Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 202/МА2017/00021

 

 

Д.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШШ2017/00188 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Оын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Г,

Хариуцагч: Б ХХК, 

Хариуцагч: Э нарт холбогдох,

2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, талуудад өгсөн авсан зүйлийг буцаах тухай иргэний хэргийг 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хы давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагч Э.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х,  шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.О 2013 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын *** тоот 3 өрөө 74.6 м2 гэх талбай бүхий ордертой байрыг Ц.Гас худалдан авч ХААН банкин дахь түүний *** тоот дансанд 1 м2-ийг нь 1000000 төгрөгөөр үнэлсэн нийт 74600000 төгрөгийг бэлэн мөнгөөр хийсэн. Намайг уг байрыг худалдаж авсны дараа байрны оршин суугчид метр квадратын зөрүүтэй байгаа тухай хэлсэн. Ингээд тусгай зөвшөөрөлтэй, хэмжилтийн эрх бүхий компанид хүсэлт гаргаж байрныхаа метр квадратыг хэмжүүлэхэд баталгаат талбай 56.13 м2 болж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн талбайгаас 18.47 м2 дутсан. Энэхүү дутуу талбайд төлөгдсөн 18470000 төгрөгийг Ц.Гас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Өөрт нь хэлэхэд барагдуулах нь битгий хэл, 50 хувийг л тохироод ав, тэгэхгүй бол шүүхээрээ яв гэж хэлсэн гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү шүүхэд гаргасан тайлбартаа: Д.О нь Э.Эын эзэмшлийн *** тоот 74,6 м2 орон сууцыг харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдан авч 2013.10.16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж Ү-*** дугаартай гэрчилгээг авсан байдаг. Нэхэмжлэгч Д.О нь уг байрыг худалдан авсанаас хойш 3 жил орчим хугацаа өнгөрсний дараа гэнэт талбайн хэмжээтэй холбоотойгоор илүү төлсөн гэх төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь ямар үндэслэл, зорилгоор хэмжилт хийлгэсэн, тухайн хэмжилт хийх шатанд ХХК-аас оролцоогүй, тухайн байрыг улсын комисс хүлээн авсан эрх бүхий шийдвэр хүчин төгөлдөр байгаа бөгөөд худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор мэдэх ёстой эд хөрөнгийн доголдлыг илрүүлэх боломжтой цаг хугацаа өнгөрсөн байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч Д.О нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хариуцагч Б ХХК, Ц.Г, Э.Э нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: Д.О нь Замын-Үүд сумын 1-р баг, 142 дугаар байрны 09 тоот хаягт байрлах 74,6 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар өөрийн нэрийн өмнөөс орон сууц худалдаж авахтай холбоотой эрх үүргийг хэрэгжүүлэх итгэмжлэлийг У.Гд олгохоор 2013.10.16-ны өдөр итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл 2013.10.15-ны өдөр дээрх хаягт байрлах орон сууцны өмчлөгч болох Э.Э намайг төлөөлөх эрхгүй этгээд Зул гэх гарын үсэг бүхий хэн болох нь тодорхойгүй этгээдтэй гарын үсэг зурж гэрээг байгуулсан байдаг. Уг байрыг анх худалдаж авахаар сонирхож, байрыг үзэж байх үед уг байр Б ХХК-ийн барьсан байр ба захирал нь Г гэж хүн байдаг, энэ байр нь Б ХХК-ийн өмч гэж надад итгүүлэн захирал гэх Гын өөрийнх нь данс руу нь мөнгө шилжүүлэх хэрэгтэй гэж байрыг үзүүлж байсан З гэх хүн хэлсний дагуу Гын Хаан банкны *** дансруу байрны урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 22380000 төгрөгийг 2013.10.04-ний өдөр, үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 52220000 төгрөгийг мөн дансруу 2013.10.21-ний өдөр тус тус шилжүүлсэн. Байрыг анх худалдаж авахад орон сууцыг 74600000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч уг мөнгийг шилжүүлсэн. Гэтэл дээрх гэрээг байгуулах үед уг орон сууц нь Эын өмчлөлийн орон сууц байсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаагаар тодорхойлогдож байна. Гэтэл 2013.10.15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр 1-т зохих этгээдийн зөвшөөрөлгүй этгээд хийсэн, 2-т намайг төлөөлж гэрээ хийх итгэмжлэлийг Гд 2013.10.16-ны өдөр өгсөн. Гэтэл уг гэрээ нь итгэмжлэл өгөхөөс нэг өдрийн өмнө хийгдсэн ба итгэмжлэлд заагдсан этгээд гэрээг хийгээгүй. 3-т дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны үнийг 10 000 000 төгрөг гэж худал үнээр үнэлсэн.  Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу Ц.Гд хариуцуулан 2013.10.05-ны өдрийн гэрээг, Э.Эод хариуцуулан 2013.10.15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, бусдын өмчлөлд буй орон сууцыг итгэмжлэлгүйгээр өөрийн мэт надад итгүүлж орон сууц захиалах гэрээг байгуулж гэрээний зүйлийг дутуу өгч, төлбөрийг бүрэн авсан байх тул Ц.Гд хариуцуулан 2013.10.03-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, талуудад өгсөн авсан зүйлийг харилцан буцааж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х шүүхэд гаргасан тайлбартаа: .....Д.О нь дээрх гэрээнүүдийг байгуулсан нь иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 40.1 дэх хэсэгт заасан: “... хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэсэн зохицуулалтанд хамаарч байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь заалтад хамаарахгүй...  Э.Э нь тухайн байрыг анх барьж эхэлж байх хугацаанд авахаар захиалсан бөгөөд ашиглалтанд орсны дараагаар төлбөрийг барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул ХХК-ийг өөрсдөө байраа зарж мөнгөө гаргаж авах талаар саналыг гаргасны дагуу худалдан борлуулсан гэж үзэж байгаа. Дараагийн хүн нь тохиролцоод авлаа гэдгийг мэдэж байсан ба иргэд хоорондын сайн дурын үндсэн дээр тохиролцож нэг нь худалдсан, нэг нь худалдан авсан хэлцэл байгаа тул бусдад шилжүүлж буй асуудлыг хүчин төгөлдөр гэж тооцож асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын Э.Эод холбогдох хэсгийг хүлээн зөвшөрөөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Ц.Гтай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Э.Этой байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ц.Гас 74 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгож, нэхэмжлэгч Д.Оаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын *** тоот, 3 өрөө, 74,6 м2 гэх талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулж хариуцагч Ц.Гд буцаан олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 688900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гас 530950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгож, ... шийдвэр гардан авах  журам болон гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х давж заалдсан гомдол болон давж заалах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... шүүх 2017.05.10-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан Хаан банкийг гуравдагч этгээдээр татаж оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй, уг хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрт гомдол гаргах эрхийг олгоогүй нь хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн шийдвэр гарсан гэж үзэж байна. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ  “2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригоор хийгдээгүй нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна” гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй. Учир нь нэхэмжлэгч Д.О Б ХХК-ийн хооронд тохиролцсоны дагуу орон сууцыг хүлээлгэн өгсний дараагаар эзэмшилтэй холбоотой маргаан гаргаагүй бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн хангагдсан, энэ байдал нь О уг байрыг худалдан авсан дараагаар Хаан банкнаас зээл авсан байгаагаар бүрэн нотлогддог, түүнчлэн маргаан бүхий эд хөрөнгө нь Хаан банкны барьцаанд байгаагаар тухайн зээлийг хангах баталгаа болсон зэрэг нөхцлөөр гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдсөн зэрэг байдлыг бүрэн шийдвэрлээгүй байгаагаар үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк зээлийг олгохдоо хувь хүнийг судалж байж олгодог. Би өөрөө Хаан банкны өмнө хариуцлага хүлээсэн. Банкийг гуравдагч этгээдээр татах үндэслэлгүй. Дараа нь ямар нэгэн асуудал үүслээ гэхэд гэрээгээр л зохицуулагдах ёстой. Миний Хаан банктай байгуулсан гэрээн дээр Г, Э нарын нэр байхгүй, энэ нь байрны гэрээтэй ямар ч хамааралгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж гомдол гаргаад байна. Иргэний хуулийн 39, 40.1, 42.2 дэх хэсэгт зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. О өөрөө орон сууц захиалсан хүн биш. Энэ нь угаасаа хуурамч гэрээ. Г гэдэг хүн өөрөө гарын үсэг зураагүй. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар итгэмжлэл өөрөө бичгээр хийгдсэн байх ёстой. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан. Итгэмжлэл Г гэдэг хүн дээр үүссэн болохоос биш З гэдэг хүнтэй хийгээгүй. Мөнгийг нь болохоор Гын данс руу шилжүүлсэн байдаг. Байр нь Эын байр. Хүсэл зоригийн илэрхийлэл яаж хүчин төгөлдөр болох вэ гэхээр 2 тал хоёулаа хүсэл зоригоо илэрхийлээд гарын үсэг зурсанаар хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзнэ. Тэгэхээр энэ гэрээн дээр хэн нь ч гарын үсэг зураагүй. Г гэдэг хүн 74 сая төгрөгийг авчихсан. Э гэдэг хүний байрыг Оын өмнөөс өөр хүмүүс дур мэдээд гарын сэг зурчихсан. Энэ нь өөрөө хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн байгаа. Хууль зөрчиж байна гэдэг нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т зааснаар харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах ёстой. Хүсэл зоригийн илэрхийлэл үнэн бодит байна уу гэдэг нь өөрөө хууль зөрччихсөн, бодит үнэнд нийцэхгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                                ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ц.Гд холбогдуулан өөрийн худалдан авсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын *** тоот 3 өрөө орон сууцны дутуу 18.47 метр квадратын үнэ болох 18 470 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа  өөрчилж “2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Гд холбогдуулан, “2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлагыг хариуцагч Э.Эод холбогдуулан тус тус гаргаж, талуудад өгсөн авсан зүйлийг харилцан буцаах тухай буюу орон сууцыг буцаан өгч хариуцагч Ц.Гас 74600000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...дээрх гэрээнүүд нь Д.Оын хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээнүүд тул хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй” гэж маргажээ. 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх   хэргийн үйл бримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Учир нь нэхэмжлэгч Д.О нь  “2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлагын үндэслэлээ гэрээнд төлөөлөх эрхгүй этгээд З гарын үсэг зурсан, итгэмжлэл олгосон төлөөлөгч гарын үсэг зураагүй буюу энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлсон ба дээрх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх гэрээнд итгэмжлэлээр төлөөлөх эрх олгогдсон У.Г биш З гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй болно. 

Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Э.Э болон нэхэмжлэгч Д.О нарын хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн *** тоот, 74,6 м2 хэмжээтэй, 3 өрөө бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ /хх-48/ байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн байх ба гэрээнд нэхэмжлэгч Д.Оыг төлөөлж хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар З гэдэг хүн гарын үсэг зурсан эсхүл  2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  итгэмжлэлээр /хх49/ эрх олгогдсон этгээд болох У.Г зурсан алин нь болох нь тогтоогдоогүй, мөн энэ талаарх нотариатын үйлдлийн хүчинтэй эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй ба нотариатын үйлдэл хийсэн тамга болон баталгааны тэмдэг бүрэн гүйцэд уншиж судлагдах боломжгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн “гэрээнд У.Г биш З гарын үсэг зурсан” гэсэн тайлбарыг үндэслэн хэлцлийг хууль зөрчиж хийсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 107 дугаар зүйлийн 107.2-т нийцээгүй гэж үзнэ. 

 

Өөрөөр хэлбэл зохигч нь шүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт гаргах, цуглуулах, улмаар түүндээ үндэслэн тайлбар гаргасныг бодит үнэнд нийцсэн гэж үзэх боломжтой болох бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлогдсон тохиолдолд хариуцагчийн татгалзал, тайлбар, түүний гаргасан нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэх нь мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т заасан зохигч талуудын мэтгэлцэх болон нотлох үүргийн хуваарилалтын зарчимд нийцэх юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “... хууль зөрчсөн” гэсэн агуулга нь аливаа хэлцлийг хориглосон бус зарчмын хувьд эс зөвшөөрөгдөх үйлдлийг тогтоосон заалтыг зөрчиж хийсэн байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Д.О болон хариуцагч Э.Э нарын хооронд байгуулагдсан  худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагчийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан нь  буюу худалдан авагчийг төлөөлж хэн гарын үсэг зурсан нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх ийнхүү хууль зөрчсөн гэрээ гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. 

 

Улмаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргах бөгөөд энэхүү хуульд заасан нөхцөл шаардлага буюу үйл баримт хэрхэн нотлогдож тогтоогдсоноор үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл хууль зөрчиж хийсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх учиртай. 

Мөн анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлтийг /хх-192/ хангахаас татгалзах нь зүйтэй гэсэн атлаа 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 748 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт хангахаар заасан нь ойлгомжгүйн гадна энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т нийцээгүй ба хэрэг хнан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Харин дээрх хуульд зааснаар гаргасан шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заагаагүй тул шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхийг олгоогүй тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул  хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хы “... анхан шатны шүүхийн дүгнэлт нь хуулийн үндэслэл бүхий болоогүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШШ2017/00188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг мөн шүүхэд буцаасугай. 

2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хаас давж заалдах гомдол гаргахад хариуцагч Ц.Гас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 527950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу 

хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА

                                                                         Н.БАТЧИМЭГ