Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1479

 

                                                            Ц.Ариунаа нарын нэхэмжлэлтэй                                                                

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 102/ШШ2017/00974 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Ц.Ариунаа

Нэхэмжлэгч А.Дөлгөөн

Нэхэмжлэгч Б.Ирмүүн нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Дэсмаад холбогдох

 

            Хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг байрнаас талийгаач Ж.Батзоригтод ногдох хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн зүйл болох 59 тоот орон сууцны анхны өмчлөгчийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                  Ц.Ариунаа

                                                                                  А.Дөлгөөн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                          М.Мөнхбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   Б.Эрхбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч                             Б.Батбаяр 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2005 оноос эхлэн гэр бүлийн дундын өмчлөлийн маргаанаа шийдүүлэх гээд шүүхэд хандсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй. Гэр бүл цуцлах асуудлыг шүүх хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Энэ хугацаанд 10 жил шүүхээр явахад гэр бүл нь өмчгүй болж, өвлөх эрхийн талаар ярих гэхээр талийгаач улсын бүртгэлийн гэрчилгээнээс нэрээ хасуулсан учир өвлөгч нарын өвлөх эрх нь 12 дахь жилдээ хохирч байна. Анх 1995 онд гэр бүл болсноос хойш 1996 он хүртэл энэ өмчийг анхнаас нь эхлээд өдий болтол нь барьж босгосон. Баянгол дүүрэгт байрлах 59 дүгээр байрыг хоёулаа анх төлбөр мөнгөө хийгээд талийгаач хэргийн оролцогч байх үедээ 2 дахь өмчийг өөрөө аваад гэр бүлээ цуцлуулъя гэж ярьсаар 2004 оныг өнгөрөөсөн. 2005 онд нэхэмжлэл гаргах үндэслэл нь анхны өмчийг зараад 2 дахь өмчөө хувааж авахаар тохиролцон нэхэмжлэл гаргаад байхад өөрөө тодорхой шийдэлд хүрдэггүй, хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгээ мэдсээр байж хүүхдийн тэтгэлэг төлдөггүй байсан. Ийм байдалтай явсаар байгаад 2006 онд өмчөөсөө нэрээ хасуулж байгаа нь тэжээн тэтгэх үүргээсээ зайлсхийсэн хэлбэр гэж үзэж байна. Талийгч нь нас бартлаа 59 тоотод амьдарч байсан гэдэг нь тодорхой. Талийгчийн нэрийг өмчлөх эрхийн бүртгэлээс хассан бөгөөд ийнхүү хасахдаа талийгч нь өөрийн хүсэл зоригийн илэрхийллээ илэрхийлж өөрийн гараар бичээгүй, гарын үсэг нь зөрж байгаа тул бид нар гарын үсгийг үнэн зөв талаар шинжилгээ хийлгэсэн. Шинжээчид талийгчийг гарын үсгийг тогтооход хариуцагч С.Дэсмаагийн бичгийн хэвийг харьцуулалтад оруулъя гэсэн. Түүний дагуу бид шүүхэд хүсэлтээ гаргасан боловч шүүх хүсэлтийг маань шийдвэрлээгүй. Тиймээс энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэхийн тулд нэг талын хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл хэмээн үзэж Баянголын дүүргийн байрны анхны өмчлөгчийг тогтоож өвлөх эрхийг хамтад нь шийдүүлж, гэр бүлийн өмчийн маргааныг шийдэх бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа юм. Иймд хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг байрнаас талийгаач Ж.Батзоригтод ногдох хувиас өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн зүйл болох 59 тоот орон сууцны анхны өмчлөгчийг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Дэсмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нас барсан хүний үзэл тухайн үед ямар байсныг хэлж мэдэхгүй юм. Нэхэмжлэгчийн талаас 2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хийсэн хэлцлээс үзэхэд талийгаач нь өмчлөх эрхийн бүртгэлээс өөрийн нэрээ хасуулахдаа хүүхэддээ энэхүү байрыг үлдээх хүсэлтэй байсан, С.Дэсмаа 2001 оны 7 дугаар сараас эхлээд Баянзүрх дүүргийн 7А-36 тоотод талийгаач Ж.Батзоригтой хамтран амьдарч эхэлсэн байдаг. Ингээд 2002 оны 8 сард том охин нь төрсөн. С.Дэсмааг төрөхөөс 2 хоногийн өмнө Баянгол дүүргийн Богд-Ар хороололд нүүж ирсэн. Тухайн үед Богд-Ар хорооллыг 2004 онд онд ашиглалтад оруулсан байдаг тул уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарсан. Хариуцагч нь үүнээс өмнө талийгаач Ж.Батзоригтой хамт амьдарч байсан. С.Дэсмааг яагаад өмчлөгч биш гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Хэрэв хариуцагч С.Дэсмаа өмчлөгч биш байсан бол бүртгэлийн талаар талийгаач Ж.Батзориг нь амьд сэрүүн байхдаа маргах боломжтой байсан. Энэхүү Баянгол дүүргийн 59 тоот орон сууц нь хамтран өмчлөх эрхтэй дундын хөрөнгө гэж үзэж байгаа бол гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө байх ёстой. Нэхэмжлэгч тал өмнө нь гаргаж байсан нэхэмжлэлдээ 2000 оноос хойш тусдаа амьдарсан гэсэн тайлбар өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан материалууд дээр тодорхой байдаг. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа бол түүнээс гарах үр дагаврыг шаардаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна хэмээн ойлгож байна. Нэгэнт өвлөх эрхтэй бол өвлүүлэгчийн эд хөрөнгө буюу эрх шилжих ёстой. Гэтэл өвлүүлэгчид ямар нэгэн эд хөрөнгө, эрх байхгүй учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломгүй гэж үзэж байна. 59 тоот орон сууцны өмчлөгчийг тогтоолгоё гэдэг нь тайлбарын хувьд адилхан байна. Тус байрны анхны өмчлөгч нь өөрөөр хэлбэл Ж.Батзориг, С.Дэсмаа, Б.Цэсмаа гэсэн 3 хүний нэр гарч байгаа. Иймд С.Дэсмаа, Ж.Батзориг нар нь өөрийн хүсэлтээр хүүхдүүддээ байраа үлдээе гэдэг санаа зорилготой байсан ба тухайн үед талийгаачийн хүү Б.Ирмүүн одоо насанд хүрсэн, түүнтэй уулзуулдаггүй байсан гэдэг. Монгол улсын Иргэний хуульд өмчлөх эрхийг шилжүүлэхийн тулд өмчлөгчийн өмнөөс хүсэлт гаргах зохицуулалт байдаг. Тэгэхээр С.Дэсмаа, Ж.Батзориг нар аль аль нь өөрсдийгөө өмчлөгч гэж үзэж байсан учраас хэн нэгнийх нь татгалзал, хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл байхгүйгээр аль алиныг нь төлөөлж байсан болохоор улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байдаг. Тэгэхээр энэ бүртгэлийг хүчингүй болгуулах тухай ямар нэг үндэслэл байхгүй байсан учир захиргааны хэргийн шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заалтыг баримтлан 2006 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Баянгол Дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын ЗА байрны 59 тоот орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.Ариунаа, Б.Ирмүүн нар нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын ЗА байрны 59 тоот орон сууцны талийгаач Ж.Батзоригт ногдох хэсгээс бусад хууль ёсны өвлөгч нарын нэгэн адил өвлөх эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэлээс А.Дөлгөөний өвлөх эрхтэй болохоо тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1,106.3 дахь заалтыг баримтлан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын ЗА байрны 59 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр Ж.Батзоригийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дэсмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр нар давж заалдах гомдолдоо:

... Хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Талийгаач Ж.Батзориг нь хариуцагч С.Дэсмаатай 2000 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2002 оны 8 дугаар сард өөрсдийн хөрөнгө мөнгөө нийлүүлэн "Богд холдинг" ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, "Богд Ар" хорооллын 3 дугаар байрны 59 тоотод байрлах, 88.28 м2 талбай бүхий 3 өрөө сууцыг худалдан авсан байдаг. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь Ж.Батзориг болон С.Дэсмаа нарын хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө юм. Гэвч нэхэмжлэгч Ц.Ариунаа нь бид 2004 он хүртэл хамт амьдарч байсан бөгөөд "Богд Ар" хорооллын 3 дугаар байрны 59 тоот орон сууц бид хамт амьдарч байх хугацаанд бий болсон дундын өмч гэж худал тайлбар гаргаж байна. Мөн талийгаачийн аав, ээж нь хүртэл миний хүү 2000 оноос хойш хариуцагч С.Дэсмаатай хамт амьдарч байгаад нас барсан гэсэн тодорхойлолт шүүхэд гаргаж өгсөн байдаг. Анхан шатны шүүх иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй юм. Талийгаач Ж.Батзориг нь 2006 оноос С.Дэсмаатай талийгаач болон 2 хүүхдээ өдий хүртэл асран халамжилж ирсэн. Талийгаачийн гэр бүлийхэн үүнийг нотолдог бөгөөд шүүхэд тодорхойлолт гаргаж өгсөн байгаа. талийгаач өвчин зовлонтой байхад нь нэг ч харагдаж үзэгдээгүй атлаа нас барсных нь дараа өөрийгөө түүнтэй хамт амьдарч байсан мэт худал тайлбар гарган нас барсан хүний хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар хөөцөлдөж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй билээ. С.Дэсмаа талийгаачийг нас барах хүртэл 11 жил хамт амьдарч, хүнд өвчинтэй тэмцэж байх хугацаанд бүхий л талаар дэмжин, гадаад улсад эмчилгээ хийлгэж байсан. Талийгаач нь 2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр "орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл" хийж, өмчлөгчөөс хасагдаж, өмчлөх эрх С.Дэсмаа, Б.Цэсмаа нарт шилжиж бүртгэгдсэн. Энэ хэрэгт холбогдуулан тайлбарлах ёстой асуудал бол талийгаачийн хүсэл зоригийн илэрхийлэл юм. 2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр талийгаачийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл нь түүний хүсэл зоригийг илэрхийлдэг бөгөөд энэ нь иргэний хуулийн 523 дугаар зүйлд заасны дагуу хэлцлээ бичгээр илэрхийлж, нотариатаар буюу эрх бүхий этгээдээр гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болсон. Мөн талийгаач уг хэлцлийг өөрөө хийсэн болох нь шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 5 сарын 16-ны тоот дүгнэлт,  орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, нотариатчийн бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсгийг нэг хүн зураагүй гэж үзсэн боловч шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 3399 тоот дүгнэлт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5436 тоот дүгнэлт, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4982 тоот дүгнэлт зэргээр талийгаач өөрөө бичсэн болох нь тогтоогдсон байдаг. Иймд анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчин хуулийн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

 Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот байрнаас талийгаач Б.Батзоригт ногдох хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  Хэргийн 1-р хавтаст хэргийн 202-р талд 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 573 шүүхийн шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалсан шүүхийн шийдвэр авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхийн шийдвэрт холбогдуулан гаргасан гомдол, давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт авагдаагүй байгаа тул 573 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Ариунаа болон Ж.Батзориг нарын гэрлэлт цуцлагдсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч 59 тоот орон сууц нь хамтран өмчлөх эрхтэй дундын хөрөнгө гэж үзэж байгаа бол тэрхүү хөрөнгө нь гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Ц.Ариунаа, талийгаач нар 2000 оноос хойш тусдаа амьдарсан болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 6 өдрийн дугаар 102/ШШ2017/0097 шийдвэрээр тогтоогдсон. Ж.Батзориг нь 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр нас барсан бөгөөд түүний өв мөн өдөр нээгдсэн. Хэрэв өвлөх эрх байсан бол тухайн өдөр түүний эд хөрөнгө, эрх шилжих ёстой. Гэтэл өвлүүлэгчид ямар нэгэн эд хөрөнгө, эрх байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байсан. Гэвч анхан шатны шүүх нас барсан хүний хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцон талийгаач Ж.Батзориг болон хариуцагч нарын хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгөнөөс Ж.Батзоригт ногдох хэсгийг нэхэмжлэгч нар өвлөх эрхтэй мэт дүгнэсэн нь илэрхий үндэслэл муутай болжээ. Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шүүхийн зарим дүгнэлтийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн нар хариуцагч С.Дэсмаад холбогдуулан 2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдсан “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг орон сууцнаас Ж.Батзоригтод ногдох хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, 59 тоот орон сууцны анхны өмчлөгчийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэг: 2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдсан “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд:

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Улсын бүртгэлийн Y2205021349 дугаарт бүртгэгдсэн С.Дэсмаа, Б.Цэсмаа 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдэж  Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууц нь иргэн Ж.Батзориг, С.Дэсмаа, Б.Цэсмаа нарын өмчлөлд бүртгэлтэй байсан байх бөгөөд 2006 оны 10 дугаар сарын 4-ны өдөр 128 дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлээр иргэн Ж.Батзориг хасагдаж, иргэн С.Дэсмаа,Б.Цэсмаа нарын өмчлөлд, 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууцны хамтран өмчлөлд хамтран өмчлөгч нэмүүлэх тухай хэлцлээр иргэн С.Дэсмаа, Б.Цэсмаа, Б.Цэрмаа нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь талуудын  тайлбар, зохигчдын хооронд байгуулагдсан хэлцлүүд болон Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн албан бичгээр тогтоогдсон байна.     

 /хэргийн 1 дүгээр хавтас 82-89 дүгээр тал/

 

Дээрх орон сууцыг Ж.Батзориг нь “Богда Холдинг” ХХК-тай орон сууц худалдах- худалдан авах гэрээний дагуу 36 000 000 төгрөгөөр худалдан авч өмчлөгч болсон үйл баримт тогтоогдсон, маргаан зүйл болох байрыг анх худалдаж авсан асуудлаар талууд маргаагүй болно.

 

  Нэхэмжлэгч Ц.Ариунаа нар нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ “...талийгаач Ж.Батзориг гэр бүлээ цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлээгүй байхдаа тухайн орон сууцны өмчлөгчөөс хасуулсан нь хууль зөрчсөн” гэсэн үндэслэлийг заажээ.

 

Баянгол дүүргийн 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2560 дугаар захирамжаар Ц.Ариунаа, Ж.Батзориг нарын гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө ногдох хэсгээ хуваалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Ариунаагийн хүсэлтээр  Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууцыг битүүмжилсэн, 2006 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 645 тоот захирамжаар Ц.Ариунаагийн Ж.Батзоригт холбогдуулан гаргасан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө ногдох хэсгээ хуваалгах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

                                / хэргийн 1 дүгээр хавтас 5,6 дугаар тал/

 

Анхан шатны шүүх Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууц нь нэхэмжлэгч Ц.Ариунаа, Ж.Батзориг нарын гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмч гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Ж.Батзориг нь дээрх байрны өмчлөгчөөс хасуулахдаа Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг зөрчиж гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй байх бөгөөд ийнхүү зөвшөөрөл авсан гэж үзэх байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүх  2006 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн гэж дүгнэж, уг хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосныг буруутгах үндэслэлгүй юм. 

 

Харин анхан шатны шүүх “...хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийсэн нь төлбөр төлөхөөс зайлсхийх зорилготой байсан гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь талийгаач Ж.Батзоригоос хүүхдийн тэтгэлэг төлүүлэх шийдвэр шүүхээс гараагүй болно.

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4982 дугаар дүгнэлтээр дээрх маргаж буй хэлцэл дэх Ж.Батзориг гэсний ард зурагдсан гарын үсгийг адилтгалын шинжилгээнд тохирох, шаардлага хангасан харьцуулах бусад баримтууд гэж үзсэн Баянгол дүүргийн нотариатч Б.Энхтуяагийн бүртгэлийн дэвтэрт зурсан гарын үсэг, Хүүхдийг тэжээн тэтгэх тухай гэрээ гэсэн баримтад эцэг Ж.Батзориг гэсний дор зурсан гарын үсэг, Монгол Улсын дээд шүүхэд өргөдөл гаргах нь гэсэн баримтын Ж.Батзориг гэсний дор зурсан гарын үсэг, Байр хөлслүүлэх тухай гэрээ гэсэн баримтын хөлслүүлэгч талд Ж.Батзориг гэсний дор байрлах гарын үсгүүдтэй харьцуулан шинжлээд нэг хүн зурсан гэж, мөн уг гарын үсэг зурагдсан баримтуудын эх баримтын бичвэр нь шинжилгээний объект болох бусад гар бичвэрүүдийн Ж.Батзоригийн гэх бичгийн хэвтэй тохирч байна гэж дүгнэжээ.

 

Иймд хэлцэлд Ж.Батзоригийн гарын үсэг гэсэн хэсгийн бичвэрийг С.Дэсмаа бичсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй, харин хариуцагчийн хэлцэлд Ж.Батзориг гарын үсгээ өөрөө зурсан гэх тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

 

Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Хоёр: Нэхэмжлэлийн Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууцны Ж.Батзоригтод ногдох хувиас Ц.Ариунаа А.Дөлгөөн, Б.Ирмүүн өвлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Ц.Ариунаа нь Ж.Батзоригттой 1995 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гэр бүлж, гэрлэлтээ батлуулсан, 1996 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Б.Ирмүүн төрсөн болох нь гэрлэгсдийн гэрлэлтийг баталгааны хуулга болон төрсний гэрчилгээний хуулгаар тогтоогдсон, гэрлэгсэд гэрлэлтээ цуцлуулаагүй болох нь зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтаар тогтоогдсон байна.                        /хх 1 дүгээр хавтас 12-13 дугаар тал/

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Ариунаа Б.Ирмүүн нар нь маргааны зүйл болж буй Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууц нь хуульд заасны дагуу Ж.Батзоригт ногдох хувиас өөрт ногдох хэсгээ өвлөх эрхтэй.

 

Харин нэхэмжлэгч А.Дөлгөөн нь Ж.Батзоригтыг нас барах үед насанд хүрч, тусдаа амьдарч байсан, Ж.Батзориг нь албан ёсоор үрчилж аваагүй байх тул Иргэний хуулийн 520 дугар зүйлийн 520.3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 520.1, 520.2 дахь хэсэгт дурьдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжид байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө” гэж заасан өвлөгчид хамаарахгүй юм.

 

Анхан шатны шүүх өвлөх эрхээ тогтоолгох тухай гаргасан нэхэмжлэгч Ц.Ариунаа Б.Ирмүүн нарын шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А.Дөлгөөнийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй .

 

Гурав: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр 59 тоот орон сууцны анхны өмчлөгчийг тогтоолгохыг хүссэн шаардлагын тухайд:

 

Ж.Батзориг нь  2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр нас барсан, /хх 16/ Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууцыг С.Дэсмаа, Б.Цэсмаа хамтран өмчилж байсан болох нь тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан бөгөөд талийгаачийн хүсэл зориг нь Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууцыг С.Дэсмаа, Б.Цэсмаа хамтран өмчлөх байсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болохоос талийгаачийн нэрийн өмнөөс шаардах эрх үүсээгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Дэсмаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 102/ШШ2017/00974 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Дэсмаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Дэсмаагийн төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                     Ц.ИЧИНХОРЛОО