь тус тус нотлогдсон.

 

Нэхэмжлэгч тал нь дээрх өөрийн өмчлөлийн 645, 1144, 1145 улсын бүртгэлийн дугаартай, “ZLP-630” маркийн  3 ширхэг, иргэн Г.Гүнсумъяагийн өмчлөлийн 1 ширхэг  дүүжин өргүүрийг хариуцагч талд  2015 оны 9 дүгээр сарын 18-наас 12 дугаар  сарын 01-нийг хүртэл түрээслүүлсэн гэж 1 өдөрт 40 000 төгрөгөөр тооцон  нийт 164 хоногийн  түрээсийн төлбөрт 12 480 000 төгрөг нэхэмжилсэн боловч дээрх 4 ширхэг дүүжин өргүүрийг хариуцагч талд  түрээслүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан, хариуцагч тал уг люлкүүдийг фасадны засварын ажилд ашигласан гэх үйл баримт нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт нотлох баримтаар гаргасан 99076660 дугаарын утаснаас ирүүлсэн цахим захидал бүхий гар утасны гэрэл зураг, 2016 оны 04 дүгээр сарын 26, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдийн огноотой 8 ширхэг гэрэл зураг нь дээрх шаардлагыг нотлох үндэслэл болохгүй юм.

 

4. Хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Хүннү гүрний шүтээн” ХХК-ийн А/64/15 тоот “Энхжавхлант өргөө” ХХК-д хүргүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, зохигчдын тайлбар, гэрч Н.Сономцэрэн, Д.Магсаржав нарын мэдүүлгээр  нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд байсан дээрх 4 ширхэг дүүжин өргүүр буюу люлк нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ноос хойш хариуцагч талын эзэмшилд байсан ба түүнээс хойш уг  дүүжин өргүүрүүдийн цахилгааны шитийг нэхэмжлэгч салган авсан, одоо 4 ширхэг дүүжин өлгүүрийн их бие рам, гар зэрэг бүрдэл хэсэг нь хариуцагчийн эзэмшилд байгаа талаар хариуцагч зөвшөөрч маргаагүй байна.

Хариуцагч тал нь дүүжин өргүүрүүдийн троссыг буцааж авсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх буюу троссыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн талаарх баримт  хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар төлөгдөөгүй ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь хариуцагч талд хадгалагдаж байгаа өөрийн өмчлөлийн 3 ширхэг, түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан 1 ширхэг дүүжин өргүүрүүдийн бүрдэл хэсгүүдийг хариуцагчаас Иргэний хуулийн  92 дугаар зүйлийн 92.1., 106 дугаар зүйлийн 106.1.-д заасны дагуу шаардах эрхтэй гэж үзнэ.

 

5. Хариуцагч “Энхжавхлант өргөө” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний үүргээ биелүүлээгүйгээс “Хүннү гүрний шүтээн” ХХК-иас манай компанид хариуцлага тооцон, гэрээт ажлыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй гэж гэрээний 8.2-т зааснаар төлөх ёстой ажлын хөлснөөсөө алдангид 14 445 000 төгрөгийг суутгаж авсан, нэхэмжлэгчийн чанаргүй хийсэн 890 м.кв талбайг дахин засварлахад 113 ширхэг хар замаска авч, 1 412 000 төгрөгийг зарцуулж хохирсон гэж тайлбарлан “Тод хараа” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1 412 500 төгрөгийн дүн бүхий зарлагын баримт, “Хүннү гүрний шүтээн” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 26/16 тоот “Гэрээ дүгнэх тухай” албан бичиг, ажлын гүйцэтгэлийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтыг гарган 15 857 000 төгрөгийг шаарджээ.

 

6. Зохигч талууд Б блокийн барилгын гадна фасадны ажлыг гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүйн дээр хариуцагч болон “Хүннү гүрний шүтээн” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02 тоот ажил гүйцэтгэх гэрээний 8.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангид 14 445 000 төгрөгийг хариуцагч компаниас захиалагч компанид төлснийг нэхэмжлэгч “Галт сүмбэр” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас учруулсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, дээрх 02 тоот гэрээтэй холбоотой үүрэг, хариуцлагыг нэхэмжлэгч тал биелүүлэх, гүйцэтгэх талаар зохигчид хэлэлцэн тохиролцсон баримтгүй байна.

 

7.Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 63 тоот дүгнэлтээр нэхэмжлэгч нь 236 ширхэг цонхонд амалгаа дутуу хийсэн, 1101 м.кв талбайд хөөс наах, 1868 м.кв талбайд дуб хадах, 1967 м.кв талбайд замаска хийх ажлыг  дутуу, чанаргүй хийсэн байх ба уг дүгнэлтэд “...Чанаргүй хийсэн замаска, дутуу хийсэн хөөсний ажлыг хасаж тооцсон, Чанаргүй хийсэн замаска хийх ажлыг 20 хувиар, тагтны хөөс наах ажлыг 50 хувиар, салхинд унасан хөөсийг 100 хувь тус тус хасч тооцсон болно” гэснээс үзэхэд хариуцагч талын шаардлага болох 890 м.кв талбайд замаска хийх ажлыг чанаргүй гүйцэтгэсэнтэй холбоотой зардал орж тооцогдсон  байна.

Иймд хариуцагч талын нэхэмжлэгчээс хохиролд нийт 15 857 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага үндэслэлгүй юм.

 

8. Дээрх шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч “Галт сүмбэр” ХХК-ийн бодитой гүйцэтгэсэн ажлын хэмжээг 34 417 314 төгрөгөөр тодорхойлсонд талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас хэрэгт баримтаар гаргасан 6 205 900 төгрөгийн дүн бүхий зарлагын баримтууд, 2015 оны 7-9 дүгээр саруудын ажилчдын цалингийн тооцоо гэх баримтууд, “Галт сүмбэр” ХХК болон “Арвайн тэнгис” ХХК-ийн хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, бараа материалын зарлага гэх баримтууд, “Галт сүмбэр” ХХК-д иргэн П.Даваабаяр нарын 8 хүнээс гаргасан цалин олгуулах тухай өргөдлүүд, огноо тодорхойгүй гэрэл зургууд,

хариуцагч талаас гаргасан “Энхжавхлант өргөө” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03/19/15 тоот тушаал, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  хариуцагч байгууллагын ажилтан Л.Магсаржав, О.Эрдэнэбаатар нарын үйлдсэн “Гадна фасадны ажил хийсэн акт”, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн огноотой гэрэл зургууд, “Хүннү гүрний шүтээн” ХХК-иас “Энхжавхлант өргөө” ХХК-д хүргүүлсэн гэх мэдэгдлүүд, шинжээч “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22/08 тоот дүгнэлт, шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 59 тоот дүгнэлт зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 63 тоот дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч “Галт сүмбэр” ХХК-ийн нийт гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг 34 417 314 төгрөгөөр тооцон, түүнээс хариуцагчийн төлсөн 20 500 000 төгрөгийг хасч, үлдэх 13 917 314 төгрөгийг, мөн 4 ширхэг дүүжин өргүүр /люлк/-ийн их бие рам, гар, тросс зэргийн хамт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Энхжавхлант өргөө” ХХК-ийн нэхэмжлэгчээс хохиролд 15 857 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18754 дүгээр захирамжаар томилогдсон шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 59 тоот нэхэмжлэх хэрэгт авагдсан ба шинжээчийн ажлын хөлс болох 450 000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-т заасны дагуу зохигчдоор нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 340 470 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 235 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227 536  төгрөгийг гаргуулж   нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.,115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

  

1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1., 106 дугаар зүйлийн 106.1., 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч “Энхжавхлант өргөө” ХХК-иас 13 917 314 төгрөгийг  4 ширхэг дүүжин өргүүр /люлк/-ийн их бие рам, гар, тросс зэргийн хамт гаргуулан нэхэмжлэгч “Галт сүмбэр” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 22 586 686 төгрөгийн шаардлагыг,  нэхэмжлэгч “Галт сүмбэр” ХХК-иас 15 857 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “Энхжавхлант өргөө” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  105 дугаар зүйлийн 105.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь 4 ширхэг дүүжин өргүүр /люлк/-ийн цахилгааны шитийг хариуцагчаас гаргуулах гэсэн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-т заасны дагуу нэхэмжлэгч “Галт сүмбэр” ХХК-иас 225 000 төгрөгийг, хариуцагч “Энхжавхлант өргөө” ХХК-иас 225 000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 340 470 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 235 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 227 536 төгрөгийг гаргуулж   нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.