Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1373

 

 

 

 

 

       2017          06            14

                 1373

 

 

Р.Өлзийдолгорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/00788 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Р.Өлзийдолгорын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Алтанзагасд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 088 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Р.Өлзийдолгорын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Г.Өлзийдолгор миний бие Ч.Алтанзагасын хүсэлтээр 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1 сарын хугацаатай  3 500 000  төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирч зээлийн гэрээг баталгаажуулсан. Зээлийг эргэн төлөхдөө өдөр бүр төлөхөөр тохирсон. Төлөх ёстой мөнгөө цаг тухайд нь төлөхгүй байсан. Уг зээлээс 962 000 төгрөг төлсөн. Би үндсэн зээл 2 888 000 төгрөг, алданги 1 200 000 төгрөг, нийт 4 088 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 125 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 120 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 15 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 35 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 80 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 95 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 30 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нийт 45 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 50 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 36 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 25 000 төгрөг, нийт 686 000 төгрөг төлсөн. Хариуцагчийн хүүхэд нь 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 200 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 30 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 15 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 14 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 7 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 10 000 төгрөг, нийт 276 000 төгрөг төлж, зээлийн гэрээний үүрэгт нийт 962 000 төгрөг төлсөн гэжээ.

Хариуцагч Ч.Алтанзагас болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: 3 500 000 төгрөг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай авсан нь үнэн. Үүнээс 2 700 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгөн дээр талууд тохиролцоогүй учраас шүүхэд хандахад хүрсэн. Нэхэмжлэгч өдрийн зээл гаргадаг, энэ зээл хууль бус юм. Бид мөнгө аваагүй гэж маргаагүй. Авсан, өгсөн мөнгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэт их хүү, алданги нэхэмжилдэг. Нэхэмжлэгч нь 962 000 төгрөг төлсөн гээд үлдсэн баримтыг шүүхэд гаргаж өгөхгүй байгаа нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Өгсөн авсан гэдгээ шударгаар хүлээж үнэхээр хууль ёсны гэрээ хийгдсэн эсэх, хүү шаардах эрх үүсэх үү, үгүй юу гэдэгт маргах гэж бид сөрөг нэхэмжлэл гаргасан. Авсан мөнгөө хүлээн зөвшөөрвөл үлдэгдэл 1 200 000 төгрөгийг төлнө. Алданги, хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй. Шүүхэд гаргасан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэжээ.

Хариуцагч Ч.Алтанзагасын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Ч.Алтанзагас нь 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны  04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 3 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж авсан байдаг. Гэрээний нөхцлийг харахад 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлж авч байгаа мэт харагдах боловч гэрээний 3 дахь хэсгийн хамгийн сүүлийн заалтад өдөр бүр 175 000 төгрөг төлнө гэсэн заалт байдаг. Энэ нь Иргэний хууль болон Монгол банкнаас тогтоосон мөнгөнд хүү тооцох журам аргачлалыг зөрчиж байна. Сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээл өгч байгаа боловч өдөр бүр 175 000 төгрөг шаардаж аваад байгаа нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэрээ юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг авч үзвэл нэхэмжлэгч нэг зэрэг олон хүнд зээл гаргадаг. Өдөр тутамдаа мөнгө нь эргэлтэд орж байдаг. Энэ 175 000 төгрөгийг 3 500 000 төгрөг дээр 10 хувийн хүүг нэмээд 22 хоногт хувааж гаргадаг. Ашиглаж амжаагүй 3 500 000 төгрөгөөр авсан барааг биш өөрийн лангуун дээрх бараагаар буцааж төлөөд байгаа учраас худалдаачин маань барааны хомсдолд ороод мөнгөө гаргаж өгч чадахгүйд хүрэх маш хатуу нөхцөлтэй зээл байгаа. Монгол Улсад өдрөөр хүү тооцох аргачлал байдаггүй. Монгол банкнаас тогтоосон журмаар сар, улирал, хагас жил, жилээр тооцно гэсэн байдаг. 3 850 000 төгрөгийг тодорхой хэмжээнд төлөөд явж байтал мөнгө хүүлэгч нь хүү бодоод хуваасан мөнгөө дахин хүү нэмж бодоод байдаг учраас мөнгө өгөөд өр нь дуусдаггүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасныг зөрчсөн буюу сарын хугацаатай хүү тогтоосон боловч сар хүрэхгүй хугацаанд мөнгөө хэсэгчилж авдаг. Хамгийн сүүлчийн өдөр 175 000 төгрөг төлөхөөр тогтоосон байдаг. Уг нь хамгийн сүүлийн өдөр буюу 30 дахь хоногт 3 500 000 төгрөгийг өгөх ёстой. Гэтэл 30 дахь хоног дээр 175 000 төгрөгийг авч үндсэн мөнгөө аль хэдий нь эргэлтэд оруулсан байдаг хачин сонин  тогтолцоотой учраас заавал үүнийг зогсоох ёстой зээл юм. 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Р.Өлзийдолгор, Ч.Алтанзагас нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.Өлзийдолгорын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт:  Ч.Алтанзагасыг гуйгаад байхаар нь 3 500 000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн гэрээ байгуулахдаа зээлсэн мөнгөө ямар хугацаанд яаж өгөх талаар асуухад өөрөө өдрийн орлогоосоо өгч байна гэж тохиролцсоны дагуу зээл өгсөн. Надаас болж өрөнд орсон зүйл байхгүй. Миний бие ч өөрөө хуулийн мэдлэггүй учраас Ч.Алтанзагасыг хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг нь далимдуулан зээлийн гэрээ байгуулаагүй. Надад өдөр бүр 175 000 төгрөг өгсөн удаа байхгүй, бага багаар мөнгө өгч байсан. Хэрэв би дарамталсан бол 7 сар хүлээхгүй шууд шүүхэд хандах байсан. Би хуульд зааснаар өөртэй нь харилцан тохиролцож хэрэгцээтэй мөнгийг нь зээлсэн, ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй. Ч.Алтанзагасын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт 4 088 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2 538 000 төгрөгийн шаардлагыг ханган хариуцагч Ч.Алтанзагасаас гаргуулан нэхэмжлэгч Р.Өлзийдолгорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 550 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Алтанзагасаас нэхэмжлэгч Р.Өлзийдолгорт холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Р.Өлзийдолгор болон Ч.Алтанзагас нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57  дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Өлзийдолгороос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80 538 төгрөг, хариуцагч Ч.Алтанзагасаас урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээн, хариуцагч Ч.Алтанзагасаас 55 558 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Р.Өлзийдолгорт буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнээгүйгээс гадна, хэт нэг талын эрх ашгийг баримтлан шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл шүүх Р.Өлзийдолгор, Ч.Алтанзагас нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан болохыг тогтоосон. Ингэхдээ уг зээлийн гэрээний 2.6 дах заалт давхцсан байгаа нь хүү, алдангийг бичгээр тохиролцсон эсэх нь тогтоогдохгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алдангийг тооцон гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй.

Нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан. Харин хариуцагчийн зүгээс зээлийн гэрээнд 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлж байгаа ч гэрээний 3 дах хэсгийн хамгийн сүүлийн заалтад өдөр бүр 175 000 төгрөг төлнө гэж заасан нь хүү бодох аргачлалыг зөрчиж байх тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алданги тооцсон болох нь тогтоогдоогүй, мөн анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алдангийг хасаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь анзын гэрээг дангаар нь бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй ба 2 тал өөрийн хүсэл зоригийн илэрхийлэлд үндэслэн хийсэн зээлийн гэрээг албан ёсоор бичгээр хийж нотариатаар батлуулж, харилцан гарын үсэг зурснаар анз хүчин төгөлдөр болно. Иймд шүүхийн шийдвэрийг ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийн хүү, алдангийг хасаж тооцсоныг хүчингүй болгож Р.Өлзийдолгорын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Р.Өлзийдолгор хариуцагч Ч.Алтанзагаст холбогдуулан  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 088 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Хариуцагч Ч.Алтанзагас нэхэмжлэгч Р.Өлзийдолгороос 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 3 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлийг өдөр бүр 175 000 төгрөг төлж барагдуулахаар хуваарь тогтоож, харилцан тохиролцсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсч, зээлдэгч гэрээний зүйлийг зээлдүүлэгчид шилжүүлсэн байх тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Харин зээлийн хүү, алданги шаардах эрхийг зохицуулсан гэрээний холбогдох заалт нь Иргэний хуулийн 282, 232 дугаар зүйлийн заалтуудтай нийцэхгүй байна. Тодруулбал гэрээний 2.4-т “зээлийн хүүг 10 хувь” гэж, 2.6-д “өдөр бүр 175 000 төгрөг төлнө” гэж, мөн 2.6-д “зээлийг эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно” гэж заасан нь ойлгомжгүй, зээлийн хүүг ямар хугацаагаар тогтоосон нь тодорхойгүй, талууд анз төлөхөөр тохиролцсон эсэх нь эргэлзээтэй байна.

 

Нэхэмжлэгч нь сард төлөх зээлийн хүүг 10 хувь гэж тогтоосон боловч зээлдэн авсан өдрөөс эхлэн хоногт 175 000 төгрөг төлж барагдуулахаар хуваарь тогтоосон нь зээлдэгчийн гэрээний зүйлийг бүрэн хэмжээгээр ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарласан, гэрээний талуудын тэгш байх зарчимтай нийцэхгүй, зээлдэгчид илтэд хохиролтой тохиролцоо байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 962 000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 18 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд тэрээр зээлийн гэрээний үүрэгт 2 700 000 төгрөг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, шүүхэд нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 550 000 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2 538 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч тал хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэр, хуулийн шаардлага хангахгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдоогүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/00788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                  ШҮҮГЧИД                             С.ЭНХТӨР

 

                                                                                   А.МӨНХЗУЛ