Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01986

 

  2017 оны 04 сарын 04 өдөр

  Дугаар 102/ШШ2017/00927

                      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7 дугаар байр, 29 тоотод оршин суух, 1946 онд төрсөн, эмэгтэй, Хушаат овогтой Жамсрангийн Оюун /РД:ЦБ46101507/-ны нэхэмжлэлтэй ,        

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, нөхөрлөлийн гудамж 738 дугаар байрны 26 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, Шамбий овогтой Булдаагийн Амгалан /РД:ХЛ67052517/-д холбогдох 161,850,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир, хариуцагч Б.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ж.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Оюун надаас Б.Амгалан нь 2013 оны 12 сарын 02-оос эхлэн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 134,350,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан. Дээрх зээлээс 55,000,000 төгрөгт зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар баталгаажуулсан. 2014 оны 06 сарын 06-ны өдөр мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд Баянгол дүүрэг, 18 хороо, 67 байрны урд байрлах Г-000494013 тоот дугаартай үл хөдлөх хөрөнгө болох газрыг зээлдэгч Б.Амгалан барьцааны гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж, үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газар тэмдэглэгээ хийлгэж барьцаалуулсан. Мөн 2014 оны 07 сарын 04-ний өдөр зээлдэгч Б.Амгалан нь Ж.Оюун надад Г-000494013 тоот дугаартай өөрийн өмчлөлийн барьцаанд тавьсан газрыг захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр шилжүүлэн олгосон. Б.Амгалан нь 134,350,000 төгрөгийг зээлж авахдаа зээлдэгч Ж.Оюун миний дэвтэр дээр зээлж авсан зээлийн мөнгөн дүн, он сар өдрийг тавьж Б.Амгалан нь мөнгийг бэлнээр хүлээн авсан гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан. Зээлийн дэвтэр дээр зээлсэн мөнгийг эргүүлж төлөхдөө зээлийн хариу төлбөрт 5 хувийн хүү төлнө гэж бичиж тохиролцсон байдаг. Ингээд зээлдэгч Б.Амгалангаас зээлсэн мөнгөө 2015 оноос эхлэн төлөхийг шаардаж эхэлсэн. Гэтэл Б.Амгалан зээлээ төлөхгүй худлаа үнэн зүйл яриад сүүлдээ утсаа авахгүй надтай уулзахгүй алга болж зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээнд заасан алданги бодсон тухайд: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч бопохгүй...” гэж заасан тул 2016 оны 06 сарын 06-ны өдөр алданги тооцсон зээлийн гэрээний үнийн дүн болох 55,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлд заасан 0,5 хувийн алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул гүйцэтгээгүй үүргийy үнийн дүн 55,000,000 төгрөгийн 50 хувиар алдангийг бодож 27,500,000 төгрөг Зээлийн гэрээний хүү бодсон тухайд: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “...Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно...” гэж заасан тул иргэн Ж.Оюун, Б.Амгалан нар нь зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлэхдээ 5 хувийн хүүтэй байхаар хэлэлцэн тохиролцож зээл өгсөн дэвтэр дээр бичгээр бүх зээлийг 5 хувийн хүүтэй эргүүлэн төлнө гэж бичсэн байдаг. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна..." гэж заасан тул зээлийн хүүг 5 хувь гэж бичгээр байгуулсан тул нийт зээлсэн мөнгө 134,350,000 төгрөгийн 5 хувийн хүү 6,717,500 төгрөгийн хүү бодогдож байна. Иймд зээлдэгч Б.Амгалангаас алданги 27,500,000 төгрөг, хүү 6,717,000 төгрөг, үндсэн зээл 134,500,000 төгрөгийг нэмж нийт 161,850,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Оюун Б.Амгалан нь 2013 оны 12 сарын 02-оос эхлэн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 134,350,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан. Дээрх зээлээс 55,000,000 төгрөгт зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар баталгаажуулсан. 2014 оны 06 сарын 06-ны өдөр мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд Баянгол дүүрэг, 18 хороо, 67 байрны урд байрлах Г-000494013 тоот дугаартай үл хөдлөх хөрөнгө болох газрыг зээлдэгч Б.Амгалан барьцааны гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж, үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газар тэмдэглэгээ хийлгэж барьцаалуулсан. Мөн 2014 оны 07 сарын 04-ний өдөр зээлдэгч Б.Амгалан нь Ж.Оюун Г-000494013 тоот дугаартай өөрийн өмчлөлийг барьцаанд тавьсан газрыг захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр шилжүүлэн олгосон. Б.Амгалан нь 134,350,000 төгрөгийг зээлж авахдаа зээлдэгч Ж.Оюуны дэвтэр дээр зээлж авсан зээлийн мөнгөн дүн, он сар өдрийг тавьж Б.Амгалан нь мөнгийг бэлнээр хүлээн авсан гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан. Зээлийн  төлбөр дэвтэр дээр зээлсэн мөнгийг эргүүлж төлөхдөө зээлийн хариу төлбөрт 5 хувийн хүү төлнө гэж бичиж тохиролцсон байдаг. Гэхдээ энэ хүү шаардах үндэслэл болохгүй тул хүү нэхэмжлэхгүй, зээлсэн мөнгөн дүг тулгаж үзлээ нийт 112,550,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлснээс 55,000,000 төгрөгт зээлийн гэрээг бичгээр байгуулж, алданги төлөхөөр тохиролцоон тул 27,500,000 төгрөгийн алданги, 112,550,000 төгрөгийн зээл нийт 140,050,000 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 140,050,000 төгрөгийг Б.Амгалангаас гаргуулна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 134,350,000 төгрөг биш. 129,500,000 төгрөг болж таарч байгаа. Үүний 10,000,000 төгрөгийг би бичсэн нь батлагдаж байгаа. Мөн ус сувгийн газарт зарцуулсан байдаг. Иймд 119,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг авснаас хойш зуслангийн байрыг нурааж шинээр байр барьж өгсөн бөгөөд тухайн барилгыг сайн барьж өгвөл хүү тооцохгүй гэж байсан. Мөн манай дүү хөрөөгөөр эрүүгээ гэмтээж эмчлүүлчгээнд 10,000,000 төгрөгийг би төлсөн. Би 119,500,000 төгрөгийг өгөхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хэлсэн. Мөн одоо барьж байгаа 15 давхар байрны газрын гэрчилгээг би гаргаж өгсөн бөгөөд түүнийг гаргаж өгсөн тохиолдолд надаа 20,000,000 төгрөг өгнө гэж байсан. Мөн би Ж.Оюунтай өчигдөр уулзахад аман байдлаар эвлэрсэн. Би өөрийн гэсэн компанитай байсан бөгөөд саяхан хаалгасан. Одоо надад байгаа ганц хөрөнгө нь энэ газар юм. Зээл тулж үзэхэд 112,550,000 төгрөг болж байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж 112,550,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Уг төлбөрийг зөвшөөрөх юм бол хугацаа тохироод  төлөөгүй  тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангахад татгалзахүй” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ж.Оюун нь хариуцагч Б.Амгаланд холбогдуулан 161,850,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 01 сарын 30-ны өдрийн А/55 тоот тушаалыг үндэслэн олгосон, газар эзэмших эрхийн 000494013 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, нэгж талбарын 1618/0235 дугаар бүхий 450м.кв Оффис үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газраар хангуулах шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 161,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 21,800,000 төгрөгөөр багасгаж, 140,050,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч 112,550,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдсэнийг нь эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв. Үүнд:  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 140,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 112,550,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлснээс 55,000,000 төгрөгт зээлийн гэрээг бичгээр байгуулж, алданги төлөхөөр тохиролцсон тул 55,000,000 төгрөгийн алданги, 27,500,000 төгрөг,  112,550,000 төгрөгийн зээл нийт 140,050,000 төгрөг  нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2013 оны 12 сарын 02-ны өдрөөс 2014 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд нийт 112,550,000 төгрөгийн зээлдүүлсэн талаар зохигч маргаагүй, тэдний хооронд Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Талууд 2014 оны 06 сарын 06-ны өдөр 55,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулах үед Ж.Оюун нь Б.Амгаланд бодитоор нийт 38,200,000 төгрөг  зээлдүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр байгуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.4-т зээлийг бодитоор шилжүүлсэн тохиолдолд гэрээ байгуулагдсанд тооцохоор ззохицуулсан байна.

 

Зээлийн гэрээг 1 сарын хугацаатай, хүүгүй, гэрээнд заасан хугацаанд зээл төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөөр тохиролцсон байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 38,200,000 төгрөгийн алданги 19,100,000 төгрөг болно.

 

Дээрх хуулийн зохицуулалт, талуудын гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэвэл хариуцагчаас үндсэн зээл 112,550,000 төгрөг, алданги 19,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн байшингийн барилгын ажил хийх явцад Б.Гантулга гэмтэж, түүнд 10,000,000 төгрөг төлсөн гэх боловч уг осол хэний буруугаас болсон, төлсөн төлбөрийг зээлээс хасуулахаар тохиролцсон зэрэг байдлыг хариуцагч нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч зээлийн хүү нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

Ж.Оюун нь Б.Амгалантай 2014 оны 06 сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 01 сарын 30-ны өдрийн А/55 тоот тушаалыг үндэслэн олгосон, газар эзэмших эрхийн 000494013 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, нэгж талбарын 1618/0235 дугаар бүхий 450м.кв Оффис үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газрыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна.

 

            Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д "энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх", 38.5-д "газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ" гэж тус тус заажээ.

 

            Талуудын байгуулсан барьцааны гэрээ дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.8-д "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж зааснаар хүчин төгөлдөр бус байна.

 

            Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн шаардсан нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд  хариуцагч Б.Амгалангаас 131,650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Оюунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,800,000 төгрөгт холбогдох хэсгийг, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 01 сарын 30-ны өдрийн А/55 тоот тушаалыг үндэслэн олгосон, газар эзэмших эрхийн 000494013 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, нэгж талбарын 1618/0235 дугаар бүхий 450м.кв оффис үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Амгалангаас 131,650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Оюунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэлгүй байх тул Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 01 сарын 30-ны өдрийн А/55 тоот тушаалыг үндэслэн олгосон, газар эзэмших эрхийн 000494013 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, нэгж талбарын 1618/0235 дугаар бүхий 450м.кв оффис үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 976,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Амгалангаас 816,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Оюунд олгосугай.

           

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АЗБАЯР