Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч М.Энхжаргал,

шүүгдэгч А.Азжаргал, түүний өмгөөлөгч З.Батшандас,

иргэдийн төлөөлөгч Т.Идэртэгш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганболдын Эрдэнэбилэг, Амарсайханы Азжаргал нарт холбогдох эрүүгийн 201625030442 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Нумтан овгийн Ганболдын Эрдэнэбилэг, 1987 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 29 настай, Бүрэн бус дунд боловсролтой, вагон засварчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам вагон чёдны депод засварчин ажилтай, ам бүл 5 эх, 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Баянсуудал, Баянбулагийн А-30 тоотод оршин суух хаягтай,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдэж,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 194 дугаартай шүүгчийн захирамжаар 4 сар 9 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар Н387041738.

2. Хараадайхан овгийн Амарсайханы Азжаргал, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сум, Баянхангай Дунд өлөнт 3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТЕ87021617.

   Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Яллагдагч Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17-18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран цэн” барьцаалан зээлдүүлэх газарт “ТОЗ-8” маркийн богиносгож тайрсан буу буюу галт зэвсэг хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдэн авах зорилгоор хүч хэрэглэн орж хий буудан улмаар ажилтан О.Тунгалагт буугаа тулган амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн айлган сүрдүүлж, ширээн дээр нь байсан орлогын 1.440.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эрдэнэбилэг мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Азжаргал мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаах шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэв.

            Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

   Хохирогч О.Тунгалаг мэдүүлэхдээ: “...Наран-Цэн ХХК-ны захирал Нарантуяа нь миний ээжийн төрсөн ах Баярбатын эхнэр садан төрлийн харьцаатай юм. Энэ компанид ажилчнаар 2012 онд анх орж ажиллаж байгаа. Манай компани 2 ломбардтай нэг нь Сансарт байрладаг. Би тэр салбарт хамгийн анх хөдөөнөөс ирээд 1 жил хэртэй ажиллаж байгаад 4 замын салбарт ирж ажиллаад удаж байна. 2015 оны 9 дүгээр сард амралтаа авч Дундговь аймагтаа амарч байгаад саяхан 2016 оны 01 дүгээр сард ажилдаа ороод ажиллаж байна. 2016 оны 3 дугаар сарын 5-ны өглөө би 12 цагийн үед ганцаараа ирж ломбардаа нээж дотроо орж дохиоллоо унтраагаад ажилдаа орсон. Өнөөдөр над дээр манайхнаас ямар нэг хүн ирээгүй ганцаараа л байсан. Харин гаднаас 20 орчим үйлчлүүлэгч орж ирж үйлчлүүлж зарим нь барьцааны эд зүйлээ авч, зарим нь барьцаанд монетон бөгж, ээмэг, гар утас зэрэг эд зүйлээ өгч мөнгө авсан. Нийт тооцоог орой явахдаа хийдэг учир баримтаа харж хэлэхгүй бол одоо хэлж мэдэхгүй байна. Тэгсэн 17 цаг 50 минутын үед гаднаас хар бараан өнгийн хувцастай 25 орчим насны нэг залуу орж ирэхээр нь харилцах цонхоо онгойлгоход тэрээр доошоо тонгойчхоод харагдахгүй байхаар нь өндийгөөд харах гэтэл юм харагдаагүй. Тэгсэн нөгөө залуу өндийхдөө хоёр гартаа урт буу бариад онгорхой цонхоор барьж над руу чиглүүлээд ийшээ тийшээ гэж хэлэхээр нь урд ширээнийхээ хажуу талд байрладаг хамгаалалтын дохиоллын товчлуурыг дараад суусан чинь чи муу яаж байнаа гэхээр нь түүнд “хамт хүн байгаа юм шиг” сэтгэгдэл төрүүлэхийн тулд ор руугаа харж байгаад “хөөе чи босооч” гэж хэлсэн чинь наана чинь хүн байгаа юм уу ална гэж орилоод пүд гээд дуу гараад л үүдний хэсгээс ломбардыг тусгаарласан цоожтой вакуум хаалгыг өшиглөөд л онгойлгоод орж ирэхдээ 2 хүн болоод ороод ирсэн. Над руу буу тулгаад сейфний хаалгыг татаж үзээд түлхүүрээ өг гэхээр нь захирал ирээд аваад явсан гэсэн чинь тэр хавийн эд зүйлийг татаж үзээд юм хэлээд байсан. Би айж сандраад тухайн үед юу ч гэж хэлээд байсныг сайн санахгүй байна. Тэгсэн ширээн дээр цаасанд боодолтой байсан мөнгийг аваад сейфний түлхүүр л нэхээд байсан. Тэдэнд би байхгүй байхгүй, яваач гэж орилоход өшиглөж орж ирсэн хаалганд зоолттой байсан түлхүүрийг авч гараад гаднаас нь намайг цоожилчхоод түлхүүр аваад гараад гүйчихсэн. Ингээд захирал Нарантуяа эгч рүү залгаад дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Тэгсэн гаднаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн ороод ирэхээр нь түлхүүр аваад явчихлаа дээрэмдчихлээ гэж орилсон чинь эрэгтэй нь эргээд гүйгээд гарсан боловч удалгүй эргэж орж ирээд хаашаа явсныг мэдсэнгүй. Ойрхон машин ч нь байсан юм байлгүй гэж хэлж орж ирсэн. Тэгээд тэр ах, эгч хоёртой хамт байж байсан чинь дохиолол хамгаалалтын хүмүүс орж ирсэн. Би цүнхэндээ байсан илүү түлхүүрээ гарган өгч гаднаасаа онгойлгуулж гарсан. Дараа нь захирал ирсэн. Эхнийх нь залуу хар бараан өнгийн хувцас, хар өнгийн масктай, хар өнгийн бээлий өмссөн. Дараагийнх нь орж ирсэн залуу ямар хувцастай хүн байсныг анзаараагүй. Буутай хүн нь түлхүүр нэхээд түүнийг яв, гар гэж нааш, цаашаа түлхэлцээд ингээд өнгөрдөг байж гэж дотроо бодоод их айсан. Хоорондоо ярилцаж нэрээрээ дуудалцаж байгаагүй. Яг ямар буу байсныг мэдэхгүй. Ямар ч байсан хошуу нь бөөрөнхий хэлбэр дүрстэй байсан. Би бууны марк мэдэхгүй. Хаалга өшиглөж орж ирэхэд пүд гэсэн нэг л удаа чимээ гарсан тэгэхэд буудсан байхаа Наашаа орж ирсэн хойно буудаагүй. Би туслаарай гэж орилоход “чишшш чишшш” гээд байсан. Намайг түлхээд байснаас цохиж гэмтээсэн зүйл байхгүй. 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр нэг ченж залууд 6 ширхэг гар утас зарж 800.000 төгрөг байсныг цаасанд боогоод ширээн дээр тавьчихсан байсан юм. Нарантуяа эгч өөрөө ирж тооцоонд орлогодно гэхээр нь өгөхөөр бэлдчихсэн байсан юм. Тэрнээс өөр зүйл аваагүй байх гэж бодож байна. Нийтдээ 3 төрлийн сейф байдгаас 2 нь цоожтой байсан. Татаж үзсэн. Нөүтбүүк хадгалдаг сейф онгорхой байсныг онгойлгож харсан боловч эд зүйл аваагүй. Тооцоогоо харахгүй бол хэлж мэдэхгүй байна. Бэлнээр тогтмол 5-6 сая төгрөг гар дээр байдаг. Том сейфэн дотор төмөр цоожтой шургуулганд мөнгө байсан. Харин өдөрт орж гараад нийтдээ 2 сая төгрөг эргэлддэг. Хөөрөг авах уу гэж ахимаг насны хүн 14 цагийн үед нэг хүн орж ирсэн. Өөр асууж ирсэн хүн байхгүй. Би эхлээд цонхны цаана байхад нь нэг дараад, орж ирсний дараа намайг хана руу түлхэх үед хананд наалдаж зогсохдоо нэг дарсан. Нийтдээ 2 удаа дарж мэдэгдсэн боловч хамгаалалт ирээгүй. Гадаа камер болон дотор 3 нийтдээ 4 камер ажиллаж байсан... 1.440.000 төгрөгийг дээрэмдэн авч явсан юм. Ширээн дээр ил бэлэн 1.090.000 төгрөг байсан. Хажууд нь 350.000 төгрөгөөр бэлэн мөнгө байсныг нь аваад явчихсан байсан юм. Ширээн дээр нөүтбүүк болон гар утаснууд бэлэн байсан боловч тэд нар миний нөүтбүүк болон гар утсыг авалгүй бэлэн мөнгөө авчихаад л гараад явчихсан юм. Манай ломбардны дотор талын хаалга нь вакуум хаалга байсан бөгөөд шууд тэр хаалгыг өшиглөөд онгойлгоод ороод ирсэн юм. Бас хаалганы шил рүү буудсан. Тэр үед би маш их айж сандарсан юмаа…” гэжээ /хх-37-39/.

Гэрч О.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ:  “…Дуудлага 17 цаг 45 минутад ирсэн бөгөөд тэр үед Хайрхан-3 чиглэл нь Улаанхуаранд байдаг Бамбай хамгаалалтын албаны байр руу хоол авч ирэхээр явсан байсан учраас диспичерээс өгсөн дуудлагын дагуу би өөрийн хамтрагч болох Эрдэнэбилэгийн хамт тухайн дуудлаган дээр очсон юм. Дуудлаган дээр 17 цаг 53 минутад очиход Төрийн банк гэсэн хаягтай байшин байсан бөгөөд тухайн байшингаас ертөнцийн зүгээр урагш харсан доош подвол руу орсон хаалгатай, Наран-Цэн ломбард гэсэн хаяг байсан бөгөөд бууж очин шалгахад Бамбай хамгаалалтын албаны инженерийн ажилчдын нэг нь ирсэн байсан ба дохиоллын систем шалгаж байсан. Тухайн ломбардны гадаа хүн байхгүй харин дотор нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн сандарсан байдалтай байсан бөгөөд тухайн ломбардны дотор талын хаалганы вакуум цонх хагарсан, хаалганы зүүн доод буланд нь сум орсон байж болохоор жижиг нүх гарсан байсан. Өрөөний хойд талд шалан дээр том төмөр сейф онгорхой байдалтай байсан. Тэгээд шууд хяналтын камерыг шалгаж үзэхэд тухайн хяналтын камерын цаг нь бодит цагаас зөрж байсан ба хэдэн минутаар зөрж байгаа гэдгийг нь хараагүй. Камерын бичлэгт туссанаар бол 17 цаг 54 минутад хар өнгийн куртиктэй, хар өнгийн малгайтай, ямар төрлийн болох нь мэдэгдэхгүй цүнхтэй хүн орж ирээд үүдний хэсэгт байх хаалганы дэргэд цүнхээ ухаж байгаад цүнхэн дотроосоо ямар төрлийн буу болох нь мэдэгдэхгүй богино буу гаргаж ирээд хоёр гараараа барьж байх шиг харагдсан ба тэр залуугийн араас дахиж нэг залуу орж ирж байсан. Тэгээд тухайн барьсан буугаа ломбарданд ажиллаж байсан эмэгтэй рүү чиглүүлэх үед тухайн эмэгтэй нь цочиж байгаа үйлдэл хийж байсан бөгөөд буутай этгээд буугаа хоёр тийш нь хөдөлгөхөд эмэгтэй сандал дээрээс босоод баруун талынхаа хана руу шахаж зогсоход нь буутай этгээд нь ломбардны дотор талын цагаан вакуум хаалгыг түлхээд онгойлгож ороод төмөр сейфийг онгойлгож хараад ямар нэгэн зүйл авалгүй ширээн дээр байсан бичиг цаасыг гараараа тарааж байгаа дүрс харагдсан. Тэгээд ширээний баруун талын булангаас бичиг цаас авч байсан бөгөөд хананд шахаж зогсож байсан эмэгтэйтэй ямар нэгэн зүйл булаацалдаад байгаад гарч байгаа дүрс харагдсан. Миний хариуцсан чиглэлд Наран Цэн ломбард хамаардаггүй бөгөөд хамгаалалтын албаны дотоод дүрэмдээ зааснаар бол дуудлага ирсэн газарт аль ойр байгаа эргүүлийн чиглэл дуудлага өгсөн газар очно гэж заасан байдаг юм…” гэжээ /хх-47-49/.

Гэрч Б.Эрдэнэбилэг мэдүүлэхдээ: “... Би Бамбай хамгаалалтын албанд 2014 оны 10 дугаар сард гэрээт хамгаалагчаар ажилд орсон. Хамгаалалтын алба нь эргүүлийн чиглэлд 4-н машин байдаг бөгөөд хэд хэдэн дүүргүүдийг дамжиж 1 машин хариуцаж ажилладаг юм. Дуудлага ирсэн тохиолдолд хамгаалалтын албаны байран дээр ажиллаж байгаа диспичерүүд нь эргүүлийн чиглэлд байгаа машинд дуудлагыг дамжуулж өгдөг бөгөөд авсан дуудлагын дагуу хүлээж авсан машин нь дуудлагыг очиж шалгадаг юм. Тухайн дуудлага нь 17 цаг 45 минутад ирсэн бөгөөд дуудлаган дээрээ 17 цаг 53 минутад очиж шалгасан. Анх тухайн дуудлаган дээр очиход дээд талдаа Төрийн банк хаягтай, түүний доод талд Наранцэн гэсэн хаягтай доош подвол руу орсон хаалгатай ломбард байсан. Ломбард руу ороход нэг эмэгтэй, нэг эрэгтэй, Бамбай хамгаалалтын албаны дохиоллын ажилтан ирсэн дохиоллыг шалгаж байсан юм. Хаалгаар ороход ломбардны дотор талын хаалганы цонх хагарсан, тухайн хаалга нь онгорхой байдалтай байсан ... гэжээ /хх-60/.

Гэрч Б.Номингэрэл мэдүүлэхдээ: “... Би Бамбай дохиолол хамгаалалтын албанд ээлжийн ахлагчаар 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс хойш ажиллаж байна. Ээлжийн ахлагчийн ажил үүргийн хуваарь нь гэвэл удирдлагын төвд ирж байгаа мэдээллийг хүлээн авч хянаад, түгшүүр халдлагын мэдээлэл ирсэн тохиолдолд шуурхай бүлэгт нэн даруй мэдэгдэж, түргэн шуурхай очуулах арга хэмжээ авах үүрэгтэй юм. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 17 цаг 45 минутад манай дуудлага хүлээн авдаг 70157575 дугаарын утсанд 99833490 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад танайх ирдэггүй юм уу, манай ломбарданд хүмүүс дээрэм хийгээд гарч байна гэсэн. Танайх хаанах юм бэ гэж асуухад, Баруун 4 замын Наран Цэн ломбард байна гэж хэлээд тасалчихсан. Тэгэхээр нь тэр чиглэлийг хариуцаж байсан Эрдэнэбилэг, Мөнх- Эрдэнэ нарт дуудлагыг дамжуулаад явуулсан. Тэр даруйдаа инженертээ бас мэдэгдсэн юм. Бид нар камер хянадаггүй ирсэн дуудлагыг дамжуулах үүрэгтэй ажиллаж байсан…” гэжээ /хх-63-65/.

Гэрч Н.Дэлгэр мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 17 цаг 45 минутын үед өөрийн нөхөр Мөнх-Эрдэнийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах Наран Цэн нэртэй ломбарданд өөрийн “Эл Жи” маркийн гар утсыг барьцаанд тавьж мөнгө зээлэх гээд очсон чинь гадна хаалга нь хаалттай байсан. Тэгэхээр нь хаалттай байна ш дээ гээд гадаа нь зогсож байтал хаалга нь онгойгоод 20-25 орчим насны хоёр эрэгтэй хүн гараад явсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр тэр хоёр залуутай зөрөөд л ломбард руу орсон. Орохдоо манай нөхөр Мөнх-Эрдэнэ түрүүлж ороод би араас нь ороход Мөнх-Эрдэнэ эргээд надтай зөрөөд гараад гүйсэн. Тэгээд дотогш хартал ломбардны ажилтан эмэгтэй уйлчихсан шилэн лангууныхаа цаана зогсож байсан. ...ажилтан эмэгтэй нөхөр бид хоёрт хэлэхдээ хоёр эрэгтэй хүн орж ирээд доош тонгойгоод юм хийгээд байх шиг байхаар нь би том юм тавих гэж байгаа юм байх гэж бодоод дээшээ босоод цонхоороо харсан чинь ямар нэгэн юм харагдаагүй тэгэхээр нь буцаад суутал хоёр залуу босч ирээд хаалга руу буудаад хаалгаар ороод ирсэн. Тэгээд гартаа нэг тайрчихсан юм шиг буу барьчихсан над руу тулгаад сейфээ онгойлго гэхээр нь сейфний түлхүүр байхгүй гэхэд ширээн дээр байсан боодолтой мөнгийг аваад гараад явчихлаа гэж нөхөр бид хоёрт хэлсэн. Тухайн үед бид хоёрын зогсож байсны нөгөө талд ломбардны бүр дотогш ордог хаалганы шилний гол хэсэгт нүх гарчихсан байсан. Би тэр хоёр залуутай ломбард руу ордог шатны дээд талд зөрсөн. Манай нөхөр надаас өмнө түрүүлээд буугаад орсон юм. Манай нөхөр шатан дээр зөрсөн байх. Гадаа зогсож байхад ямар нэгэн буун дуу чимээ сонсогдоогүй. Тэр хоёр бараан өнгийн куртиктэй байсан…” гэжээ /хх-66-67/.                         

Гэрч Д.Мөнх-Эрдэнийн мэдүүлэхдээ: “…Өнөө өглөө 09 цагт Тэнгис кино театр дээрээс ажлаасаа буугаад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гэртээ очсон. Тухайн үед надад мөнгө төгрөг байхгүй байсан учир мөнгөний хэрэг гараад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо баруун 4 замын орчимд байдаг ломбард руу Бөмбөгөр, Дэнжийн-1000 гэсэн автобусанд суугаад Бөмбөгөр дээр буугаад нэг урсгалтай замын зүүн талынх нь явган хүний замаар чигээрээ алхсаар байгаад ломбардан дээр 17 цаг 50 минутын үед ирээд хаалгыг нь татаад орох гэтэл хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь утас руу нь залгадаг юм уу гэж бодоод утсыг нь хайгаад олоогүй, тэгээд 1-2 минут хүлээсэн. Уг нь бол байнга онгорхой байж байдаг юм. Би урьд нь нэг жилийн өмнө уг ломбардаар үйлчлүүлж байсан юм. Тэгээд явах гэж байтал хаалга онгойгоод дотроос 2 залуу гарахаар нь нээлттэй байгаа юм байна гэж бодоод зөрөөд яваад ортол ломбардны охин “түлхүүр бариад аваарай” гэж өөдөөс хашгирсан. Тэгэхээр нь би ломбардны дотор үүдний хэсэгт орчихсон байсан учраас эргэж гараад баруун тийшээ гүйгээд хойд болон урд тал, баруун тал руугаа хартал гүйж яваа хүн харагдахгүй байсан. Тэгээд буцаад ломбардандаа ортол ломбардны охин сая намайг дээрэмдчихлээ, эндээс мөнгө аваад явчихсан, хажуу талын хаалга руу буудах шиг болсон гэж хэлсэн. Ломбард нь дотроо 2 тасалгаатай бөгөөд цаад талд нь ломбардны ажилтан суудаг бөгөөд түүнийг гаднаас нь цоожилсон байсныг нь хамгаалалтын албаны инженер гэх хүн нь илүү түлхүүр чинь байна уу гэж асуусаар байгаад нөгөө охин сейфэн дотроосоо илүү түлхүүрээ гаргаж ирээд дотор хаалгаа инженерээр онгойлгуулсан. Би урьд нь ер нь олон удаа уг ломбардаар үйлчлүүлж байсан учраас уг ломбарданд гар утсаа тавих зорилготойгоор ирсэн юм. Тухайн үед манай эхнэр надтай хамт явж байсан гэдгийг хэлмээр байна... Хоёр залуу ар араасаа цувраад тонгойгоод гараад ирсэн юм. Хамгийн түрүүнд гарч ирсэн залуу нь хардуу куртиктэй, доогуураа юу өмссөн байсныг нь анзаараагүй нөгөө залуу нь ямар хувцастай байсныг нь анзаараагүй. Тэр залуу нуруундаа үүргэвч үүрчихсэн байсан бөгөөд 18-аас 22 орчим насны банди нар юм тавьчихаад гарч байна даа л гэж бодсон. Надаас тэр хоёр жоохон намхан байсан ба нуруугаар хоорондоо ойролцоо байсан юм. Баримжаагаар тэр хоёрын өндөр нь 160-165 см, надаас мэдэгдхүйц намхан байсан юм. Нүүрний царай төрхийг нь бол харж чадаагүй, малгай өмссөн байсан эсэхийг нь би сайн санахгүй байна, анзаарч чадаагүй юм шиг байна …гартаа ямар нэгэн юм бариагүй харагдсан. Наран цэн ломбарданд нь явган хүний замаас доош 4-5 шатаар бууж ордог хаалга нь гадагшаагаа нээгддэг хаалгатай байсан. Би дээр нь явган хүний зам дээр хаалганых нь чанх урдаас хараад зогсож байсан ба хаалттай байна гэж бодоод эргэж хараад явах гэж байтал хаалга нь онгойгоод хоёр банди цувраад гараад ирэхээр нь онгорхой байна гэж бодоод дотогшоо орохоор алхах үед эхнийх нь надтай довжоон дээр зөрсөн, хоёр дахь залуу нь болохоор надтай шатан дээр зөрсөн. Намайг үүдэнд зогсож байхад ямар нэгэн дуу чимээ гараагүй. Ялангуяа буун дуу чимээ огт гараагүй гэдгийг хэмээр байна. Тэр 2 залуу бол урт буутай тэр ломбард руу ороогүй байх. Гарт нь ямар ч байсан ямар нэгэн эд зүйлс харагдаагүй гэдгийг хэлмээр байна. Тэр 2 залуу хоёулаа малгайтай байсан санагдаж байна. Саравчтай малгайтай байсан гэж бодоод байгаа, нүүрэндээ маск, баг зүүсэн байсан эсэхийг нь анзаарч хараагүй, доошоо харчихсан тонгойчихсон байсан учраас нүүрэн хэсгийг нь харж чадаагүй. Би тэр 2 залуугийн царай төрхийг нь харж чадаагүй учраас дүрсэлж чадахгүй. Туранхай 2 банди байсан гэдгийг л хэлмээр байна. Бамбай хамгаалалтын албаны хамгаалагч хэлэхдээ ханан дээр сумны мөр туссан байна гэж хэлсэн. Хошууг нь олоогүй, мөн хонгио нь байхгүй байна гэж хэлж байсан. Ломбардны ажилтан суудаг тусгаарлах хэсгийн хүн ордог хаалган дээр ойролцоогоор 2 см хэмжээтэй диаметртэй нүх гарчихсан, уг нүхнээсээ хэдэн тийш шил нь цуурчихсан харагдаж байсан. Хаалга нь зузаан шилэн хаалга байсан юм аа. Долоовор хуруу орох хэмжээний зузаан нух харагдаж байсан...” гэжээ /хх 70-71/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ¹1790 дугаартай акт:

“1. Шинжилгээнд 5,6 мм калибртай, гар хийцийн галт зэвсэг илрүүлжээ.

2. Шинжилж буй галт зэвсэгээр буудлага үйлдэх боломжтой. Уг галт зэвсэгт ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй бөгөөд гох дараагүй байхад буюу гадны нөлөөний улмаас /доргилт, цохилт/-оос буудагдана.

3. Шинжилгээнд ОХУ-д үйлдвэрлэсэн ТОЗ-8 загварын галт зэвсгийн замаг илрүүлжээ. Уг замгийг хэдэн энд үйлдвэрлэснийг тогтоох боломжгүй. Дээрх замаг нь ТОЗ-8 загварын галт зэвсгийн сангийн ангид таарах бөгөөд үйлдвэрийн хийцийнх.

4. Шинжилж буй гар хийцийн галт зэвсгээр буудаж загвар болгон авсан хошуу, хонгио нь ШШҮХ-ийн галт зэвсгийн лабораторид хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн хошуу, хонгионуудтай тохирохгүй байна.

5. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь шинжилж буй гар хийцийн галт зэвсгээр буудагдсан…” гэжээ /хх99-100/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ¹2232 дугаартай акт:

“1. Шинжилгээнд ирүүлсэн марк хийц нь тодорхойгүй гар хийцийн зэвсгээр буудлага үйлдсэн байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Наран цэн ломбардны хаалганы гадна талаас бэхжүүлж авсан арчдаст дарь тортогны үлдэц илэрч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн Наран цэн ломбардны хаалганы гадна талаас бэхжүүлж авсан арчдаснаас илэрсэн дарь тортогны үлдэц нь марк дугаар тодорхойгүй гар хийцийн галт зэвсгийн гол төмөрөөс бэхжүүлж авсан арчдаснаас илэрсэн дарь тортог нь элементийн найрлагын хувьд төстэй байна” гэжээ /хх 96-97/.   

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх25, 27-28/,

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх20-23/.

            Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх34, 36/.

            Эд мөрийн баримтаар түр хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 35/.

            Хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх137-139/, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт.

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-12/,

            Туршилт хийсэн тогтоол, тэмдэглэл /хх78-80/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 17-18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран цэн” барьцаалан зээлдүүлэх газарт “ТОЗ-8” маркийн богиносгож тайрсан буу буюу галт зэвсэг хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдэн авах зорилгоор хүч хэрэглэн орж хий буудан улмаар ажилтан О.Тунгалагт буугаа тулган амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн айлган сүрдүүлж, ширээн дээр нь байсан орлогын 1.440.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын өөрсдийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг нь 2005 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 99 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 194 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 9 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан бөгөөд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдал дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийн ял шийтгэлийг буруу бичсэнийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх, шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийг гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв. Түүнчлэн тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харгалзаж, ял шийтгэлийг ялгамжтай оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТОЗ-8 маркийн тайрч богиносгон хэлбэр хэмжээг нь өөрчилсөн галт зэвсэг 1 ширхэг, сумны хонгио 1 ширхэг, бууны дуран 1 ширхэгийг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлж, 1 ширхэг Си Ди-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын хувцсыг буцаан олгохоор шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Нумтан овгийн Ганболдын Эрдэнэбилэг, Хараадайхан овгийн Амарсайханы Азжаргал нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбилэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч А.Азжаргалд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 /зургаан/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нарын нийт цагдан хоригдсон 118 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

            5. Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Ди-г хэрэгт хавсаргаж, цэнхэр өнгийн жинсэн өмд 2 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн савхин хүрэм 1 ширхэг, цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн хар сеткэн саравчтай малгай 1 ширхэг, цэнхэр өнгийн өвлийн ноосон малгай 1 ширхэг, хос гутал 2 ширхэгийг шүүгдэгч нарт буцаан олгож, ТОЗ-8 маркийн тайрч богиносгон хэлбэр хэмжээг нь өөрчилсөн галт зэвсэг 1 ширхэг, сумны хонгио 1 ширхэг, бууны дуран 1 ширхэгийг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ХАЛИУН

 

ШҮҮГЧИД                                                                 С.БАТГЭРЭЛ

 

                                                                                    Н.БАЯРМАА