Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00621

 

Түмэннаст” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02274 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2444 дүгээр магадлалтай,                                                                                                                       

“Түмэннаст” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Г д холбогдох

Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 439,700.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Түмэннаст” СӨХ нь 2014 оны 01 сарын 15-ны өдрөөс Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Уг хугацаанд хариуцагч нь хотхоны дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, лифт зэрэгтэй холбоотой эд зүйлсийг хамтран эзэмшиж, ашигласаар байгаа боловч сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих төлбөрөө төлөөгүй. Хуулийн дагуу нийт сууц өмчлөгчид нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой. Г  нь БЗД-ийн 14-р хороо 14 хороолол 36В байрны 47 тоотын хууль ёсны өмчлөгч бөгөөд 2017 оны 04 сараас 12 сар, 2018 оны 1-6 сарыг дуустал нийт 15 сарын төлбөр 437,000 төгрөгийг төлөөгүй. Үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон орон сууцны байцаагчаар дамжуулан сар бүр мэдэгдсэн. Сууц өмчлөгчдийн холбоо бүрэн ажиллаж чадахгүй татварын болон ус дулааны өр төлбөрийн дарамтад орсон байдалтай байгаагаас бусад оршин суугчид авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй хохирч байна. Иймд 437,000 төгрөг, нотариатын хураамж 2700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,841 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Анх сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 2013 оны 07 сарын 10-ны өдөр банканд данс нээгээд авсан байдаг. 2017 оны 09 сарын 09-ний өдөр бүх гишүүдийн хурал хийхэд анх тогтоосон тарифаа өөрчлөхгүй гээд 32,030 төгрөгөөр тогтоосон гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн 14-р хорооны “Түмэннаст” хотхоны 36В байрын 47 тоот орон сууцыг анх ашиглалтад орсон үеэс өнөөдрийг хүртэл хууль ёсны өмчлөгч мөн. Орон сууцны урсгал зардал, СӨХ-оос тогтоосон төлбөрийг цаг хугацаанд нь төлсөөр ирсэн. Гэтэл нийтийн эзэмшлийн талбайд өөрийн эд хөрөнгөө аюулгүй байлгах гэж сар бүр СӨХ-д харуул хамгаалалтын төлбөр төлдөг байтал “Түмэннаст” СӨХ нь үүргээ биелүүлэлгүй миний автомашиныг гэмтээж надад 300,000 төгрөгийн хохирол учруулсан. Тус СӨХ-д учирсан хохирлоо сар бүрийн СӨХ-ны төлбөрөөс суутгуулан тооцож барагдуулах тухай амаар, бичгээр хэд хэдэн удаа мэдэгдсэн боловч хариу өгөөгүй.  Иймд “Түмэннаст” СӨХ нь үүргээ биелүүлээгүй, Г  надад учирсан хохирлыг барагдуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02274 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Г гоос дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 279,850 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нотариатын зардалд 2700 төгрөг, нийт 282,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Түмэннаст” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 157,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,841 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9126 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.                                   

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2444 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02274 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” гэснийг “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” гэж “157,150” гэснийг “140,000” гэж, 2 дах заалтын “9126” гэснийг “9641” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний би “Түмэннаст” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Г д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2444 дүгээр магадлалыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримт болон хууль хэрэглээг үнэн бодитоор нь үнэлэн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн билээ. Гэвч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг магадлахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд, бодит талаас нь үнэлж дүгнээгүй, хууль буруу хэрэглэсэн байгаа юм. Миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж хяналтын шатны шүүхэд гомдлоо гаргаж байгаа бөгөөд шаардлагатай материал нэгэнт хэрэгт авагдсан байгаа тул дахин давтан нуршаагүй болно гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна. 

Нэхэмжлэгч “Түмэннаст” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г д холбогдуулж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 439,700.00 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ... Сууц өмчлөгчдийн холбооны гэрээгээр ажиллуулдаг харуул хамгаалалтын алба үүргээ гүйцэтгээгүйгээс зогсоол дээр байрлуулсан автомашинд 300,000.00 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсныг тооцох ёстой гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 36В байр 47 тоот хаягт байршилтай, 37,9 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч нь Г  гэдэгт хариуцагч маргаагүй тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч “Түмэннаст” СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1, 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчөөс шаардах эрхтэй боловч мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар зардлын хэмжээ, хураамж, төлбөрийн үнэ тариф нь хуульд нийцэж байгааг нотлох ёстой гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс үнэ тарифаа нэмэх болсон шалтгаан, албан ёсны тушаал, хурлын шийдвэрээ гаргахыг шаардсан боловч нэхэмжлэгч нь харуул хамгаалалтын зардал, үнэ тариф тогтоосон тухайгаа баримтаар нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн нэрийг буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2444 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,850.00 /арван гурван мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН