Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00055

 

 

 

С.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                     

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

                 Шүүх хуралдаанд:         

 

                   Прокурор                                                Л.Оюунтуяа

                   Шүүгдэгч                                             С.О

                 Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Д.Оюунчимэг

                   Хохирогч                                             С.Ө

                 Хохирогчийн өмгөөлөгч                     О.Сарантуул

                   Нарийн бичгийн дарга                      Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолтой С.О –д холбогдох, 1825000000079 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол улсын иргэн Орхон аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, краны машинист мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Баяжуулах фабрикт ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, “Б” овогт С-ийн О,

Шүүгдэгч С.О-ийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Баяжуулах фабрикийн эмэгтэйчүүдийн усанд орох газарт С.Ө тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодолдон С.Ө ы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор

 

Шүүгдэгч “Б” овгийн С-ийн О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Ооногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Оурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Оэс 3,507,411 төгрөг гаргуулж С.Өд  олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 197,704 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.О давж заалдах гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би С.Өыг зодож биед нь гэмтэл учруулаагүй. Энэ хүн өөрөө надтай хэрүүл маргаан хийж ирээд цохиж, үснээс зулгааж, доош дарсан. Би гарыг нь салгах гэж ноцолдож байгаад хоёулаа хальтарч унасан. Эмэгтэйчүүдийн усанд ордог дүүшны хувцас солих өрөөнд энэ явдал болсон бөгөөд энэ явдал болсон бөгөөд хоёулаа усанд ороод цуварч гарч ирээд байж байсан. Пилтан шалан дээр усны табчиктай байсан учраас амарсан хальтарч унасан. Олон хүмүүс бид хоёрыг харсан. Гэвч бид хоёр зодолдоогүй учраас тэр хүмүүсийн зарим нь зодолдохыг хараагүй хэрэлдээд байсан гэж мэдүүлсэн байна.

С.Ө нь өмнө нь тархинд нь цус харвалт өгч байсан. Хүнтэй зодолдож хамраа муруйлгаж байсан, хүнтэй дандаа хэрүүл, маргаан хийж явдаг гэж манай ажилтнууд ярьдаг. Би түүнийн тархи толгой руу цохиж, зодоогүй тул тархи доргих ёсгүй. ........Тийм учраас намайг С.Өы биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. С.Ө нь гэмтлийн улмаас гэж эмчлүүлээгүй өөр бусад ердийн хууч өвчнөө эмчлүүлсэн болох нь өгсөн баримтуудаас харагдаж байна гэжээ.

 

Хохирогч С.Ө давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Би 2018 оны 01 дүгээр сарын 25-нд “Эрдэнэ үйлдвэр”-ийн  эмэгтэйчүүдийн душны хувцас солих өрөөнд хувцсаа сольж, С.Оюун-Эрдэнийн хажуугаар усанд орох гэж зөрөхөд намайг цоожоор цохиж хэл үгээр доромжилсон бөгөөд намайг уснаас гарч ирээд хажуугаар нь өнгөрөхөд хэл амаар доромжилж хамар луу цохиж, үснээс зулгааж чирч, гар мушгиж цементэншалан дээр унагаж дээрээс минь дэвссэн. Энэ байдлаас болж миний биед гэмтэл учирч 2018 оны 01 дүгээр сарын 26-наас 2018 оны 03 дугаар сарын 13-ныг дуустал эмчилгээ хийлгэж эмчлүүлсэн.

...С.О нь санаатайгаар зодож гэмтээчихээд зодоогүй гэж, өөр бусад хууч өвчнөө эмчлүүлсэн баримтууд байна гэж худал мэдээлэж байна. Миний эмчлүүлсэн баримтууд хавтаст хэрэгт хавсаргасан. Эмчилгээний талаарх болон бусад хэргийн материалууд, баримтууд хуулийн дагуу шалгагдсан. Хууль хяналтын байгууллагад гаргасан өргөдөл гомдлын дагуу миний биед учирсан гэмтлийг тогтоож шийдвэрлэсэн байхад С.О нь худал хэлж хийсэн хэргээ хэрэгсэхгүй болгож өгөх талаар гомдол гаргасан байна. Иймд шүүхийн гарсан шийдвэр үндэслэлтэй үнэн зөв тул С.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Оюунтуяа дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.О, хохирогч С.Ө нар нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ий Баяжуулах фабрикийн эмэгтэйчүүдийн усанд ордог газрын хувцас солих өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бие биенээ дайрч доромжлон С.О нь С.Өы нүүр лүү нь цохиж, үсдэн дарж зодож биед нь баруун сарвууны эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Өы болон гэрч Н.Пүрэвсүрэн, Б.Ариунаа, Б.Булганчимэг нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны хохирогч С.Өы биед үүссэн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч С.О-ийг хохирогчийг зодож, санаатай хүч хэрэглэсний улмаас хохирогч С.Өы биед хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан санаатай үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг зүйлчилсэн зүйл хэсэг зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон, анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Оюун-Эрдэнийн ...Би хохирогч С.Өыг зодож, цохиогүй тул хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        

        

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. 9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,шүүгдэгч С.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                      Ц.ТУЯА

 

                                                                                                            С.ЦЭЦЭГМАА