Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2274

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/02274

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол, Нарны зам гудамж, Түмэннаст хотхоны 36а байрны 13 давхарт 0 тоотод байрлах Т-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 50 байр, 133 тоотод оршин суух Бэрэн овогт Ганбатын Мд /РД:ЧО86060727/ холбогдох

Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 439 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.                                                                 

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Т-ны гүйцэтгэх захирал Б.Ганзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т нь 2014 оны 01 сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээгээ авч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа билээ. Уг хугацаанд хотхоны бусад сууц өмчлөгчдийн нэгэн адил дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, лифт зэрэг дундын өмчлөлтэй холбоотой эд зүйлсийг хамтран эзэмшиж, ашигласаар байгаа боловч сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.4. “Сууц өмчлөгчид ноогдох хэсэг” гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчдийн оролцох хувь хэмжээ гэж тодорхойлсон байдаг. Иргэний хуулийн 148.2.1. “дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчдийн хамтын аж байдлын хэв журамыг зөрчихгүй байх үүрэгтэй” гэжээ. Иргэний хуулийн 148.3.“Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй” гэжээ. Иргэний хуулийн 147.1. 147.2 болон Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.2. “Орон сууцны нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхарын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө” гэж заасан байдаг учраас нийт сууц өмчлөгчид эдгээр нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой билээ. Гэтэл эдгээр хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, СӨХ-ны үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөхгүй байгаа учраас сууц өмчлөгч Г.Мд дээрхи хууль тогтоомжуудыг хэрэгжүүлүүлэх үүднээс хуулийн дагуу зохих шийдвэр гаргуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн юм. БЗД-ийн 14-р хороо 14 хороолол 36В байр 47 тоотын хууль ёсны өмчлөгч, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 50-р байр, 133 тоотод оршин суугч Г.М нь 2017 оны 04-р сараас 12-р сар, 2018 оны 01, 02, 03, 04, 05, 06-р сар дуустал нийт 15 сарын төлбөр болох 437 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд түүнд Иргэний хуулийн зарим зүйл заалтуудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон орон сууцны байцаагчаар дамжуулан сар бүр мэдэгдэж байгаа боловч үл ойшоон өнөөдрийг хүрсний улмаас Сууц өмчлөгчдийн холбооны ажил бүрэн ажиллаж чадахгүй татварын болон ус дулааны өр төлбөрийн дарамтад орсон байдалтай байгаагаас бусад оршин суугчид СӨХ-ноос авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй хохирч байгаа болно. Ийм учраас Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээнд зарцуулах ёстой Г.Мгийн өр авлагыг Иргэний хуулийн 149.1.1, 149.1.2, 149.2-р заалтуудыг үндэслэн 437 000 төгрөгийн өр авлагыг шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын төлбөрт төлсөн 2 700 төгрөг, нийт 439 700 төгрөгийг бүрэн барагдуулж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 841 төгрөгийн хамт сууц өмчлөгчдийн холбоонд гаргуулан өгөхийг хүсч, нэхэмжлэл гаргаж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 2017 оны 8 сарын 01-нд Удирдах зөвлөлийн тогтоолоор түр томилогдсон юм. Гэтэл зарим хүмүүс хурал үймүүлээд 2017 оны 12 сарын 10-нд хурлаа хийж, Удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилсон. Ажлаа аваад төлбөрийн үлдэгдэлтэй айлуудаас өр төлбөрөө нэхэмжилж байгаа. Гэтэл Г.М нь үндэслэлгүй шаардлага тавиад сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Анх сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр банкинд данс нээгээд авсан байдаг. 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Бүх гишүүдийн хурал хийхэд анх тогтоосон тарифаа өөрчлөхгүй гээд 32 030 төгрөгөөр тогтоосон юм. Түүнээс хойш өөрчлөлт ороогүй энэ тарифаараа явж байгаа гэв.

Хариуцагч Г.М  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

   Миний бие Баянзүрх дүүргийн 14-р хорооны Түмэннаст хотхоны 36В байрын 47 тоот орон сууцыг анх ашиглалтанд орсон үеээс өнөөдрийг хүртэл хууль ёсны өмчлөгч байсаар ирсэн, дээрх хугацаанд орон сууцны урсгал зардал болон СӨХ-оос тогтоосон СӨХ-нд төлөх төлбөрийг цаг хугацаанд нь төлсөөр ирсэн. Гэтэл 2017 оны 2 дугаар сард хөдөө ажлаар явж байгаад 2017 оны 4 дүгээр сарын эхээр хотод ирж улмаар өөрийн өмчлөлийн байрны гадаах Түмэннаст СӨХ-ийн эзэмшил газар автомашины зогсоолд 39-30 УБН улсын бүртгэлийн дугаартай автомашинаа байрлуулан 1 цаг орхиод буцаад иртэл миний өмчлөлийн автомашины жолоочийн хойд буланд том хэмжээний 4 тоо мэт дүрс сийлсэн байсан. Энэ талаар тус СӨХ-ийн харуул хамгаалалтын албанд мэдэгдэж, камер шүүж үзсэн боловч камерын тусгал тусдаггүй газар машинаа байрлуулсан байна, та үнэлгээний газраар үнэлгээ хийлгээд бичгээр Түмэннаст СӨХ-ийн удирдлагад бичгээр хүсэлтээ өгчих таны хохирлыг барагдуулах болно гэж тухайн өдөр ажиллаж байсан харуулын ажилтан амаар хариу өгсөн. Маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Г.М би мэргэжлийн “Ашид Билгүүн” ХХК-аар №409 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан хийлгэж бодитоор 300 000 төгрөгний хохирол учирсан гэх тайланг тус СӨХ-д хүргүүлсэн боловч СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Ганзаяа харуул хамгаалалтын компани хариуцах ёстой гэх тайлбар өгсөн. Миний бие нийтийн эзэмшлийн талбайд өөрийн эд хөрөнгөө аюулгүй байлгах гэж сар бүр СӨХ-нд харуул хамгаалалтын төлбөр төлдөг байтал Түмэн наст СӨХ нь үүргээ биелүүлэлгүй миний эд хөрөнгө болох автомашиныг гэмтээж надад 300 000 төгрөгийн хохирол учруулсан. Тус СӨХ-нд учирсан хохирлоо сар бүрийн СӨХ-ны төлбөрөөс суутгуулан тооцож хохирлоо барагдуулах тухай амаар болон, бичгээр хэд хэдэн удаа мэдэгдсэн боловч хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.  Иймд Түмэннаст СӨХ нь аюулгүй, амар тайван орчинд амьдруулах үүргээ биелүүлээгүй, үүргээ биелүүлээгүйгээс Г.М надад учирсан хохирлыг барагдуулаагүй тул тус СӨХ-оос гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т  нь хариуцагч Г.Мд холбогдуулан дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 437 000 төгрөг, нотариатын зардалд 2 700 төгрөг, нийт 439 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Түмэннаст” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г.Мгоос дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 2017 оны 4 сараас 12 дугаар сар, 2018 оны 1 сараас 6 сарын төлбөр нийт 437 000 төгрөг, нотариатын зардалд 2 700 төгрөг, нийт 439 700 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.М нь “Түмэннаст” Сууц өмчлөгчдийн холбоо нь аюулгүй амар тайван орчинд амьдруулах үүргээ биелүүлээгүй, уг үүргээ биелүүлээгүйн улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулаагүй тул сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтыг хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо байгуулна гэж заасан байна.

“Түмэннаст” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны  өдрийн №90 тоот гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 36А, 36Б байрны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэхээр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдсэн болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргаас олгосон гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 3-р хуудас/

Мөн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №02 дугаар Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор гүйцэтгэх захирлаар Б.Ганзаяаг томилсон байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар тус холбооны гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. /хэргийн 3-р хуудас/

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй болно.

Хариуцагч Г.М нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 36В байр 47 тоот хаягт байршилтай, 37,9 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч нь уг орон сууцны өмчлөгч, уг орон сууцыг эзэмшиж ашигладаг эсэх талаараа болон дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй эсэх талаараа маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно. /хэргийн 16-р хуудас/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2017 оны 4 сараас 12 сарын, 2018 оны 1 сараас 6 сарыг дуусталх хугацааны төлбөр 437 000 төгрөгийг төлөөгүй байгаа тул нэхэмжилж, төлбөрийн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. /хэргийн 6-7-р хуудас/

Хариуцагч нь СӨХ нь хуульд заасан үүргээ биелүүлдэггүй, харуул хамгаалалтын үйл ажиллагаа доголдолтойн улмаас эд хөрөнгөд 300 000 төгрөгийн хохирол учирсан, харуул хамгаалалтын зардлаа төлж байхад эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөөгүй тул сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлаад “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, харуул хамгаалалтын албанд гаргасан өргөдлийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн. /хэргийн 28-31, 37-38-р хуудас/

Мөн СӨХ-ны Бүх гишүүдийн хурал нь хууль бус, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-9.5-д заасныг зөрчсөн гэж тайлбарласан.

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно”, 9.5-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зарлыг хувиарлах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Түмэннаст” хотхоны Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлын №2 тогтоолоор удирдах зөвлөлийн гишүүд болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож, СӨХ-ны төлбөр тооцоог эхний ээлжинд хөдөлгөхгүй саналыг дэвшүүлж, мөн өдрийн Удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирлаар Б.Ганзаяаг томилсон болох нь хурлын тэмдэглэл, тогтоол, сууц өмчлөгчдийн холбооны үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлээр тогтоогдож байна. /хэргийн 3, 19-21-р хуудас/

Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.

Хариуцагч Г.М нь СӨХ-ны 2017 оны 4-12 сар, 2018 оны 1-6 сарын засвар, үйлчилгээний зардлаа СӨХ-нд төлөөгүй болох нь түүний тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан эрхийнхээ дагуу засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх талаар мөн СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой гомдлоо дээд шатны байгууллагад гаргаагүй, эд хөрөнгөд учирсан хохирлын талаар холбогдох байгууллагад хандаагүй байх тул түүний эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөөгүйгээс дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн сууц өмчлөгчдийн холбооны зардлаас 2017 оны 9 сарын харуул, хамгаалалтын зардал 10 000 төгрөгийг хасч тооцсон байх тул бусад зардлыг төлөхгүй гэх үндэслэл болохгүй юм.

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаас СӨХ-ны зардалд 2017 оны 4 сараас 12 сар, 2018 оны 1 сараас 6 сарыг хүртлэх 437 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч “Түмэннаст” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын тэмдэглэлээр СӨХ-ны үйлчилгээний тарифийг хэвээр үлдээх талаар шийдвэрлэсэн тэмдэглэлийг шүүхэд ирүүлсэн, харин түүнээс өмнөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хэрхэн хувиарлах асуудлыг шийдвэрлэж байсан эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2013 оноос холбоо нь банкинд данс нээж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг хуримтлуулж байсан гэсэн боловч тайлбараа нотлоогүй болно.

Мөн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №02 тоот Түмэннаст хотхоны сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тэмдэглэлээр СӨХ-ны үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэж, СӨХ-ны үйлчилгээний тарифийг эхний ээлжинд хэвээр байлгахаар шийдвэрлэсэн боловч энэ тарифаас өмнөх хугацааны тарифийг хэрхэн тогтоосон талаарх баримтыг ирүүлээгүй, хариуцагчийн төлөх дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал нь 2017 оны 4 сараас 2017 оны 7 сарыг хүртлэх хугацаанд 32 030 төгрөг байснаа 2017 оны 8 сараас 29 030 төгрөг болж, 2017 оны 10 сараас 28 880 төгрөг болж дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хувиарлахад тус тус өөрчлөлт орсон байна гэж үзэв. /хэргийн 6-7-р хуудас/

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 4 сараас 8 сар хүртлэх хугацааны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал болох нийт 157 150 /32 030+32 030+32 030+32 030+29 030=157 150/  төгрөгийг хасч, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд 2017 оны 9 сараас 12 сар, 2018 оны 1 сараас 6 сарын төлбөр болох 279 850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүйгээс шүүхэд хандахад 2 700 төгрөгний нотариатын зардал гарсан гэж нэхэмжилсэн нь үндэслэлтэй, хариуцагч нь хууль заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцох тул уг 2 700 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Иймд хариуцагч Г.Мгоос дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд нийт 279 850 төгрөг, нотариатын зардалд 2 700 төгрөг, нийт 282 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 157 150 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Г.М, түүний өмгөөлөгч Д.Батхуяг нарт 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэн аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг нээхэд ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь: 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

  1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Г.Мгоос дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 279 850 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар нотариатын зардалд 2 700 төгрөг, нийт 282 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 157 150 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 841 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9 126 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

         

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ХУЛАН