Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 181/2017/02602/И |
Дугаар | 001/ХТ2019/00662 |
Огноо | 2019-05-09 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2019/00662
А.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01168 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар магадлалтай,
А.Э-ын нэхэмжлэлтэй,
Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмарт холбогдох,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч А.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би М.Адилбиштэй 1991 онд гэр бүл болж, бид гурван хүүхэдтэй. Гэр бүл болсноос хойш хамтран ажиллаж Жаргалант сумын Улаантолгой багийн Төмөр замын 2 дугаар гудамжны 1 тоот 3000 метр кв газар 5 хүний хамтын өмч, мөн Жаргалант сумын Улаантолгой багийн Төмөр замын 2 дугаар гудамжны 1 тоотод байрлах амины орон сууц, дэлгүүрийн зориулалттай 77 метр кв, 38,5 метр кв үл хөдлөх хөрөнгө 5 хүний хамтын өмч гэх мэт хөрөнгүүдийг бий болгосон. Дээрх хөрөнгүүд нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Гэтэл Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 58 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь "Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18140197/01 дугаартай тогтоолоор дээрх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн. М.Адилбишийн гэр бүлийн гишүүн хүний хувьд хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудлаар бие даасан шаардлага гаргаж эрхээ хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд тус эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хууль зөрчиж гэр бүлийн гишүүдийн эрхийг хөндсөн шийдвэр гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 58 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмарын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18140197/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/шш2016/00773 дугаар шийдвэр, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/Ш32017/05534 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжаар М.Адилбишээс 7.620.042 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8-д заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа ажиллагаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2, 86.4 86.5 заасны дагуу төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч М.Адилбишийн арилжааны банкуудад байрлах хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилж түүнд байсан 1.700.000 төгрөгийг татан авч төлбөрөөс хэсэгчлэн төлүүлсэн. Төлбөр төлөгч М.Адилбишид төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгсөн боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир хуульд заасан арга хэмжээг авч төлбөр төлөгчийн өмчлөлийн Орхон аймаг Жаргалант сум 1-р баг Улаан толгой Төмөр зам 2-р гудамж 01 тоот хашаа байшинг битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан ба эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол нь ямар ч хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01168 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.2.8, 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих анги болон шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхагмягмар нарт холбогдох Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Төмөр замын 2-р гудамжны 1 тоотод байрлах 77м2, 38,5м2, амины орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 13- ны өдрийн 18140197/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1,57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилснээр нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах эрх давхар хязгаарлагдсан. Хариуцагч хариу тайлбартаа төлбөр төлөгчийн эд хөрөнгийн лавлагааг Улсын бүртгэлээс авахад төлбөр төлөгчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө гарч ирсэн. Үүний дагуу эд хөрөнгийг нь битүүмжилсэн. Үл хөдлөх хөрөнгө нь 5 хүний өмчлөлд байсан учраас нэг хүнд 6.000.000 төгрөг оногдохоор юм байна гэж тооцоолж үнийн дүнд нь дүйцүүлж эд хөрөнгийг битүүмжилсэн ...” гэж тайлбарласан. Гэвч дээрх тайлбар нь Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн маргаан бүхий эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд тусгагдаагүй тул үндэслэлгүй байна. Маргаан бүхий эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд шийдвэрээр тогтоогдсон төлбөрөөс төлөгдсөн үнийн дүнг хасч тооцолгүй бичсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно гэж заасан ба захиран зарцуулах эрхийг хязгаарлах гэдэг ойлголт нь төлбөр төлөгчид хамааралтай. Тодруулбал төлбөр төлөгч М.Адилбишт хамаатуулан битүүмжлэх ажиллагаа хийх ёстой байтал хамтран өмчлөгч нарт хамаатуулан битүүмжилсэн нь буруу болсон.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч А.Э-ын “...эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нар эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 773 дугаар шийдвэрээр хариуцагч М.Адилбишээс 7.845.327 төгрөг гаргуулж, Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, Орхон аймаг дах шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй байна.
Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжид бэлэн мөнгө, эсхүл банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т заасан, шийдвэр гүйцэтгэгч арилжааны банкуудад мэдэгдэл хүргүүлсний дагуу төлбөр төлөгчийн данснаас 1.700.000 төгрөгийг төлбөрт шилжүүлсэн, төлбөр төлөгч үлдэх төлбөрийг төлөх хөрөнгөтэй болох нь тогтоогдоогүй байна.
Мөн зүйлийн 86.5.-т “энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна” гэж заасан, шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр М.Адилбишийн бусадтай хамтран өмчилдөг амины орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд энэхүү ажиллагаанд өмчлөгч болон хөндлөнгийн гэрч оролцож, тогтоолд гарын үсэг зуржээ.
Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01168 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ