Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1374

 

 

 

 

 

       2017          06            14  

                         1374

 

 

 

Ж.Оюуны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00927 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Оюуны нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Амгаланд холбогдох

161 850 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир

Хариуцагч Б.Амгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Оюуны нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт:  Б.Амгалан 2013 оны 12 сарын 02-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 134 350 000 төгрөг бэлнээр зээлж авсан. Дээрх зээлээс 55 000 000 төгрөгт зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар баталгаажуулсан. 2014 оны 06 сарын 06-ны өдөр мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд Баянгол дүүрэг, 18 хороо, 67 байрны урд байрлах Г-000494013 тоот дугаартай үл хөдлөх хөрөнгө болох газрыг зээлдэгч Б.Амгалан барьцааны гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж, Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газарт тэмдэглэгээ хийлгэж барьцаалуулсан. Мөн 2014 оны 07 сарын 04-ний өдөр зээлдэгч Б.Амгалан нь Ж.Оюун надад Г-000494013 тоот дугаартай өөрийн өмчлөлийн барьцаанд тавьсан газрыг захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр шилжүүлэн олгосон. Б.Амгалан нь 134 350 000 төгрөг зээлж авахдаа зээлдэгч Ж.Оюун миний дэвтэр дээр зээлж авсан зээлийн мөнгөн дүн, он сар өдрийг тавьж Б.Амгалан нь мөнгийг бэлнээр хүлээн авсан гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан. Зээлийн дэвтэр дээр зээлсэн мөнгийг эргүүлж төлөхдөө зээлийн хариу төлбөрт 5 хувийн хүү төлнө гэж бичиж тохиролцсон. Ингээд зээлдэгч Б.Амгалангаас зээлсэн мөнгөө 2015 оноос эхлэн төлөхийг шаардаж эхэлсэн. Гэтэл Б.Амгалан зээлээ төлөөгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 55 000 000 төгрөгийн алданги 27 500 000 төгрөг, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нийт зээлсэн 134 350 000 төгрөгийн 5 хувийн хүү 6 717 500 төгрөг болно. Иймд зээлдэгч Б.Амгалангаас алданги 27 500 000 төгрөг, хүү 6 717 000 төгрөг, үндсэн зээл 134 500 000 төгрөг, нийт 161 850 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

Зээлийн төлбөрийн дэвтэрт зээлсэн мөнгийг эргүүлж төлөхдөө зээлийн хариу төлбөрт 5 хувийн хүү төлнө гэж бичиж тохиролцсон байдаг. Гэхдээ энэ хүү шаардах үндэслэл болохгүй тул хүү нэхэмжлэхгүй, зээлсэн мөнгөн дүнг тулгаж үзэхэд нийт 112 550 000 төгрөг зээлдүүлснээс 55 000 000 төгрөгт зээлийн гэрээг бичгээр байгуулж, алданги төлөхөөр тохиролцсон тул 27 500 000 төгрөгийн алданги, 112 550 000 төгрөгийн зээл нийт 140 050 000 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 140 050 000 төгрөгийг Б.Амгалангаас гаргуулна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Амгалангийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг 134 350 000 төгрөг биш, харин 129 500 000 төгрөг болно. Үүнээс 10 000 000 төгрөгийг би бичсэн. Мөн ус сувгийн газарт зарцуулсан. Иймд 119 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг авснаас хойш зуслангийн байрыг нурааж шинээр байр барьж өгсөн бөгөөд тухайн барилгыг сайн барьж өгвөл хүү тооцохгүй гэж байсан. Мөн манай дүү хөрөөгөөр эрүүгээ гэмтээж эмчлүүлэхэд 10 000 000 төгрөгийг би төлсөн. Би 119 500 000 төгрөг өгөхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хэлсэн.  Мөн одоо барьж байгаа 15 давхар байрны газрын гэрчилгээг би гаргаж өгсөн бөгөөд түүнийг гаргаж өгсөн тохиолдолд надад 20 000 000 төгрөг өгнө гэж байсан. Би Ж.Оюунтай өчигдөр уулзаж аман байдлаар эвлэрсэн. Одоо надад байгаа ганц хөрөнгө нь энэ газар юм. Зээлийн тооцооллыг хийхэд 112 550 000 төгрөг болж байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж 112 550 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Уг төлбөрийг хугацаандаа  төлөөгүй  тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангахад татгалзахүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Амгалангаас 131 650 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Оюунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэлгүй байх тул Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 01 сарын 30-ны өдрийн А/55 тоот тушаалыг үндэслэн олгосон, газар эзэмших эрхийн 000494013 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, нэгж талбарын 1618/0235 дугаар бүхий 450м.кв оффис үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 976 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Амгалангаас 816 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Оюунд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир давж заалдах гомдолдоо: Шүүхийн  шийдвэрт дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ж.Оюун нь хариуцагч Б.Амгалангаас зээлийн гэрээний үүрэгт 140 050 000 төгрөг нэхэмжилсэн. Дээрх зээлээс 55 000 000 төгрөгийг хариуцагч Б.Амгалантай  2014 оны 06 сарын 06-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан, нотариатаар баталгаажуулж, Б.Амгаланд 55 000 000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Уг мөнгөнөөс Б.Амгалан нь 15 000 000 төгрөгийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа хохирол гэж прокурор Ганчангад бэлнээр өгсөн үлдсэн 40 000 000 төгрөгийг өөрөө авсан болно. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээг бичгээр байгуулах үед Ж.Оюун нь Б.Амгаланд 38 200 000 төгрөгийг бодитоор зээлдүүлсэн байна гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд шүүгч ямар үндэслэлээр 38 200 000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх 55 000 000 сая төгрөгийг бэлнээр зээлж зээлийн гэрээ байгуулан гэрээндээ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0.5%-ийн алданги бодсон байхад зээлсэн мөнгийг 38 200 000 төгрөг болгон бууруулж үүнээс алданги нь 19 100 000 төгрөг гэж буруу дүгнэн шийдвэр гаргалаа.

Иймд анхан шатны шүүх ямар ч үндэслэлгүйгээр үндсэн зээл 55 000 000 төгрөгөөс 16 800 000 төгрөгийг хасч, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэрээний үүргээ гүйцэтгээгүй хоногт тутамд бодогдсон алданги 27 500 000 төгрөгөөс 8 400 000 төгрөгийг хасч нийт 25 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шйидвэрт өөрчлөлт оруулан хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцсэн байх боловч зарим нотлох баримтад хийсэн үнэлгээ хэргийн үйл баримттай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Оюун нь хариуцагч Б.Амгаланд холбогдуулан үндсэн зээл 112 000 000 төгрөг, алданги 27 500 000 төгрөг, нийт 140 050 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд мөнгөн хөрөнгө зээлдүүлэх үүргийн харилцаа үүссэн байх ба  нэхэмжлэгч дээрх хугацаанд 134 350 000 төгрөг зээлдүүлсэн гэж, хариуцагч 119 500 000 төгрөг зээлдэн авсан гэж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээлийн дүнг 112  550 000 төгрөгөөр тооцоолжээ.

 

Зохигчид дээрх зээлийн дүнгээс 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 55 000 000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээл хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

 

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв байх боловч бичгийн гэрээтэй 55 000 000 төгрөгийн зээлээс нэхэмжлэгч нь хариуцагчид бодитоор 38 200 000 төгрөгийг шилжүүлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, ямар баримтыг үндэслэн ийнхүү дүгнэсэн нь шийдвэрт тусгагдаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэгчтэй 55 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулж, уг мөнгийг хүлээн авсан” гэж тайлбарладаг бөгөөд тэрээр нэхэмжлэгчээс 112 550 000 төгрөг зээлдэн авсан үйл баримтад маргаагүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар үгүйсгээгүй тул хариуцагчаас үндсэн зээлд 112 550 000 төгрөг гаргуулах үндэстэй.

Зохигчдын 55 000 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд буцаан өгөөгүй нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж гэрээний 5 дахь хэсэгт тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 112 000 000 төгрөг, зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 55 000 000 төгрөгийн алданги  27 500 000 төгрөг, нийт 140 050 000 төгрөгийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна. 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Б.Амгалангийн эзэмшлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 450 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай газрыг барьцаалахаар барьцааны гэрээг бичгээр байгуулсан боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй, шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00927 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Амгалангаас 140 050 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Оюунд олгосугай” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 976 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 858 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Оюуны давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                  ШҮҮГЧИД                             С.ЭНХТӨР

 

                                                                                 А.МӨНХЗУЛ