Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0512

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганболд

Нэхэмжлэгч “Н” ХХК

Хариуцагч нийслэлийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 416 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э

Хэргийн индекс: 128/2022/0490/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэхийг даалгах”-аар маргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 416 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Н” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах инженерийн шугам сүлжээгүй газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, инженерийн шугам сүлжээ бүхий газрыг хасч, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй тухайд:

 

3.1.1. Хэрэгт авагдсан баримтаар инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцаж байгаа хэсгийг хасах талаар хариуцагч албан бичиг ирүүлсэн, нэхэмжлэгч үүнийг зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс инженерийн шугам сүлжээ бүхий газартай хэдий хэмжээгээр давхцаж байгааг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хэдий хэмжээгээр хасч тооцож, гэрчилгээг сунгах талаар шүүх өөрөө нотлоогүй, хариуцагч энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй атлаа шүүх хариуцагчийн газрын хэмжээг хасч, гэрчилгээг сунгах талаар дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн бөгөөд шүүх хэрвээ энэ нөхцөл байдал хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байвал нотлох үүргээ хэрэгжүүлж, биелүүлээгүй байдалд гомдолтой байна.

 

3.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийж, үүнийгээ үндэслэж шийдвэрээ гаргасан тухайд:

 

3.2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэр гаргах үүрэгтэй, нэхэмжлэгч хуулийн 106.3.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх өөрийн санаачилгээр өөрчлөн тайлбарлаж шийдвэрээ гаргасанд гомдолтой.

 

3.2.2. Нэхэмжлэлийн агуулгаас харахад сунгахаас татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэхийг даалгах, өөрөөр хэлбэл инженерийн шугам сүлжээ бүхий газарт хариуцагч өөрөө газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан атлаа, үүнийгээ өөрчлөх буюу Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан арга хэмжээ аваагүй, ийм шийдвэрийг гаргаагүй байхад гаргасан мэтээр дүгнэлт хийж шийдвэрээ гаргах нь ойлгомжгүй.

 

3.2.3. Өөрөөр хэлбэл, Засаг даргын инженерийн шугам сүлжээ бүхий газарт эзэмшүүлсэн шийдвэрийг нийслэлийн Газрын алба өөрчлөх тухай дүгнэлт гаргах эрх хуулиар олгогдоогүй юм. Газрын хэмжээг хасах тухай шийдвэр огт байхгүй байхад хэмжээ хасч дүгнэлт гаргах эрхгүй. Нөгөө талаас Засаг дарга өөрөө Газрын тухай хуулиар инженерийн шугам сүлжээ, энэ байдалд шүүх огт дүгнэлт хийгээгүй төдийгүй Засаг даргын шийдвэрийг Газрын алба өөрчлөх тухай дүгнэлт гаргаж, энэ үндэслэлээр газрын гэрчилгээг сунгахаас татгалзах эрхгүй байхад шүүх энэ байдалд огт дүгнэлт хийхгүй байгаад гомдолтой.

 

3.3. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

 

3.3.1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.2-т зааснаар зөвхөн гэрээнд заасан нөхцөлийг хангаж ажилласан эсэхэд хяналт хийж, гэрчилгээг сунгах эсэхийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрээний нөхцөлийг зөрчөөгүй байхад зөрчсөн талаар ямар ч дүгнэлт байхгүй байхад байгаа мэтээр дүгнэлт гаргаж, газрын хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэж байгаа нь хууль бус юм.

 

3.3.2. Мөн нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж байхад уг хуульд заагаагүй шаардлагаар нэхэмжлэгчийн газрын хэмжээг багасгасан, шүүх үүнийг дэмжиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрээ гаргасанд гомдолтой.

 

3.4. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах захирамжаар хариуцагчаар нийслэлийн Газрын албыг тодорхойлсон байхад үүнийг шүүх харгалзаж үзээгүй, хариуцагчаар нийслэлийн Газрын албыг татан оролцуулахгүйгээр хэргийг зөвхөн нийслэлийн Засаг даргыг татаж, шийдвэрээ гаргасанд гомдолтой.

 

4. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзаж байгааг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэхийг даалгах байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хэргийг бүхэлд нь хянахад, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч “Н” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэхийг даалгах”-аар маргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Н” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах инженерийн шугам сүлжээгүй газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, инженерийн шугам сүлжээ бүхий газрыг хасч, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 762 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулах, уг газраа ашиглахад чиглэгдэж байна.

3.1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж заасан, энэ тохиолдолд хариуцагчаас “инженерийн шугам сүлжээ бүхий газрыг хасч зөвшилцөх шаардлагатай” гэсэн хариуг ирүүлсэн тул шүүхээс энэ хүрээнд маргааны үйл баримтыг тодорхойлох юм.

3.2. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн үндэслэл, түүний зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлан тогтоох учиртай.

3.2.1. Иймд нэхэмжлэгчийн үндсэн зорилгыг хангах болон шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх зарчмын хүрээнд маргаан бүхий газрын “инженерийн шугам сүлжээ бүхий газар”-ыг хасч, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгаж шийдвэр гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан гэж давж заалдах шатны шүүх үзээгүй болно.

3.3. Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан нөхцөл нь хэрэгт авагдсан Ус сувгийн удирдах газрын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 7/651 дугаар албан бичиг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 35/89 дугаар албан бичиг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08/455 дугаар албан бичгүүдээр маргаан бүхий 762 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцалтай болох нь тогтоогдсон, энэ утгаараа маргаан бүхий газрыг “спорт сургалтын төвийн зориулалт”-аар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах газар биш гэж үзнэ.

4. Түүнчлэн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана ...” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21/012 дугаартай газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлт, мөн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22/001 дугаар албан бичгээр сунгуулах хүсэлт гаргасан боловч захиргааны байгууллага шийдвэрлээгүй, “... инженерийн шугам сүлжээ бүхий газрыг хасч зөвшилцөх” гэх хариуг өгсөн нь бодитой байдлаар шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

4.1. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас Эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болохоос инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх эрх хуулиар олгоогүй тул анхан шатны шүүх “зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх” зорилгын хүрээнд “... эзэмшүүлсэн газар ямар хэмжээгээр давхцсаныг тогтоох бус захиргааны байгууллага өөрөө ... хуульд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох хуулиар хүлээсэн үүрэгтэй” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан агуулгад хамаарахгүй болно.

 

5. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шйидвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахад төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

            ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

           

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН